Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/118

 

 

    2022        03           30                                    2022/ШЦТ/118

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д

Улсын яллагч Г.Э

Шүүгдэгч О.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Мд холбогдох эрүүгийн 2225001660126 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.М нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах ББ-Од ХХК-ний гараж дотор Г.Б-г нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

         Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

     -шүүгдэгч О.М мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:

            -хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 4-11-р тал/

-хохирогч Г.Б мэдүүлсэн... Тус өдөр би өглөө 08:00 цагийн орчим ажил дээрээ ирээд гараж дотор Эрдэнэбилэг, Төөмөө нарын хамт ажлаа хийж байсан. Тэгж байтал 09:00 цагийн орчим манай ажлын газрын манаачийн хүү нь согтуу орж ирчихээд Эрдэнэбилэг, Төөмөө нар луу агсараад байсан. Би энэ үед хажууханд нь сандал дээр тамхи татаад сууж байтал тэр залуу над руу ...чи яасан муухай хараад байна уу гээд надруу хүрч ирэхээр нь би сандал дээрээс бостол гараараа миний зүүн нүд рүү эхэлж цохиод дараа нь миний баруун нүд рүү цохиод баруун нүдний дээд хэсэгт бага зэрэг шалбарч цус гарч зүүн нүд хавдсан. Энэ үеэр Төөмөө хүрч ирээд тэр залууг надаас салгасан, би ч урд талын гараж руу ороод нүдний дээд хэсгээс гарсан цусаа угаагаад ажил дээрээс яваад өгсөн...надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 11-р тал/

-гэрч Ш.Тын мэдүүлсэн ... Тус өдөр би ажлын граж дотор хамт ажилладаг Билгээ, Баагий нарын хамт ажлаа хийж байтал манай ажлын манаачийн хүү нь согтуу орж ирээд бид гуравт гэрийн түлхүүр байна уу, аавын хоолыг голоод байна уу гэх зэргээр хэлж агсам тавьсан. Тэгээд Баагий руу ...чи муухай хараад байна уу гээд цохихоор нь тэр хоёрыг салгаад тэр залуу яваад өгсөн. Тэгээд бид гурав ч тараад явцгаасан.....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/

-гэрч С.Жын мэдүүлсэн... Дараа нь Г.Б нөхөр бид хоёр луу залгаад танай хүү намайг зодсон талаар яриад дараа нь Г.Б хүргэн гэх залуу танай хүү манай аавыг зодсон байна гэхээр нь нөхөр бид 2 Г.Бтэй уулзахаар гэрт нь очсон. Гэрт очиход Г.Б нэг нүднийх нь дээх нь тал дээр шалбарсан нөгөө нүднийх нь дотор хэсэг /цагаан нь/ нь улайсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 200 дугаартай... Г.Б биед хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, шанаа хамарсан цус хуралт, баруун нүдний дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, хоёр ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсн гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдэнэ.  Хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, шанаа хамарсан цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун нүдний дээд зовхинд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 20-21-р тал/ зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч О.М нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт “ББ-Од” ХХК-ний гараж дотор байсан хүмүүс рүү шалтгаангүйгээр агсарч  улмаар Г.Б нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж биед нь хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, шанаа хамарсан цус хуралт, баруун нүдний дээд зовхинд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч О.М үйлдлийн улмаас Г.Б эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Г.Б... Би энэ үед хажууханд нь сандал дээр тамхи татаад сууж байтал тэр залуу над руу ...чи яасан муухай хараад байна уу гээд надруу хүрч ирэхээр нь би сандал дээрээс бостол гараараа миний зүүн нүд рүү эхэлж цохиод дараа нь миний баруун нүд рүү цохиод баруун нүдний дээд хэсэгт бага зэрэг шалбарч цус гарч зүүн нүд хавдсан. Энэ үеэр Төөмөө хүрч ирээд тэр залууг надаас салгасан... гэх мэдүүлэг, гэрч Ш.Тын мэдүүлсэн.. Тэгээд Баагий руу ...чи муухай хараад байна уу гээд цохихоор нь тэр хоёрыг салгаад тэр залуу яваад өгсөн...гэх мэдүүлэг, гэрч С.Жын ... Гэрт очиход Г.Б нэг нүднийх нь дээх нь тал дээр шалбарсан нөгөө нүднийх нь дотор хэсэг /цагаан нь/ нь улайсан харагдаж байсан … гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 200 дугаартай... Г.Б биед хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, шанаа хамарсан цус хуралт, баруун нүдний дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо..... гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч О.Мн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, Г.Б нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар ял тохирсон гэж,

       - шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна,торгуулийг 3 сарын хугацаанд төлнө гэж дүгнэлт санал гаргасан.

2.Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсон  байгааг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон ялыг оногдууллаа. Шүүгдэгч торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлнө гэсэн байх тул уг хугацаанд төлүүлэхээр заасан болно.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Г.Б нь гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т ургийн овогт О.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ