| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2017/00383/И |
| Дугаар | 383 |
| Огноо | 2017-08-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 383
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Д.Наранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,Д.Наранчимэгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн Яруу сумын Зүйл багт оршин суух Алаг адуун овогт Дансранжавын Наранчимэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983- 1990 онд Завхан аймгийн Яруу сумын Яруу-Алдар нэгдлийн Зүйл бригадад мал маллаж байсан. Одоо миний бие тэтгэвэрт гарах нас болсон тул миний ажилласан жилүүдийг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. 1983 оны 01-р сарын 01-нээс 1990 оны 12-р срын 31-ний өдрийг дуустал Яруу сумын Яруу алдар нэгдлийн Зүйл бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. 1985 онд айл гэр болоод нэгдлийн мал маллаж байгаад одоог хүртэл хувийн малаа маллаж байна. Гэр бүл болоод адуу, үхэр малласан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Д.Наранчимэг нь 1983 оны 01-р сарын 01-нээс 1990 оны 12-р срын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Д.Наранчимэг хэдийгээр 1983 оны 01 дүгээр сарын 01-нээс ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн боловч 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 16 хүрч бие даан хөдөлмөр эрхлэх боломжтой тул түүний ажиллаж эхэлсэн хугацааг энэ өдрөөс эхлэн тогтоох нь зүйтэй.
Д.Наранчимэг 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Яруу сумын Яруу-Алдар нэгдлийн Зүйл бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нээлгэж 1985 оноос 1989 оныг дуустал ажиллаж байсан талаар бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/122, 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/803 дугаартай лавлагаануудаар тус тус нотлогдож байна.
Энэ талаар мэдүүлсэн гэрч Н.Мунын ... Намайг 1983 онд Ховдын ХАА-н техникумын малын эмчийн анги төгсөөд Завхан аймгийн Яруу сумын Яруу-Алдар нэгдлийн Зүйл бригадад малын эмчээр ирэхэд Наранчимэг ээжтэйгээ Зүйл бригадад мал маллаж байсан. Тэгээд хувьчлал тартал нэгдлийн мал маллаж байгаад одоо хувийнхаа малыг маллаж байгаа. Ээжтэйгээ нэгдлийн хонь хариулдаг байсан. 1985 онд хүнтэй суугаад нэгдлийн үхэр малласан. Нөхөр адуу маллаж байсан... гэсэн,
гэрч Т.Доржбалын ... Наранчимэг аав ээжтэйгээ мал маллаж байгаад 1985 1986 оны үед нөхөртэйгөө гэр бүл болоод мөн мал малласан. Завхан аймгийн Яруу сумын Яруу-Алдар нэгдлийн Зүйл бригадад мал малладаг байсан. Би 1984 онд цэргээс халагдаж ирсэн. Тэгэхэд ээж аавтайгаа мал маллаж байсан. Нөхөр Эрдэнэбат нь манай дээд талын ангид байсан. Би тэр үед аав ээжтэйгээ мал маллаж байсан. 3-р анги төгссөн л байх тэрнээс хойш л дандаа хөдөө байдаг байсан. 1990 онд хувьчлал болоод 1991 онд эднийх нэгдлийн адуугаа тарааж байсан. Тэгэхээр 1992 он гэхэд малаа тарааж дууссан байх. Тэрнээс хойш хувийнхаа малыг одоо хүртэл маллаж байна. Аав ээжтэйгээ байхдаа дандаа бог мал голдуу маллаж байсан. Эрдэнэбаттай суугаад үхэр адуу л хариулсан. Зунд нь гүү барьдаг л байсан ... гэсэн,
гэрч С.Дашдоржийн ...Завхан аймгийн Яруу сумын Яруу-Алдар нэгдлийн Зүйл бригадад бага наснаасаа аав ээжийнхамт мал малласан. Эхлээд эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1985 онд Эрдэнэбат гэдэг хүнтэй суугаад Яруу сумын Зүйл бригаддаа мал малласан. Аав ээжтэйгээ хамт амьдарч байхдаа ямаа голдуу бог мал малладаг байсан. Эрдэнэбаттай суугаад эднийх нэгдлийн адуу маллаж байсан. Олон үхэр нэг хэсэг маллаж байсан. Хувьчлал тартал нэгдлийн мал маллаж байгаад одоо болтол хувийн малаа маллаж байгаа... гэсэн мэдүүлгүүдээр Д.Наранчимэгийн ажиллаж байсан нь давхар нотлогдож байна.
Хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгч Дансранжавын Наранчимэгийг 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Яруу сумын Яруу-Алдар нэгдлийн Зүйл бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ