Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.

   Ж.С, Э.Э,  

Х.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

 

Прокурор Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг, С.Төмөрбаатар, Д.Дарьсүрэн

Шүүгдэгч Ж.С, Э.Э, Х.М

            Нарийн бичгийн дарга А.Мягмардорж нарыг оролцуулан хийж,         

 

Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 142 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр  Ж.С, Э.Э, Х.М нарт холбогдох эрүүгийн 1722000490039 дугаартай 2 хавтас  хэргийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......8-ны өдөр төрсөн, ........настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, токерчин мэргэжилтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо,  ............ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Э.Э

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..........-ний өдөр төрсөн, ........ настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо,  .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай, Булгадар овогт Х.М

 

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........-ны өдөр төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо,  ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ж.С

 

Яллагдагч Э.Э, Х.М, Ж.С нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс 2017 оны 09 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Дундговь аймгийн  Адаацаг сумын 3 дугаар багийн нутаг “Бэрх” гэх газар оршин суух С.Т-ийн гэрээс их гарын мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн  хазаар 2 ширхэг, хормойн боолт, мөнгөн ташуур зэрэг эд зүйлс хулгайлж 15.330.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

Анхан шатны шүүх: 

 

 Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тогтоож ирүүлээгүй, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлээгүй үндэслэлээр   яллагдагч  Ж.С, Э.Э, Х.М нарт холбогдох эрүүгийн 1722000490039 дугаартай хэргийг Дундговь аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурорт буцааж,

Хэргийг  прокурорт очтол яллагдагч нарт авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  Тус прокурорын газраас Э.Э, Ж.С, Х.М  нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн  2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд  шилжүүлснийг анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн  байцаалтын  ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Шүүгчийн дээрх захирамж  үндэслэлгүй гарсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

 

      Хулгайлах гэмт хэрэг  нь сэдэлт,  зорилгын хувьд санаатай,  шунахайн  сэдэлттэй үйлдэгддэг. Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг  бүрэн тогтоогдсон  бөгөөд яллагдагч болон өмгөөлөгч нараас хэргийн  зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй байхад шүүхээс дээрх байдлаар дүгнэлт хийсэн  нь үндэслэлгүй.  Харин гэмт хэрэг  гарсан  байдал болон гэмт хэргийг хэн үйлдсэн тал дээр прокуророос дээрх гэмт хэрэгт Ж.С, Э.Э, Х.М нарыг буруутай гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба тэдгээрийн гэм буруутай эсэхийг  анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Гэтэл зарим яллагдагч нарын  /Ж.С, Х.М/ гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлд заасан  нотолбол зохих байдал нотлогдоогүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.  Мөн шүүхээс нотлох баримтыг  хуульд заасан  үндэслэл журмын дагуу бүрдүүлж чадаагүй гэсэн нь гэм буруутай эсэхийг  шийдвэрлэхэд ач холбогдолтой ямар баримтыг хууль бусаар бүрдүүлсэн гэдэг нь тодорхойгүй байх бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой байх шаардлагыг хангаагүй байна.

            Прокурор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэмэлт нотлох баримтаар Х.С, Ж.С нар хохирол төлсөн талаарх баримтыг гаргаж өгсөн боловч хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнөх огноотой баримтыг гаргаж өгөх болсон шалтгаанаа тайлбарлан мэтгэлцэж чадаагүй гэсэн байна. Яллагдагч Э.Э-ын  өмгөөлөгчөөс хохирол төлсөн  баримтыг прокурорын хяналтын шатанд гаргаж өгснийг  хэрэгт хавсаргасан, харин Ж.С, Х.М нар нь хохирогчид хохирол төлбөрийг  мөрдөн байцаалтын явцад төлж баримтыг шуудангаар цагдаагийн байгууллагад хүргүүлсэн нь хэрэг шүүхэд шилжсэний дараа мөрдөгч хүлээн авсан байна. Энэ дагуу мөрдөгч тэмдэглэл үйлдсэний дагуу прокуророос тухайн баримтыг шүүхийн  урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн.Гэтэл дээрх нөхцөл байдлын улмаас тухайн  баримт хэрэгт авагдаагүй байсныг  урьдчилсан хэлэлцүүлгийн  явцад гаргаж өгснийг шүүхээс нотлох баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлээгүй гэж дүгнэсэн нь хууль бус юм.

 

            Мөн  прокурорын  яллах дүгнэлтэнд хохирогчийн алдсан  эд зүйлс нь цагдаагийн газарт хадгалагдаж байгаа талаар заасан. Гэтэл мөрдөгчөөс дээрх эд зүйлсийг хохирогч С.Т-д хүлээлгэн  өгсөн  боловч энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй байсан байна. Энэ нь мөрдөгчийн үйл ажиллагаатай холбоотой хэдий ч хохирогч нь өөрт учирсан  хохирлыг мөнгөн хэлбэрээр  болон алдагдсан  эмээлийг биетээр хүлээн  авч, 

гомдол саналгүй болсон  талаараа баримт гаргаж өгсөн  байна. Иймд дээрх ажиллагааг  дахин хийж гүйцэтгэх нь хэрэгт ач холбогдолгүй юм. 

 

 

Яллагдагч Х.М-ын  өмгөөлөгчөөс Прадо-120 тээврийн  хэрэгслийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн,  мөн  үнэлгээ хийсэн дүгнэлтийг танилцуулах эрхээр  нь хангаагүй

 

гэсэн байна.  Гэтэл үнэлгээний компаний  дүгнэлтээр  тухайн  тээврийн хэрэгсэл нь онхолдож, засварт орсон, будаг замаск ихтэй зэрэг шалтгаанаар 9.300.000 төгрөгөөр үнэлсэн талаараа тодорхой заасан байхад шүүгчийн  захирамжид ямар үндэслэлээр дахин шинжээч томилуулах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг  хангасан  талаар огт тусгаагүйгээс гадна  дээрх дүгнэлтийг “шинжээчийн дүгнэлт танилцуулах тэмдэглэл”-ээр тусад нь танилцуулсан байхад оролцогч нарт танилцуулалгүй   эрхийг эдлүүлээгүй гэсэн  нь үндэслэлгүй болжээ. Иймд анхан шатны  шүүхийн  шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 142 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах саналтай  байна гэв.

 

     Яллагдагч Э.Э-ын өмгөөлөгч Д.Дарьсүрэн: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мэтгэлцээн  явагдах ёсгүй, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх  саналтай байна гэв.

 

     Яллагдагч Ж.С-гийн өмгөөлөгч С.Төмөрбаатар:  Хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан.  Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх  саналтай байна гэв.

 

     Яллагдагч Х.М-ын өмгөөлөгч Д.Тунгалаг: Машины үнэлгээг яллагдагч Х.Мт танилцуулалгүй түүний эрхийг зөрчсөн, хохирол төлсөн байдлыг мөрдөгч шалгах үүрэгтэй боловч энэ үүргээ гүйцэтгээгүй,  нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтыг хэрэгт авсан,  түүнийг шүүхийн шатанд гүйцэтгэх боломжгүй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

        Яллагдагч Ж.С, Э.Э,  Х.М нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 2-нд шилжих шөнө Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар багийн нутаг “Бэрх” гэх газарт нутаглаж байсан С.Т-ийн гэрээс их гарын мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, хормойн боолт, мөнгөн ташуур зэрэг эд зүйлсийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 15.330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

   

       Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгдэгч нарт холбогдох хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн нотлогдохгүй, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тогтоож ирүүлээгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж чадаагүй, хохирлыг төлж барагдуулсан талаархи нотлох баримтыг үндэслэл журмын дагуу авч хэрэгт хавсаргаагүй, яллах дүгнэлтийн хавсралтад дурьдагдсан 18 төрлийн эд зүйлсээс өөр 10 нэр төрлийн эд зүйлс дурьдагдсан бөгөөд зөрүүтэй эд зүйлсийн зөрүүг арилгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцаасан байна.

          

            Хэргийн материалыг бүхэлд нь хянаж үзэхэд шүүгчийн захирамжид дурдсан байдлыг тодруулж тогтоох шаардлагатай байгаагаас гадна яллагдагч нарын хулгайлсан эд зүйлсийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөгчийн /дугааргүй/ тогтоолоор шинжилгээ явуулахыг Дундговь аймаг дахь Тэгш сонголт ХХК-д даалгасан боловч Уваа уул аудит ХХК  үнэлгээ гаргаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болох нь мөрдөгчийн тогтоол, хулгайд алдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр нотлогдон тогтоогдсон тул хэргийг мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хэргийг прокурорт буцаах тухай 142 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2.Хэргийг прокурорт очтол  яллагдагч Ж.С, Э.Э, Х.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Магадлалд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                       Ц.ОТГОНЦЭЦЭГ

   ШҮҮГЧИД                            Ш.ТӨМӨРБААТАР

                                         Т.БЯМБАЖАВ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Т.БЯМБАЖАВ

    ШҮҮГЧИД                                 Х.ГЭРЭЛМАА

                                                      О.ОДНЯМАА