Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2015/0060

 

Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 537 дугаар шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлын дагуу Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/279 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэлийн Засаг дарга 2003 оны 248 дугаар захирамжаар Ц, Ц, Э ХХК-д нийтийн эдэлбэрийн гудамж талбайд, дэд бүтцийн хангамж, хөгжлийн чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын шаардлагыг үндэслэлгүйгээр, дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмшүүлснээр Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 56 дугаар зүйлийн 56.3 заасныг зөрчсөн, 2010 оны 101 дүгээр захирамжаар Ц ХХК-д шилжүүлсэн байна. Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3, Газрын тухай хуулийн 61.1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгосон. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 537 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3.1, 56 дугаар зүйлийн 56.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Ц" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/279 дүгээр захирамжийн "...нийслэлийн Засаг даргын 2003 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаар, 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101 дүгээр захирамжуудын "Ц" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон" хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны урд нийслэлийн Засаг даргын 2003 оны 248 дугаар захирамжаар 1339 м.кв газрыг "Ц" ХХК-д Газрын тухай хууль зөрчин ариун цэвэр, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын шаардлагыг үндэслэхгүйгээр нийтийн эдэлбэрийн гудамж, зам талбайд эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр нийслэлийн Засаг дарга 2013 оны 03-р сарын 15-ны өдрийн А/279 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг удирдлага болгон хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг даргын 2003 оны 248, 2010 оны 101 тоот захирамжууд нь дараах үндэслэлүүдээр Газрын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

1. Нийслэлийн Засаг дарга анх "Ц" ХХК, "Ц" ХХК, "Ц" ХХК, "Э" ХХК, "Ц" ХХК-д газар эзэмших эрх олгохдоо ариун цэвэр, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын шаардлагыг үндэслэхгүйгээр газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 56-р зүйлийн 56.3 дахь заалтыг зөрчсөн.

...Уг маргаан бүхий актад холбогдох стандарт нормыг зөрчин "Ц" ХХК, "Э" ХХК, "Ц" ХХК, "Ц" ХХК-нд газар эзэмшүүлж, уг газрыг шилжүүлэн эзэмшүүлснээрээ холбогдох Засаг дарга нарын шийдвэр хууль тогтоомж зөрчсөн гэж гэж үзэж хүчингүй болгон шийдвэрлэсэн.

2. Мөн Засаг дарга нийтийн эдэлбэрийн гудамж, зам талбайд эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг зөрчсөн байна.

Газрын тухай хуулийн Нийтийн эдэлбэрийн зам, талбайд газар эзэмшүүлж болохгүй нөхцөл байдлыг тайлбарлавал:

Нийслэлийн нутаг дэвсгэр нь Газрын тухай хуулийн 10-р зүйлийн 10.1.2-т зааснаар Монгол Улсын газрын нэгдмэл сангийн ангиллын хот, тосгон, бусад суурины газрын ангилалд хамаарна.

Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т хот тосгон, бусад суурины газрын ангиллын газрыг хот, тосгон, бусад суурины "барилга байгууламж, үйлдвэр уурхайн дэвсгэр" болон нийтийн эдэлбэрийн газар", "иргэн аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил ашиглалтанд байгаа газар гэсэн гурван дэд ангилалд хуваагддаг.

Газрын тухай хуулийн 12-р зүйлийн 12.2-т зааснаар нийтийн эдэлбэрийн газарт хот тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог, хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг хамаарахаар заасан.

Газрын тухай хуулийн 6-р зүйлийн 6.2.2-т заасан хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт зохицуулалттайгаар нийтээр ашиглахаар зохицуулж өгсөн байна.

Нийтийн эдэлбэрийн газрыг нийтийн зориулалтаар өөрөөр хэлбэл явган хүний болон автомашины зам, автомашины зогсоол, нийтээр амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан, талбай, цэцэрлэг зэрэг нийтээр ашиглахад зориулж хуулиар зохицуулж өгсөн байна. "Ц" ХХК-ний эзэмшил газар нь одоо зориулалтын дагуу бус автомашины зогсоолын хэлбэрээр ашиглаж байгаа гэдгийг нотлох баримтаар тогтоосон болно.

3. ...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай" 3/10 тоот тогтоол гарсан бөгөөд энэхүү тогтоолын хүрээнд нийслэлийн Засаг даргын 2012 оны А/644 дүгээр захирамж гарч ажлын хэсэг байгуулагдсан судалгаа хийж дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарлаж газар эзэмших эрх олгогдоогүй иргэн аж ахуйн нэгж байгууллагын судалгаа гаргасан болно. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарлаагүй, зарласан болон дуудлага худалдаа явуулаагүй, уг маргаж буй газарт дуудлага худалдаа явагдаагүй болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч /маргаагүй/ байтал хэрхэн зөрчсөн, түүнийг ямар баримтаар шалгаж тогтоосон нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна,

Мөн дан ганц "Ц" ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй гэдгийг дурдах нь зүйтэй. Мөн нэхэмжлэгчээс газар доорх граж болон тоглоомын талбай, ногоон байгууламжийн хамт барих боломжтой байгааг ямар хүндэтгэх шалтгаан, шаардлагын улмаас хүлээн авч шийдвэрлээгүй болох нь тодорхой бус гэж дүгнэсэн байна. Уг маргаан бүхий газар нь орон сууцны барилгад тулган олгосон газар байх бөгөөд ямар нэгэн байдлаар барилга барих боломжгүй газар юм. /Одоо байгаа барилгад нуралт үүсэх г.м./

Дээрх нөхцөл байдлуудаас харахад анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болжээ.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 537 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/279 дүгээр захирамжийн ЦХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тус компанийн гүйцэтгэх захирал О.Ц нэхэмжлэл гаргажээ.

 

Нийслэлийн Газрын албаны 2003 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Техникийн зөвлөлийн хуралдааны дүгнэлт болон Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ЦХХК нь 319.2 м.кв, Ц ХХК нь 567 м.кв, Э ХХК нь 319.2 м.кв, Их хөдөлгөөн хоршоо нь 480 м.кв, Ц ХХК нь 886.2 м.кв, Ц ХХК нь 480 м.кв газрыг тус тус үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байжээ.

Ц ХХК-ийн 715.82 м.кв, Ц ХХК-ийн 450.02 м.кв газрын эрхийг ЦХХК шилжүүлэн эзэмшихээр тохиролцсон гэрээний дагуу эзэмшил газрынх нь хэмжээг өөрчлөн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 1339 м.кв, 92 м.кв газрыг ЦХХК-нд эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай 101 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2 дахь заалтыг зөрчөөгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, Ц ХХК, Ц ХХК болон ЦХХК-ийн хооронд байгуулсан 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 дугаар тогтоолыг үндэслэн нийтийн эдэлбэрийн гудамж талбайд, дэд бүтцийн хангамж, хөгжлийн чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын шаардлагыг үндэслэлгүйгээр, дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр ЦХХК-нд газар эзэмшүүлсэн нь буруу гэж үзэн Нийслэлийн Засаг дарга 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/279 дүгээр захирамжаараа нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нийтийн эдэлбэрийн гудамж талбайд, дэд бүтцийн хангамж, хөгжлийн чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын шаардлагыг үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид анх олгосон гэх үйлдэл нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа болохоос нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл биш бөгөөд дээрх үндэслэл шаардлагыг хангасан, хангаагүй эсэхийг шалгаж тогтоосон гэх эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гараагүй байхад, мөн нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас биш захиргааны байгууллага Газрын тухай хуульд заасан дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтын журмаар иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй талаар анхан шүүх зөв дүгнэлт хийж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3.1, 56 дугаар зүйлийн 56.1.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

 

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын 14, 15, 16, 17 дугаар хорооны оршин суугчид болон бусад этгээд маргаан бүхий газрыг нэхэмжлэгч эзэмшиж байгаа нь буруу гэж гомдол гараагүй, мөн Таван үндэс ХХК-ийн барилгын зураг төсөл боловсруулахад зориулсан инженер-геологийн судалгааны дүгнэлт, Нийслэлийн барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газарт гаргасан нэхэмжлэгч ЦХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 38 дугаар албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 103 дугаар албан бичиг зэргээр ЦХХК нь маргаан бүхий газарт газар доорх гаражийн барилга байгууламж барьж, дээр нь хүүхдийн тоглоомын талбай байгуулан, үйлчилгээний зориулалтаар буюу нийтийн эдэлбэрийн хэлбэрээр цаашид эзэмшихээр төлөвлөж байгаа гэх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан бөгөөд тухайн зориулалтаар газрыг ашиглах боломжтой байна.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын сарын 13-ны өдрийн 537 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

               

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              Б.МӨНХТУЯА

                ШҮҮГЧ                                                                                    С.МӨНХЖАРГАЛ

                ШҮҮГЧ                                                                                    Э.ХАЛИУНБАЯР