Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 384

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Я.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Я.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдэлд 1978 оны 01-р сарын 01-нээс эхлэн эцэг, эхийн хамт мал малласан. Би 1979 оны 06-р сарын 20-ны өдөр хүртэл мал маллаж байгаад хугацаат цэргийн албанд явсан юм. Цэргээс 1982 оны 06-р сарын сүүлээр халагдаж ирээд мөн нэгдэлдээ 1990 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл мал малласан. Би мал маллахаас өөр ажил хийгээгүй.

Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Я.******* 1978 оны 01 дүгээр сарын 01-нээс 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1982 оны 06 дугаар сарын 20-ноос 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдэлд мал маллаж байсан болох нь аймгийн архивын тасгийн 2017 оны 01-р сарын 30-ны өдрийн А/121, 2017 оны 07-р сарын 09-ний өдрийн А/802 тоот лавлагаа, он, сар, өдөр дугааргүй, 1985 оноос 1989 он хүртэл бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичиг баримтаар нотлогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч С.*******ийн ...******* бид хоёр ******* сумын сургуулийн 8 дугаар ангийг 1977 онд цуг төгссөн. Би Тэсийн тэжээлийн аж ахуйд ажилладаг байсан болохоор байнга наашаа цаашаа явдаг байсан. Тэр үед ******* ******* сумын *******-Алдар нэгдлийн ******* бригадад мал малладаг байсан. ******* 1977 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр гарч мал маллаж байгаад 1979 онд цэргийн албанд явсан. 1982 онд цэргийн албанаас халагдаж ирээд мөн сумын *******-Алдар нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан. 1992 онд хувьчлал тарах үед ******* адуучин байсан. Түүнээс хойш өдийг хүртэл мал маллаж байгаа... гэсэн,

гэрч Т.*******ын ...Я.*******ыг хүүхэд байхаас нь мэднэ. ******* сумын *******ийн бригадад төрсөн. 1969 онд нэгдүгээр ангид ороод 1977 онд 8 дугаар анги төгсөөд 1979 онд цэргийн албанд яваад 1982 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. 1982 оноос хойш л ******* сумын *******-Алдар нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан. Үхэр, адуу ихэнхдээ малладаг байсан. Сүүлийн үед түрээсийн бог мал малладаг байсан.... гэсэн,

гэрч Н.******* ...Я.******* бид хоёр ******* сумын сургуулийн 8 дугаар ангийг 1977 онд цуг төгссөн. Тэгээд 8-р ангиа төгсөөд Я.******* илгээлтээр мал малласан. Би Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумд суралцахаар явсан. 1979 онд Я.******* цэрэгт явсан. 1982 онд цэргийн албанаас халагдаж ирээд ******* сумын *******-Алдар нэгдлийн ******* бригадад мал малласан.Би 1983 онд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг төгсөөд ******* сумын ******* бригадад малын эмчээр ирсэн. Тэр үед Я.******* аав *******, ээжийн хамт мал маллаж байсан. 1992 онд нэгдэл тарах хүртэл мал малласан... гэсэн мэдүүлгүүдээр Я.*******ын ажиллаж байсан байдал нь давхар нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******ыг 1978 оны 01 дүгээр сарын 01-нээс 1979 оны 06 дугаар сарын 11-н хүртэл, 1982 оны 06 дугаар сарын 20-ноос 1990 оны 12 дугаар сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Я.*******ынулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ   Т.БАЛЖИННЯМ