| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2022/0035/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/36 |
| Огноо | 2022-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/36
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: О.Батнасан,
Шүүгдэгч: Б.Б,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-ын Б-д холбогдох 2228000000049 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Б нь согтуугаар, 2022 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутаг Дугуй ширэг гэх газарт иргэн Х.Бтай гэрт нь маргаж, улмаар түүний эхнэр Н.Э-ийн толгойн тус газарт нэг удаа хөлөөрөө өшиглөж, нүүрэнд нь гараараа нэг удаа алгадах зэргээр хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь тархины доргилт, дээд болон доод уруулын салстын язрал, цус хуралт, зүүн хацар, эрүүн дэх цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Быг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай гэр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутаг Дугуй ширэг гэх газарт байдаг юм. 2022 оны 03 дугаар сарын 14-ний шөнийн 02 цагийн үед Б гэж зүс таних хүн Мөнхсоёл гэж хүнтэй хамт манай гэрт ирсэн. Тэгээд нөхөр бид 2 босоод хоол цай хийж өгөөд байж байгаад манай нөхөр Болдбаатар тэр 2 хүнд 1 шил 0.75 граммтай “Хараа” нэртэй архи гаргаж өгөөд хамт архи ууж байгаад Б гэж хүн нь манай нөхрийг өдөөд намайг цохиод авчих гээд байсан. Мөнхсоёл гэж хүн нь би жолоо барьж яваа гээд архи уухгүй байсан. Б гэж хүнийг битгий хэрүүл хийгээд бай гээд байсан. Тэр үед манай нөхөр унтах гээд түрүүлгээ хараад хэвтэж байсан чинь Б гэж хүн гараараа манай нөхрийн нуруу хавьд цохиод авсан чинь манай нөхөр босож ирэх гэхээр нь би очоод нөхрийн толгой хэсгээр тэврээд битгий согтуу хүнтэй зодоон хийгээрэй гээд дараад хэвтүүлээд байж байсан чинь Б гэж хүн босож ирээд хөлөөрөө миний эрүү рүү нэг удаа өшиглөж, миний амнаас цус гарсан. Тэгээд би орилоод байж байсан чинь Баа гэж хүн манай нөхрийн хөл, гар хэсэгт хөлөөрөө өшиглөөд байсан. Намайг сууж байхад Б гараараа миний зүүн талын хацар хэсэгт нэг цохиж авсан. Тэгээд байж байхад Мөнхсоёл гэж хүн босож ирээд Б гэж хүнийг салгаад авсан чинь архины шил бариад цохих гээд Б гэж хүн дайраад байсан. Тэгээд Мөнхсоёл гэж хүн Быг аваад явсан. Тэгээд миний эрүү толгой өвдөөд байхаар нь Даланзадгад ороод эмнэлэг, цагдаад хандсан юм. Б намайг зодож гэмтэл учруулсан эмчилгээний зардал болох 500.000 төгрөг төлж барагдуулсан байгаа. Би одоо шүд, тархи толгойгоо эмчлүүлж байгаа. Ирээдүйд эмчилгээ хийлгэх шаардлага гарвал, гарах зардал мөнгийг Баас хувиараа нэхэмжилнэ. Би урьд нь зүгээр байсан. 2022 оны 03 дугаар сарын 14-ний шөнө Б манай гэрт ирээд миний эрүү рүү хөлөөрөө өшиглөж, зүүн талын хацарт гараараа алгадаж уг гэмтлүүдийг үүсгэсэн юм. Надад одоо Баас нэхэмжлэх зүйл байхгүй. Надад одоо гомдол санал байхгүй. /хх-ийн 17, 21 дэх тал/
Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 03 дугаар сарын 13-ны орой Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутаг Өвөр Улаан толгой гэх газарт гэртээ малаа хотлуулаад байж байхад Б гэж манай найз мотоцикльтой ирсэн. Манай найз Нэргүй гэж хүн нүүж явна ачаа янзлалцаад өгөөч гэхээр нь Бтай хамт мотоцикльтой яваад Нэргүй гэж найзынхаа ачаа барааг засаж өгсөн чинь 1 шил 0.5 грамм “Хараа” нэртэй архи гаргаж өгснийг Нэргүй, Б 2 хувааж уусан. Би архи уугаагүй. Тэгээд Б бид 2 буцаад явж байгаад Болбаатар гэх айлд шөнө орой болсон хойно гэрт нь очсон. Болдбаатар, эхнэр Э-ийн хамт гэртээ байж байсан. Бид хоёрыг ирэхээр босоод хоол цай хийж өгөөд нэг 0.75 грамм “Хараа” нэртэй архи гаргаж өгсөн. Тэр архийг ууж байхад би гэрийн баруун талаар унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь Энхчимэг орилоод болиоч ээ гээд байхаар нь сэрээд харсан чинь гэрийн хойд талд Энхчимэг нөхөр Болбаатарын толгой хэсэг нь дараад суусан, нөхөр Болдбаатар нь хойшоо хараад хэвтсэн байдалтай байсан. Б, Болдбаатарын баруун талд нь сууж байсан. Би босож ирээд юу болоод байгаа юм бэ гэсэн Б, Болдбаатар эхнэртээ агсан тавиад байна гэхээр нь би Быг татаад өөрийнхөө хажуу талд суулгаад би босоод Болдбаатарын хажуу талд нь очоод суусан чинь Болдбаатар босоод ирсэн. Эхнэр Энхчимэг нь босоод галаа түлсэн. Би Болдбаатараас юу болоод байгаа юм бэ гэсэн чинь надад нэг их юм хэлээгүй. Эхнэр Энхчимэг нь хар маск зүүсэн байсан. Б чи намайг ингээд цохьчихлоо гээд эрүүгээ үзүүлсэн чинь эрүүний хэсэгт нь хөх болсон байсан. /хх-ийн 27 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 158 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.Э-ийн биед тархины доргилт, дээд болон доод уруулын салстын язрал, цус хуралт, зүүн хацар, эрүүн дэх цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 37-38 дахь тал/
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 03 дугаар сарын 14-ний шөнө 02 цагийн үед Мөнхсоёлтой хамт манай нутгийн Болдбаатарынх гэж айлд очсон чинь Болдбаатар эхнэр Э-ийн хамт байж байсан. Тэгээд Болдбаатар, Энхчимэг нар босож ирээд цай чанаад бууз жигнэж өгөөд нэг шил 0.75 грамм “Хараа” нэртэй архи гаргаж өгснийг Болдбаатар бид 2 хувааж уугаад байж байгаад Болдбаатар бид 2 маргалдаж эхэлсэн чинь Энхчимэг Болдбаатарыг битгий согтуу хүнтэй хэрүүл хийгээд бай гээд дараад хэвтүүлсэн юм. Би босож очоод Э-ийн эрүүний хэсэгт нь нэг удаа өшиглөж авсан чинь Энхчимэг болиоч яаж байгаа юм гэсэн Э-ийн амнаас нь цус гарсан байсан. Тэгж байж байгаад би Э-ийн зүүн талын хацар дээр нь нэг удаа алгадаж авсан. Тэгээд байж байхад Мөнхсоёл босож ирээд намайг салгаж аваад Мөнхсоёл бид 2 гэр рүүгээ явсан/хх-ийн 51 дэх тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-р хуудас/
Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 59-61 дэх тал/
Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 05 сарын 14-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-66 дахь тал/
9720344 дугаартай суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 76 дахь тал/
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 77 дахь тал/
Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн засаг даргын 2022 оны 03 сарын 24-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 78 дахь тал/
Малын А дансны хуулга /хх-ийн 79 дэх тал/
Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 63-69-р хуудас/
Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 58-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Иргэн Х.Б, шүүгдэгч Б.Б нар нь 2022 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутаг Дугуй ширэг гэх газарт Х.Бын гэрт маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Улмаар шүүгдэгч Б.Б нь Х.Бын эхнэр буюу Н.Э-ийн толгойн тус газарт нэг удаа хөлөөрөө өшиглөж, нүүрэнд нь гараараа нэг удаа алгадаж зодсон үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Э-ийн: ...Б гэж хүнийг битгий хэрүүл хийгээд бай гээд байсан. Тэр үед манай нөхөр унтах гээд түрүүлгээ хараад хэвтэж байсан чинь Б гэж хүн гараараа манай нөхрийн нуруу хавьд цохиод авсан чинь манай нөхөр босож ирэх гэхээр нь би очоод нөхрийн толгой хэсгээр тэврээд битгий согтуу хүнтэй зодоон хийгээрэй гээд дараад хэвтүүлээд байж байсан чинь Б гэж хүн босож ирээд хөлөөрөө миний эрүү рүү нэг удаа өшиглөж, миний амнаас цус гарсан. /хх-ийн 17, 21 дэх тал/
Гэрч Г.Мын: ...Би Болдбаатараас юу болоод байгаа юм бэ гэсэн чинь надад нэг их юм хэлээгүй. Эхнэр Энхчимэг нь хар маск зүүсэн байсан. Б чи намайг ингээд цохьчихлоо гээд эрүүгээ үзүүлсэн чинь эрүүний хэсэгт нь хөх болсон байсан. /хх-ийн 27 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Э-ийн эрүүл мэндэд тархины доргилт, дээд болон доод уруулын салстын язрал, цус хуралт, зүүн хацар, эрүүн дэх цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 158 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь согтуугаар, 2022 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутаг Дугуй ширэг гэх газарт иргэн Х.Бтай гэрт нь маргаж, улмаар түүний эхнэр Н.Э-ийн толгойн тус газарт нэг удаа хөлөөрөө өшиглөж, нүүрэнд нь гараараа нэг удаа алгадах зэргээр хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь тархины доргилт, дээд болон доод уруулын салстын язрал, цус хуралт, зүүн хацар, эрүүн дэх цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хохирогч Н.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ... Надад одоо Баас нэхэмжлэх зүйл байхгүй. Надад одоо гомдол санал байхгүй. /хх-ийн 17, 21 дэх тал/ гэснээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Бын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэлтэй...” /хх-ийн 62 дахь тал/, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64 дэх тал/, 9720344 дугаартай суурь боловсролын гэрчилгээний хуулбарт: 1997 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрийг үндэслэн суурь боловсролын гэрчилгээ олгов. /хх-ийн 76 дахь тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 77 дахь тал/, Баяндалай сумын Баян багийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолтод: ...Б.Б нь хөдөө өндөр настай ээж Б.Жүрийн хамт мал маллан амьдардаг. Б.Б нь баг хамт олны ажилд санал санаачилга гарган идэвхтэй оролцдог болно. /хх-ийн 78 дахь тал/, Малын А дансны хуулбар зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэх үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Б.Б нь өөрийгөө өмгөөлж ...гэм буруугаа хүлээж байна гэх тайлбарыг гаргав.
Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргйг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 650.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Эт 500.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бад авсан хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б-ын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 650.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Эт 500.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бад авсан хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА