Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/129

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0115/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Э.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-эд холбогдох эрүүгийн 2218000000123 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Э.Б 1995 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, ам бүл 5, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг дотор Б.Б-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, цээж болон хуйхны зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Э.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.

...Хохирол төлбөрт 200000 төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1/,

 

-Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн орчимд яаралтай түргэн тусламжаар толгойндоо шархтай, согтолтын өндөр зэрэгтэй эрэгтэй хүн хүргэгдэж ирсэн. Ингээд тухайн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж өвчин намдаах тариа хийж, толгойн оройд үүссэн шарханд 4 оёдол тавьж, цусыг нь тогтоож боолт хийгээд ажиглан тусгаарлах байр руу тэргэнцэр дээр суулгаад би өөрөө түрж оруулаад орон дээр хэвтүүлэх гээд өргөхөд тухайн эрэгтэй хүн босож ирээд миний зүүн шанаа руу гараараа цохиход би газар унасан. Тэгэхэд миний дээрээс толгой болон цээж рүү хэд хэдэн удаа өшиглөж дэвссэн. Тухайн үед өрөөнд байсан хүмүүс салгасан. Тэгээд би цагдаагийн газар руу дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд тухайн эрэгтэй хүнийг аваад явсан. Би тухайн үедээ Гэмтлийн эмч Нямбаатарт үзүүлж яаралтай тусламжийн хуудас бичүүлж авахад тархи доргисон байна гэж онош тавьсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8/,

 

-Гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн орчимд Дархан сумын 06 дугаар баг, Ханжаргалан 10 дугаар гудамжны 116 тоот гэрээсээ дотор муухайраад, толгой эргээд байхаар нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт очиж эмнэлгийн анхан шатны тусламж аваад ажиглан тусгаарлах байранд шингэн хийлгээд хэвтэж байсан. Тэгэхэд 19 цагийн орчимд эрэгтэй сувилагч, согтуу байдалтай залууг тэргэнцэр дээр суулгаад түрчихсэн өрөөнд орж ирээд миний хажуугийн орон дээр хэвтүүлэх гэж байхад нөгөө залуу нь орон дээр хэвтэхгүй гэж эсэргүүцэж байснаа нөгөө сувилагчийн нүүр рүү цохиж унагаачхаад дээрээс нь өшиглөөд байсан. Тухайн үед бас нэг эмэгтэй сувилагч байсан. Тэгээд тэр хоёрыг салгаад байж байтал эмч нар нь орж гараад яваад байсан. Удалгүй цагдаа нар ирээд нөгөө согтуу залууг аваад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10/,

 

-Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн орчимд түргэн тусламжаар Э.Б гэх толгойн орой хэсэгт шархтай, цус гарсан, согтолтын хүнд зэрэгтэй өвчтөн ирсэн. Тэгээд би хүлээн авахын сувилагч Б.Б-той хамт хүлээн авахын мэс ажилбарын өрөөнд тухайн өвчтөний толгойд 4 оёдол тавьсан. Энэ үед тухайн өвчтөн бөөлжиж, оёдол тавиулахгүй гэж эсэргүүцэж байсан. Ингээд тухайн хүнд оёдол тавьж дуусаад ажиглан тусгаарлах өрөө рүү тэргэнцэр дээр суулгаад Бямбацогт бид хоёр авч ороод орон дээр хэвтүүлэх гэж байхад хэвтэхгүй босож ирээд Бямбацогтын зүүн шанаа хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиход Бямбацогт газар унасан. Тэгэхэд нь уг Э.Б Бямбацогт ахын дээрээс толгой болон цээж рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгэхэд тэнд байсан хүн салгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12/,

 

-“...Б.Б-ын биед тархи доргилт, цээж болон хуйхны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Б-ын биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Б-ын биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 243 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17/,

 

-Б.Б-од яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хавтаст хэргийн 18-19/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 32/,

-Б.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 35/,

 

-Хохирогч Б.Б-оос гаргасан “... Э.Б-ээс эмчилгээний зардалд 200000 төгрөгийг авсан. Цаашид гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 50/,

 

-Шүүгдэгч Э.Б-ээс гаргасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 51/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлэг дотор Б.Б-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, цээж болон хуйхны зөөлөн эдийн гэмтэл” бүхий гэмтэл санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 243 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 16-17/ нотлогдож байна.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Э.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 32/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах эрхтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэлээ.

 

3.Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

-Хохирогч Б.Б-оос гаргасан “...Э.Б-ээс эмчилгээний зардалд 200000 төгрөгийг авсан. Цаашид гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 50/ хавтаст хэрэгт авагдсан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Э.Б-ээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Э.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.Б-эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Я.ТУУЛ