| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/01302/И |
| Дугаар | 1248 |
| Огноо | 2017-04-12 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 1248
| 2017 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 101/ШШ2017/01248 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эрдэнэтолгой 31-827 тоотод оршин суух Чулуунбаатарын Энх-Амгалангийн /ИБ84060405/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 7а-50 тоотод оршин суух Дүгэржавын Болдбаатарт /ДЭ67050512/ холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Энх-Амгалан, хариуцагч Д.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Энх-Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүү маань 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн. Хүү маань хариуцагч Д.Болдбаатарын хүүхэд гэдэг нь үнэн. Тийм учраас хуулиар олгогдсон эрхээ эдлэх ёстой гэж үзэж байна. Бид 2011 онд танилцсан. 2014 он хүртэл уулздаг байсан. Хамт амьдарч байгаагүй. Манай нөхөр Баатархүү нь хүүхэдтэй болох боломжгүй, гэхдээ өөрийнх нь хүүхэд гэж бодоод явж байгаа. Би Д.Болдбаатараас хүүхдийн тэтгэлгийг жилээр нь тооцож авмаар байна.
Хүүхэд маань Баатархүүгийн Баянбат гэж овоглодог бөгөөд манай нөхөр хүүхдээ өөрийнх нь хүүхэд гэж бодож явдаг. Хүүхдийн овгыг солиулж байснаас тэтгэлэг авахгүй байсан нь дээр юм байна.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.
Хариуцагч Д.Болдбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Бид 2011 онд танилцсан. Миний бие 2013 оны 11 дүгээр сарын 12, 13-ны өдрөөс эхлээд 2013 оны 04 дүгээр сар хүртэл хэрэгт холбогдон Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хорих ангид хоригдсон. Тэгээд хүүхэд олсон хугацааг нь хөөгөөд үзэхээр миний хүүхэд биш болж таараад байгаа юм. Хэрвээ үнэхээр миний хүүхэд мөн гэвэл хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Надад бол миний хүүхэд мөн, бишийг нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч өөрөө нотлох байх гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Энх-Амгалан, хариуцагч Д.Болдбаатарт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээс татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ч.Энх-Амгалан, хариуцагч Д.Болдбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээс сайн дураар татгалзсан нь түүнийг энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ч.Энх-Амгалангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Болдбаатарт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Зохигч энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ