Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/447

 

 

 

 

 

 

   2022       03          28                                   2022/ШЦТ/447

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгч Х.У нарыг оролцуулан эрүүгийн 2206 00000 0669 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Х.У, 1984 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *************** тоотод түр оршин суух,

урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 626 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,  /РД: **********/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн орчимд ************* тоот гэртээ хохирогч Б.Өтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, түүний толгойн тус газарт аягаар цохиж, биеийн эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Дээрх шүүгдэгч Х.У нь хохирогч Б.Өийн толгой хэсэгт аягаар нэг удаа цохисон үйл баримт нь:

 

Шүүгдэгч Х.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 2 дугаар сарын 04-ний өдөр би гэрт байсан 0.5 литрийн архи аваад гэрээсээ гараад гудамжинд явж байхад манай хажуу айлын эхнэр нөхөр нөхөр цуг гудамжинд зогсож байсан. Зүс таних учраас мэнд мэдэхэд манайд ороод ир гэсэн. Би Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, ****************** тоот байх гэж бодож байна гэр рүү нь орсон гэрт нь тэр хоёроос гадна нэг хүн байсан. Би өөрт байсан нэг шил архиа гаргаж ирээд эхнэр нөхөр хоёртой цуг уусан. Гэрт байсан өөр эрэгтэй нь уугаагүй. Би тэр хүмүүсийг зүс мэдэхээс өөрөөр нэрийг нь сайн мэдэхгүй. Архиа ууж дуусаад гэрт нь сууж байхад гэнэт миний толгой руу аягаар нөхөр нь нэг удаа цохисон. Тэгээд гүйж гараад гэр рүүгээ орсон. Өөр зүйл болоогүй. Би тэр хүмүүсийн өөдөөс зодолдоогүй. Ямар шалтгааны улмаас намайг цохисон гэдгийг мэдэхгүй байна. Миний толгой хагарсан байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

Гэрч Б.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...манай хүү Өлзийхишиг сүүлийн 2 хоног гадуур гарч архи уугаад яваад байгаа. Би өнөөдөр буюу 2022 оны 2 дугаар сарын 04-ний өглөө 09 цагийн үед Улиастайд байх айлаас очиж авч ирсэн. Тэгээд манай хүү гэртээ унтаж байгаад 18 цагийн үед босож ирээд хоол унд идчихээд байж байгаад 19 цагийн үед гараад явсан. Тэгэхээр нь би удахгүй ороод ирэх байх гэж бодоод байж байтал ...21 цагийн үед манай хүү толгойн дагз хэсгээс нь цус гарчихсан ороод ирэхээр нь юу болсон талаар асуухад “миний толгой руу цохичихлоо” гэж хэлсэн... гаднаас орж ирэхдээ нэлээн согтсон байдалтай орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

 

Гэрч Э.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2а хэсгийн 8-886 тоот гэртээ нөхөр Уянгабаатар бид 2 байж байсан ... хажуу айлын хүн Өлзийхишиг гэрт ирсэн. Ширээн дээр 0.5 литрийн архи тавьсан сууж байсан. Манай нөхөрт Өлзийхишиг танилцъя гээд аяганд архи хийж өгсөн. Өлзийхишиг чанга чанга дуугараад байхаар нь би “чи айлд орж ирээд юундаа том дуугараад байгаа юм бэ, яв зайл” гэж хэлээд гараас нь татсан чинь миний гарыг түлхээд би шалан дээр унасан. Тэр үед миний нөхөр Уянгабаатар уурлаад аягаар Өлзийхишигийн толгой руу нэг удаа цохисон. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2741 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: дагзны зүүн дунд хэсгийн хуйханд З см оёдол тавьсан шархтай. ...1. Б.Өийн биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. ...хөнгөн зэрэгт хамаарна. ...б.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 39-40/,

 

 Шүүгдэгч Х.Уын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 2 дугаар сарын 04-ний өдөр би **************** тоотод гэртээ эхнэрийн хамт байсан. 22 цагийн орчимд ...гэрт танихгүй эрэгтэй хүн ороод ирсэн байсан. Юун хүн бэ гэхэд манай эхнэр таньдаг, хажуу айлын хүн байсан. Би сайн байна уу гээд мэндэлсэн. Тэр эрэгтэй нэг шил 0.5 литрийн архи гаргаж ирээд надад нэг аяганд хийж өгсөн. Би тэрнээс уух гэж байтал манай эхнэр Оюун-Эрдэнэ уурлаад тэр эрэгтэйг “чи харанхуй шөнө дураараа айлд орж ирдэг” гэж хэлсэн чинь чи юун сүртэй юм бэ гээд өөдөөс нь хэрэлдээд байсан. Оюун-Эрдэнэ манай гэрээс зайл гээд тэр залуугийн гараас нь татсан чинь тэр хүн гараа татаж авахад нь манай эхнэр Оюун-Эрдэнэ шалан дээр унасан. Тэр үед миний уур хүрээд тэр эрэгтэйг хойноос нь татаад уух гэж байсан архитай аягаараа толгой хэсэгт нэг удаа цохисон. Тэр үед аяга хагарсан. Тэр хүний толгойноос цус гарсан. Цусыг нь арчиж өгөөд байж байтал тэр хүн явлаа гээд явсан. Манай гэрээс явлаа гээд гарахад 21 цаг орчим болж байсан. Би толгойн ар дагз хэсэгт ууж байсан архитай аягаараа нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/ зэргээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Х.Уыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн орчимд **************** тоот гэртээ хохирогч Б.Өтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, түүний толгойн тус газарт аягаар цохиж, биеийн эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Х.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал, хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлж эвлэрсэн зэргийг харгалзан прокуророос  шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжээр торгох ялын санал гаргаж, түүнийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Ө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрт учирсан хохирлоо баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч Х.Уыг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.У нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Х.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.У 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Х.У нь 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Х.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР