| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2017/00400/И |
| Дугаар | 379 |
| Огноо | 2017-08-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 379
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Б.*******ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би 1981 оны 08-р сарын 26-наас 1983 оны 04-р сарын 30-ны өдрийг дуустал Завхан аймгийн Усны аж ахуйг удирдах газрын үйлдвэрийн бригадад ажилчнаар ажилласан. 1983 оны 05-р сарын 04-нөөс 1995 оны 01-р сарын 01-ний өдрийг дуустал Завхан аймгийн Мах боловсруулах үйлдвэрт бохирын слесарээр ажилласан. Гэтэл тухайн үеийн хүмүүсийн ажлын хариуцлагагүйгээс болж хөдөлмөрийн дэвтэр дээр сантехникийн засварчнаар ажилласан гэж буруу бичсэн. Үүнийг 1983 оны 05-р сарын 04-ний өдрөөс 1995 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Мах боловсруулах үйлдвэрт бохирын слесарээр ажиллаж байсан гэж тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Усны аж ахуйн үйлдвэрийн бригадад орж ажиллаж байгаад 1983 оны 05 сард Мах боловсруулах үйлдвэрт шүүн тунгаах бохирын слесараар ажилд орж ажиллаж байсан юм. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэрт сантехникийн засварчин гэж бичсэн байсан. Би одоо хүнд нөхцөлд ажиллаж байсан гэдэг үндэслэлээр хугацаанаас нь өмнө тэтгэвэрт гарах гэсэн боловч сантехникийн засварчин гэж бичсэн байгаа учраас хүнд нөхцөлд ажилласан гэж үзэхгүй гэсэн юм. Тиймээс нутагтаа ирсэн дээрээ энэ асуудлаа шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Бохирын слесарээр ажиллаж байсныг хамт ажиллаж байсан хүмүүс л мэдэж байгаа. Өөр байдлаар нотлох баримт байхгүй. Миний хөдөлмөрийн дэвтрийг хогийн саван дотроос олж ирлээ гэж надад хүн өгсөн. Алтанцэцэг гэдэг хүн Мах комбинатад ажилладаг байсан тэр хүн л бидний бичиг баримтууд, тушаалуудыг буруу зөрүү гаргаж байсан юм шиг байгаа юм гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Б.******* 1981 оны 08-р сарын 26-наас 1995 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч Б.******* 1981 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн Усны аж ахуйг удирдах газрын үйлдвэрийн бригадад ажилчин, 1983 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Завхан аймгийн Улиастай хот дахь Мах боловсруулах үйлдвэрт сантехникийн засварчин, 1989 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1992 оны 01дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Завхан аймгийн Улиастай сумын Мах боловсруулах үйлдвэр УҮГазарт сантехникийн засварчин, 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Улиастай сумын Мах ХК-д сантехникийн засварчнаар тус тус ажиллаж байсан болох нь 1988 онд нээлгэж 1981 оноос 1995 онуудад ажиллаж байсан тухай бичилт хийлгэсэн 259097 дугаартай *******ийн *******т гэсэн нэр бүхий хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн архивын тасгийн 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/86 дугаартай лавлагаа, Завхан аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1981 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 180 дугаартай тушаал, Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Улиастай хот дахь мах боловсруулах үйлдвэрийн даргын 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай тушаал, Завхан аймгийн архивын тасгийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/876 дугаартай лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Ө.*******ын ... Би 1984 онд МБҮ-т анх ажилд ороход ******* тэнд ажиллаж байсан тэр үеэс таньдаг болсон. Завхан аймгийн Мах боловсруулах үйлдвэрт бохирын слесарь хийдэг байсан. Тэгээд 1995 онд үйлдвэр татан буугдтал би ажиллаад гарсан тэгэхэд ажиллаж л байсан. Тэгээд сүүлдээ Тэгш ХХК болоход тэнд ажиллаж байсан гэсэн би 1995 гарсан болохоор түүнээс хойшихыг сайн мэдэхгүй байна... гэсэн,
гэрч С.*******ы ...******* 1983 онд Завхан аймгийн Мах боловсруулах үйлдвэрт бохирын слесарийн ажилд орсон. 1998 онд эднийх шилжсэн. 1998 оноос өмнө МБҮ нь Эрдэнэт-Тэгш ХХК руу шилжсэн. Тэгэхэд бас бохирын слесарь хийж байсан. Бохирын слесарь 2 хүн байдаг байсан. Нэг нь Бэгзжав, нэг нь энэ ******* байсан. Сантехникийн слесарь шугамаа хариуцдаг, бохирынх нь болохоор муу усны шугам цэвэрлэдэг юм... гэсэн
гэрч О.*******ын ...******* 1983 онд манай МБҮ-т бохирын слесарийн ажилд орсон. Тэгээд 1995 он хүртэл ажилласан. Би тэгэхэд нягтлангаар ажиллаж байсан. Бичиг баримт нь л үнэн байх, бохирын Зоригоо л гэдэг байсан. Сантехникийн засварчин, бохирын слесарь 2 тус тусдаа ажил. Гэхдээ энэ 2 ажлыг хавсарч хийж байсан... гэсэн мэдүүлгүүдээр Б.*******ийн ажиллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэс болгосон *******ийн *******т гэсэн нэр бүхий хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн үйл баримт нь Б.*******ийн ажиллаж байсныг нотлох бусад баримттай тохирч байгаа бөгөөд төрсөн он сар өдөр ажил мэргэжил зэрэг нь мөн таарч байх тул энэхүү хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Мөн нэхэмжлэгч Б.******* Мах боловсруулах үйлдвэрт бохирын слесарээр ажиллаж байснаар тогтоолгохыг хүссэн боловч түүнийг ажилд авсан тушаал болон хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа зэрэгт сантехникийн засварчин гэж бичсэн байх тул бохирын слесарээр ажилласан гэх боломжгүй байна.
Хэрэгт цугларсан эдгээр нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэ зөв гэж үнэллээ.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******ийн *******ийг 1981 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн Усны аж ахуйг удирдах газрын үйлдвэрийн бригадад ажилчин, 1983 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Завхан аймгийн Улиастай хот дахь Мах боловсруулах үйлдвэрт, 1989 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Завхан аймгийн Улиастай сумын Мах боловсруулах үйлдвэр УҮГазарт, 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Улиастай сумын Мах ХК-д тус тус сантехникийн засварчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ