Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2520

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 282,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* миний бие хариуцагч той *******, м.кв орон сууц, ГГ2-05 тоот авто зогсоолын хамт 266,700,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцон 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Эрх шилжүүлэх гэрээ”, “Хэлцэл №7734” тоот хэлцлийг байгуулан орон сууцыг хариуцагч Э.Улсбодод хүлээлгэн өгсөн.

Хариуцагч Э.Улсбод нь 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Хэлцэл №7734” тоот хэлцлийн дагуу урьдчилгаа төлбөр болох 76,700,000 төгрөгийг шилжүүлэх, 2015 оны 07 дугаар сарын дотор үлдэгдэл 190,000,000 төгрөгийг багтаан төлж барагдуулахаар харилцан тохиролцож хариуцагч нь 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 43,700,000 төгрөг, 34,000,000 төгрөгөөр нь Соната-7 загварын авто машиныг тооцож нэхэмжлэгч ******* надад өгсөн байдаг. Хариуцагчийн шилжүүлэн өгсөн Соната-7 загварын авто машин нь тааруу тохиролцсон үнэ хүрэхгүй, зарагдахгүй байсан тул нэхэмжлэгч миний бие хариуцагчид энэ талаар мэдэгдэхэд хариуцагч нь 20,000,000 төгрөгөөр тооцон зарахыг зөвшөөрсөн тул 2015 оны 04 дүгээр сард бусдад зарж борлуулсан болно.

Хариуцагч нь хэлцэл байгуулсны дараа 2014 оны 12 дугаар сардаа багтаан *******, м.кв орон сууцанд нүүн орж өнөөдрийг хүртэлх хугацаанд буюу бүтэн 26 сарын турш эзэмшиж, ашиглаж, амьдарч байгаа бөгөөд нь орон сууц, гараашийн үлдэгдэл төлбөр болох 203,000,000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сард багтаан бүх төлбөрийг төлөхөөр тохиролцсон боловч тэрээр 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 4,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийг л шилжүүлсэн бөгөөд үүнээс хойш ямар ч төлбөр төлөөгүй болно.

Иймд хариуцагч оос *******, м.кв орон сууц, ГГ2-05 тоот авто зогсоолын үлдэгдэл төлбөр 188,000,00 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Хэлцэл №7734”-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 94,000,000 төгрөг нийт 282,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагч шүүхэд болон төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй *******ын нэхэмжлэлтэй од холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч иргэн ******* нь Могул Скай ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1В/04 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж Могул таун хотхоны тоот орон сууц болон ГГ2-05 тоот авто зогсоолыг захиалсан байсан бөгөөд уг гэрээний дагуу иргэн ******* нь иргэн той 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Эрх шилжүүлэх гэрээ” байгуулан Хан-Уул дүүрэгт байрлах Могул таун 1В байрны 104 тоотын 127 м.кв орон сууцыг, авто зогсоолын хамт нийт 266,700,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон.

Ийнхүү гэрээ байгуулсан өдөр мөнгө хүлээлцсэн тухай №7734 дугаар хэлцлээр 76.700.000 төгрөгийг иргэн *******од бэлэн хүлээлгэн өгсөн бөгөөд үлдэгдэл төлбөрөөс 15.000.000 төгрөгийг тогтоосон хугацааны дагуу шилжүүлэн өгч нийт 91.700.000 төгрөг буюу гэрээний үнийн дүнгийн 34.4 хувийг иргэн *******од бэлэн төлсөн юм.

Гэрээний үлдэгдэл төлбөрийг уг хэлцлээр харилцан тохирсны дагуу  нь арилжааны аль нэг банкны зээлд хамрагдаж төлөхөөр байсан боловч өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүйгээс иргэн  нь ямар ч зээлд хамрагдаж чадаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгөнд ямар ч банк, банк бус санхүүгийн байгууллага зээл олгох боломжгүй гэдэг нь нийтэд ойлгомжтой харилцаа билээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас маргаан бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Могул Таун” хотхоны барилгыг улсын комисст хүлээн авах тухай улсын комиссын акт, дээрх барилга нь бүхэлдээ, эсхүл хэсэгчлэн улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон эсэх, Барилгыг гүйцэтгэлийн хувь хэмжээгээр өөр бусдад зээлийн барьцаанд бариулсан байсан эсэх, өнөөдрийг байдлаар барьцаанаас чөлөөлөгдсөн эсэх талаарх лавлагаа холбогдох бичгийн нотлох баримтуудаас харахад 2016 оны 08 дугаар сараас эхлэн хэсэгчлэн салгаж иргэдэд үл хөдлөх өмчийн гэрчилгээ олгож эхэлсэн талаар дурдаад, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх барилгыг бүхэлд нь захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн талаар албан бичигтэй уншиж танилцсан.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд иргэн худалдагч ******* нь 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №7734 тоот “Хэлцэл”-д ЭХЭБГазарт бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэл cap бурийн төлбөрөө төлөх ба үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөхөөр тохиролцов” гэж заасны дагуу худалдан авагч ыг банкны зээлд хамрагдаж, үлдэгдэл төлбөр тооцоог төлөх боломж нөхцөлөөр хангаагүй гэдэг нь ойлгомжтой байна.

Өнгөрсөн хугацаанд иргэн  нь иргэн *******оос үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хэзээ гарах талаар удаа дараа шаардаж байсан ба түүний ийнхүү шаардаж байсан гэдэг нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй, түүнчлэн орон сууцтай хамт авахаар тохирсон авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй байсан тул *******од буцаан өгч гэрээгээр тохирсон үнийн үлдэгдэл төлбөрөөс хасахаар тохирч тэдний хооронд бичгээр үйлдэгдсэн "Эрдэнэбилэг овогтой Улсболд миний бие *******оос Могултаун хотхоны 97 дугаар байрны 104 тоот байрыг худалдан авсан бөгөөд үлдэгдэл 175,000,000 төгрөгөөс гараашны үнэ болох 25,000,000 төгрөгийг харилцан тохиролцсоны үндсэн дээр хасч, 150,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг харилцан тохиролцов" гэх бичгийн баримтаас дүгнэж болно. 

Иргэн ******* нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт нийт 282.000.000 төгрөгийг оос гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй ба нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь худалдагч ******* нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч ын өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй атлаа өнөөдрийг хүртэл уг үүргээ биелүүлээгүй байж ын буруугаас болж гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа мэтээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа нь буруу юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******, хариуцагч од холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 282,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигч 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 7734 тоот мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл үйлдэж, талууд тус хэлцлээр нэхэмжлэгч ******* М ХХК-ийн *******т барьсан Могул таун хотхоны тоотод орших 127 м.кв талбай бүхий орон сууц, ГГ2-05 тоот авто зогсоолыг хариуцагч од 266,700,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон, талууд мөн өдрөө Эрх шилжүүлэх гурвалсан гэрээ хийж нэхэмжлэгч уг орон сууцыг хариуцагчид шилжүүлсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

Зохигчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зохигчийн 7734 тоот хэлцлээр хийсэн тохиролцоо, хэлцлийн дүнгийн талаар маргаагүй, харин төлбөр гүйцэтгэх нөхцөл, төлбөрийн хуваарийн талаар маргаж, мэтгэлцжээ.

Хариуцагч 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 43,700,000 төгрөг, 2015 оны 01 – 06 дугаар сарын хооронд 15,000,000 төгрөг тус тус нэхэмжлэгчид төлсөн талаар маргаагүй, Соната-7 загварын суудлын автомашиныг хариуцагч 34,000,000 төгрөгт тооцоод дараа нь 20,000,000 төгрөг болгон тооцоо нийлсэн талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж, хариуцагчийн төлөөлөгч 33,000,000 төгрөгт уг автомашиныг тооцсон гэж мэтгэлцэж байх боловч талуудын хэн аль нь тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй бөгөөд хэргийн 31 дэх талд байх баримттай харьцуулан судлахад хариуцагч Соната-7 загварын суудлын автомашиныг нэхэмжлэгч *******од 33,000,000 төрөгт тооцож шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг бодит байдалд нийсэн гэж үзлээ.

Учир нь зохигч гэрээний үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо нийлсэн тухай баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан зохигчийн төлөөлөгч нар уг баримтыг 2015 оны 11 дүгээр сарын үед үйлдсэн тухай тайлбарласан нь хариуцагч дээр дурдсанаар нэхэмжлэгчид гурван удаа төлбөр төлснийг гэрээний нийт дүнгээс тооцож /266,700,000-43,700,000=223,000,000. 223,000,000-15,000,000=208,000,000. 208,000,000-33,000,000=175,000,000/ үзвэл хариуцагч 2015 оны 11 дүгээр сарын байдлаар нэхэмжлэгчид 175,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байжээ.

Харин нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарласнаар автомашиныг 20,000,000 төгрөг гэж үзэн дээрх байдлаар тооцвол /208,000,000-20,000,000=188,000,000/ 188,000,000 төгрөг байхаар байгаа нь дурдсан баримттай нийцэхгүй байна.

Хариуцагч 2015 оны 11 дүгээр сарын байдлаар нэхэмжлэгчид 175,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан ба мөн нэхэмжлэгч ГГ2-05 тоот авто зогсоолыг хариуцагчаас буцаан авч төлбөрөөс 25,000,000 төгрөгийг хасахаар тохиролцсоныг нэхэмжлэгчийн төлөөлөгч үгүйсгэж авто зогсоолыг буцаан авахгүй гэж татгалзсан, хариуцагчийн төлөөлөгч тус авто зогсоолыг нэхэмжлэгчийн нэр шилжүүлэн өгөх гэрээг хийхэд татгалзахгүй, ашигладаггүй тухай тайлбар гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч 2015 оны 11 дүгээр сард зохигчийн үйлдсан баримтыг үгүйсгэсэн тайлбараа баримтаар нотлоогүй тул зохигчийн тооцоо нийлэх үед хийсэн хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж үзэх ба нэхэмжлэгч тус автозогсоол захиалагчийн гэрээг хариуцагчаас шилжүүлэн авч өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч , нэхэмжлэгч *******од орон сууц худалдах-худалдан авах гэрээний төлбөрт 150,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч, хэлцэлд зааснаар 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс буюу орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжит хугацаа гэж тайлбарлан шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцож 94,000,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас шаарджээ.

Зохигч 7734 тоот хэлцлээр хариуцагч орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2015 оны 07 дугаар сард багтаан төлөх,  ингэхдээ үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөхөөр тохиролцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар М ХХК-ийн *******т барьж ашиглалтад оруулсан Могул таун хотхоны орон сууцыг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн барьцаанаас чөлөөлж, орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ олгох боломжтой болсон нь М ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 17/01 тоот 07 дугаар сарын 17-ны өдрийн 17/70 тоот тайлбар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 923 тоот, түүний хавсралт болох Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1/1546 тоот зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Хариуцагч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д зааснаар зохих бүрдүүлбэрийг хангаж мэдүүлэг гаргах, бүртгэх байгууллага мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хугацаанд шийдвэр гаргах зэргийг харгалзан хариуцагч Могул таун хотхоны тоот орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрх баталгаажуулах боломжит хугацааг уг эрх нээлттэй болсон хугацаанаас нэг сарын дотор хэрэгжүүлж боломжтой буюу 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл гэж үзэж энэ хугацаанаас эхлэн нэхэмжлэгчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги төлөх үүрэг үүссэн гэж үзлээ.

Хариуцагч 150,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргээс нэхэмжлэгчийн алданги гаргуулах шаардлагыг дээрх хугацаагаар /2016.09.17-2017.03.24/ тооцоход хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ 188 хоног хэтрүүлж /150,000,000/0,5=750,000. 750,000х188=141,000,000/ 141,000,000 төгрөг болсныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар тооцож /150,000,000/2=75,000,000/ үзэхэд 75,000,000 төгрөгийн алданги буюу гэрээний хариуцлагын төлбөрийг хариуцагчид нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагч нь нийт /150,000,000+75,000,000=225,000,000/ 225,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******од төлөх үүрэгтэй байх тул хариуцагчаас 225,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 57,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2017 оны 03 дугаар сарын 31-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хүчин төгөлдөр болсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар хариуцагчийн хөрөнгө, орлого, эрхийн талаархи мэдээлэл, лавлагааг авах ажиллагаа явуулаагүй. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч ын хөрөнгө, орлого, эрхээс төлбөрийг гаргуулах талаар тодорхойлох, шийдвэр гүйцэтгэх арга, журмыг тусгайлан заагаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч оос 225,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 57,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид *******ын төлсөн 300,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******оос 1,267,950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч оос 1,282,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******од олгосугай.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг танилцуулснаас хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардан авах үүрэгтэй ба ийнхүү гардан аваагүй нь хугацааг тоолоход саад болохгүй.

5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ