Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2019/0718

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэл гаргагч: Б.Г.

         Хариуцагч: ГЕГД.

    Нэхэмжлэлийн шаардлага: “ГЕГД-ын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж,урьд эрхэлж байсан Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц, нэхэмжлэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, гэрч Б.Д нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Харагчууд овогтой Басангийн Ганбат миний бие Гаалийн ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргаар ажиллаж байсан ба ГЕГД-ын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 дүгээр тушаалаар Дорнод аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар томилогдсон болно.

      Би дээрх тушаалыг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гомдол гаргасан ба Төрийн албаны зөвлөлийн ГЕГД Б.А-д хүргүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн № 792 тоот “Хууль хэрэгжүүлэн ажиллах тухай” албан бичгээр “... Та өөрийн эрх хэмжээний хүрээнд 2019 оны Б/264 дүгээр тушаалыг хүчингүйд тооцож төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж хариу мэдэгдэнэ үү” гэсэн шийдвэр гаргасан боловч Төрийн албаны зөвлөлийн энэхүү шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

      Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. ...”, мөн хуулийн 44.3-т "... шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй.” гэж заасан.

       Миний бие Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргаар ажиллаж байхдаа ТТ-13-23 зэрэглэлээр ажиллаж байсан боловч маргаан бүхий Б/264 тоот тушаалаар ТТ-12-26 болгон албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

     Нөгөөтэйгүүр дээрх ГЕГД-ын 2019 оны 05 дугаар сарын 24-ний Б/264 тоот тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуульд заасны дагуу надаас ямар нэгэн санал, зөвшөөрөл аваагүй бөгөөд уг тушаалд намайг албан тушаалаас чөлөөлөх, албан тушаал бууруулах, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах хууль зүйн үндэслэлийг тусгаагүй байна.

      Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн № 792 тоот албан бичгийг надад 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гардуулсан бөгөөд Захиргааны ерөнхий 33 дугаар зүйлийн 33.4-д заасан хугацааны дотор нэхэмжлэл гаргаж байгааг дурдах нь зүйтэй байна.

       Иймд ГЕГД-ын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг ГЕГДд даалгаж, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахыг ГЕГДд даалгаж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ГЕГДд даалгаж өгнө үү.

      Миний бие ГЕГД-ын 2019 оны 05 дугаар сарын 24- ний өдрийн Б/264 тоот тушаалыг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажилдаа очоогүй болно.

       Учир нь Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргаар ажиллаж байхдаа ТТ-13-23 зэрэглэлээр ажиллаж  байсан боловч маргаан бүхий Б/264 тоот тушаалаар ТТ-12-26 болгон албан 3 тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулсан нь шүүхэд нэхэмжлэл гаргах гол үндэслэл маань болсон билээ.

     Үүнтэй холбоотойгоор “2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахыг ГЕГДд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн 3 дахь шаардлагыг “2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахыг ГЕГДд даалгах” гэж өөрчилж байна.

       Иймд ГЕГД-ын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг ГЕГДд даалгаж, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахыг ГЕГДд даалгаж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ГЕГДд даалгаж өгнө үү” гэжээ.

         Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “ГЕГД-ын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Дархан уул аймаг дахь Гаалийн газрын гаалийн хяналт бүрдүүлэлтийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, дээрх хугацааны Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ГЕГДд даалгах гэсэн 4 нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

       Миний бие Харчууд овогтой Б-ийн Г нь Гаалийн ерөнхий газрын харьяа Дархан-уул аймгийн Гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны даргаар ажиллаж байсан ба ГЕГД-ын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 дүгээр тушаалаар Дорнод аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилогдсон болно. Дээрх тушаалыг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Монгол улсын Төрийн албаны зөвлөлд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гомдол гаргасан ба Төрийн албаны даргаас ГЕГД Асралтад хүргүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 762 тоот хууль хэрэгжүүлэх тухай албан бичигт “та өөрийн эрх хэмжээний хүрээнд 2019 оны Б/264 тоот тушаалыг хүчингүй болгож төрийн албан хаагчийг ажил гүйцэтгэх нийгмийн баталгаагаар хангаж хариу мэдэгдэнэ үү” гэсэн шийдвэр гаргасан боловч энэхүү шийдвэрийг биелүүлэхгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

        Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй гэж заасан байдаг. Миний бие Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны даргаар ажиллаж байхдаа ТТ13 зэрэглэлээр ажиллаж байсан боловч маргаан бүхий Б/264 тоот тушаалаар ТТ12 болгон албан тушаалын зэрэглэл, цалин хөлсийг бууруулсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байгаа.

        Нөгөөтэйгүүр дээрх ГЕГД 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 тоот тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуульд заасны дагуу надаас ямар нэгэн санал, зөвшөөрөл аваагүй бөгөөд уг ташаалд намайг албан тушаал бууруулах, сэлгэн ажиллуулах хууль зүйн үндэслэлийг тусгаагүй байна. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 762 тоот албан бичгийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гардуулсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор нэхэмжлэл гаргаж байгааг дурдах нь зүйтэй байна. Иймд ГЕГД-ын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан  Дархан уул аймаг дахь Гаалийн газрын хяналт бүрдүүлэлтийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ГЕГДд даалгах хүсэлт гаргаж байна.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгчийн хувьд 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б/238 дугаар тушаалаар маргаан бүхий албан тушаалд томилогдсон. Б.Гын хувьд томилогдсон өдрөөсөө эхлэн өөрийн чиг үүргээ идэвх чармайлттай гүйцэтгэж ирсэн. Энэ хугацаанд тогтмол улирлын үнэлгээгээр А дүгнэгдэж ирсэн нь хавтаст хэрэгт тодорхой авагдсан. Маргаан бүхий А/264 дугаар тушаалаар Б.Гыг ажлаас чөлөөлж, өөр албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хууль болон Гаалийн ерөнхий хуульд заагдсан хууль зүйн үндэслэлийг бичээгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2019 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн бичгээр гаргасан хариу тайлбараас үзэхэд Б.Гыг сэлгэн ажиллуулсан болно гэсэн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт сэлгэн ажиллуулах хуулийн зохицуулалтыг томьёолсон байгаа. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт энэ хуулийн 44.1, 44.2, 44.3 дахь хэсэгт заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй гэж заасан. Миний үйлчлүүлэгч бол Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын хяналт бүрдүүлэлтийн албаны даргаар ажиллаж байсан ч Дорнод аймгийн Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар томилогдсон нь дээрх заалтыг зөрчсөн нь харагдаж байна.

        Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дугаарт журмаар Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд сэлгэн ажиллуулах журмыг баталсан байдаг. Уг журмын 1.5, 1.6 дахь хэсэгт уг журмаас бусад зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийг өөр байгууллага, албан тушаалд сэлгэн ажиллуулахыг хориглоно. 1.5 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд сэлгэн ажиллуулна, 1.6 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг өөр байгууллага, албан тушаалд сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэвийг бууруулахгүй гэж заасан байдаг.

         Мөн нэр бүхий төрийн алба хаагчдын гомдлыг хариу тайлбартаа болон энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан байсан. Маргаан бүхий тушаалыг сахилгын шийтгэл ногдуулсан байдлаар авч үзэх хууль зүйн хувьд ямар ч боломж байхгүй байсан. Учир нь Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийг баталсан. Дүрмийн 5.2 дахь хэсэгт зааснаар үнэлгээ өгч зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоох бүрэн эрх бүхий сахилгын хороотой байна. 6.1 дахь хэсэгт энэ дүрмийн 2.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гаалийн улсын байцаагчийн үйлдэлд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Гаалийн ерөнхий хуулийн 284  дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан. Гэтэл маргаан бүхий тушаалд эдгээр хуулиудын заалтыг тусгаагүй байгаа. Яг сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж боломж байхгүй.

      Нөгөөтэйгүүр Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар бичгээр гаргасан өргөдөлд овог нэр, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаягаа бичиж гарын үсгээ зурна гэж заасан шаардлагыг хангахгүй гомдлыг Гаалийн улсын байцаагчид гаргасан. Ямар байдлаар гаргаж байгаа нь тодорхойгүй байгаа.

         Мөн маргаан бүхий тушаал гарсны дараа Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01/179 тоот албан бичгээр Гаалийн ерөнхий газрын хуулийн хэлтэст ажилчдын гомдол, ажлын байрны тодорхойлолтууд хүргэгдсэн байна. Энэ талаарх баримтуудыг хариуцагч өөрөө гаргаж өгсөн. Тодорхойлолтыг үндэслэсэн гэж тайлбарласан. Гэтэл тодорхойлолт маргаан бүхий акттай цуг гарсан.

      Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1.3 дахь хэсэгт албан тушаалыг 3 сар хүртэлх хугацаагаар бууруулах гэж заасан. Маргаан бүхий тушаал гарснаас хойш 3 сарын хугацаа өнгөрснийг дурдмаар байна.

        Албан тушаал бууруулах заалтыг мөн Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 4.1.3 дахь хэсэгт заасан үндэслэл миний үйлчлүүлэгчид тогтоогдохгүй байна. Шинэчилсэн Төрийн албаны тухай хуульд заасан чадахуйн зарчим буюу мерит зарчмыг үндэслэх ёстой. ГЕГД-аас олон жил ажилласанд нь тулгуурлаж албан тушаал бууруулсан байгаа нь энэ зарчмыг зөрчиж байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөх, халахыг хориглоно гэж заасан байдаг. Энэ заалтуудын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

    Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Г нь Гаалийн ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын Хяналт бүрдүүлэлтийн албаны даргаар ажиллаж байх хугацаандаа олон алдаа дутагдал гаргаж, албаны даргын үүргээ хангалтгүй биелүүлж, өөрийн албаны албан хаагч болон үйлчилгээний ажилтнуудтай зүй бусаар харьцан, ажлын байрны дарамт үзүүлж, ёс бус үйлдэл байнга гаргаж байгаа нь хамт ажиллахад хүндрэлтэй байгаа тухай Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын албан хаагч нарын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн гомдол, Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Хяналт бүрдүүлэлтийн албаны дарга Б.Гын ажил байдлын тодорхойлолтыг Гаалийн ерөнхий газрын удирдлагад ирүүлсэн байдаг.

         Дээрх шалтгаан нөхцөл нь тус Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаа болон хамт олны дотоод уур амьсгал, байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзсэн.

       Мөн Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт “Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно.”, мөн хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10 дахь заалтад “гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах ...” гэж заасны дагуу ГЕГД-ын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 дугаар тушаал гарч, Гаалийн ерөнхий газрын харьяа бусад гаалийн газарт Б.Гыг сэлгэн ажиллуулсан болно” гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “ГЕГД өөрийн хуулиар олгогдсон эрх буюу Гаалийн тухай хуулийн 2711гэсэн заалтыг үндэслэл болгон 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Б/264 тоот тушаалыг гаргасан. Уг тушаалдаа Дархан-Уул аймгийн Гаалийн газрын хяналт бүрдүүлэлтийн албаны дарга Б.Гыг албан тушаал бууруулж Дорнод аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилсон байгаа. Гаалийн ерөнхий хуулийн2711 гэсэн заалт бол ГЕГДд хуулиар олгогдсон эрх бөгөөд гаалийн улсын байцаагчийг томилох, чөлөөлөх, өөр албан тушаалд шилжүүлэх, албан тушаал бууруулах зэрэг хуулиар олгогдсон эрх нь байгаа. Гэхдээ ГЕГД хуулиар олгогдсон энэ эрхийг дур мэдэж үндэслэлгүйгээр эдэлж уг тушаалыг гаргаагүй.

       Нэхэмжлэл гаргаж байгаа Б.Г нь тухайн гаалийн газарт ажиллаж байхдаа одоо гэрчээр шүүх хуралдаанд оролцох Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын дарга Б.Д-гийн шууд удирдлагад ажиллаж байсан. Б.Д нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Б/264 тоот тушаал гарахаас өмнө тодорхой үндэслэлүүдээр Б.Гтай холбоотой мэдээллүүдийг ГЕГДд хүргүүлсэн байдаг.

       Энэ мэдээллүүдэд: Нэгдүгээрт, Б.Г нь албан ажлаасаа байнга хоцордог. Гаалийн үйл ажиллагаа Хөдөлмөрийн тухай хууль, Гаалийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн дагуу тогтоосон цагт эхэлж, дуусдаг. Мөн албан ажлаасаа хоцордог тухай шаардлага тавихад шаардлагыг ерөөсөө биелүүлдэггүй, дахин давтан гаргадаг.

       Хоёрдугаарт, Б.Г нь гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны даргын хувьд өндөр хариуцлагатай албан тушаалтан. Өөрөөр хэлбэл Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын үйл ажиллагааг хяналт бүрдүүлэлтийн хувьд шууд удирдах албан тушаалтан. Б.Г нь хурууны ирцийн бүртгэлийг огт хийлгэдэггүй. Дархан-Уул аймгийн ажилчдын хурууны бүртгэлийг аваад үзвэл Б.Гын хурууны бүртгэл байдаггүй.

         Гуравдугаарт, улирлын, хагас жилийн, бүтэн жилийн хийсэн ажлын тайлангаа гаргаж өгдөггүй. Тодорхой үүрэг хүлээж байгаа албан тушаалтан тайлангаа хугацаанд нь гаргаж өгөх ёстой. Аргаа бараад Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг нотлохын тулд өмнөөс нь захиргааны ажилтнууд тайланг нь бичдэг.

         Дөрөвдүгээрт, шууд өөрийн хяналтад ажилладаг гаалийн улсын бүртгэгч нартай ёс зүйгүй харьцдаг. Зарим ажилчдыг өшиглөх, өрөөнөөсөө түлхэж гаргах, цохих гэх мэтчилэн гаалийн улсын байцаагчийн үйл ажиллагаанд ёс зүйгүй авирладаг

        Тавдугаарт, Албан ажлын хувьд гаалийн газрын даргын шаардлагыг биелүүлдэггүй, өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй биелүүлж байна гэсэн ийм 5 үндэслэлээр гэрчээр оролцох гэж байгаа Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын дарга маань тодорхой баримтад үндэслэсэн мэдээллүүдийг ГЕГДд гаргаж өгсөн гэж тайлбарладаг. Улмаар ГЕГД энэ үндэслэлүүд дээр нь үндэслээд Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын үйл ажиллагаа иймэрхүү байдлаар явагдах юм бол цаашдаа хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагаа алдагдах нь гэж 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 тоот тушаал гаргаж албан тушаал бууруулсан гэж надад итгэмжлэл олгосон ГЕГД тайлбарласан.  Иймд, Б.Гын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээж авах боломжгүй юм” гэв.                                                                                                                                                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ;

            Нэхэмжлэгч Б.Г ГЕГД-ын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж,урьд эрхэлж байсан Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Б.Г ГЕГД-ын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/238 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргаар томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан тушаалтан байна.

            Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3-д заасан төрийн албан хаагчийн цалин хөлсний талаарх зохицуулалтыг үндэслэл болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж албан тушаал бууруулан өөр ажилд шилжүүлэн томилсон ГЕГД-ын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлгүй болжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн мэтгэлцээний үед гаргасан тайлбараар нэхэмжлэгч Б.Г нь ажлын цаг ашиглалт муу ажлаасаа байнга хоцордог, энэ талаар шаардлага тавихад биелүүлдэггүй давтан гаргадаг, ирцийн хурууны бүртгэлийг хийдэггүй, ажлын тайлангаа гаргаж өгдөггүй, өөрийн шууд удирдлагад байдаг ажилтнуудтай ёс зүйгүй харьцдаг, гаалийн газрын даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй зэрэг зөрчил гаргадаг гэсэн үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын албан тушаалыг (ТТ-13) бууруулж, өөр ажилд буюу Дорнод аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар (ТТ-12) шилжүүлэн томилсон байна.

            Гэвч хариуцагчийн энэхүү шийдвэр Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах зохицуулалтуудтай нийцээгүй байна.

            Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг  удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.”, 44.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно.”, 44.3-д “Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй.”, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно:”, 45.1.1-д “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй  биелүүлсэн;”, 45.1.2-т “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон;” гэж тус тус хуульчилжээ.

            Гэтэл маргаан бүхий Б/264 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 44, 45 дугаар зүйлд заасан зохицуулалтуудыг тусгаагүй атлаа түүнийг албан тушаал бууруулж өөр ажилд шилжүүлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч Б.Гын ажил үүрэг гүйцэтгэх явцдаа гаргасан гэж үзсэн дээрх зөрчлүүд баримтаар нотлогдоогүй байхад түүнийг албан тушаал бууруулж өөр ажилд шилжүүлсэн нь үндэслэлгүй.

            Хариуцагч Б/264 дүгээр тушаалыг гаргахдаа Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын даргын Гаалийн ерөнхий газарт ирүүлсэн баримтуудад үндэслэсэн  гэж тайлбарлан тус аймаг дахь Гаалийн газрын даргыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулан мэдүүлэг авсан хэдий ч гэрчээр оролцсон Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын дарга Б.Даваасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчийг албан тушаал бууруулах хэмжээний зөрчил гаргасан талаар хангалттай нотлоогүй гэж дүгнэв.

            Учир нь нэхэмжлэгч тус гаалийн газрын албаны даргаар ажиллах хугацаандаа “....ажлын цаг ашиглалт муу ажлаасаа байнга хоцордог, энэ талаар шаардлага тавихад биелүүлдэггүй давтан гаргадаг, ирцийн хурууны бүртгэлийг хийдэггүй, ажлын тайлангаа гаргаж өгдөггүй, өөрийн шууд удирдлагад байдаг ажилтнуудтай ёс зүйгүй харьцдаг, гаалийн газрын даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй....” зэрэг зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдсонгүй.

            Өөрөөр хэлбэл маргаан бүхий Б/264 дүгээр тушаалд нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, 45 дугаар зүйлд заасан захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэлийг тодорхой дурдаагүй, түүнийг дээрх үндэслэлээр  ажлаас чөлөөлөх нөхцөл бүрдээгүй, хууль зүйн үндэслэл бүрэн тогтоогдоогүй, зөрчил нь  баримтаар нотлогдоогүй байхад өөр албан тушаалд шилжүүлэн томилж түүний эрх зүйн байдлыг дордуулан хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь хууль бус болно.

            Түүнчлэн маргаан бүхий тушаалын хууль бус болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийг өдөр тутмын шууд удирдлагаар ханган ажиллаж байсан Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын даргын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...нэхэмжлэгч Б.Гын ёс зүйн зөрчил гаргасан талаар хэлэлцсэн, арга хэмжээ авч баримтжуулж байсан зүйл байхгүй, харин өөрт нь хэлж үгээр сануулж байсан, байгууллагыг удирдаж, манлайлж явах хүний хувьд үр дүнгийн гэрээг “А” гэж үнэлэн өргөж дэмжиж байсан, ажил тасалсан нь олон биш гэхдээ байдаг, дүрэмт хувцас өмсдөггүй, үүрэг даалгавар биелүүлдэггүй..” гэх гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдсон болно.

            Хариуцагч ГЕГД өөрийн нэгж салбарын удирдлагын өгсөн мэдээлэлд зөв үнэлэлт дүгнэлт өгөлгүй баримтаар нотлогдоогүй зөрчилд Төрийн албаны хуулийн заалтыг буруу хэрэглэн тохироогүй шийтгэл оногдуулсан нь төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрх, ашиг сонирхлыг хөндөхийн зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан төрийн албанд хууль дээдлэх, мэргэшсэн тогтвортой байх зарчмыг баримтлах, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх,халахыг хориглоно.”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана:”, 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх;”  гэсэнтэй нийцээгүй гэж дүгнэв.

             Нэхэмжлэгч ГЕГД-ын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч маргахдаа ажилгүй байсан хугацааны цалинг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож олгох гэж тодорхойлсон байх тул энэхүү шаардлагын хэмжээнд ажилгүй байсан хугацааны цалинг бодож олгох нь зүйтэй.

            Ийнхүү дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Гын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул хангаж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг үндэслэн ТОГТООХ нь:

            1.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 45 дугаар зүйл,49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан ГЕГД-ын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Гыг урьд эрхэлж байсан Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 2,974,762 (хоёр сая есөн зуун далан дөрвөн мянга долоон зуун жаран хоёр)  төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагч ГЕГДд даалгасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГЕГДас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

           3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.НАСАНДЭЛГЭР