Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 123/2015/0011/З |
Дугаар | 221/МА2016/0065 |
Огноо | 2016-01-20 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2016/0065
Д.Д-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагч У.Ц нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийдвэртэй, Д.Д-н нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Д.Д би Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн нутаг Хар ямаатын Их хөндийн үтрэмийн хойд талд нийт 923 га талбайг үр тариа төмс хүнсний ногоо тариалах зориулалтаар Баянхангай сумын Засаг даргын 2008 оны 9 сарын 23-ны өдрийн 121 тоот захирамжаар эзэмшиж авсан юм. Гэтэл тус сумын Засаг дарга Түвшинжаргал 2009 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 136 тоот захирамжаар газрын төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр эзэмших эрхийг хүчингүй болгосон. Би авсан цагаас эхлэн төлбөрийг төлж ирсэн. Засаг дарга энэхүү хууль бус шийдвэрээ ойлгон 2010 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 210 тоот захирамжаар 136 тоот захирамжаа хүчингүй болгож, эрх сэргээсэн. Би 2012 онд үр тариа, төмс, хүнсний ногоо тариалах бэлтгэл ажлаа хангаад байтал Засаг дарга дахин 2012 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн А/179 тоот захирамж гарган, газрын төлбөр төлөөгүй, 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон. Би энэ тухай шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхээс 2012 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн 06 дугаар шүүхийн шийдвэрээр миний газар эзэмших эрхийг сэргээсэн. Үүнээс хойш 2012 онд сумын Засаг даргаас холбогдох зөвшөөрөл авч худаг гарган, 89 га-д нь тэжээлийн зориулалтаар арвай, овьёос тариалсан. 2013 оны тариалалтын өмнө 612 орчим га газрыг битүү хашаалж тухайн ондоо 3 га газар төмс, 200 орчим га газарт арвай, 40 га газарт царгас тарьж 1200 тонн ногоон тэжээл хурааж авсан. 2014 онд 200 га-д уринш хийсэн, өмнө нь ногоон тэжээл тариалж байсан талбай 240 га, царгас тарьсан 40 га талбай байна.
Өөрөөр хэлбэл 480 орчим га-д тариалалт хийж байна гэсэн үг. Энэ хугацаанд 1.5 тэрбум төгрөгийн зардлыг гаргасан. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012.07.04 өдрийн 77 тоот тогтоолын 1 дэх заалтаар дуудлага худалдааны анхны үнээр тооцсон газрын үнийг төсөвт төвлөрүүлэх"-ээр заасны дагуу 4779600 төгрөгийн төлбөрийг 140000955 гэсэн төрийн сангийн дансанд шилжүүлсэн. Баянхангай сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/289 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд өгсөн нэмэлт тайлбартаа: “1. 2012 болон 2013 онд Баянхангай сумын Засаг дарга Э-тэй эзэмшиж байгаа газрын талаар гэрээ хийх талаар удаа дараа уулзсан боловч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн ойлгомжгүй байдал, газрын даамал байхгүй байсан зэрэг шалтгаанаар гэрээ хийгдээгүй ирсэн. 2. Газрын хуулийн 40.1.6-р заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол эзэмших эрхийг хүчингүй болгоно гэж заасан байна. Эзэмшилд байгаа 923 га газрын зарим хэсгийг 2-с дээш жил ашиглаж болохгүй хүндэтгэн үзэх олон бодитой шалтгаан байна. А. Эзэмшил газрын 18546303792877, 18548303167588 тоот дугаартай нэгж талбарын бүх хэсэг, 18547304642832 тоот нэгж талбарын талбайн нэлээд хэсэг нь цөлжиж доройтсон.
Иймээс тариалангийн хуулийн 11-р зүйлийн 1-д зааснаар хөрсний үржил шимийг нөхөн сэргээх, сайжруулах зорилгоор олон настын үр цацах, тариалах арга хэмжээг хэрэгжүүлсэн учраас тодорхой хугацаанд хуульд заасны дагуу ашиглахгүйгээр өнжөөж байна. Нөгөө талаас Тариалангийн хуулийн 17.2.5-д заасны дагуу тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийнхээ үүргээ биелүүлж байна. Б. 18548302215722, 18550304083597, 18548305411872 нэгж талбарын дугаар бүхий талбайнууд нь айлын өвөлжөөтэй ойр учраас тухайн малчдын санал хүсэлт дургүйцлээс болоод ашиглаж чадахгүй өдий хүрлээ. В. 18546303792877, 18548302215722, 18550304083597, 18548305411872 нэгж талбарын дугаар бүхий хашаагүй талбайнуудын хувьд тарьсан ургамлыг Баянхангай сумын төв орчмын иргэдийн мал, ялангуяа адуу идэж сүйтгэдэг. 2012 онд тариалсан 80 га газрын ургацыг идэж сүйтгүүлсэн учраас тариалах боломж олгохгүй байна. З. Зориулалтын дагуу ашиглаагүй, фермерийн аж ахуй байгуулсан гэсэн үндэслэлээр эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Үр тариа, төмс, хүнсний ногоо тариалах зориулалтын дагуу ашиглаж байгаа болно. 2012 оноос хойш арвай, овьёос зэрэг үр тарианы төрөлд багтах ургамал тарьж малын ногоон тэжээлийн зориулалтаар ашиглаж байгаа болно. Тариалсан талбайнхаа зарим хэсгийг хурааж ногоон тэжээл болгон ашиглаж байгаа бол зарим хэсгийг хураалгүйгээр малаа бэлчээж ашиглаж байгаа юм. 2013 онд 1200 тонн ногоон тэжээл авч малаа тэжээсэн бол 2014 онд тариалсан талбайнхаа 50 хувийн ургацыг хураалгүйгээр мал бэлчээж идүүлсэн бөгөөд 50 хувиас нь авсан ургац болох 1000 тонн ногоон тэжээлээрээ малаа тэжээсэн. Өөрийн хашсан болон тариалсан талбайгаас гадна байгаа байгалийн бэлчээрийг ашиглаагүй юм. Иргэний хуулийн 93.2-т зааснаар хууль ёсны эзэмшигчийн эрхийг ч тодорхойлсонтой бүрэн нийцэж байна. Эзэмшил газар дээрээ малын хашаа саравч болон байшин барьсан нь Иргэний хуулийн 152 дугаар зүйлийн 152.9-д заасан заалттай бүрэн нийцэж байгаа бөгөөд хууль зөрчөөгүй болно. 4. Тариалангийн хуулийн 17.2.6-д заасны дагуу эзэмшил газрынхаа 600 га талбайг хашиж хамгаалсан болно. Үлдэж байгаа талбайг хашиж хамгаалах үндсэн дээр ашиглах шаардлагатай гэж үзэж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянхангай сумын Засаг дарга газраа зориулалт бусаар ашигласан, сүүлийн 2 жил газраа ашиглаагүй, газрын төлбөр хийгээгүй гэсэн үндэслэлээр манай 923 га газрыг хүчингүй болгосон. Манай зүгээс 2012 оны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажлаа эрчимтэй хийж, 80 га газар тариа тарьсан. Уг тариалсан бүх ургацаа малд идүүлсэн. 600 га газарт хашаа барьсан. Уг хашаанд 20000 шон орсон, нэг гэхэд 8000 мянган төгрөгийн үнэтэй. Уг ажлын нэг жилийн хугацаанд хийсэн. Хашаа барихгүй болохоор тариа тарихад мал орж идээд ямар ч ашиг өгөхгүй байсан. Газрын гэрчилгээ төмс хүнсний ногоо, газар тариалангийн чиглэлээр гарсан. Манайх газар дээрээ арвай, овьёос буюу малын тэжээл тарьдаг. Уг малын тэжээл нь тариалангийн төрөл ордог.
Иймээс газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг ор үндэсгүй зүйл юм. Тарьсан малын тэжээлээ хувь хүн юунд яаж зарцуулах нь Баянхангай сумын Засаг даргад хамаагүй гэж бодож байна. Манайх тарьсан малын тэжээлээ тэнд байгаа малдаа өгдөг. Баянхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас манайхыг газар дээрээ фермийн үйл ажиллагаа эрхэлдэг гэж үзээд байгаа. 923 газраас өөр бэлчээрийн газар ашиглаагүй, уг газартаа тарьсан малын тэжээлээ малдаа өгч байгаа. Жилд манайх 50-100 тонн малын тэжээл авдаг.Үүнийгээ бүгдийг малдаа өгдөг. Би уг нь өмнөх Засаг дарга Э-тэй хар ямаа үржүүлж, ноолуурыг нь нэмэгдүүлэх замаар эрчимжүүлсэн мал аж ахуй эрхлэх талаар ярилцаж, улмаар Хятад улсад авч явж үзүүлсэн. Тэр утгаараа хашаандаа хүлэмж барьж, дотор нь ямаагаа тэжээж, хашдаг, харанхуй хашаанд ямааг хашсанаар ноолуурын ургалт 50 хувиар нэмэгддэг нь батлагдсан байдаг. Үүнийг Баянхангай сумаас манайхыг эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байна гэж үзэж газрын гэрчилгээ хүчингүй болгосон. Мөн Газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж байна. 923 га газраасаа хашаалаагүй 300 га газраа ашиглаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Баянхангай сумын иргэдээс манайхыг малын бэлчээргүй болголоо гэж их эсэргүүцэж байгаа. Манай хашааг эвдэж малчид малаа оруулдаг, ингэж бай гэж Баянхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн дарга н.Уламсайхан хэлсэн байсан. Хүний хувийн өмчийг хуулиар хамгаалсан байдаг.
Мөн хөрөнгө оруулалт хуулиар хамгаалагдсан байдаг, энэ талаар хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.1-т заасан, мөн татвар болон татвар талаарх хөнгөлөлт, газрыг 60 жил хүртэл эзэмшиж нэг удаа 40 жилээр сунгана, ингэж байж хөрөнгө оруулалтыг шийднэ гэж заасан байдаг. Баянхангай сум нь 25000 га газар цөлжсөн гэж 2014 оны газрын балансаар бичсэн байдаг. Энэ жил газар авсан иргэд ихэнх нь тариалалт хийгээгүй, тарьсан нэг нь огт юм аваагүй. Үнэхээр Баянхангай сумын газар нутаг хүрэлцэхгүй болоод газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа бол би энэ газрыг хүлээлгэж өгч болно. Баянхангай суманд газар тариалан хөгжүүлэх чиглэлээр эрчимжсэн мал аж ахуй эрхлэх ёстой гэсэн засгийн газрын тогтоол хүртэл гарсан байдаг. Ийм учраас манай 923 га газрыг хүчингүй болгосон Баянхангай сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан” гэжээ.
Хариуцагч Баянхангай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.Д нь 2008 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 923 га газрыг үр тариа, төмс хүнсний ногооны зориулалтаар батлаагүй байхад Газрын тухай хуулийн 20.1.2 гэсэн заалтыг зөрчин эзэмшсэн. Засаг дарга Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн. 2008 оны орон нутгийн сонгууль болоход 1 /нэг/ сарын өмнө газар тариалангийн үйл ажиллагаа зогссон намрын цагт ангийн хүүхэд Д-дээ хууль бусаар тариалангийн их хэмжээний газар олгосныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын удаа дараа цуцлахыг шаардсан байдаг. 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 3 жил 6 сарын хугацаанд нэг ч га газар хагалаагүй, тариа тариагүйг үндэслэж сумын Засаг Түвшинжаргал А/179 тоот захирамж гаргаж цуцалсан байдаг. Газар тариалангийн газар эзэмшиж байгаа бол зөвхөн газар тариалангаа эрхлэх ёстой, зориулалт бусаар ашиглаж, 2 жил дараалан ашиглаагүй бол газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалт зөрчиж байгаа. Үр тариа, төмс хүнсний ногоо тариалах зохицуулалттай талбайд 2013 оноос одоог хүртэл мал аж ахуй эрхэлж, амины орон сууц зөвшөөрөлгүйгээр барьсан. 2013 онд тус сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Уран, Бүдүүн-дугар, Агропарк, Тэгшээгийн худагт эрчимжсэн мал аж ахуй, ферм эрхлүүлэхээр батлагдсаныг зөрчиж байна” гэжээ.
Хариуцагч Баянхангай сумын Засаг дарга У.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаар тогтоолоор Д.Д-н үр тарианы 923 га газрыг 300 газар болгож баталсан боловч одоог хүртэл газрын төлөвлөгөөг зөрчин хашаа барьж, газрыг хэмжээг хэвээр байлгаад байгаа учир, ажлын хэсгийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг зөрчил нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн нээлттэй хуралдаан дээр малчдын зүгээс 2013 оны 10 дугаар сарын 23-ны тогтоолыг хэрэгжүүлж чадахгүй байна.
Мөн Д.Д нь малчдаас мал худалдаж аваад уг газартаа мал бэлчээгээд газраа зориулалт бусаар ашиглаад байна гэж хэлсэн байдаг. Үүний дагуу Засаг дарга байсан Ж.Энх-амгалан иргэдэд хандаж “Д.Д-н эзэмшиж байгаа газрын энэ 7 хоногт буцаан авч бэлчээрийн чөлөөлж өгье чадахгүй бол би ажлаа хүлээлгэж өгнө. Та бүхнээ хүлцэл өчье гэсэн байдаг” гэж хэлсэн үг нь хүртэл хурлын тэмдэглэлд байдаг. Мөн энэ хурлаас суманд үр тарианы чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдийг дуудаж газар зохион байгуулалтын талаар цаашид хамтран ажиллах, малчид тариаланчид хоёрыг холбох талаар ярилцсан. Д.Д мэдсэн боловч өөрөө ирээгүй. 2013 оны 1 сард сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гаргасан үүрэг даалгаврын дагуу 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр газраа зориулалт бусаар ашиглаагүй гэж газрыг хүчингүй болгосон. Газраа зориулалт бусаар ашиглаагүй гэсэн 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг. Д.Д нь Засаг дарга Түвшинжаргалыг байхад 2012 онд газар эзэмших эрх сэргээснээс хойш газар эзэмших гэрээ огт байгуулаагүй. Гэрээ байгуулах гэж дуудахаар ирдэггүй. Нэг удаа албан тоот явуулахад гадаадад явж байна , завгүй гэдэг, 2 удаа албан мэдэгдэл өгч байсан. Анх үр тарианы чиглэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон, гэтэл тухайн газартаа малын саравч, хүлэмж барьсан, хүлэмждээ мал малладаг, мал аж ахуй эрхлээд байдаг болохоор зориулалтын бусаар ашигласан гэж үзэж 923 га газрыг нийтэд нь хүчингүй болгосон. Хэрэв мал маллах бол өөр газарт өвөлжөө, хаваржааны газар эзэмших хүсэлтээ суманд гаргаж, авах ёстой. Ер нь 923 га газрыг бүхэлд нь биш 600 га газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж цуцаж, үлдэх 300 га газрыг өөрт нь үлдээж болох байсан байна, буруу шийдвэр гаргасан байж магадгүй юм” гэжээ.
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн А/289 дүгээр захирамжийн зарим хэсгийг ханган 309.19 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх 613.81 га газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Баянхангай сумын Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 заасан заалтыг зөрчсөн гэж дараах газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Нэгж талбарын 18549303165961 дугаар бүхий эзэмших ёстой 147 га газраас 20.9 га газрыг ашиглаагүй гэж үзжээ. Хашаалаагүй 7.9 га газрыг ашиглаагүй гэжээ. Энэхүү 7.9 га хашаалах шаардлагатай байсан боловч тус сумын захиргаанаас хэний ч зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хашиж өөрсдөө төмс тариалж бидний эрх ашгийг хохироосон юм. Бид энэ талаар маргаан үүсгэж болох байсан боловч тухайн сумын захиргааны ажилтан албан хаагчдын эрх ашгийг бодоод хашаалж тариалаагүй болно. Сумын захиргаа сүүлийн 3 жил юм тариагүй бөгөөд хашаа нь эвдэрч ашиглагдахгүй болсон юм . Энэ нь Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 21-ний 15 дугаар тогтоолын 1.10 “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг “... бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэжээ. Энэхүү бусдын хууль бус үйлдлийн улмаас 7.6 га газрыг ашиглах бололцоо олгоогүй юм.
Хашаалсан боловч ашиглаагүй гэх 20.61 газрын хувьд зориулалтын дагуу ашигласан гэж тайлбарлаж буй нэгж талбарын 18549303165961 дугаар бүхий 147 га газартаа ямааны үүлдэр сайжруулах зорилготой 5824 м.кв туршилтын 1-р талбай дээр 474 м.кв, 1133.8 м.кв, 243 м.кв зэрэг малын саравч ямааны байр барьсан байх бөгөөд 7062.5 м.кв туршилтын 2 дугаар талбай, 6569 м.кв туршилтын 3-р талбай, 15358.5 м.кв туршилтын 4-р талбай, 1225.7 м.кв өвсний хашаа, хувийн байшингийн ар талд байрлах хашаалсан ашиглаагүй 56500 м.кв талбай байхаас гадна хашаа барьсан буюу олон наст ургамал тарьсан гэх 3.7 га, огт тариалаагүй 8.77 га зэрэг бүгд 20.61 га газрыг зориулалтын бус буюу мал аж ахуйн чиглэлээр ашиглагдсан болох нь нотлогдож байх тул зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзжээ. Дээрх бүхий л талбайд барьсан малын хашаа, хороо, өвсний хашаа, ямааны ноолуур нэмэгдүүлэх туршилтын талбай гэх мэт зүйл нь барилга байгууламж гэсэн зүйлд орох учраас Дээд шүүхийн дээрх тогтоолын дагуу ашиглагдсан гэж үзэх үндэстэй болно.
... Шинжээчээр томилогдон ажилласан Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Ц.А шинжээчийн дүгнэлт /2015:07:16/ буруу гарсан гэж үзэж байна. Шүүх хурал дээр энэ хүний гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн авах бололцоогүй гэдгээ тайлбарласан. Шинжээчийн дүгнэлтэд “ажилчдын хэлснээр сууцны байшингийн баруун талын 60 га орчим талбайд олон наст ургамал тариалсан гэснийг газар дээр нь очиж бүтэн тойрч үзэв. Олон наст ургамлыг тарихдаа атаршсан талбайд тарьсан гэж хэлсэн. Тус талбайг үзэхэд үрлэгч явсан мөр байсан бар үрлэсэн гэх газрын хөрсийг хуруугаараа ухаж үзэхэд олон настын үр огт гарч ирээгүй.” гэж дүгнэсэн байдаг. Энэ нь 185493031165961 гэсэн нэгж талбарын дугаартай 49 га газар юм. Нэг талаас үрлэгч явсан мөр байсан гэдэг нь тариалалт хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Нөгөө талаас хавж тариалсан, олон наст ургамлын үр бусад улаан буудай, овьёос, арвайны үр шиг том биш учир хөрсийг хуруугаараа тэмтэрч шалгах бололцоогүй юм. Тариалсан үр 7-р сарын 08-ны бороо орсны дараа анхны соёололт гарч ирсэн боловч 7-р сарын 10 гаруй хоногийн наранд хатаж үхсэн юм. 7-р сарын сүүлч 8-р сарын эхээр орсон борооны дараа зарим газраас дахин соёолсон боловч 8 сарын сүүлийн хагасын хүчтэй халуун нарны улмаас болж хатаж ургах бололцоогүй болсон юм. Тариалсан мөр байсан гэх мөртөө ухаж үзэхэд үр гарч ирээгүй гэдэг нь шинжээч өөрөө дотроо зөрчилтэй тариалсан талбай гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Шинжээч үр тариа болон олон наст ургамлын чиглэлээр мэдлэг дутмаг мэргэшлийн хүн биш гэдэг нь шинжээчийн дүгнэлтээс харагдаж байна. ” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Д.Д-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Д нь Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн нутаг Хар ямаатын Их хөндийн үтрэмийн хойд талд 7 хэсэг бүхий нийт 923 га талбайг үр тариа, төмс хүнсний ногоо тариалах зориулалтаар Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 121 дүгээр захирамжийн дагуу 60 жилийн хугацаатай эзэмшиж байсан байна.
Хариуцагч Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/289 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Д.Д-г газрын төлбөрөө хугацаандаа бүрэн төлөөгүй, зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэл зааж, түүний эзэмшил бүхий 923 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгчээс анхан шатны шүүх хуралдаанд “... 300 га газрыг ашиглаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. 623 га газраа ашигласан” гэж, хариуцагчаас “тариалалт хийсэн 300 га газрыг нь хүлээн зөвшөөрч, үлдсэн газарт тариалалт хийгээгүй ашиглаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн тайлбар гарган маргасан байна.
Анхан шатны шүүх маргаан бүхий актын нэг үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлсөн эсэх талаар хэрэгт авагдсан газрын төлбөр төлсөн баримт, банкны орлогын мэдүүлэг, гэрч болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдсон үйл баримтад тулгуурлан үндэслэл бүхий зөв дүгнэлт хийсэн байна.
Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:
Иргэн Д.Д-д 2008 онд үр тариа, төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон 923 га газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг шалгаж тогтоох зорилгоор Баянхангай сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/121 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулан ажилласан байх бөгөөд уг ажлын хэсгээс газар дээр нь очиж шалгасан дүгнэлтээр “нийт 923 га газраас 100 га орчимд тариалалт хийсэн, үлдэх 823 га газрыг огт ашиглаагүй нь тогтоогдсон” гэжээ. Мөн маргаан бүхий захирамж гарсны дараа буюу 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн мөн сумын Засаг даргын А/116 дугаар захирамжаар дахин ажлын хэсэг томилон “Г” ХХК-тай хамтран хийсэн хэмжилтээр 923 га газраас 264.2 га талбайг зориулалтын дагуу ашигласан байна гэж үзжээ.
Шүүх дээрх ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзсэн зориулалтын дагуу ашигласан талбайн зөрүүтэй хэмжээнүүдийг дахин тодруулах зорилгоор Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрыг шинжээчээр томилж, тухайн нэгж талбар бүхий нийт 923 га талбайгаас хэдий хэмжээний талбайг зориулалтын дагуу ашигласан эсэхэд дүгнэлт гаргуулж, уг дүгнэлт болон шүүхээс хийсэн газрын үзлэгээр тогтоогдсон үйл баримтад үндэслэн дүгнэлт өгч, зориулалтын дагуу ашиглаагүй талбайн хэмжээг тогтоож, шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Д.Д нь өөрийн эзэмшлийн 7 нэгж талбар бүхий 923 га газраас нэгж талбарын 18549303165961 дугаар бүхий 147 га газрын 126.39 га, нэгж талбарын 18547304642832 дугаар бүхий 364 га газрын 182.8 га нийт 309.19 га газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх боломжгүй, харин нэгж талбарын 18546303792877 дугаар бүхий 51 га, нэгж талбарын 18548305411872 дугаар бүхий 135 га, нэгж талбарын 18548302215722 дугаар бүхий 99 га, нэгж талбарын 18550304083597 дугаар бүхий 78 га нийт 363 га газрыг ямар нэгэн байдлаар огт ашиглаагүй, нэгж талбарын 18549303165961 дугаар бүхий 147 га газрын 20.61 га, нэгж талбарын 18547304642832 дугаар бүхий 364 га газрын 181.2 га, нэгж талбарын 18548303167588 дугаар бүхий 49 га газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болох нь шинжээчийн дүгнэлт, шүүхийн үзлэг, гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогджээ.
Зориулалтын дагуу ашигласан гэж үзсэн газрын зарим хэсэгт чацаргана, олон наст ургамал тариалсан, Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/314 дүгээр захирамжийн дагуу худаг гаргасан, ахуйн зориулалтаар хувийн хашаа, байшин барьсан зэргээр ашигласан нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул шүүхээс нэхэмжлэгч Д.Д-г уг газрыг зориулалтын дагуу ашигласан гэж үзсэн нь зөв байна.
Харин нэгж талбарын 18549303165961 дугаар бүхий газарт ямааны үүлдрийг сайжруулахын тулд малын саравч, ямааны байр, малд өгөх өвс бэлтгэх газар хашаалсныг нэхэмжлэгчээс “зориулалтын дагуу ашигласан” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй бөгөөд уг газрыг үр тариа, төмс, хүнсний ногооны зориулалтаар ашиглаж байна гэж үзэхээргүй байна.
Эдгээр болон бусад үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Д-н газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/289 дүгээр захирамжийн 309.9 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт ... үлдэх 613.81 га газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “гэрээнд заасан зориулалтын дагуу ... ашиглаагүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн алдаатай дүгнэлт хийсэн болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ