Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/425

 

 

 

 

 

 

     2022        03         22                                    2022/ШЦТ/425

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч М.Отгонжаргал,

шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан эрүүгийн 2206 00000 0716 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Н.Ц, 1968 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, эрэгтэй, 53 настай, тусгай дунд боловсролтой, элчит тэрэгний техник механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ....................... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: ...................../.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 22 цагийн үед ..................... Д.Этай “гар утас авчихлаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар төмс арилгадаг хутгаар түүний баруун шанаа хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхи, дух, баруун чихэнд цус хуралт, баруун чихэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

 

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Н.Ц нь хохирогч Д.Эын толгойн хэсэгт цохиж зодсон үйл баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

- Шүүгдэгч Н.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тэгэхээр би чи яахаараа дандаа халаас ухаж байдаг юм гэж хэлээд хажууд зогсож байсан Энхсувдын гарт байсан зүйлийг аваад толгой руу нь нэг удаа цохисон юм. Толгойноос нь цус түргэн дуудаад боолгуулах талаар хэлэхэд яах юм бэ та хоёр одоо яв. Манай охин одоо ирнэ гэж хэлээд бид хоёрыг явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,

 

- Хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчим манай найз Н.Ц эхнэр Дэлгэрмаатай нэг шил хараатай нэртэй архи аваад цагаан сарыг далимдуулж ирсэн. ... нэг сарын өмнө би танайд ирэхдээ бор хавтастай жижиг бичиг баримт үлдээсэн, хаана байна гэж асуусан. Би хариуд нь тийм бичиг баримт байхгүй, үлдээгээгүй гэж хэлтэл Н.Ц аяга, таваг шидэн, цагаан шүүгээн дээр байсан цайвар шар өнгийн шулуун хэлбэртэй төмс арилгагч аваад миний баруун шанаа хэсэгт 2 удаа цохиж авсан... надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад эмчилгээний төлбөр мөнгө гэж 1.000.000 төгрөг болон толгойн зургийн мөнгө өгч байсан. Надад өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,

 

- Гэрч Г.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 09-ний өглөө ээж миний утас руу залгаад цус алдаад байна гэж хэлэхээр нь ахын гэрт очсон. ...Н.Ц өчигдөр шөнө эхнэртэйгээ ирээд намайг зодчихоод явчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №2425 дугаар шинжээчийн дүгнэлт: 1. Д.Эын биед хоёр нүдний зовхи, дух, баруун чихэнд цус хуралт, баруун чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй, мохоо зүйлийн тус бүрийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлтээр /хх-ийн 27-28/ тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Н.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан Өлгийн 28 дугаар гудамжны 409 тоотод Д.Этай “гар утас авчихлаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар төмс арилгадаг хутгаар түүний баруун шанаа хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхи, дух, баруун чихэнд цус хуралт, баруун чихэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал, харилцан бие биедээ гомдол саналгүйгээ илэрхийлж эвлэрсэн зэргийг харгалзан прокуророос  шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжээр торгох ялын санал гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

 

Энэ хэргийн улмаас хохирогч Д.Э нь өөрт учирсан хохиролд 1.000.000 төгрөг, толгойн шинжилгээний төлбөр зэргийг хүлээн авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Н.Цыг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Н.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Цд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Н.Ц нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР