Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/447

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагч Ц.Төгөлдөр,

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Э ын М д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гар утас засварчин мэргэжилтэй, хувиараа гар утас засварын ажил хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо ...тоотод оршин суух, урьд ял шийтгэл:

-Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил  10 хоногийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн 126 дугаар зүйлд зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялд багтааж, биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоосон, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 165 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 11 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Л овогт Э ын М  /РД:.../.   

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.М нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ...тоотод А.Т өөс гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж нэр бүхий 44 ширхэг гар утсыг худалдаж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Э ын М  нь ...тоотод 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр А.Т өөс гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж нэр бүхий 44 ширхэг гар утсыг худалдаж авч ашигласан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүгдэгч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэв.

Шүүгдэгч Э.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Миний хувьд тэр залуугаас нийт 44 ширхэг гар утсыг 1.950.000 төгрөгөөр худалдан авсан. ...Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Гэрч А.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 07-ны шөнийн 03 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “...” гэх газрын бүргэд хаалгыг дугуйн дорцоовоор хөшиж онгойлгож ороод дотроос нь 44 ширхэг гар утсыг бор цүнх болон хар торонд хийж аваад гарсан. ...тухайн гар утаснуудаа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ... хотхоны нэг ченжид 1.950.000 төгрөгөөр бодож өгөөд тухайн шөнө 250.000 төгрөгийг найз эмэгтэйн дансаар аваад, маргааш өглөө нь 1.700.000 төгрөгийг бэлэн авсан. ...хулгай хийсэн утаснууд нь ихэвчлэн “Самсунг” маркийн гар  утас байсан. Би гар утаснуудыг зарахдаа хулгайн утас гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтууд /хх-ийн 69-128 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг үндэслэн шүүх хэргийн нөхцөл байдлыг сэргээн тогтоосон болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.М нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн ... дугаартай хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан А.Т  нь хулгайн эд зүйл гэдгийг хэлсэн атал шүүгдэгч Э.М нь мэдсээр байж түүнээс уг эд зүйлийг худалдан авч ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон ....орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ...ашигласан” гэмт хэргийн шинжтэй байна.

А.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх бөгөөд уг зүйл анги нь “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх...” санкцтай байх тул Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.М д холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.М ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр үйлдсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.М нь “...гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргах зүйлгүй...” гэж мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Э.М ыг Мөнгө угаах” гэмт хэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Э.М нь эд зүйлийг буцааж хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирлыг төлж барагдуулсан байна. Иймд түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүхээс үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” саналын хүрээнд шүүгдэгч Э.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь Улаанбаатар хотод оршин суудаг болох  нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарах эрхийг хязгаарлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

 Хэрэв зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Э.М д сануулав.

 Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л овогт Э ын М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч, ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.М д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг оршин сууж буй Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Э.М д анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.