Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
Хэргийн индекс | 185/2022/0411/Э |
Дугаар | 2022/ШЦТ/434 |
Огноо | 2022-04-25 |
Зүйл хэсэг | 11.1, |
Улсын яллагч | Э.Билгүүн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,
Улсын яллагч Э.Билгүүн,
Хохирогч З.Г ,
Шүүгдэгч Ц.Д , түүний өмгөөлөгч С.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц овогт Ц гийн Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “... ” ХХК-д гүний малтагчаар ажилладаг гэх, ам бүл 1, ганцаараа амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц овогт Ц гийн Д /РД:... /.
Холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ц.Д нь 2021 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө ... тоотод өөрийн гэртээ иргэн З.Г тай согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ “эгч О г харааж зүхсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой тус газарт нь ууж байсан архиныхаа шилээр цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун чамархайн яснаас хацар яс хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, дух, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д аас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч З.Г аас : “...Миний биед Ц.Д гэмтэл учруулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч Ц.Д ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө гэрийнхээ түлхүүрийг авахаар О эгчийн гэрт ороод О эгчтэй юм яриад сууж байхад Г ах, О эгч хоёр маргалдах шахам юм яриад байхаар нь би Г ахыг дагуулаад гэртээ орохоор болсон. ...Г ах бид хоёр юм ярингаа архи уугаад сууж байхдаа тэр хоёрын маргалдсан талаар ярьж байгаад бид хоёр маргалдсан. Намайг боогоод эхлэхээр нь би уг ууж байсан архиа барьж аваад цохисон. Уг архи талаасаа доош орчихсон, нэлээн үлдсэн байсан. Гэтэл Г ах толгойгоо барьж суугаад ахиад маргаад эхлэхээр нь би үлдсэн архиа асгаж хаяад гараад явсан. ...намайг явсны дараа О эгч над руу утсаар яриад эмнэлэг явах гэж байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Хохирогч З.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би согтуу байхдаа Д тай маргалдсан байх. Өөр зүйл санахгүй байна. ...Надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч З.О гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д над руу ...гэх дугаараас 00:15 цагт залгаад “эгчээ та манай гэрт ороод хараадхаач, Г ах бид хоёр муудалцсан, юу болсон талаар сайн санахгүй байна, би найзынхаа гэрт ирсэн байна” гэж ярьсан. Тэгээд Г эгч би орж харчихаад ирье гээд гараад явсан ба буцаж орж ирээд толгойг нь хагалсан байна гэж хэлсэн. Би ороод харахад толгойноос нь цус гарсан байдалтай, шалан дээр суучихсан “зүгээрээ” гээд үглээд, дахин дахин хэлээд байхаар нь ...гэмтлийн эмнэлэг рүү явч зургийг нь авхуулаад эмнэлэгт хэвтүүлсэн. Энэ хооронд би Д руу залгаад “чи ахыг маань яагаад ийм болчихвоо” гэхэд “би яагаа ч үгүй” гэхээр нь ярихаас уур хүрээд утсаа салгасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч З.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д ын амьдардаг байшин руу ороход Г орны өмнө хөлөө жийгээд суучихсан, цус нь гоожсон байдалтай, ухаантай сууж байсан. Тэгээд би О д орж хэлээд нойтон алчуур авч ороод цусыг нь арчиж аваад эмнэлэг рүү явсан. Тэр гэрт Г , Д хоёр байсан, өөр хүн байгаагүй гэж бодож байгаа. Тиймээс би Д ыг зодсон байна гэж ойлсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1939 дугаартай “...З.Г ын биед баруун чамархайн яснаас хацар яс хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, дух, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,
Хохирогч З.Г ын Гэмтэл согог судлалын үндэсний төв хэвтэн эмчлүүлсэн 13067 дугаартай өвчний түүх /хх-ийн 41-47 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Ц.Д ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 54 дүгээр хуудас/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ц.Д нь 2021 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө ... тоотод өөрийн гэртээ иргэн З.Г тай согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ “эгч О г харааж зүхсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой тус газарт нь ууж байсан архиныхаа шилээр цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун чамархайн яснаас хацар яс хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, дух, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ц.Д , түүний өмгөөлөгч С.Мөнхтулга нар нь прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Д ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Ц.Д нь 2021 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө ... тоотод өөрийн гэртээ иргэн З.Г тай согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ “эгч О г харааж зүхсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой тус газарт нь ууж байсан архиныхаа шилээр цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун чамархайн яснаас хацар яс хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, дух, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Ц.Д ын: “...Г ах бид хоёр юм ярингаа архи уугаад сууж байхдаа тэр хоёрын маргалдсан талаар ярьж байгаад бид хоёр маргалдсан. Намайг боогоод эхлэхээр нь би уг ууж байсан архиа барьж аваад цохисон. ...Гэтэл Г ах толгойгоо барьж суугаад ахиад маргаад эхлэхээр нь би үлдсэн архиа асгаж хаяад гараад явсан. ...намайг явсны дараа О эгч над руу утсаар яриад эмнэлэг явах гэж байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Хохирогч З.Г ын: “...Би согтуу байхдаа Д тай маргалдсан байх. Өөр зүйл санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч З.О гийн: “...Д над руу ...залгаад “эгчээ та манай гэрт ороод хараадхаач, Г ах бид хоёр муудалцсан, юу болсон талаар сайн санахгүй байна...” гэж ярьсан. Тэгээд Г эгч ...гараад явсан ба буцаж орж ирээд толгойг нь хагалсан байна гэж хэлсэн. Би ороод харахад толгойноос нь цус гарсан байдалтай, шалан дээр суучихсан “зүгээрээ” гээд үглээд, дахин дахин хэлээд байхаар нь ...гэмтлийн эмнэлэг рүү явч зургийг нь авхуулаад эмнэлэгт хэвтүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч З.Г ын: “...Д ын амьдардаг байшин руу ороход Г орны өмнө хөлөө жийгээд суучихсан, цус нь гоожсон байдалтай, ухаантай сууж байсан. ...Тэр гэрт Г , Д хоёр байсан, өөр хүн байгаагүй гэж бодож байгаа. Тиймээс би Д ыг зодсон байна гэж ойлсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1939 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,
Хохирогч З.Г ын Гэмтэл согог судлалын үндэсний төв хэвтэн эмчлүүлсэн 13067 дугаартай өвчний түүх /хх-ийн 41-47 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Д ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч З.Г ын биед хүнд хохирол учирсан байх ба хохирогч нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, хохирогч “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Д ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд “...Шүүгдэгч Ц.Д т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” тухай санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар нь энэ талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд прокурорын шүүхэд гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Ц.Д т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.75 литрийн савалгаатай “Соёрхол” гэх нэртэй архины 1 ширхэг шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч З.Г нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Ц гийн Д ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д ыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч З.Г нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.75 литрийн савалгаатай “Соёрхол” гэх нэртэй архины 1 ширхэг шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Д т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.