Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/90

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

Улсын яллагч Б.Төрболд,

Хохирогч Д.Батжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярцогт,

Шүүгдэгч Д.Ням-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ням-Очирт холбогдох 2123001190055 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймаг Улиастай суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Идэр сумын Загастай багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Хар чулуут овогт Даринчулууны Ням-очир, регистрийн дугаар ИЭ85033119.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ням-Очир нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн нутаг “Оргиу” гэх газар МТЗ-50 маркийн тракторыг жолоодон уул өгсөж явахдаа хүч алдаж ухарсны улмаас тракторын чирэгч хэсэг дээр зогсож явсан иргэн Д.Баатарсүрэн, Д.Жаргалсайхан нар дайрагдаж улмаар Д.Баатарсүрэнгийн амь насыг болгоомжгүй хохироосон, Д.Жаргалсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүгдэгчийн холбогдсон уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.  

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Ням-Очир нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн нутаг “Оргиу” гэх газар МТЗ-50 маркийн тракторыг жолоодон уул өгсөж явахдаа хүч алдаж ухарсны улмаас тракторын чирэгч хэсэг дээр зогсож явсан иргэн Д.Баатарсүрэн, Д.Жаргалсайхан нар дайрагдаж улмаар Д.Баатарсүрэнгийн амь насыг болгоомжгүй хохироосон, Д.Жаргалсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 11-18-р хуудас/

- Цогцост үзлэг болон задлан шинжилгээ хийсэн тэмдэглэлүүд /хх-ийн 21-23-р хуудас/,

- Хохирогч Д.Батжаргалын “...Тухайн үед өглөө 10 цагийн үед манай нөхөр Баатарсүрэн болон Ням-Очир, Жаргалсайхан, Алтантүлхүүр нар мод бэлтгэнэ гээд Идэр сумын “Оргиу” гэх газар руу явсан. Тэгээд ойролцоогоор 12 цагийн үед манай дүү Ням-Очир уйлаад ороод ирсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад трактор нь тоормосгүй болоод зогсоож чадаагүй. Тэгээд Жаргалсайхан, Алтантүлхүүр, Баатарсүрэн нарыг трактор доогуур орсон гэж хэлсэн. Тэгээд гараад бид нар машин дотроос хамт өргөж оруулж ирсэн. Баатарсүрэнг гэрт оруулж ирэх үед ухаангүй байдалтай байсан. Харин Жаргалсайханы хөл нь хугарчихсан гэж байсан. Алтантүлхүүр бол зүгээр байсан. Тэгээд би түргэн дуудсан. Түргэний машин ойролцоогоор 15 цаг орчмын үед ирсэн. Тэгээд ирээд үзчихээд нас барсан талаар хэлсэн. Тухайн үед манай нөхөр Баатарсүрэнгийн нүүрний зүүн нүдний доор шалбарсан байсан. Харин Жаргалсайханы хөл хугарчихсан гэж байсан. Алтантүлхүүр бага зэрэг доголж байсан. 

Тухайн үед амь хохирогч Д.Баатарсүрэн болон Ням-Очир, Алтантүлхүүр, Жаргалсайхан нарын хамт Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн нутаг Ар нумтын Оргиу гэх газар луу мод бэлтгэхээр явсан боловч очих явцдаа осолд орсон.

...Манайх одоо Д.Ням-Очирынхтой айл байгаа. Д.Ням-Очир нь өөрийн болон манай гэр бүлийн амьдралыг ганц авч явж байгаа хүн юм. Надад Д.Ням-Очироос нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Аль болох хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 33-40-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Хохирогч Д.Жаргалсайханы “...2021 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө талийгаач Баатарсүрэн намайг хамт яваад жаахан мод бэлдээд өг гэхээр нь би зөвшөөрөөд Д.Ням-Очир трактор бариад Д.Алтантүлхүүр, Баатарсүрэн бид гурав тракторын хойд хэсэг дээр нь зогсоод уул өөд өгссөн. Тэгээд өгсөж явж байтал трактор гэнэт хүч алдаад хойш ухрахад нэг мэдсэн чинь Д.Алтантүлхүүр, Баатарсүрэн бид гурав тракторын доогуур орчихсон байсан. Тэгээд Ням-Очир, Алтантүлхүүр хоёр намайг тракторын доороос гаргасан. Тухайн үед миний хөл хугарсан байсан. Тэгээд би сууж байтал Ням-Очир, Алтантүлхүүр нар талийгаач Баатарсүрэнг тракторын доороос гаргаж ирсэн. Талийгаачийг харахад ил харагдах цус гарсан, гэмтсэн зүйл байгаагүй. Нүүр хэсэг нь бага зэрэг шороо болсон байсан. Тэгээд Ням-Очир машинаа очиж авч ирээд бид нарыг суулгаад бид нарын байрлаж байсан гэрт очсон. Тэндээ очоод Идэр сумын түргэн дуудсан. Түргэн ирээд надад өвчин намдаах тариа, дусал, цус тогтоох тариа хийсэн. ...Одоогийн байдлаар гэртээ эмчилгээ хийлгэж байна. Ямар нэгэн зовиур шаналгаа гайгүй байна. Надад гаргах санал, гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-44-р хуудас/, 

- Гэрч Б.Алтантүлхүүрийн “...Тухайн өдөр өглөө ойролцоогоор 10 цагийн үед Ням-Очир, Баатарсүрэн, Жаргалсайхан нарын хамт бид дөрөв мод бэлтгэхээр Идэр сумын “Ар нугат Оргиу” гэх газар руу явсан. Тэнд ууланд өгсөж яваад Трактор хүч алдаад, ухарсан тэр үед Жаргалсайхан, Баатарсүрэн бид гурав тракторын ар талын төмөр тавцан дээр зогсож байгаад тракторыг ухрах үед тракторт дарагдчихсан. Тэгээд би тракторын зүүн хойд тэнхлэг доор дарагдчихаад гарсан. Тэгээд Ням-Очир ах бид хоёр Жаргалсайхан, Баатарсүрэн нарыг гаргах гэж газрыг жоохон ухаж байгаад гаргаж авсан. Тэгээд Ням-Очир ах уулын бэл рүү очиж Ланд-80 маркийн машинаа авчраад бид нар гэр рүү явсан. Тухайн үед Баатарсүрэн ах “ахынх нь цээж эвгүй оргиод байна” гэж хэлсэн. ...Тухайн үед Ням-Очир трактор хүч алдахаар нь араагаа хүндрүүлж тоормос гишгэсэн, кардан татах зэрэг арга хэмжээ авсан. Би тухайн үед тракторын хойд талын цонх онгорхой байсан болохоор харж байсан. Тэгээд трактор донслох үед бид 3 уначихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47, 61-62-р хуудас/,

- Гэрч П.Сэржмядагийн “...Өглөө 10 цагийн орчим Баатарсүрэн, Жаргалсайхан, Алтантүлхүүр, Ням-Очир нар мод бэлтгэхээр “Ар нумт Оргиу” гэх газар луу явсан. Тэгээд 11 цаг өнгөрч байх үед Баатарсүрэн ухаангүй, Жаргалсайхан доголчихсон, Алтантүлхүүр бас доголчихсон ирцгээсэн. Тэгээд юу болсон талаар асуухад Ням-Очир надад трактор болохоо байсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50-р хуудас/,

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 723 дугаартай “...Д.Жаргалсайханы биед баруун шилбэний шаант ясны доод 1/3 хэсгээр далд ташуу, бутарсан хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 91-92-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.Базардаргиагийн гаргасан 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаартай “...Амь хохирогч Д.Баатарсүрэнгийн цогцост суурь ясны хугарал, хатуу хальсан доорх болон зөөлөн бүрхүүлийн цус харвалт, зүүн нүдний доод зовхины доод хэсэгт шарх, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амь хохирогчийг нас барахаас өмнө үүссэн гэмтлүүд. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Амь хохирогч Д.Баасансүрэнгийн биед шууд үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Д.Баатарсүрэн нь суурь ясны хугарал, хатуу хальсан доорх болон зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт /хх-ийн 97-101-р хуудас/,

- “Хатан бээл” авто сургуулийн Замын хөдөлгөөний дүрмийн багш Д.Энхцэцэгийн гаргасан “...Дээрх осол нь Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дүрмийн 3.1.6-д зааснаар “Зам тээврийн осол” гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ. Зам тээврийн осол гэж үзэхээр  байгаа боловч тухайн осол гарсан газар, ослын үйл явцаас харахад зам тээврийн осол гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иргэн Д.Ням-Очирын жолоодож явсан МТЗ маркийн трактор нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.1-д зааснаар “Тээврийн хэрэгсэл” гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг хэлнэ. Тээврийн хэрэгсэлд хамаарна гэж үзэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.4-д зааснаар /Зам гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан, зурвас газрыг хэлнэ. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас нь замд хамаарна./ Тухайн осол болсон газар нь өмнө тээврийн хэрэгсэл явсан гэж үзэхэд хангалтгүй байна. Иймд зам гэж үзэхэд эргэлзээтэй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.5-д зааснаар /Замын хөдөлгөөн гэж нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих  үйл ажиллагааг хэлнэ./ иргэн Д.Ням-очир нь МТЗ маркийн трактор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэхгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 152-153-р хуудас/,

- Яллагдагч Д.Ням-Очирын “...Тухайн үед Б.Баатарсүрэн, Д.Жаргалсайхан, Д.Алтантүлхүүр нарын хамт мод бэлтгэхээр явсан. Өгсөж байх үед трактор хүч алдаж ухарсан, түүний улмаас тухайн осол гарсан. Би тухайн үед кардааныг татсан. Тэгээд араанд нь хийж зогсоосон. Тухайн үед тормос гишгэсэн боловч савтай бензин доогуур нь орчихсон байсан. Би жолоо барьчихсан харин Баатарсүрэн, Жаргалсайхан, Алтантүлхүүр нар тракторын хойд талын чирэх хэсэг дээр зогсож байсан. Намайг тухайн үед буугаад ирэх үед Жаргалсайхан, Алтантүлхүүр, Баатарсүрэн нар тракторын чирэх хэсэг доор дарагдсан байдалтай байсан. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 128-130-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ням-Очирт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шинжлэн судалсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу хангалттай тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч, гэрчийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй тул уг нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна.

Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Ням-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан. 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой буюу тээврийн хэрэгслийн хүн тээвэрлэхээс бусад зориулалтын бус хэсэгт хүн суулгах, тээвэрлэх нь тухайн хүн гэмтэж бэртэх, амь насаа алдах аюултай нөхцөл байдал гэдгийг мэдсээр байж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирч нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байна.    

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.4-д зааснаар “Зам гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан, зурвас газрыг хэлнэ. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас нь замд хамаарна.” гэж,

Мөн хуулийн 3.1.5-д зааснаар “Замын хөдөлгөөн гэж нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих  үйл ажиллагааг хэлнэ.” гэж тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Ням-Очирын МТЗ маркийн трактор жолоодож явсан газар нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дээрх заалтад хамаарахгүй байх тул түүнийг замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэхгүй гэсэн “Хатан бээл” авто сургуулийн Замын хөдөлгөөний дүрмийн багш Д.Энхцэцэгийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Ням-Очирын уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь нас болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.  

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргаж, бүх нийтээр дагаж мөрдөхөөр журамласан захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч Д.Ням-Очир Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9 дүгээр зүйлийн в-д “трактор болон өөрөө явдаг машин, механизмд хүн тээвэрлэхийг хориглоно” гэснийг зөрчиж өөрийн жолоодож явсан МТЗ маркийн тракторын чирэгч хэсэг дээр хүн зогсоож тээвэрлэсний улмаас Д.Жаргалсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

Хэдийгээр шүүгдэгч Д.Ням-Очирын дээрх үйлдлийг зам тээврийн осол гэж үзэх боломжгүй хэдий ч шүүгдэгч нь МТЗ маркийн тракторыг жолоодож явж байгаа хүний хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчихгүй байх үүрэг хүлээсэн этгээд байна.

Иймд түүний хохирогч Д.Жаргалсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Ням-Очирыг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Ням-Очир болон түүний өмгөөлөгч Б.Баярцогт нар гэм буруугийн талаар шүүх хуралдаанд маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон хор уршиг арилахгүй боловч шүүгдэгч Д.Ням-Очир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Д.Батжаргалын төрсөн дүү нь бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Д.Батжаргал нь “Манайх одоо Д.Ням-Очирынхтой айл байгаа. Д.Ням-Очир нь өөрийн болон манай гэр бүлийн амьдралыг авч явж байгаа ганц хүн юм. Надад Д.Ням-Очироос нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Аль болох хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж,

Хохирогч Д.Жаргалсайхан нь мөрдөн байцаалтад “...Надад гаргах санал, гомдол байхгүй.” гэж байх тул шүүгдэгч Д.Ням-Очирыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч Б.Төрболд шүүгдэгч Д.Ням-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Баярцогт шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 500,000 төгрөгөөр торгож өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Ням-Очирыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Д.Ням-Очир анх удаа гэмт хэрэг үйдлсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. /хх-ийн 134-р хуудас/ 

Шүүгдэгч Д.Ням-Очирт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан... бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж тус тус заасан байна.

Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Д.Ням-Очирын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Шүүх шүүгдэгч Д.Ням-Очирын болгоомжгүйгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батжаргал, хохирогч Д.Жаргалсайхан нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсгийг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Ням-Очирт Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Ням-Очир нь тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг тайлбарлах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Д.Ням-Очирт хорих ял оногдуулахгүйгээр  тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Ням-Очир нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь заасныг тус тус удирдлага болгон                                              

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Хар чулуут овогт Даринчулууны Ням-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь нас болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг , 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч Д.Ням-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ням-Очирт Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ням-Очирт Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

5. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ням-Очир нь тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтайг тайлбарласугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Д.Ням-Очирт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ням-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

9. Шүүгдэгч Д.Ням-Очир нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Ням-Очирт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ДОРЖБАЛ