| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00347/И |
| Дугаар | 380 |
| Огноо | 2017-08-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 380
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж,нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч П.*******, хариуцагч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, П.*******гийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 12 дугаар сараас Завхан аймгийн *******т мэргэжилтнээр ажиллаж байсан. Энэ хугацаанд тус газрын******* дугаар ангийн ******* Б.*******тай хамтран амьдарч 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2 ихэр /хүү, охин/ хүүхэдтэй болсон. Хамтран амьдрах явцад хадам эцэг, эх, ханийн халамжаар дутааж удаа дараа бие эрх чөлөөнд минь халдаж гэмтэл учруулж, одоо цагдаагийн байгууллагад хандаад байна. Б.******* нь бие эрх чөлөөнд минь удаа дараа хандахдаа 4 удаа хоолойг боон багалзуурдаж байсан. Тус аймагт ажиллаж байсан аав, ээж хоёр минь Улаанбаатар хот руу шилжиж 2015 оноос хойш ойр дотны төрөл төрөгсөд байхгүй байдлыг далимдуулж гэр бүлээрээ доромжлох, дарамтлах байдал хирээс хэтэрсэн болно. Мөн холбогдох зан үйл, хуулийн дагуу гэр бүл болж цаашид хамт амьдрах нөхцөл боломж бүрдүүлэх талаар ямар ч сэтгэл гаргаагүй, салах асуудлыг байнга хөндөж, зодож дарамтлах болсон нь миний өөрийн болон хоёр хүүхдийн минь ирээдүйд сөргөөр нөлөөлж улмаар амь насанд минь эрсдэл учирч болзошгүй тул шүүхэд хандаж байна.
Иймээс нэгэнт хамт амьдрахаа больсон учраас хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан юм гэв.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.*******гийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. П.******* нь 4,8 сартай жирэмсэн байх хугацаандаа удаа дараа 2 хүүхдээ авхуулна гэж эмнэлгээр явж байсан. Гурван сартайд нь хөхнөөс нь гаргаж 8 сартай байхад нь ажилдаа орсон. П.******* нь өмнө хоёр ч амьдрал зохиож 1 хүүхэдтэй. Тэр хүүхдийг нь аав, ээж хоёр нь өсгөсөн. Хоёр хүүхдээ хооллох, эрүүл мэндэд нь анхаарал сул тавих зэргээс хоёр хүүхдийн маань аюулгүй тайван орчинд амьдруулах нөхцөл бүрдүүлдэггүй. Архи, пиво, тамхи татаж ирээд гэртээ байнга агсам тавьдаг. Ийм үйлдэл гаргадаг хүнд 2 хүүхдээ өгмөөргүй байна. Иймээс Ж.*******, ******* нарыг өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байна.
Би хоёр хүүхдийнхээ тэтгэлэгийг төлнө. Мөн хоёр хүүхдээ эх дээр нь үлдээх хүсэлтэй байна. Нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжгүй гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь Б.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
П.******* 2016 оны 02-р сарын 28-ны өдөр хүү *******ы *******, охин ******* нарыг /хоёр ихэр хүүхэд/төрүүлсэн болох нь тэдний төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч П.*******, хариуцагчтай цаашид хамтран амьдрах хүсэлгүй бөгөөд хүү Ж.*******, охин Ж.******* нарыг өөрийн асрамждаа үлдээж, эцэг Б.*******аас тэжээн тэтгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч энэ талаар маргахгүй гэжээ.
Б.******* нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар хүү Ж.*******, охин Ж.******* нарыг тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б.*******аас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөх хүүхдийн тэтэглэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгийн хэмжээнээс тооцож улсын тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар *******ы *******, ******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16-н нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, тэтгэлэгийг эцэг Б.*******аас гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх П.*******д даалгаж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.
3. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж 56388 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
6. Нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ