Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/131

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0101/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Ж.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-т холбогдох эрүүгийн 2218000000090 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ж.Б- /, 1973 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.

.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Б нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах “Хараа” зочид буудлаас Н.О-гийн “I Phone-8 plus” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 27-ны оройн 22 цагийн орчимд Улаанбаатар хотоос ирээд “Хараа” нэртэй зочид буудлын ресторан руу нь хуучин хорооллын зүс таних дүүтэй хамт орсон юм, нэрийг нь мэдэхгүй байна. Уг ресторан руу ороод 100 грамм архи ууя гэж бодож байсан юм. Тэгсэн чинь архиных нь үнэ үнэтэй байсан учраас буцаад гарах гэж байтал ширээн дээр нэг гар утас байхаар нь аваад гараад явчихсан юм.

...Гар утсыг буцааж өгсөн, дэлгэцийнх нь төлбөрийг барагдуулсан.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Н.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би утасны дэлгэцээ өөрөө 150,000 төгрөгөөр янзлуулсан. Тиймээс 150,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж авмаар байна. Шүүгдэгчийн ээж нь манай захирал руу ороод чамайг хараана энэ тэр гэж хэлсэн гэсэн, би айдастай байгаа.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01/,

 

-Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...01 дүгээр сарын 27-ны өдөр манайд ажиллаж байсан Оюунтуяа орой 22 цагийн үед миний утас руу залгаад “би ажил дээр байж байгаад гар утсаа хулгайд алдчихлаа, камер шүүх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь ажлынхаа буюу рестораны хяналтын камерыг шүүж үзэхэд хяналтын камерын цагаар 21 цаг 25 минутанд Ж.Б- нэг намхан залуутай хамт ресторанд орж ирээд хөргөгчний урд талын ширээн дээр тавьсан байсан Оюунтуяагийн гар утсыг аваад өмсөж явсан куртикнийхээ баруун талынхаа халаасанд хийж байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан. Тэгээд ресторанаас шууд дэлгүүр рүү дамжиж ордог хэсгээр орж байсан ба Ж.Б- мөн үү биш үү гэдгийг дэлгүүрийн хяналтын камерыг дахин шүүж шалгахад Ж.Б- нь цэнхэр өнгийн куртик, дотуураа саарал өнгийн юүдэнтэй цамцтай буудлаас дэлгүүр ордог хэсгийг харуулсан хяналтын камерт бичигдсэн байсан ба рестораны ширээн дээр гар утас авч байгаа хүн Ж.Б- мөн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10/,

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13/,

-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн тухайн үеийн үнэ цэнийг 2022 оны 01 дүгээр сарын байдлаар 600000 төгрөг байна.” гэх  “Капитал зууч” ХХК-ын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 24-25/, 

-Н.О-д алдагдсан “I Phone-8 plus” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 47/,

-Ж.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 59/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 65/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ж.Б нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах “Хараа” зочид буудлаас Н.О-гийн “I Phone-8 plus” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Б-ын бусдын эзэмшлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд түүний үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш буюу 600000 төгрөгийн хохирол учирсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Ж.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатай хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй байна.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ж.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 65/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

3.Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Хохирогч Н.О нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би утасны дэлгэцээ өөрөө 150,000 төгрөгөөр янзлуулсан. Тиймээс 150,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг өгч байх бөгөөд шүүгдэгч Ж.Б нь хохирол төлбөр төлөхтэй холбоотой завсарлага авсан хугацаанд төлж барагдуулсан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, шүүгдэгч Ж.Б-т хорих ял шийтгэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялын хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул хүсэлтийг нь хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч   Ж.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 600000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч   Ж.Б-т 6 сарын /зургаан сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ж.Б-ын эдлэх ялын хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ