Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/526

 

 

 

 

 

 

 

 

  2022         04         07                                  2022/ШЦТ/526

                                     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч Д.С,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0955 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д.С, 1998 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд ************** даамал ажилтай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ********* тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, / РД: ********/,

Шүүгдэгч Д.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Молор” нэртэй зочид буудалд иргэн М.Птай маргалдаж, нүүрэн тус газар нь шилэн аяга шидэн, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Молор” гэх нэртэй зочид буудалд үл таних Д.С гэх залуу нүүр лүү аяга шидэж гэмтээсэн” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 50 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл /хх-ийн 1 дэх тал/

Хохирогч М.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би М, С нартай хамт “Молор” буудалд орсон. Бид 3 хамт пиво 2 литрийн савлагаатайг хувааж уусан. Өглөө Тэлмэн, Д.С хоёр хажуу өрөөнд орсон. Тэгээд өнөөдөр тавуулаа уг өрөөнд орж ирээд пиво ууж байгаад би найз Мг авч явъя гэх үед Д.С аяга бариад миний зүүн талын хацар луу аяга шидээд намайг гэмтээсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дахь тал/,

Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 09-ний шөнийн 01.00 цагийн үед найзууд болох С, М.П нартай баяр тэмдэглэх гээд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг клубт орж бүжиглэсэн. Тэгээд тэндээ үүрийн 04.00 цаг хүртэл байж байгаад тус клубт үл таних 2 залуутай танилцаад хамт “Молор” нэртэй зочид буудалд орцгоосон бөгөөд тэндээ пиво ууцгаасан. Тухайн үед 2 тусдаа өрөө авсан байсан бөгөөд нэг залуу нь нөгөө өрөөндөө ороод унтчихсан. Харин үлдсэн нэг өрөөнд нь С, М.П, Д.С гээд аяга шиддэг залуу бид дөрөв хамт ууж байсан. Тэгээд би хэсэг зуур унтсан ба гадаа гэгээ орчихсон байсан бөгөөд М.П, С 2 намайг явъя гэхээр нь гутлаа өмсөөд байж байтал С, М.П хоёр хоорондоо хэрэлдсэн бөгөөд дундуур нь Д.С гэх залуу Сг өмөөрч салгах гэж байгаад шилэн стакан аваад М.Пын нүүр хэсэгт нь шидсэн ба нүүрнээс нь цус гараад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №4022 дугаар шинжээчийн: “...Дүгнэлт

1. М.Пын биед тархи доргилт, дух, зүүн нүдний доод зовхи, зүүн чамархайд шарх, хүзүүнд зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх дух, зүүн нүдний доод зовхи, зүүн чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн, хүзүүний зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дахь тал/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 дахь тал/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Д.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Молор” нэртэй зочид буудалд иргэн М.Птай маргалдаж, нүүрэн тус газар нь шилэн аяга шидэн, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч М.Пын “...2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би М, С нартай хамт “Молор” буудалд орсон. Бид 3 хамт пиво 2 литрийн савлагаатайг хувааж уусан. Өглөө Тэлмэн, Д.С хоёр хажуу өрөөнд орсон. Тэгээд өнөөдөр тавуулаа уг өрөөнд орж ирээд пиво ууж байгаад би найз Мг авч явъя гэх үед Д.С аяга бариад миний зүүн талын хацар луу аяга шидээд намайг гэмтээсэн ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч М.П нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Д.Сд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, хохирол төлбөр барагдуулсан талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Сд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Д.С нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР