Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2020/00110

 

 “Н” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00369 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 690 дүгээр магадлалтай,

“Н” ХХК-ний нэхэмжлэлтэй

“Б”ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 53 893 520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэгмэдийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Б.Булгантамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “Б”ХХК-д 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 7 дугаар сарын хугацаанд нийт 131 893 520 төгрөгийн вакум цонх, хаалга, хаалт үйлдвэрлэх бараа материалыг зээлээр худалдсан. “Б”ХХК нь зээлээр худалдан авсан бараа материалын үлдэгдэл төлбөр 33 893 520 төгрөгийг төлөөгүй. Бараа материалыг үйлдвэрийн үнээр худалдсан учир хариуцагч НӨАТ-т 20 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр тооцоо нийлсэн. Үлдэгдэл төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч удахгүй төлнө хэмээн хугацаа авсаар өнөөдрийг хүрсэн. “Б”ХХК-иас 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн бичгээр зээлээр авсан бараа материалын үлдэгдэл төлбөр болох 53 893 520 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр бүрэн төлж барагдуулна гэсэн боловч төлөөгүй. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээлээр худалдан авсан бараа материалын үлдэгдэл төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлж барагдуулах мэдэгдлийг хүргүүлсэн боловч мөн мэдэгдэлд дурдсан хугацаанд төлбөр төлсөнгүй. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлээр худалдсан вакум цонх, хаалга, хаалт үйлдвэрлэх бараа материалын үлдэгдэл төлбөр болох 53 893 520 төгрөгийг хариуцагч “Б”ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэгмэд шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөгийг “Б”ХХК нь “Н” ХХК-д төлсөн болох нь кассын зарлагын ордероор нотлогддог. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн тооцоо нийлсэн актад дурдагдсанаар 31 835 000 төгрөгийн бараа материалыг зээлээр авсан этгээд нь Б.Эрдэнэболд байх ба талуудын тооцоо нийлсэн актад “Н” ХХК-ийн захирал Э.Мэнд-Оюут, Б.Эрдэнэболд нар гарын үсэг зурсан тул “Б”ХХК нь дээрх бараа материалыг зээлээр авсан гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 68 дугаар зүйлд зааснаар Б.Эрдэнэболд нь “Б”ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд ба төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн зээлээр бараа материал худалдан авсны төлбөр болох 31 835 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөх жинхэнэ хариуцагч нь “Б”ХХК биш болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00369 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б”ХХК-аас 33 893 520 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 427.418 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б”ХХК-аас 327 418 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 690 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00369 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 420 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэгмэд хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул эс хүлээн зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. Хариуцагч компанийн гүйцэтгэх захиралтай гэрчээр оролцсон Б.Эрдэнэболд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэх боловч түүнийг хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй, нэхэмжлэгч байгууллагатай харилцахад түүнд итгэмжлэл олгоогүй юм. Шүүхийн шийдвэрт гэрч Б.Эрдэнэболдыг гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх баримт хэрэгт байхгүй, хариуцагч маргаж байгаа асуудлыг үндэслэлгүйгээр дүгнэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт заасан бөгөөд Б.Эрдэнэболдын зээлээр авсан материалыг хариуцах учиргүй юм. Түүнчлэн жинхэнэ хариуцагч, жинхэнэ нэхэмжлэгч хэн болох талаар хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор БНХАУ-ийн иргэн Ван Миг гэрчээр асуулгах, 2017 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 31 835 000 төгрөгт хэдэн тооны ямар бараа материалыг тоо ширхэг бүрийн хэдэн төгрөгөөр зээлээр худалдан авсан эсэх нь тодорхойгүй ба нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудаас аль нь 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 31 835 000 төгрөгт хамаарах эсэх болон зарим баримт нь дээр зөвхөн нэхэмжлэгч байгууллагын хүлээлгэн өгсөн гарын үсэг байх ба хүлээн авсан талын гарын үсэг байхгүй, гарын үсэг нь хэнийх гэдэг нь тодорхойгүй баримтууд байх тул хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий анхан шатны баримт болох “Нью Виндөү” ХХК-ийн 2016-2017 оны санхүү, нягтлан бодох бүртгэлийн тайлан болон татварын тайланг хариуцагчаас гаргуулах зэрэг хүсэлтүүдийг анхан шатны шүүх хангахгүй орхисон нь үндэслэлгүй. 2. Нөгөөтэйгүүр хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүхийн тогтоох хэсэгт талуудын хооронд байгуулсан гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэрээ биш, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээ гэж үзэх бөгөөд гэрээний харилцааг буруу тодорхойлсон байна. Хэдийгээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 1-д зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй ч тус хуулийн 263.4-т заасанчлан талууд мөнгөн төлбөрийг тохиролцож, төлбөр төлөх хугацааг тохиролцож байгаа нь зээлээр худалдах, худалдан авах гэрээ юм. Хариуцагчийн зүгээс 2018 оны 10 дугаар сарьч 17-ны өдрийн 07/18 тоот албан бичгээр зээлээр авсан материалын үнэ 22 000 000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах саналыг илэрхийлсэн. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д дараах үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно, 196.1.4 дэх хэсэг “гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаа заалгүй бичгээр илгээсэн бөгөөд түүнийг зөвшөөрсөн тухай хариуг ердийн боломжит хугацаанд хүлээн авсан”-т гэж хуульчилсан байна. Дээрх үйл баримт нь хариуцагч байгууллагын саналыг хүлээн авсан гэж үзэх бөгөөд ийм тохиолдолд төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон бол худалдан авагч үнийг нь бэлэн мөнгөөр төлөх эрхтэй болсон буюу боломжит хугацаанд хариу хүргүүлээгүй тул саналыг хүлээн авсанд тооцож, төлбөрийг нэн даруй төлөхийг шаардах эрхгүй юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, маргааныг Иргэний хуулийн тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээний дагуу хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “Б”ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 53 893 520 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, өөр этгээд буюу Б.Эрдэнэболдын зээлсэн барааны үнийг хариуцахгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 33 893 520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа “...Б.Эрдэнэболд нь манай компанийн гүйцэтгэх захирал биш болохоос гадна компанийг төлөөлөх эрхгүй этгээд байсан тул түүний авсан материалын үнийг хариуцах үндэслэлгүй, ...жинхэнэ нэхэмжлэгч, жинхэнэ хариуцагч хэн болохыг тогтоолгохоор гэрч асуулгах, санхүүгийн болон татварын тайлан гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй, ...зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байхад шүүх худалдах, худалдан авах гэрээ гэж үзсэн, …манай зүгээс 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 07/18 тоот албан бичгээр зээлээр авсан материалын үнэ 22 000 000 төгрөгийг төлөх саналаа илэрхийлсэн, уг саналд боломжит хугацаанд хариу ирүүлээгүй тул саналыг хүлээн авсанд тооцно, ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд “Н” ХХК нь “Б”ХХК-д 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 7 дугаар сард нийт 131 893 520 төгрөгийн үнэтэй вакум цонх, хаалга, хаалт үйлдвэрлэх бараа материалыг нийлүүлсэн, талууд 2017 оны 06 сарын 24-ний өдөр үлдэгдэл 33 893 520 төгрөгийг төлөх тооцоо нийлсэн үйл баримт тогтоогджээ.

Зохигч талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөрчөөгүй ба гэрээ хүчин төгөлдөр тул талууд үүргээ биелүүлэх ёстой байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Худалдан авагч нь худалдан авсан эд хөрөнгийн үнийг хэсэгчлэн төлөхдөө хүү төлөх үүрэг хүлээгээгүй тул зээлээр худалдах-худалдан авах гэрээ бус харин ердийн худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсгийг зөрчөөгүй, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

2017 оны 06 сарын 24-ний өдрийн “...үлдэгдэл 33 893 520 төгрөгийг төлөх...” тооцоо нийлсэн баримтад Б.Эрдэнэболд гарын үсэг зурсан боловч хожим нь “Б”ХХК 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 07/18 тоот албан бичгээр уг төлбөрийг төлөх талаар мэдэгдэж байсан баримтаар хариуцагч үүргээ хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй.” гэж заасан тул “Б”ХХК нь Б.Эрдэнэболдын бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй юм.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул маргааны үйл баримт, нотлох баримтын үнэлгээний талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00369 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 690 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 05 сарын 08-ны өдөр төлсөн 327 420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                            ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА