Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 154/2021/00041

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.Ганзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа,

Шүүгдэгч Б.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шамбий овогт Булдаагийн Амаржаргалд  холбогдох эрүүгийн 2137000120033 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Нийслэлийн Баянзүрх дүүргийн * дугаар хорооны **б-*б тоотод оршин суух, РД:ПБ70061117, Шамбий овогт  Булдаагийн Амаржаргал,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

           Шүүгдэгч Б.Амаржаргал нь Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг “Майхан хар” гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд нөхөн сэргээлт нэрийдлээр 89-06 УБ улсын дугаартай ковшоор хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж, хайж байгаль экологид 933.256 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч  Б.Амаржаргалын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…2019 оны 04 дүгээр сар гараад Ховд аймгийн Алтай суманд “Хавтаг Богд” ХХК-тай хамтран ажиллахаар авч очсон техникээ буцааж авахаар ирсэн. Тухайн үед Ховд аймгийн Алтай сумын засаг захиргаанаас уг газрыг тэгшилж өгөөч гэсэн хүсэлт ирсэн тул би Булган сумын Цагдаагийн хэлтэс дээр ирж Алтай сумын захиргаанаас хийж өгсөн албан бичгийг үзүүлээд ковш түрээслэж авч явсан. Очоод нэг хоноод цагдаа ирсэн. Бид ямар ч алт олборлоогүй, ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Нөхөн сэргээлт яаж хийгддэг, хаанаас яаж эрх авдагийг би мэдэхгүй. 9000.000 төгрөгөөр ковш, ажилчид хөлсөлж ажиллуулж байсан нь үнэн. Шигшүүрийг шороо, чулуу хоёрыг ялгаж нүх булахаар авч очсон. Хохиролд 933.256 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг,

            Шүүгдэгч Б.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг “Майхан хар” гэх газрыг булж, гарсан зардлаа нөхөж хэдэн төгрөг олох зорилготой очоод 1 өдөр ажиллаад цагдаад баригдсан. Би нэг өдөр ажилласан боловч ямар нэгэн ашиг, мөнгө төгрөг, алт олоогүй. 70 орчим метр газар булж янзалсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Түмэндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...надад асууж тодруулах зүйл байхгүй байна. Байгаль экологид учруулсан хохирлоо төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг,

           Гэрч  Н.Бямба-Очирын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ирсэн. Уугий гэх хүн намайг ажил хийхэд туслаад хоол унд хийгээд гал тогоо бариад өг гэсэн. Дарга нь Алтай сумын хүн байгаа гэсэн нэрийг нь мэдэхгүй. Даргатайгаа нийлээд 6 хүн  хоёр хоног ажилласан. Надаас бусад нь шигшүүр дээр ажилладаг. ...89-06 УБ гэсэн ковш ажиллаж байгаа. Нэг өдөр шороо шигшсэн ... шороогоо малтсан нүхэнд хийж газар тэгшилсэн...” гэх мэдүүлэг,

          Гэрч С.Баяртын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Манай авга ах болох Б.Амаржаргал Алтай сумын  Алтангадас багт нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл авлаа гэж хэлээд дагуулж ирсэн. Майхан хар гэх газар 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ирсэн. Амаржаргал ах болон бусад хүмүүстэй нийлээд 6 хүн байгаа. Зөвшөөрөл байгаа эсэхийг мэдэхгүй. Б.Амаржаргал шигшүүр ковш зэргийг авч ирсэн...” гэх мэдүүлэг,

           Гэрч П.Бат-эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.Ариунбаатар нөхөн сэргээлтийн эрх авчихсан хүн байгаа гээд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр очсон 16-ны өдөр гагнуур хийж өнжсөн, 17-ны өдөр шороо хийж сэгсрээд, газар тэгшлэх ажил хийсэн. С.Ариунбаатар Алтай сумын “Майхан хар”-д эвдэгдсэн талбай янзлах нөхөн сэргээлт хийх зөвшөөрөлтэй бичигтэй хүмүүс байгаа, тэр газарт очиж нөхөн сэргээлт хийнэ гээд явцгаасан. 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр С.Мөнхбат ковшоор шороо түрж, баригч шигшүүрэн дээр шороо асгаж байхад ковш эвдрээд С.Ариунбаатар, Б.Амаржаргал бид гурав Булган сум руу сэлбэг авахаар явсан юм. Сэлбэгээ аваад Алтай сумын “Майхан хар” гэдэг газар буцаад очиход цагдаагийн алба хаагчид ирчихсэн байсан ....Би 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шигшүүр төмөр, ковшид гагнуур хийсэн...” гэх мэдүүлэг,

             Гэрч  С.Ариунбаатарын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Б.Амаржаргал гэх хүн ирж уулзсан. Алтай суманд нөхөн сэргээлт хийнэ гээд Баатарсүрэн гэх хүний гарын үсэгтэй албан бичиг үзүүлсэн. Жолоочтойгоо сард 9.000.000 /есөн сая/ төгрөгөөр ажиллуулна гэсэн би зөвшөөрөөд 04 дүгээр сарын 15-ны өдөр “Хөх толгой” гэх газар ирсэн. Б.Амаржаргал гэх хүн 2019 оны 04 дүгээр сарын эхээр ирж надтай уулзсан. Б.Амаржаргал надад Ховд аймгийн Алтай сумын Тамгын газрын дарга Д.Баатарсүрэнгийн гарын үсэгтэй албан бичиг үзүүлээд Алтай сумын Алтангадас багийн нутаг “Майхан хар” гэдэг газарт нөхөн сэргээлт хийнэ гэсэн. Тэр бичгэн дээр “Алтайн хишиг говь” нөхөрлөлд Ховд аймгийн Аптай сумын Алтангадас багийн нутаг “Майхан хар” гэдэг газарт нөхөн сэргээлт хийхийг зөвшөөрөв гэсэн утгатай бичиг байсан. Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ бид гурав 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Булган сумаас Алтай сумын Алтангадас багийн нутаг “Майхан хар” гэдэг газарт миний ковшийг авч очиход Б.Амаржаргал, “Майхан хар” гэдэг газарт байж байсан. 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Бат-Эрдэнэ бид нар ковшид гагнуур хийсэн. Тэгээд маргааш нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр С.Мөнхбат ковшийг жолоодож шороо тэгшилж түрж байхад ковш эвдэрсэн. Бат-Эрдэнэ бид хоёр Булган сум руу ирж сэлбэг аваад шөнө буцаж очиход цагдаа нар ирчихсэн байсан. Б. Амаржаргал том чулууг нь ялгана гээд шигшүүрэн дээр хоёроос гурван шанага шороо асгуулсан. Би нөхөн сэргээлтийн ажил хийж байгаагүй. С.Мөнхбат ковшоор шороо түрсэн, Бат-Эрдэнэ ковшид гагнуур хийлцсэн, Бямба-Очирыг тэр газарт ажил хийлгэхээр дагуулж явсан. Энэ гуравт би Б.Амаржаргалаас авах мөнгөнөөсөө цалин болгож өгье гэж авч очсон...” гэх мэдүүлэг,

             Гэрч Б.Амарсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Алтайн хишиг говь нөхөрлөл 2018 онд 9 гишүүнтэй байгуулагдсан. Одоогоор манай нөхөрлөлд ямар нэгэн эд хөрөнгө байхгүй. Алтайн хишиг говь нөхөрлөл “Хавтаг богд” ХХК -тай Алтай сумын Алтангадас багийн нутаг “Майхан хар” гэдэг газарт эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийж гүйцэтгэх талаар гэрээ хийх талаар ярилцаж байгаад энэ компани алга болчихсон дахиж ирээгүй” гэх мэдүүлэг,

            Гэрч  С.Мөнхбатын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...С.Ариунбаатар намайг ковш бариад өг гэхээр нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр очсон. 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ковш барьж эвдэгдсэн газрыг тэгшилж, ковшоор шигшүүр лүү 3 удаа шороо хийсэн" гэх мэдүүлэг,

          Гэрч  Б.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Майхан хар гэх газарт 2019 онд нөхөн сэргээлт зарлагдаагүй, 2015, 2017 онд нөхөн сэргээлт хийх тогтоол гараад 2018 онд хүчингүй болсон. 2017 оны 60 дугаартай тогтоолоор “Хавтаг богд” ХХК-тай гэрээ байгуулсан боловч тогтоол хүчингүй болж гэрээ цуцлагдсан одоо ямар нэгэн гэрээ байхгүй” гэх мэдүүлэг,

         Гэрч  Б.Алтангэрэлийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Сумын Засаг даргын Тамгын дарга Д.Баатарсүрэнгийн албан бичгийг “Алтайн хишиг нөхөрлөл”-д би өгсөн, өөрөө төлөвлөж боловсруулсан. Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал мэдэхгүй,  Б.Амаржаргал бид хоёр ярьж байгаад тэдний нөхөрлөлийг оруулсан. Тухайн газрыг тэгшлэхдээ шороо угаасан нь буруу болоод байгаа юм шиг байна. Уг шигшүүрийг туршиж үзсэн гэсэн. Тухайн үед Цагдаагаас хүн ирвэл үзүүлэх бичиг хэрэгтэй гээд энэ бичгийг үйлдэх болсон юм” гэх мэдүүлэг,

         Гэрч Д.Баатарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Би Б.Алтангэрэлийн үүргийг биелүүлсэн. Б.Алтангэрэл уг албан бичгийг өөрөө боловсруулсан, би тамга дарж гарын үсэг зурсан, алдаа гаргасан гэдгээ мэдэж байна. Б.Алтангэрэл дарга өөрийн биеэр миний өрөөнд орж ирээд “Алтайн хишиг говь” нөхөрлөлийн нэрээр нөхөн сэргээлт хийж Засаг даргад хүлээлгэн өгөхийг мэдэгдэх тухай албан бичиг төлөвлөж орж ирсэн. Энэ ажлыг өөрөө хариуцна та энэ дээр гарын үсэг зураад тэмдгээ дар гэхээр би тэр бичиг дээр нь гарын үсэг зурж тэмдэг дарсан. Алтайн хишиг говь нөхөрлөлд Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг “Майхан хар” гэдэг газарт нөхөн сэргээлт хийх ямар нэгэн тушаал, шийдвэр захирамж гаргаагүй. Алтайн хишиг говь нөхөрлөл ямар техник, тоног төхөөрөмжөөр ямар төрлийн нөхөн сэргээлт хийж байгааг мэдээгүй”   гэх мэдүүлэг,

          Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ны захирал А.Цэнд-Аюушийн  2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн  №1-22  дугаартай шинжээчийн:

           1. Тус талбайгаас байгаль орчинд учирсан экологи –эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 933.256 төгрөг байна.

           2. Тус талбайгаас байгаль орчинд учирсан хохирол нь зөвхөн эдэлбэр газрын хохирол, газрын хэвлийн хохиролоор тооцоглож байгаа бөгөөд урьд өмнө ухагдаж эвдэгдсэн газар байсан учраас хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөгт учирсан хохирол. Ус ашиглаагүй хуурай аргаар олборлож байсан учраас усан орчинд учруулсан хохирол тооцоогүй болно... гэх дүгнэлт,

             - гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

   - хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл

   - гэрэл зургийн үзүүлэлт

   - эд зүйлд  үзлэг хийсэн тэмдэглэл,

   - тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,

   - эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, 

   - авто машин, техникийн үнэлгээ,

   - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

                Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Б.Амаржаргал нь Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг “Майхан хар” гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд нөхөн сэргээлт нэрийдлээр 89-06 УБ улсын дугаартай ковшоор хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж, хайж байгаль экологид 933.256 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч  Х.Түмэндэлгэр, гэрч Н.Бямба-Очир, С.Баярт, П.Баяр-эрдэнэ, С.Ариунбаатар, Б.Амарсайхан, С.Мөнхбат, Б.Алтангэрэл, Д.Баатарсүрэн  нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч яллагдагч, гэрч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

         Шүүгдэгч Б.Амаржаргалын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хүрээлэн байгаа орчны эсрэг “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэм хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Амаржаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Амаржаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шудрага ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохиролоо нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Х.Түмэндэлгэр ...Байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд шүүгдэгч нь байгаль экологид учирсан хохирол 933.256 төгрөгийг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт Т930 маркийн 89-06 УБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 53-23 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2 ширхэг шигшүүр, 380 вольтын мотор 2 ширхэг зэрэг эд зүйл битүүмжилсэн мөрдөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх тээврийн хэрэгсэл эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т930 маркийн 89-06 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 30.000.000 /гучин сая/ төгрөг, 1 ширхэг шигшүүрийн үнэ 63.664 /жаран гурван мянга зургаан зуун жаран дөрвөн мянган/ төгрөг, 2 ширхэг моторын үнэ 678.224 /зургаан зуун далан найман мянга хоёр зуун хорин дөрвөн/ төгрөг, 1 ширхэг гагнуурын аппаратын үнэ 116.000 /нэг зуун арван зургаан мянган/ төгрөг, нийт 30.857.888 /гучин сая найман зуун тавин долоон мянга найман зуун наян найман/ төгрөгийг шүүгдэгч Б.Амаржаргалаас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Шүүгдэгч  Б.Амаржаргал  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болгохыг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч Шамбий овогт Булдаагийн Амаржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амаржаргалыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дарван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амаржаргалд оногдуулсан 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амаржаргал нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Т930 маркийн 89-06 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 30.000.000 /гучин сая/ төгрөг, 1 ширхэг шигшүүрийн үнэ 63.664 /жаран гурван мянга зургаан зуун жаран дөрвөн мянган/ төгрөг, 2 ширхэг моторын үнэ 678.224 /зургаан зуун далан найман мянга хоёр зуун хорин дөрвөн/ төгрөг, 1 ширхэг гагнуурын аппаратын үнэ 116.000 /нэг зуун арван зургаан мянган/ төгрөг, нийт 30.857.888 /гучин сая найман зуун тавин долоон мянга найман зуун наян найман/ төгрөгийг шүүгдэгч Б.Амаржаргалаас гаргуулж улсын төсөвт оруулсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Т930 маркийн 89-06 УБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 53-23 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2 ширхэг шигшүүр, 380 вольтын мотор 2 ширхэг зэрэг эд зүйл битүүмжилсэн мөрдөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх тээврийн хэрэгсэл эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгосугай.

7. Шүүгдэгч Б.Амаржаргалд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

          8. Шүүгдэгч Б.Амаржаргал нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Амаржаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

                 

 

  

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Л.ТҮВШИНЖАРГАЛ