Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ягнайжавын Туул |
Хэргийн индекс | 166/2022/0102/Э |
Дугаар | 2022/ШЦТ/136 |
Огноо | 2022-04-07 |
Зүйл хэсэг | 11.4.2.1., |
Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0102/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д-д холбогдох эрүүгийн 2218000000091 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Д-д 1985 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эх Д.У-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “зүүн гарын шууны битүү хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Г.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Таксины мөнгө гуйсан чинь мөнгө байхгүй гээд, тэгвэл унт гэхээр унтахгүй байхаар нь гурилын ганжингаар далайсан чинь ээж хаах шиг болсон, тэгээд гар нь хугарсан байна лээ.
... Хэлэх үг байхгүй. Би архи дарс уухгүй, дахин ийм асуудал гаргахгүй, ээжийгээ цохисон нь миний буруу, би өөрөө өөртөө маш их гэмшиж байна. Эхийгээ өргөж явах ёстой байтал цохисон байгаадаа гэмшиж байна.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Д.У-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эхлээд таксины мөнгө гэж нэхээд, дараа нь архины мөнгө нэхээд байсан. Би зээл төлдөг, мөнгөгүй гэж хэлэхэд гурилын ганжингаар далайхаар нь гараараа хаатал миний гар хугарсан. 10 хоног гэмтэлд хэвтэж эмчлүүлсэн.
...Хэлэх үг байхгүй, санал гомдол байхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү, энэ хүн ухаарах байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2/,
-1 ширхэг гурилын модыг хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 3-4/,
-Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гурилын модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7/,
-Гэрч Л.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг Россия нийтийн байрны 206 тоот гэртээ ганцаараа байж байхад манай охин Д.У нь гаднаас манай гэрт ирсэн бөгөөд би юу болсон талаар тодруулахад “намайг Г.Д гурилын модоор цохиод миний зүүн гарын шуу хэсэг гэмтчихлээ” гэж хэлсэн юм. Ингээд Д.У нь манайд цай унд уугаад жаахан тайвширч байгаад 2022 оны 01 дүгээр сарын 18-ны үүрээр 03 цагийн орчимд манайхаас гараад гэр лүүгээ явсан. Ингээд би 2022 оны 01 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн орчимд гэртээ байхад гаднаас Д.У нь “намайг Г.Д- зодчихлоо” гэж хэлээд ороод ирсэн бөгөөд Д.У нь манай гэрт унтаж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө 07 цагийн орчимд гэрээс гараад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/,
-“...Д.У-ийн биед зүүн гарын шууны битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Д.У-ийн биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Д.У-ийн биед илэрсэн гэмтэл нь тухайн хэрэг учрал болох цаг хугацаанд буюу 2022.01.17-18-нд шилжих шөнө бусдад зодуулснаас үүссэн байх боломжтой байна. Д.У-ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 159 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25/,
-Д.У-ид яаралтай тусламж үзүүлсэн тухай эмнэлгийн хуудас /хавтаст хэргийн 26-27/,
-Г.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50/,
-Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлийн хуулбар /хавтаст хэргийн 66/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Г.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 5-25 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эх Д.У-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “зүүн гарын шууны битүү хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заасан бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд; тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүүг энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Г.Д-, хохирогч Д.У нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Г.Д-ийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Д-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 8 сарын хорих ял оногдуулах, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа: “шүүгдэгч Г.Д гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тухайн хэрэг гарах өдөр хохирогч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж мэдүүлж байна. Энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэхээр байна. Мөн хохирол төлбөр, гомдол саналгүй байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч нь ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй байна.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Д нь бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хохирогч Д.У-ийн “...Хэлэх үг байхгүй, санал гомдол байхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлт, Г.Д-ийн ажил хөдөлмөрт хамрагддаггүй /хавтаст хэргийн 46/, ямар нэг халамжийн үйлчилгээнд хамрагддаггүй /хавтаст хэргийн 48/ зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн хувийн байдал болон гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
3.Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:
Хохирогч Д.У нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Хэлэх үг байхгүй, санал гомдол байхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 59.5 см урттай, 2.8 см диаметртэй 1 ширхэг гурилын модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Г.Д-ид хорих ял шийтгэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялын хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Д-ийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ид 6 сарын /зургаан сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ид оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 59.5 см урттай, 2.8 см диаметртэй 1 ширхэг гурилын модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г.Д-ийн эдлэх ялын хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Д-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ