| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2022/0034/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/34 |
| Огноо | 2022-04-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/34
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч: Е.Б,
Насанд хүрээгүй хохирогч: Т.Т
Хууль ёсны төлөөлөгч: Б.Т,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овгийн Е-ийн Б-д холбогдох 2128003200025 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Е.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин руу чулуу шидсэн гэх шалтгаанаар насанд хүрээгүй буюу 15 нас 2 сартай Т-ийг нүүр толгой хэсэгт нь гараараа цохих хөлөөрөө өшиглөх зэргээр зодож цохин эрүүл мэндэд нь баруун ухархайн дотор хананд хугарал баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Е.Быг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Е.Б шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Насанд хүрээгүй хохирогч Т.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Найздаа цэнэглэгч өгчихөөд уулзаад зогсож байхад хойд зүгээс хүчтэй машин давхиж ирээд сигналдаад хажуугаар гарч яваад урд гудамж өнгөрөөд эргэж ирсэн. Таньдаг хүн надаар тоглож байгаа байх гэж би бодсон. Тэгсэн эргэж ирж зогсоод машинаас нэг ах бууж ирсэн тэгэхээр нь би хашааны хаалга руугаа зугтаахад намайг барьж аваад нүүр, дагж хэсэг рүү гараараа цохиж, доороос нүүр рүү хөлөөрөө цохисон. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.
Хууль ёсны төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Болсон явдлын талаар би мэдэхгүй. 2021 оны 11 дүгээр сарын 28-ны орой би жижүүртэй байсан. Маргааш өглөө ажил дээр манай нөхөр хүүхдээ дагуулаад ирсэн. Гэмтлийн эмчид үзүүлж зураг авхуулсан. Амнаас нь цус гараад байсан учлаас зураг авхуулсан. Зураг дээр баруун ухархайн доод хананд хугарал үүссэн байсан. 195.000 төгрөгийн эм тариа авсан. Түүнийг төлж барагдуулсан. Одоо толгой нь өвдөж байгаа өөр зовиур байхгүй.
Насанд хүрээгүй хохирогч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 11 сарын 28-ны өдрийн 21 цагийн үед Б.Төгсбуян гэдэг найздаа цэнэглэгч өгөөд уулзаад зогсож байхад танил ах, эгч хоёр гэр рүүгээ явах гээд зам гарч байх үед хойд зүгээс урагш чиглэлтэй замаар бид нарын хажуугаар гарахдаа сигналдаад над руу чиглэлтэй ирж байснаа хажуугаар гарч яваад эргэж ирээд хашааны буланд тулж зогсоод машинаас нэг ах бууж ирээд ахын дүү нар яагаад байна гэж хэлээд над руу ирэхээр нь би зугтаасан чинь хашааны үүдэн дээр намайг бариад миний нүүр, толгойн ар дагз хэсэгт цохиход нь би нүүрээ хамгаалаад тонгойсон чинь миний нүүр рүү өшиглөсөн. Тэгж байхад тэр Бы аав нь ирж таараад Быг салгаж авахаар нь би хашаанд ороод Оюунаа эгчийг дуудсан. Харин манай найз аавыг дуудсан. Тэгээд аав гарч ирээд чи яагаад зүгээр байгаа хүүхэд зодсон юм бэ гэхэд Б аав руу дайрахад нь аав бариад цааш нь түлхсэн. Тэгсэн чинь Бы аав нь Быг цааш нь авч явсан. Миний эмчилгээнд 195.000 төгрөг зарцуулсан. Тухайн эмчилгээний төлбөрийг Б гаргаж өгсөн байгаа. Тэрнээс хойш 80.000 төгрөгний эм авч хэрэглэсэн байгаа. Цаашид өөр гэмтэл бэртэл байгаа эсэхийг Улаанбаатар хот руу явж томограффикийн зураг авахуулах шаардлагатай гэж эмч хэлсэн. /хх-ийн 11 дэх тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 11 дүгээр сарын 28-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р баг Нисэх 5-20 тоот хашааныхаа гадна Б гэдэг залууд зодуулсаны улмаас баруун ухархайн доод хананд хугарал үүсч хүндэвтэр зэргийн гэмтэл үүссэн байсан. Надад хэрэгт хавсаргуулах баримт байхгүй. Өмнөх эмчилгээ хийлгэсэн эм тарианы зардалд 195.000 төгрөг өгсөн. Сүүлд гарсан зардал, томограффикийн зураг авахуулах зардал зэргийг нийтэд нь төлж барагдуулсан байгаа болохоор Е.Бтай хохиролын талаар ямар нэгэн гомдол санал байхгүй. /хх-ийн 13 дахь тал/
Гэрч Р.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 07-ны орой 19-20 цагийн хооронд байх / цагийг нь сайн санахгүй байна/ би гэртээ хоол хийж байхад манай хүүгийн найз нь гадаа ирчихлээ гээд хүү маань гарч явсан. Тэгээд удаагүй байхад хашааны гадна машин ирээд сигналдаад байхаар нь шагайгаад харахад машины гэрэл тусчихсан байхаар нь хашаанаасаа гарахад манай хүүгийн нүүр рүү нь согтуу хүн цохьчихсон гэхээр нь тэр хүн чинь хаана байна, хаашаа явсан гээд асуугаад зогсож байхад манай хүү Б гэдэг залуу эргээд ирэхээр нь чи яагаад манай хүүг цохиж байгаа юм бэ гэхэд Б нь чи хэн бэ, чи юу вэ гээд намайг өшиглөх гэхэд нь би зөрүүлээд тэврээд барьж зогссон. Тэгсэн чинь Бы аав нь ирээд цааш нь авч яваад машинд нь суулгаад авч явсан. Тэгэхээр нь би цагдаагийн газарт манай хүүхдийг зодчихоод явчихлаа гэж дуудлага өгсөн. Төгөлдөр Бы бие эрх чөлөөнд халдсан үгүйг би мэдэхгүй. Бы аав Ерөөлт хэлэхдээ намайг Быг тэврээд зогсож байхад Бы ар хэсэгт нь Т-ийг цохьсон гэж байсан. Гэхдээ шинжээч эмчийн дүгнэлтээр Бы биед гэмтэл учраагүй гэсэн дүгнэлт гарсан гэж байсан. /хх-ийн 18 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 648 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Т.Тийн биед баруун ухархайн доод хананд хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Т.Тийн биед учирсан гэмтлүүд нь еренхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Т.Тийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 26-27 дахь тал/
Яллагдагч Е.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 1999 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь Даланзадгад суманд аав Галсангийн Ербиш, ээж Дашзавын Нэргүй нарын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн. Дээрээ нэг эгчтэй, эхээс хоёулаа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 24-р цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 2006 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 1-р бүрэн дунд сургуульд 1-5-р анги хүртлээ суралцаад, 5-8-р анги хүртлээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Борын нэрэмжит бүрэн дунд сургуульд суралцаж, 9-р ангиа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р бүрэн дунд сургуульд суралцаж, 10-р ангиа Даланзадгад сумын 2-р бүрэн дунд сургуульд суралцаж, 11, 12-р ангиа Өмнөговь аймгийн Баяндалай суманд суралцан 2017 онд төгсөж Бүрэнд дунд боловсрол эзэмшсэн. 2017 онд Улаанбаатар хотод Үндэсний батлан хамгаалахын их сургуульд Ерөнхий цэргийн командлагчийн ангид суралцаж 1-р курс төгсөөд 2018 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амралтаараа оччихсон байхад эгчийн нөхөр согтуу ирээд агсам тавьж эгчийг зодсон байxaap нь би уурлаад эгчийнхээ нөхрийг гуя хэсэгт нь хутгалж гэмтээгээд өөрөө Цагдаагийн газар очиж хэргээ хүлээгээд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхээс 3,4 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жил 10 сарыг биеэр эдэлж, хугацаанаас өмнө суллагдаж 1, 6 сарын хугацаатай захиргааны хяналтанд байх хугацаанд Монголын хүний нөөцийн удирдлагын академид суралцаж 2020 оны 08 сараас суралцаж, Улаанбаатарын төмөр замын их сургуульд 2022 оны 01 сараас хойш суралцаж байгаа. Би 2021 оны 11 сарын 28-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хохирогч Т.Тийн бие эрх чөлөөнд халдаж хөнгөн гэмтэл учруулсан. 2021 оны 11 сарын 28-ны 17 цагийн үед гэрээсээ гараад Нисэх хороололд байрлах дэлгүүрээс 0,5 литрийн Соёрхол архи аваад дээрээс нь нэг удаагийн жижиг аягаар дундуур хийж байгаад 3 удаа уучихаад манараад ирэхээр нь найз охиноо дуудаад машин бариад явчих гэж хэлээд аавыг дуудсаны дараа өөрөө бариад явчихаж чадахаар юм шиг байхаар нь би өөрөө жолоодоод гэртээ харих замдаа гудамжны үзүүрээр өнгөрөхөд хашааны үзүүрт нь нэг охин 3 залуу зогсож байхаар нь хажуугаар нь өнгөрөөд гартал машин руу юм шидэж байгаа юм шиг так гэх чимээ гарахаар нь нөгөө залуучуудыг машин руу юм шидчихлээ гэж бодоод машинаа эргүүлээд нөгөө залуучууд руу гэрлээ тусгаж зогсоод машинаасаа буугаад очиход нөгөө гурван залуугийн нэг нь цаашаа зугтаахад би араас нь гүйгээд нөгөө залууг шилэн хүзүүнээс нь барьж байгаад нэг удаа цохиод доошоо тонгойход нь нүүр рүү нь өшиглөсөн. Тухайн үед аав намайг авахаар ирээд зууралдаж байхад аав ирээд намайг салгаж болиулаад намайг авч алхаад жаахан зайтай зогсож байхад Төгөлдөрийн аав, ээж нь гарч ирэхэд би миний буруу гэж уучлалт гуйхад Төгөлдөрийн аав намайг тэврээд Төгөлдөр гэх хүү нь намайг хоёр, гурван удаа цохьсон боловч миний биед ямар нэгэн гэмтэл шарх үүссэн зүйл байгаагүй. Тэгээд аавтай хамт гэрийнхээ гадна машиндаа сууж байхад цагдаа нар ирж намайг авч явж эрүүлжүүлсэн. Төгөлдөр бид хоёрын биед учирсан гэмтлийг тогтоолгоход миний биед үүссэн гэмтэл байхгүй, харин Төгөлдөрийн биед хөнгөн гэмтэл учирсан гээд хэрэг бүртгэлтэнд шилжүүлсэн. Анх эмчилгээний зардалд 195.000 төгрөг болсон гэхэд нь би тэр дор нь шилжүүлсэн. Тэрнээс хойш надад эм тариа тэд боллоо гэж надад хэлээгүй. Төгөлдөрийн ээж нь хүүхдээ Улаанбаатар хот руу авч явж тархины зураг авахуулна гэхэд нь хамт яваад үзүүлж харуулъя гэхэд Төгөлдөрийн ээж, аав хоёр нь Улаанбаатар хот руу авч явах зав, чөлөө гарахгүй байна гээд байхаар нь хүүхдийг нь авч явж үзүүлчихээд ирэх үү гэхэд хүүхдээ өгч явуулахгүй гээд байсан. Тэгэхээр нь хүүхдийнхээ тархины зургийг авахуулахад хэдэн төгрөг болохыг нь судлаад хэлээрэй гэж хэлсэн байгаа. Хэрвээ судлаад тэд болно гэвэл хохирлыг нь барагдуулна. /хх-ийн 58-59 дэх тал/
Яллагдагч Е.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 11 сарын 28-ны орой Т.Тийн бие эрх чөлөөнд халдсан хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан байгаа. Тухайн гаргасан үйлдэлдээ гэмшиж насанд хүрээгүй хохирогч Т.Тт хохирлыг барагдуулж гомдолгүй болгосон. Би 2022 оны 02 сарын 22-ны өдөр хохирогчийн эмчилгээний зардалд 700.000 төгрөгийг өгч хохирлыг нь бүрэн барагдуулж гомдолгүй болгосон болохоор дахин мэдүүлэг өгөхөөр болсон. Хохирлын мөнгийг шилжүүлсэн баримтыг хуулбарлан өгч хэрэгтээ хавсаргуулах болно. /хх-ийн 61 дэх тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 34 дэх тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 дэх тал/
Өмнөговь аймгийн Баяндалай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаартай тодорхойлолт /хх-ийн 65 дахь тал/
Хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-ийн 66 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дахь тал/
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 69-74 дэх тал/
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл /хх-ийн 76 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Е.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин руу чулуу шидсэн гэх шалтгаанаар насанд хүрээгүй буюу 15 нас 2 сартай Т-ийг нүүр толгой хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Насанд хүрээгүй хохирогч Т.Тийн мэдүүлэгт: ...машинаас нэг ах бууж ирээд ахын дүү нар яагаад байна гэж хэлээд над руу ирэхээр нь би зугтаасан чинь хашааны үүдэн дээр намайг бариад миний нүүр, толгойн ар дагз хэсэгт цохиход нь би нүүрээ хамгаалаад тонгойсон чинь миний нүүр рүү өшиглөсөн. /хх-ийн 11 дэх тал/ гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тгийн мэдүүлэгт: 2021 оны 11 дүгээр сарын 28-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р баг Нисэх 5-20 тоот хашааныхаа гадна Б гэдэг залууд зодуулсаны улмаас баруун ухархайн доод хананд хугарал үүсч хүндэвтэр зэргийн гэмтэл үүссэн байсан. /хх-ийн 13 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Р.Ганбаатарын мэдүүлэгт: ....Тэгээд удаагүй байхад хашааны гадна машин ирээд сигналдаад байхаар нь шагайгаад харахад машины гэрэл тусчихсан байхаар нь хашаанаасаа гарахад манай хүүгийн нүүр рүү нь согтуу хүн цохьчихсон гэхээр нь тэр хүн чинь хаана байна, хаашаа явсан гээд асуугаад зогсож байхад манай хүү Б гэдэг залуу эргээд ирэхээр нь чи яагаад манай хүүг цохиж байгаа юм бэ гэхэд Б нь чи хэн бэ, чи юу вэ гээд намайг өшиглөх гэхэд нь би зөрүүлээд тэврээд барьж зогссон. /хх-ийн 18 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Е.Бы гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Т.Тийн биед баруун ухархайн доод хананд хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 648 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Е.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин руу чулуу шидсэн гэх шалтгаанаар насанд хүрээгүй буюу 15 нас 2 сартай Т-ийг нүүр толгой хэсэгт нь гараараа цохих хөлөөрөө өшиглөх зэргээр зодож цохин эрүүл мэндэд нь баруун ухархайн дотор хананд хугарал баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Насанд хүрээгүй хохирогч Т.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт 895.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Е.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Е.Бы үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Е.Бы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Е.Бы хувийн байдал нь “Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 дэх тал/, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаартай тодорхойлолтод: Е.Б манай сургуулийг 2017 онд З.Аззаяа багштай 12а ангид суралцаж төгссөн нь үнэн болохыг тодорхойлов /хх-ийн 65 дахь тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “...Бүртгэлтэй” /хх-ийн 67 дахь тал/, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 69-74 дэх тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Е.Б нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Е.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Е.Б нь өөрийгөө өмгөөлж ...хэлэх зүйлгүй гэх тайлбарыг гаргав.
Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Е.Б нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Е.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт 895.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Е.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н овгийн Е-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Б нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Е.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт 895.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Е.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА