Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.

Ж.Д, С.Г, Н.О

Л.Ц, Ц.А, Б.С нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

 

Прокурор Д.Баянмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам, Х.Отгонжаргал, Д.Цоодол

           Шүүгдэгч Ж.Д, ,Н.О,Л.Ц,Ц.А, Б.С

Нарийн бичгийн дарга А.Мягмардорж нарыг оролцуулан хийж,         

 

Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолтой Ж.Д, С.Г, Н.О, Л.Ц, Ц.А, Б.С нарт холбогдох эрүүгийн 1722000530034 тоот 3 хавтас хэргийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ өдөр төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ......., эхнэр ......... хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг, ....... тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Б. А

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........-ны өдөр төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......, ....... хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг, ......... тоотод оршин суух, Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял  шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,  Зуут овгийн Ц.С

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......-ны өдөр төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, автотехнологич мэргэжилтэй, ам бүл ......, ......... хүүхдийн хамт Дундговь аймгийн Хулд сумын 3-р багт оршин суух, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.2-т зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,  Магнаг овгийн Ж.Даваадорж

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..........-ны өдөр төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг .......... тоотод оршин суух ,Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт  1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэгдэж  байсан, хэрэг хариуцах чадвартай,  Харнууд овогт Н.О

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......-ны өдөр төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ...... дүүгийн хамт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1-р багийн  .........гэх газар нутаглах,  Дэлгэр овгийн Лхагвын Цэвэгдорж /РД:ЗЕ01301210/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........-ны өдөр төрсөн, ...... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дундговь аймгийн Хулд сумын 4-р багийн нутаг болох “...... гэх газар нутаглах, Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 29-ний 4 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.4 дэх хэсгээр 5 жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгүүлж байсан,хэрэг хариуцах чадвартай, Чимэд овогт С.Г

Шүүгдэгч С.Г, Б.Анхжаргал, Ц.Сайндорж, Ж.Д Н.О нар нь  бүлэглэн  Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2-р багийн нутаг “Цагаан толгой” гэх газарт 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эсэргүүцсэн,

Шүүгдэгч Ж.Д, С.Г, Н.О, Л.Ц нар нь бүлэглэн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2-р багийн нутаг “Цагаан толгой” гэх газарт 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр тус сумын хэсгийн цагдаагийн албаны хэрэгцээнд хэрэглэдэг 63-01 ДУА улсын дугаартай приус маркийн автомашины цонх, зүүн хойд гэрэл, борооны хаалт, багажны бариул, хойд гупер зэрэг эд зүйлийг чулуугаар цохиж хагалсны улмаас нийт 445.000 төгрөгийн хохирол учруулж, эд хөрөнгө устгаж гэмтээсэн гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Анхан шатны шүүх: 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Дундговь аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.О, С.Г, Ж.Д, Б.А, Ц.С нарт  холбогдуулан Эрүүгийн  хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.А, Ц.С нарыг цагаатгаж,

Шүүгдэгч Чимэд овогт С.Г, Магнаг овгийн Ж.Д,  Харнууд овогт Н.О, Дэлгэр овгийн Л.Ц нарыг бүлэглэн эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О, С.Г, Ж.Д нарт тус бүрт нь 450 нэгжээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Л.Цид ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-ийг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг эх С, эцэг Б.Л нарт даалгаж,

2015 оны Эрүүгийн  хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Харнууд овогт Н.О-д 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг болгон өөрчилж,

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн  хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Оөд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг дүйцүүлэн хасч тээврийн хэрэгсэл болоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж, 

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.О-д оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах, 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оөд оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр,

Эрүүгийн  хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г, Ж.Д нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлөхөөр тогтоож, 

 Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Г, Ж.Д нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж,

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Ц.С, Ж.Д, С.Г, Л.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал давж заалдах журмаар гаргасан  гомдолдоо: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хэргийг  шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг  хангаагүй хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Учир нь миний бие Н.О-тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр анхан шатны шүүхийн  шүүх хуралдаанд оролцсон билээ. Миний үйлчлүүлэгч Н.Оийг Эрүүгийн хуулийн 23-р зүйлийн 23.1.2.1, мөн хуулийн 17.8-д заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж Дундговь аймгийн  Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 23.1.2.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан ба харин 17.8-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Н.О нь Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.25-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны эрүүгийн хуулиар/ тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийг  2 жилийн  хугацаагаар хасч, 1 жил 6 сараар тэнсэн хянан  харгалзсан.  Гэтэл Н.О нь энэхүү шийтгэх тогтоол гарахаас өмнө /2017.09.25/ буюу шүүхээр ял шийтгүүлэхээс өмнө /2017.09.02/ дахин гэмт хэрэгт холбогдсон. Гэтэл анхан  шатны шүүхээс шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  7-д Эрүүгийн  хуулийн  6.8-р зүйлийн 2.1, 6.9-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.О-д оногдуулах хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн  түүний биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон нь Эрүүгийн  хуулийн буруу хэрэглэсэн  гэж үзэж байна.

Эрүүгийн  хуулийн  6.9 дүгээр зүйлийн 6.9.1-д ...ялтан оногдуулсан ялыг  эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг  үйлдсэн бол тухайн  гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх  шийтгэх тогтоолоор оногдуулсан  ялаас эдлээгүй үлдсэн  ялыг нэмж нэгтгэн  нийт эдэлх ялын хэмжээг тогтооно... гэжээ.

Н.О-ийн хувьд “Ялтан оногдуулсан ялыг  эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол “ гэж үзэх үндэслэлгүй.  Учир нь 2017.09.25-нд 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн ба харин хэлэлцэгдсэн хэрэг  нь шүүхийн шийтгэх тогтоол гаргахаас өмнө буюу тэнсэхээс өмнө 2017.09.02-нд үйлдэгдсэн  байхад уг хуулийг хэрэглэх үндэслэлгүй.  Өөрөөр хэлбэл Н.О нь 2017.09.25-наас эхлэн ялтан болох ба 2017.09.02-нд ял оногдуулаагүй байсан. Иймд анхан  шатны шүүхийн  шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. 

Эрүүгийн  хуулийн 6.8.2-д “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн  төрлийн  ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн  ялыг  хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж хуульчилсан. Иймээс Н.О-д Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн  хэргийн  анхан шатны шүүхийн 2017.09.25-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан /2002 оны эрүүгийн  хуулиар/ тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сараар тэнсэн  хянан харгалзсаныг хэвээр үлдээж, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.8.1-д заасан  гэмт хэрэгт нь /шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  3-т зааснаар/ 450 нэгжээр торгож ялыг тус тусад нь эдлүүлэх бүрэн боломжтой гэж үзэж анхан шатны шүүхэд саналаа оруулсан боловч анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шүүгдэгчийн  эрх зүйн  байдлыг дордууллаа. 

Мөн Н.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.8.1-д заасан гэмт хэргийг үйлдэхэд Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 3.5.1-д заасан “гэмт хэргийн хамжигчаар” оролцсон гэж үзэх гэм буруутайд тооцсон Н.О өөрөө мотоцикль жолоодож, ард нь Цэвэгдорж сундалж явсан ба Цэвэгдоржийг  “чулуу шид” гэж хэлж уриалаагүй, урьдчилан амлаагүй байхад хамжигч гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Гэмт хэрэгт хамтран  оролцогч буюу “хамжигч”-ийн үндсэн шинж нь “урьдчилан  амласан” байхыг шаардана, гэтэл  хэнд ч юуг  ч урьдчилан амлаагүй гэдгийг анхаарах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Н.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах, эсхүл Н.О-д Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн  хэргийн  анхан  шатны шүүхийн  2017.09.25-ны өдрийн  56 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан /2002 оны эрүүгийн  хуулиар/ тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийг  2 жилийн хугацаагаар  хасч, 1 жил 6 сараар тэнсэн хянан харгалзсаныг хэвээр үлдээж, 2015 оны Эрүүгийн  хуулийн 17.8.1-д заасан гэмт хэрэгт нь 450 нэгжээр торгож ялыг тус тусад нь эдлүүлж шүүгндэгчийн эрх зүйн  байдлыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх шүүгдэгч Н.О-ийн үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа түүний урьд нь шийтгүүлж байсан 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн тусгай ангийн  215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан  1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн гэж дүгнээд, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг  биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “ тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн  хуулийн заалтыг буруу хэрэглэсэн  байна.

Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг  үйлдсэн  нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн  хариуцлага  хүлээлгэнэ” гэж,  мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүхийн  шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно” гэж тус тус заасан байна. 

Гэтэл шүүгдэгч Н.О нь эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үйлдсэн бөгөөд дээрх гэмт хэргийг  үйлдсэн цаг  хугацаа нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоол гараагүй,  түүнийг  шүүхээс гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцоогүй,  эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй байх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэнийг  анхан шатны шүүх тэнссэн хугацаанд гэмт хэрэг  үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, анхан  шатны шүүхээс оногдуулсан ялыг тэнссэн шийтгэх тогтоол нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр  болсон байхад энэ өдрөөс өмнө үйлдсэн гэмт хэргийг  тэнссэн хугацаанд хамруулан шийдсэн нь буруу байна.

Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 1,  6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаас үзэхэд шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд, хэд хэдэн  шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа оногдуулсан  ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болохоор зохицуулсан  байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.О нь 2 гэмт хэрэг үйлдсэн бөгөөд эхний гэмт хэрэгт ял шийтгүүлээгүй байхдаа дахин гэмт хэрэг  үйлдсэн энэ тохиолдолд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол тус бүрээр оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болох тухай дээрх хуулийн заалтаар зохицуулжээ. Хэдийгээр анхан шатны шүүхээс 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шийтгэх тогтоол гаргахдаа шүүгдэгч Н.О-ийг өөр гэмт хэрэгт шалгагдаж байгааг  мэдээгүй байж болох боловч түүнийг тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Мөн шүүгдэгч С.Г, Б.А, Ц.С, Ж.Д, Н.О нарт холбогдох Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг  хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.А, Ц.С нарыг  цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар буюу хохирогч, гэрч нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын туршилт хийсэн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдэх өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дундговь аймгийн  Цагдаагийн газрын цагдаа Ц.Ж нь албан үүргээ гүйцэтгэж явсан, дээрх үүргийнхээ хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт явж байсан үл таних хүмүүсийг шалгах зорилгоор ойртож очиход өөдөөс нь чулуу шидэж шалгуулаагүй, шалгах боломж олгоогүй, улмаар мотоциклоор хөөж, унаж явсан автомашинд нь халдсан байхад анхан шатны шүүх нь цагдаагийн албан хаагч нь дуут дохиогоо ашиглаагүй, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан  цагдаагийн албан  хаагч өөрийгөө цагдаагийн албан хаагч, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа талаар танилцулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Цагдаагийн  албаны тухай хуулийн 22 дугаар бүлгийн 22.6 дахь хэсэгт “цагдаагийн  албан хаагч үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн албан тушаал, цол, нэрийг хэлж шаардсанаар өөрийн албан  үнэмлэхийг үзүүлнэ” гэж заажээ.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд гэмт хэрэг үйлдэгдэх үед цагдаагийн албан хаагч Ц.Жамсранг машинаас буух үед түүний өөдөөс, уулан  дээрээс олон тооны чулуу шидэж, хуульд заасан үйл ажиллагааг  явуулах, өөрийгөө танилцуулах ямар ч боломж олгоогүй талаар хохирогч Ц.Жамсран, гэрч Б.Нямтуяа, З.Наранмандах, шүүгдэгч Л.Ц нар мэдүүлсээр байхад шүүх дээрх нотлох баримтад ямар дүгнэлт хийсэн нь тодорхойгүй, Эрүүгийн  хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн  36.7 дугаар зүйлийн  2.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. 

Түүнчлэн  шүүгдэгч нарын  хууль бус үйлдлийн улмаас буюу цагдаагийн  албан хаагчийг зэвсгийн  чанартай зүйл хэрэглэн эсэргүүцсэн үйлдлийн  улмаас албан үүргээ хэрэгжүүлж чадаагүй, улмаар амь нас, эрх чөлөөнд нь бодитой аюул бий болсон талаарх нотлох баримтууд хэрэгт хангалттай авагдсан байх бөгөөд өөрийгөө танилцуулж чадаагүй гэж дүгнэсэн  нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлаас хэт өөр дүгнэлт хийсэн  гэж үзэхээр байна. 

Иймд шүүгдэгч С.Г, Б.А, Ц.С, Ж.Д, Н.О, Д.Ц нарт холбогдох Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн  66 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн  хуулийг буруу хэрэглэж, үндэслэлгүйгээр шүүгдэгч С.Г, Б.А, Ц.С, Ж.Д, Н.О нарт холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Анхжаргал, Ц.С нарыг  цагаатгасан байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Прокурорын  эсэргүүцэл бичив гэжээ.      

 

       Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

 

      Шүүгдэгч Б.С, Ц.А, Ж.Д, С.Г нарын өмгөөлөгч Д.Цоодол: Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

      Шүүгдэгч Л.Цийн өмгөөлөгч Г.Лхам: Л.Ц тухайн үед чулуу шидээгүй Н.Оийн ард сундлаад явж байсан. Энэ байдлыг анхаарч үзнэ үү гэв.

 

     Шүүгдэгч Н.Оийн өмгөөлөгч Х.Отгонжаргал: Шүүгдэгч Н.Оөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

      Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.О, С.Г, Ж.Д, Б.Анхжаргал, Ц.Сайндорж нарыг бүлэглэн цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эсэргүүцсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

       Шүүх шийтгэх тогтоолыноо тодорхойлох хэсэгт  ...хавтаст хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар 2017 оны 9 дүгээр сарын 2-ны 22 цагийн орчимд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан толгой гэх газар сумын цагдаагийн хэсгийн машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн дэд ахлагч Ц.Ж-ийн өөдөөс чулуу шидсэн үйл явдал болсон болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Ц.Ж, гэрч Б.Н, З.Н нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Н.О, С.Г, Ж.Д, Б.А, Ц.С нар нь бүлэглэн цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эсэргүүцсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан   нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй гэж шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлттэй ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон  шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.5-д заасан шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заана гэсэн заалтыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

         Шүүгдэгч Н.О-д ял оногдуулахдаа 2 шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг буруу нэгтгэсэн талаархи  прокурорын эсэргүүцэл, өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

       Ийнхүү шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул  хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр шинэчлэн  хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

       Шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа тул  хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаар гаргасан гомдол, санал, дүгнэлтэд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй болно.

 

      Шүүгдэгч Н.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч ямар таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах талаар  хүсэлт, баримт шүүхэд гаргаагүй тул хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Д, С.Г, Н.О, Л.Ц, Ц.А, Б.С нарт холбогдох 1722000530034 тоот хэргийг  шинэчлэн хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2.Шүүгдэгч Б.А, Ц.С, Ж.Д, С.Г,Л.Ц нарт анхан шатны шүүхээс авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Х.О-д цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан эсхүл  хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор  оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл  бичих эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧИД                                 Т.БЯМБАЖАВ

 

                                                                                       Ш.ТӨМӨРБААТАР