Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/145

 

 2022         4            18                                    2022/ШЦТ/145

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  М.А,    

улсын яллагч Г.А,

хохирогч Ч.Г,

шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч А.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бод холбогдох эрүүгийн 2225000000110 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Ж.Б

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 38-3 тоотод иргэн Ч.Г-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ “...Тухайн өдөр Ганбаатарынд яваад ороход Ганболд, Ганзориг хоёр зөрөлдөөд хэвтчихсэн, Володягийн зүүн нүдний хөмсөгний дээр хуруу хиртэй ангархайтай, 3-6см орчим задарсан байсан. Володягаас асуусан чинь Ганболдыг зодсон гэж хэлсэн, би Ганболдын нүдийг нь бол ухаагүй, мөргөсөн, түүнд хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, баримтаар хохирол нэхэмжилбэл төлж барагдуулна.” гэв.

хохирогч Ч.Г мэдүүлэхдээ “...Би Ганзоригийг аваад Дэнжид дүүгийндээ очсон байсан юм, Баттогтох миний хоёр нүдийг ухсан, тухайн үед надад мөнгө, төгрөг байгаагүй болохоор өвчин намдаах эм авч уусан, 8000 төгрөг тушаасан, нүдний дусаагуур авсан. Би гомдолгүй гэдгээ хэлсэн, гэхдээ эмчилгээ хийлгэнэ.” гэв.  

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Ч.Г-ын “...Би 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цаг өнгөрч байхад өөрийн төрсөн дүү Ганбаатарын гэрт очсон,  ...намайг очиход том ах Володя, дүү Ганзориг нар нь согтуу унтацгааж байсан, би тухайн үед халамцуу очсон бөгөөд газраар хэвтээд унтсан юм. Тэгтэл хаалга дуугарах шиг болсон бөгөөд хэн нэг нь миний хоёр нүд рүү өшиглөсөн, би “яаж байна аа” гэтэл Баттогтох миний “хоёр нүдийг ухна” гээд хоёр нүд рүү гараа хийгээд татаад байхаар нь би гараад зугтаасан. Тухайн үед миний нүд бүрэлзээд юм харж чадахгүй байсан тул байшингаа тулж явж байгаад өндөр өвсөн дотор очиж хэвтсэн. Үүнээс хойш барагцаагаар 30-40 минутын дараа би гэртээ ортол ах Болд хамтран амьдрагч Цэцгээгийнхээ хамт ирчихсэн хэвтэж байсан бөгөөд Баттогтох явчихсан байсан. Би гэртээ ороод л унтаад, өглөө нь босоход ах, дүү нар маань “яачихсан юм бэ” гэхээр нь би “өчигдөр Баттогтох орж ирээд зодсон, хоёр гараараа миний хоёр нүдийг ухсан” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

“...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

          гэрч Д.Ц-н “...Би 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цагийн үед хамтран амьдрагч Ч.Болдын хамт түүний гэрт ойр зуурын хүнсний зүйл, 0.5л нэг шил архи аваад очсон, тухайн үед би эрүүл, Болд халамцуу байсан. Болдынд очтол байшингийнх нь довжоон дээр танихгүй өндөр залуу зогсож байсан бөгөөд дотогш ортол Баттогтох, Ганзориг нар сууж байсан, харин Володя унтаж байсан. Тухайн үед Баттогтох согтуу, Ганзориг халамцуу байсан. ...тэр өндөр залуу “хүүе эгчээ танай дүүг Баттогтох зодоод цус нөжтэй нь хольсон, хоёр нүдийг нь ухна гээд байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хаана байгаа юм бэ” гэтэл “тэнд хашааны буланд хэвтэж байна” гэж заасан. ...яваад очтол дүү Ганболд нь газарт дээшээ харчихсан хэвтэж байсан бөгөөд “миний хоёр нүд харахгүй байна” гэж хэлсэн. ...Ганболдын хоёр нүднээс цус гараад тогтохгүй байсан бөгөөд би нойтон жин тавьж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

          гэрч Ч.Б-н “...Би 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цаг өнгөрч байхад хамтран амьдрагч Цэцгээгийн хамт гэртээ ирсэн, манайд Баттогтох үл таних залуугийн хамт ирчихсэн, ах Володя унтаж байсан. ...Өглөө босоход Ганболдын хоёр нүд нь улайчихсан, цус гоожсон байсан бөгөөд би түүнээс “яасан юм бэ” гэхэд “Баттогтох ухчихаад явсан” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

          Ж.Б-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад зүс таних Тулга ахын хамт найз Ганбаатарын гэрт орсон. Тухайн үед Тулга ах бид хоёр эрүүл явсан бөгөөд Ганбаатарын гэрт түүний төрсөн ах нар нь болох Володя, Ганболд, Ганзориг нар нь гурвуулаа согтуу байсан. Би Ганболдод хандаж “чи энэ ядарсан ахыгаа яах нь вэ дээ, эрүүл нүдийг нь таглаж авах нь уу” гэтэл “чамд ямар хамаатай юм, хоорондоо учраа олчихвол барав биш үү, чи тэгж санаа зовоод байгаа бол Володягаа аваад явахгүй юу” гэсэн. Би тэгэхээр нь “наад хүн чинь гэртээ байгаа юм биш үү” гэтэл “хазайсан банди минь чамд хамаа байхгүй, зайл” гэхээр нь би түүнийг барьж аваад толгойгоороо нүүр лүү нь нэг удаа мөргөсөн. Тэгээд хоёр хуруугаараа түүний хоёр нүдэн дээр дарсан, тэгтэл зугтаагаад гараад явчихсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23, 35 дахь тал/,

          Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 139 дугаартай “...1.2.Ч.Гын хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны доргилт, хоёр нүдний алимны салст, зүүн нүдний зовхи, духны зүүн хэсэгт цус хуралт, хуйх, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны доргилт, хоёр нүдний алимны салст, зүүн нүдний зовхи, духны зүүн хэсэгт цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хуйх, нүүрэнд үүссэн зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 6.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

хохирогч Ч.Г-ын “...2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр зүс таних Ж.Бод зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл /хавтаст хэргийн 1, 3 дахь тал/,

Ж.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37, 49 дэх тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 51-53 дахь тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Ж.Боос сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Б-ыг гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 38-3 тоотод иргэн Ч.Г-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх, хохирогч Ч.Г-ын “...Баттогтох миний “хоёр нүдийг ухна” гээд хоёр нүд рүү гараа хийгээд татаад байсан, би гараад зугтаасан. Тухайн үед миний нүд бүрэлзээд юм харж чадахгүй байсан.” гэх,

гэрч Д.Ц-н “...дүү Ганболд нь газарт дээшээ харчихсан хэвтэж байсан бөгөөд “миний хоёр нүд харахгүй байна” гэж хэлсэн. ...Ганболдын хоёр нүднээс цус гараад тогтохгүй байсан бөгөөд би нойтон жин тавьж өгсөн.” гэх,

гэрч Ч.Б-н “...Өглөө босоход Ганболдын хоёр нүд нь улайчихсан, цус гоожсон байсан бөгөөд би түүнээс “яасан юм бэ” гэхэд “Баттогтох ухчихаад явсан” гэж хэлсэн.” гэх,

Ж.Б-ын “...би түүнийг барьж аваад толгойгоороо нүүр лүү нь нэг удаа мөргөсөн. Тэгээд хоёр хуруугаараа түүний хоёр нүдэн дээр дарсан, тэгтэл зугтаагаад гараад явчихсан.” гэх мэдүүлгүүдээр,

          Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 139 дугаартай “...1.2.Ч.Гын хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны доргилт, хоёр нүдний алимны салст, зүүн нүдний зовхи, духны зүүн хэсэгт цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлтээр,

          хохирогч Ч.Г-ын “...2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр зүс таних Ж.Бод зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ж.Б-ын хохирогч Ч.Г-ын эсрэг биемахбодийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны доргилт, хоёр нүдний алимны салст, зүүн нүдний зовхи, духны зүүн хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Ж.Б-ын хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ж.Бод эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч Ж.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ж.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгч Ж.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн, 

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун “...2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

         Шүүх шүүгдэгч Ж.Б-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзсан болно.   

         Шүүх шүүгдэгч Ж.Б-од гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

         шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.  

Шүүгдэгч Ж.Б нь Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум Салхитын 3-ын 160 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 14-59 тоотод байнга оршин сууж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон болохыг дурьдах нь зүйтэй.

         Шүүгдэгч Ж.Бод эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч Ч.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед, мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэсэн мэдүүлгийг удаа дараа өгч байгаа хэдий боловч “цаашид эмчлүүлнэ” гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана.” гэж заасны дагуу хор уршгаа арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хохирогч Ч.Год нээлттэй үлдээв.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

         шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

          3.Шүүгдэгч Ж.Б-од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм, хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Г гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтуудаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ