| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00042/Э |
| Дугаар | 154/2021/00042 |
| Огноо | 2021-11-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 154/2021/00042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Алтанцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
Шүүгдэгч М.Санат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Молхы овогт Молдавагийн Санатад холбогдох эрүүгийн 2137000000045 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны **дугаар сарын **-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Бүрэнхарйхан багт оршин суух, РД:ПБ94061312, Молхы овогт Молдавагийн Санат,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч М.Санат Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хадам дүү М.М***** эгчийгээ өмөөрлөө гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүр нь тус газар нь 1 удаа, төмсөг хэсэгт нь 3 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Санатын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…Мунарбек чиний хүүхэд дутуу төрсөн гэх мэтээр доромжилж маргалдсан. Би Мунарбекыг цохъе гэж цохиогүй, М.Мунарбекийн давсганд миний өвдөг хүрсэн байсан. Мунарбек манай эхнэрийн дүү юм. Би тухайн үед эрүүл байсан. Мунарбек намайг бас цохьсон. Би мөн нэг удаа цохьсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиогчид хохиролд 100.000 төгрөг төлсөн ” гэв.
Шүүгдэгч М.Санатын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Дэлгүүрт байгаа бараагаа зараад хүний мөнгө төгрөгийг өгсөнгүй гэж эхнэр бид хоёр маргалдаж байхад доороос 12 цагийн орчимд манай эхнэрийн дүү М.Мунарбек манай гэрт ирсэн юм. Эхнэр бид хоёр хэрэлдэж байхад надад чиний хүүхэд дутуу төрсөн. Түүнийг би мэдэж байгаа. Чи тэр дэлгүүр шиг авсаа хааж зайлуул гээд босож ирээд М.Мунарбек намайг хацар луу нэг цохисон. Би М.Мунарбекийн нүүр лүү нэг цохисон юм. Тэр хооронд М.Мунарбекийн давсаганд миний өвдөг хүрчихсэн юм шиг байгаа юм. Би мэдэхгүй байна. Бид хоёр салаад сууж байхад М.Риза гаднаас Багдат, Аянагүл нарыг дуудаж авч ирсэн байсан юм. Би цохьёо гэж бодоогүй би буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Ризагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Манай нөхөр М.Санат бид хоёр өнгөрсөн жил буюу 2020 оны зун гэр бүл болсон ба одоогийн байдлаар Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт хамт амьдарч байгаа. М.Санат нь хөдөө мал руу яваад 3 хоноод өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 09 цагийн үед гэртээ ирсэн ба гэрийн гадна байрлах торон дотор байсан тугал уяандаа орооцолдсон байсан байна. Манай нөхөр М.Санат нь тугалыг харж байсангүй, танай гэр бүлийнхэн угаасаа ийм зантай гэж манай талын хүмүүсийг хараагаад, намайг гэрээс яв гэж хөөсөн. Тухайн үед би “нялх хүүхэдтэй болохоор гадуур ажил хийж амжихгүй байна” гэх зэргээр хэлээд бид хоёрын хооронд жоохон хэрүүл маргаан болсон. Тухайн үед би “бусад хүмүүс эхнэрээ аймар хайрлаж байна, чи тэгэж чадахгүй байна” гэж хэлэхэд М.Санат нь миний толгой, нүүрэн хэсэгт нударгаараа 2 удаа хүчтэй цохьсон ба миний хамарнаас цус гарсан байсан. Тэгээд би цонхоор харахад манай дүү М.Мунарбек нь манай гэр лүү ирж байхаар нь би гялс нүүр, гараа угаасан ба орж ирээд чи яагаад уйлаад байгаа юм вэ? гэхээр нь болсон асуудлыг хэлж өгсөн. Тухайн үед би манай дүү М.Мунарбек нь манай нөхөр М.Санатад манай эгчийг яагаад зодсон вэ? гэхэд “танай эгч чинь гэрт ажил хийхгүй байна, аргал түүхгүй байна, бэлэн мөнгөөр тансаглаад байгаад байна” гэх зэргээр хэлээд манай дүү М.Мунарбекийг 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед би айгаад хөрш Багдат, бэр эгч Айгул, ах Ерген нарыг дуудсан ба манай гэрт ирсэн ба М.Санат нь М.Ризаг аваад яваарай гэхээр нь би тэр хүмүүсийн хамт нялх хүүхдээ аваад яваад өгсөн. Болсон асуудал энэ болно...” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Мунарбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би Ховд аймгийн Үенч сумаас Булган сумд орж ирээд хүргэн ах М.Санатын гэрт мотоциклоо үлдээгээд ахынхаа гэрлүү явсан юм. Маргааш нь 12 цагийн орчимд байх цаг хараагүй мотоциклоо авах гээд хүргэн ах М.Санатын гэрт ирэхэд манай эгч М.Риза уйлсан хүргэн ахтай маргалдсан байдалтай байсан. М.Санат манай эгчид чи дэлгүүр ажиллуулж чадахгүй намайг дампууруулсан гэж хэл амаар доромжилхоор нь би хүргэн ах М.Санатад та тэгвэл дэлгүүр хоршоогоо өөрөө авч ажиллуулаад түлхүүрийг нь авчих гэж хэлсэн чинь чи юу гээд байгаа юм бэ гэж хэлээд босч ирээд миний бэлэг эрхтэн рүү 2 удаа өшгөлсөн бэлэг эрхтэн өвдөөд доошоо суух үед зүүн нүд рүү 1 удаа цохисон юм. Тэгээд би босч ирээд М.Санатыг түлхээд чамтай зодолдохгүй цагдаад мэдэгдэнэ гэж хэлсэн чинь цааш очоод суусан юм. Тэгж байхад гаднаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд зодолдож болохгүй та нар боль гээд гарсан...” гэх мэдүүлэг,
Гэрч М.Ризагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэгэхэээр нь хамрынхаа цусыг угаагаад гэртээ орж ирээд байж байхад араас манай дүү М.Мунарбек орж ирээд надруу харчхаад та хоёр бас маргалдсан юм уу? юу болсон юм бэ? Гэхэд М.Санат манай дүүд танай эгч ажил хийж чадахгүй олж ирсэн мөнгийг цацаад сууж байдаг. Дэлгүүр ажиллуул гээд 5 сая төгрөг өгсөн чинь эргүүлж чадахгүй ямар ч орлогогүй мөнгө төгрөгийг үрээд дуусгасан байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь М.Мунарбек тэгвэл чи дэлгүүрээ өөрөө аваад ажлуулаад ашиг ол түлхүүрийн авчих гэж хэлсэн юм. Тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад М.Санат босоод гараараа М.Мунарбекийн зүүн нүд рүү цохиод доороос нь төмсөг рүү нь 2-3 удаа өшиглөсөн юм. Тэгэхээр нь би гүйж гараад хөрш айлын Багдат, Аянагүль нарыг дуудсан...” гэх мэдүүлэг,
Гэрч М.Эргэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд удалгүй манай ээж надруу Үенч сумын Цагаантүнгэ гэх газраас залгаад хүргэн М.Санат нь М.Мунарбек, М.Риза нарыг зодсон байна гэж хэлэхээр нь би М.Санатын гэрт очиход М.Мунарбек, М.Риза хоёр гэртээ байсан ба хүргэн М.Санат гадаа тороо янзлаад явж байсан юм. Би хүргэн М.Санатыг дуудаад гэрт нь орж суугаад яагаад маргалдаад байгаа учрыг ольё гээд ярихад М.Санат манай дүү М.Риза нар хоорондоо маргалдаж, М.Санат би М.Ризагаас сална гэрийн ажил хийдэггүй гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Аянагүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн орчимд нөхөр А.Багдат бид сумын төв орох гээд гадаа гарахад М.Риза гэрээсээ гарч ирээд намайг дуудахаар нь юм захих гэж байгаа юм байна гэж бодоод нөхөр бид хоёр гэрт нь ороход М.Риза, М.Санат, М.Мунарбек нар сууж байсан юм. Бид нарыг ороход М.Риза нөхөр болох М.Санат нар хоорондоо маргалдсан байдалтай байсан ба бид нар больцгоо гэж хэлээд яарч явсан учир гараад явсан юм...” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Ризагийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цэндхүүгийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 650 дугаартай шинжээчийн:
Хохирогч М.Мунарбекийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 651 дугаартай шинжээчийн:
1. М.Мунарбекийн биед зүүн төмсөгний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн гуяны дотор дээд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. М.Мунарбекийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой
3.М.Мунарбекийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой
4. М.Мунарбекийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
5. М.Мунарбекийн Х биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэх шинжээчийн дүгнэлт,
М.Санатын биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 661 дугаартай шинжээчийн:
1.М.Санатын биед гэмтэл тогтоогдсонгүй ... гэх шинжээчийн дүгнэлт
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Санат нь Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хадам дүү М.Мунарбектэй эгчийгээ өмөөрлөө гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь 1 удаа, төмсөг хэсэгт нь 3 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 651 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас М.Санатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Санат нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 33 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр танилцуулсан байна. Шүүгдэгч М.Санат нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдууллаа.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.Санат нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч М.Санатад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Молхы овогт Молдавагийн Санатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Санатыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Санатад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Санат нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Санатад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Шүүгдэгч М.Санат нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч М.Санатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ