Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 154/2021/00045

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Алтанцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр,

Шүүгдэгч Х.Балдандаш нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хөх маньдарь овогт Хамбийн Балдандашид холбогдох эрүүгийн 2137000460044 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төрийн өмчит Шим ус ХХК-ны слесарь ажилтай, ам бүл *, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Алтай сумын Тахилт багт оршин суух, РД************, ********ь овогт Хамбийн Балдандаш,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

           Шүүгдэгч Х.Балдандаш нь Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт  2021  оны 08 дугаар сарын  31-ний  өдөр  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Онолбаатартай маргалдаж заамдалцаж улмаар Алтай сумын цагдаа Г.Батболд салгах гэж дундуур нь орох үед Ц.Онолбаатарыг эргүүлэн тавьсаны улмаас хойш савж цемент нь дээр унаж баруун талд дагз яснаас суурь яс руу орсон хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнд цус хуралт, тус хэсгийн няцрал бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Х.Балдандаш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Бид 2-т маргалдах шалтгаан байгаагүй. Намайг алхаад явж байтал Х.Балдандаш машинаас бууж ирээд намайг заадмаад боохоор нь би буцаагаад боосон. Цагдаа ирээд бид хоёрын дундуур ороход бид хоёр салсан. Тэр үед Онолбаатар унасан байсан. Онолбаатар их согтуу байсан. Би бага зэрэг согтуу байсан боловч үйлдлээ сайн мэдэж байсан. Надаас хохирол төлсөр нэхэмжлээгүй. Би болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Х.Балдандашын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би дэлгүүрүүдийн үүдээр дээш хараад алхаж явахад Д.Батзулын хар хөх өнгийн суудлын машин ирж миний хажууд зогсоод Есөнцагаан ах бууж ирэхээр нь тэр хүнтэй мэндлээд зогсож байхад машины арын суудлаас Ц.Онолбаатар бууж ирээд чамайг алчихсан ч яадаг юм надад хууль үйлчлэхгүй гээд намайг барьж аваад боосон би урдаас нь заамдаж барьж аваад зогсож байхад дэлгүүрээс цагдаа гарч ирээд бид хоёрыг тавь гээд салгах гээд явж байхад бид хоёр хоёр тийш салах үеэр Ц.Онолбаатар хойш саваад дэлгүүрийн үүдний цементэнд толгойгоороо саваад уначихсан. Би айсандаа миний ах яасан бэ? гэхэд ямар нэг зүйл яриагүй, амьсгаадаад байхаар нь эмнэлэгт авч очиж шингэн хийлгээд гайгүй болохоор нь гэрт нь авч очиж өгсөн юм...” гэх мэдүүлэг,

Хохирогч  Ц.Онолбаатарын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр би гэртээ нэг шил Соёрхол нэртэй 0.5 литрийн архи уугаад 12 цагийн орчимд байх цаг хараагүй, дэлгүүрээс юм авахаар гараад дэлгүүрийнхээ үүдэнд зогсож байхад Есөнцагаан, Баньд нар ирж намайг дагуулж гол гараад нэг шил архи уусан. Тухайн архийг дуусгасан эсэхийн мэдэхгүй байна. Тэгээд тамхи дууссан байсан болохоор тамхи авахаар сумын төв орж ирээд Отгоогийн дэлгүүрийн үүдэнд ирж Х.Балдандаштай маргалдаж барилцаж авснаа мэдэж байна. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй байна. Надад гаргаж өгөх хохирлын баримт байхгүй, нэхэмжпэх зүйл байхгүй. гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

Э.Мишээлийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би дэлгүүрээс гарч байхад X.Балдандаш Ц.Онолбаатарыг дэлгүүрийн хананд шахсан байсныг эргүүлээд тавихад Ц.Онолбаатар хойшоо савж цементенд толгойгоороо унасан. Миний харснаар Х.Балдандаш нь Ц.Онолбаатарыг боож тавихдаа үл ялиг түлхсэн үү эсвэл тавьсан байдал нь тэгж харагдсан уу сайн мэдэхгүй байна. Би Ц.Онолбаатарын араас харсан юм. Түүнээс биш хүчтэй түлхээд унагаасан асуудал байгаагүй. Урьд мэдүүлэг өгөхдөө ч үүнийг тайлбарлаж өгсөн юм. Мэдүүлэгт бичихдээ түлхэж унагаасан байдлаар буруу бичигдсэн байна...” гэх мэдүүлэг,

           Г.Батболдын  мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Намайг дэлгүүрээс гарч ирэхэд Ц.Онолбаатар, Х.Балдандаш нар барилцаж заамдалцаад маргаад зогсож байсан би очиж больцгоо гээд дундуур нь орж салгахад салахгүй Х.Балдандаш нь Ц.Онолбаатарыг дэлгүүрийн ханаруу шахаад хоолойг нь боосон байсан. Тэгтэл Ц.Онолбаатарын боогдсон шархирсан дуу гарахаар наад хүн чинь боогдсон байна гэж хэлэхэд дэлгүүрээс хөндийрүүлээд эргүүлээд тавихад Ц.Онолбаатар арагшаа саваад унасан юм...” гэх мэдүүлэг,

           О.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Манай нөхөр болох Ц.Онолбаатар, Балдандаш хоёр 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт Отгоон дэлгүүрийн доод талд маргалдаж улмаар манай нөхрийг боож унагаан биед халдсан. Тухайн өдөр манай нөхөр ухаан алдаж сумын эмнэлэгт хүргэгдэж сумын эмнэлэгт анхан шатны эмчилгээ хийлгүүлж байгаад 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Ховд аймгийн БОЭТ-ын эмнэлэгт үзүүлэхэд манай нөхрийн гавлын яс хэёр талдаа цуурсан цус хуралттай байна гээд тархиндаа эмчилгээ хийлгэхээр БОЭТ-ийн гэмтлийн тасагт 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хэвтэн эмчлүүлж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр эмнэлгээс гаран Алтай суманд байх гэртээ ирсэн. Сумын хүмүүс нэгнээ танина нөхрөө гайгүй байх гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаагүй. Сүүлд аймгийн эмнэлэгт очиж үзүүлэхэд манай нөхрийн гавлын яс хоёр талдаа цус хуралттай байна гэхээр нь цагдаагийн байгууллагад хандах болсон. Би дэлгүүрээсээ гараад ирэхэд хүмүүс бөөгнөрсөн байхаар нь яваад очтол манай нөхөр газар унасан байсан. Тэгээд эмнэлэгт дуудлага өгч хамт очиж эмчилгээ хийлгүүлсэн. Манай нөхөр бол нэлээн согтуу байсан. Х.Балдангаас архи үнэртэж байсан. Манай нөхөр Есөнцагаан, Банди хоёртой хамт гол дээр архи уусан гэж өөрөө надад хэлж байсан...” гэх мэдүүлэг,

         Д.Батзулын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Тэгээд бид гурав хамт яваад Отгоон дэлгүүр дээр зогстол Есөнцагаан орж нэг шил гадаад нэртэй бор өнгийн 0.7 литрийн шилтэй архи авч гарж ирсэн. Тэрийн аваад гол гарч Онолбаатар, Есөнцагаан хоёр уусан би машин барьж байна гэж хэлээд уугаагүй. Тухайн авч явсан архи ууж байтал тамхи дуусаад Отгоон дэлгүүрээс тамхи авах гээд буцаад сумын төв орж ирээд дэлгүүрийн үүдэнд зогстол Х.Балдандаш доод талаас ирж байсан. Отгоон дэлгүүрийн урд Есөнцагаан Балдандаш нар мэнд мэдээд байх шиг байсан. Ярьсан яриаг нь сонсогдоогүй. Тэгээд Есөнцагаан дэлгүүр ортол Онолбаатар машин дотроос буугаад Балдандаштай маргалдах шиг болсон би машин дотор байсан болохоор ярьсан яриаг нь сонсож чадаагүй нэг мэдсэн Онолбаатар, Балдандаш нар нэгнээ боосон цагдаа ирээд салгаад зогсож байсан. Цагдаа салгаж байтал Онолбаатар ухаан алдаад унаад өгсөн. Тэгэхээр нь сумын цагдаа эмнэлэгт мэдэгдээд сумын эмч нар ирээд аваад явсан. Түлхсэн эсэхийг мэдэхгүй байна. Цагдаа салгаж байх шиг байсан салгаж байтал Онолбаатар газар унаад өгсөн. Тэгээд тэр хоёр салсан. Онолбаатар Есөнцагаан бид хоёртой уулзахдаа согтуу байсан хэнтэй архи уусан талаар мэдэхгүй байна. Онолбаатар цементн шалан дээр унасан...” гэх мэдүүлэг,

           Б.Есөнцагааны мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: ...Батзулын машинаас буутал Балдандаш таараад мэнд ус мэдчихээд Отгоон дэлгүүр орж тамхи авчхаад гараад иртэл Онолбаатар газар унасан байсан. Тэгээд юу болов яав гэсэн чинь боогоод унагаачихлаа гэсэн. Тэгээд манай сумын цагдаа эмнэлэг дуудаад эмч нар ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг,

            Б.Батбулганы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: ...Ц.Онолбаатар нь манай тасагт 2021 оны 9 дүгээр сарын эхээр ирсэн бөгөөд ирэх үедээ толгой хүчтэй өвдөлттэй, дотор муухайрсан, хааяа бөөлжсөн зовууртай ирсэн. Тухайн хүнд толгойн компьютер томографын шинжилгээ хийхэд дагз ясны битүү хугарал, зүүн тал бөмбөлгийн духан дэлбэнгийн тархины эдийн няцрал гэсэн оноштой байсан. Эмчилгээний үр дүнд биеийн байдал сайжирсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Онолбаатарын биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Цэндхүүгийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 531 дугаартай шинжээчийн:

         1.Ц.Онолбаатарын биед гэмтэл учирсан байна.

         2.Ц.Онолбаатарын биед баруун талд дагз яснаас суурь яс руу орсон хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнд цус хуралт, тус хэсгийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна.

         3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

         4. Ц.Онолбаатарын биед учирсан дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

- хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,

- гэрэл зургийн үзүүүлэлт,

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

            Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Х.Балдандашын дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр  учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх ба Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Х.Балдандашийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч  Х.Балдандаш нь нь Ховд аймгийн Алтай  сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт  2021  оны 08 дугаар сарын  31-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Онолбаатартай маргалдаж заамдалцаж улмаар Алтай сумын цагдаа Г.Батболд салгах гэж дундуур нь орох үед Ц.Онолбаатарыг эргүүлэн тавьсаны улмаас хойш савж цемент нь дээр унаж баруун талд дагз яснаас суурь яс руу орсон хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнд цус хуралт, тус хэсгийн няцрал бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан бөгөөд уг гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 15ы өдрийн 531 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тус хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч, хохирогч нар хэн аль нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь тухайн үед хувийн таарамжгүй харилцаа үүсэх нөхцөл болсон байх ба согтуурсан нь гэмт хэрэг гарах шалтгаан болжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Х.Балдандаш нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 35 дугаар тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр танилцуулж шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Шүүгдэгч Х.Балдандаш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, сонсгосон ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Балдандаш нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч  Х.Балдандашид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Хөх маньдарь овогт Хамбийн Балдандашийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол  болгоомжгүйгээр  учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Х.Балгандашид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 25-д зааснаар шүүгдэгч Х.Балдандашид шүүхээс тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч  Х.Балдандашид тайлбарласугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.   

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

                                                                                                     

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Л.ТҮВШИНЖАРГАЛ