Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/479

 

 

 

 

 

 

   2022       03          31                                   2022/ШЦТ/479

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч М.Отгонжаргал,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан эрүүгийн 2206 00000 0649 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Б, 2000 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Дархан Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмэг эх, дүү нарын хамт ********************* тоотод оршин суух бүртгэлтэй боловч ******************* түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 192 дугаа шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 473 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,

3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1298 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 473 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял оногдуулж, оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, нийт биечлэн эдлэх хорих ялыг 01 жил 01 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосныг Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 92 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 01 сар 18 хоногийн хорих ялын хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД: *********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамт явж байсан найз Ё.Даас Айфон-7 плас загварын гар утсыг нь “ гар утсаар чинь хүнтэй яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан авч залилах гэмт хэрэг үйлдэж, хохирогч Ё.Дд 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ё.Даас түүний I phone 7 Plus загварын гар утсыг “хүнтэй яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж, түүнд 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд болон прокурорын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

“Баян шуугиур ХХК” барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 08/,

Мөрдөгчийн эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 09-10-/,

 

Хохирогч Ё.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Баянзүрх худалдааны төвд уулзаад тухайн худалдааны төвийн баруун талын пабд ороод Tiger нэртэй шилтэй пиво хоёр хоёрыг уусан. Тэгтэл Б.Б хамт караоке оръё гээд тухайн газраас гарсан... 16 дугаар хорооллын автобусны буудлын урд зам гарах гээд явж байхад Б.Б “чи надад гар утсаа өгч байгаач найзынхан нэгж дууссан байна. Манай нэг ахын цалин өнөөдөр бууж байгаа юм. Мөнгө авах шаардлагатай байна” гээд миний Айфон-7 плас загварын гар утсыг авсан. Намайг “Чингис” караоке орчхоод ир махлагдуу эмэгтэй эгч байна уу, үгүй юу үзээд ир найз нь тэр эгчид өртэй гэж хэлсэн. Ингээд би зам гараад караоке ороод гараад ирэхэд Б.Б миний гар утсыг аваад зугтаасан байсан. Б.Б намайг цохиж зодсон зүйл байхгүй. Миний гар утсыг гараас булаасан зүйл байхгүй. Намайг караоке орчхоод ир би гар утсаар чинь ахтайгаа яриад байж байя гээд караоке ороод ирэхэд гар утас аваад зугтаагаад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,

 

Гэрч Г.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 16 дугаар хорооллын автобусны буудлын хойно байрлах Супер-8 ломбардад ажил дээрээ байсан. Тэгтэл Б.Б нь хар өнгийн 128GB багтаамжтай Айфон-7 загварын гар утсыг 170.000 төгрөгийн барьцаанд тавиад явсан. 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гар утасны 170.000 төгрөгийг тушаасан ба гар утсыг нь Б.Бд өгөөгүй... цагдаа ирээд гар утсыг нь өгч болохгүй гээд өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-27/,

 Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Ё.Дыг гар утсаа өгч бай, найз нь цалин буусан ахаасаа мөнгө асуугаадахъя. Найзынхан утас нэгжгүй байна гэж хэлээд гар утсыг нь авсан. Ингээд Ё.Дыг зам хөндлөн гараад караоке орохоор нь утсыг нь аваад зугтаасан. Би Ё.Дын гар утсыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах нэрийг нь мэдэхгүй ломбардад 170.000 төгрөгийн барьцаанд тавиад зээл авсан. Тухайн үед надад мөнгө хэрэг болоод гэмт хэрэг үйлдэх болсон" гэх мэдүүлэг /хх-ийн 64-66-р тал/ тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ё.Дыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Бд нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлж, шүүгдэгч нь хохирогчтой сайн дураар эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжээр торгох ялын санал гаргаж шүүгдэгч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж үзэж шүүх хуульд заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Энэ хэргийн улмаас хохирогч Ё.Дд гар утсыг буцааж өгсөн байх тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б.Быг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Б.Б нь 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР