| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0465/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/473 |
| Огноо | 2022-03-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/473
2022 03 31 2022/ШЦТ/473
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Б.Хулан,
улсын яллагч Н.Ганчимэг /цахим/,
шүүгдэгч Х.А нарыг оролцуулан эрүүгийн 2206 00645 0822 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Х.А, 1991 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Говь Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хөндлөн гүүр” ХХК-д авто засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ************** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: **********/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө ****************** тоотод хохирогч Т.Бтай “яв” гэж хэллээ гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Х.А нь хохирогч Т.Бгийн нүүрэн хэсэгт нэг удаа цохисон үйл баримт нь:
Шүүгдэгч Х.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч” гэв.
Хохирогч Т.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байх 405 дугаар байрны 130 тоот болох найз Анх-Эрдэнийнд 22:00 цагийн үед очсон. Намайг ороход Анх-Эрдэнийн найзууд болох Х.А, Сувд- Эрдэнэ, Өсөхбаяр нар архи пиво ууж байсан. Бид хэдийг ууж байхад шөнийн 01:00 цагийн үед Х.Аын эхнэр Х.А руу залгаад ирэх болж байна уу гэж асуутал Х.А одоо явлаа гэж хэлсэн. Тэгтэл Сувд-Эрдэнэ Х.Ат хандаж жаахан байж байгаад явж болохгүй юм уу гэхээр нь би хажуугаас нь би бас гэртээ харилаа, цөмөөрөө одоо тарцгаая гэж хэлтэл Сувд-Эрдэнэ над руу чи дандаа хүмүүсийг явъя гэж уруу татах юм гээд над руу уурласан. Тэгэхээр нь би Х.Ат чам руу эхнэр чинь залгаад байгаа юм биш үү, чи чинь тэнэг юм уу, Сувд-Эрдэнийн үгэнд ороод үлдэх гээд байгаа юм уу гээд хэлтэл Х.А уурлаж босож ирээд миний зүүн талын нүд рүү нэг удаа гараараа цохисон. Тэгтэл Сувд-Эрдэнэ салгаад бид нар тарцгаасан... Х.Аоос өөр хүн намайг цохиж зодоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
Гэрч С.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...найз Х.Аын эхнэр нь залгаад Х.Аыг гэртээ хурдан ир гэхэд манай найз одоо очлоо гээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би Х.Аыг жаахан суучих хамт явцгаая, гэр нэг зүгт байдаг шүү дээ хамт явъя гэхэд хажуугаас Батнасан чи гэртээ хариач эхнэр чинь залгаад байгаа юм биш үү, чи Сувд-Эрдэнийн үгэнд ордог юм уу гээд хэлтэл Х.Аын уур хүрээд Батнасанг гараараа зүүн талын нүд хэсэг рүү нь нэг удаа цохисон. Би Батнасангийн биед халдсан зүйл огт байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2126 дугаар5 “...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд доод зовхи хөхөлбөр өнгийн цус хуралттай. Хамрын нуруунд тэмтрэхэд эмзэглэлтэй. ... ДҮГНЭЛТ 1. Т.Бгийн биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. З.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. ...хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/,
-Шүүгдэгч Х.Аын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 32/ зэргээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Х.Аыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баганат- Өргөө хотхоны 405 дугаар байрны 130 тоотод хохирогч Т.Бтай “яв” гэж хэллээ гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Х.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлж, шүүгдэгч нь хохирогчтой сайн дураар эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялын санал гаргаж шүүгдэгч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж үзэж шүүх хуульд заасны дагуу хэргийг шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Энэ хэргийн улмаас хохирогч Т.Б нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг /хх-ийн 39/ гаргасан байх тул шүүгдэгч Х.Аыг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Ат 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.А нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР