| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2021/00037/Э |
| Дугаар | 154/2021/00039 |
| Огноо | 2021-10-22 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 154/2021/00039
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа
Улсын яллагч Э.Алтанцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр
Шүүгдэгч Ц.Зоригт-Од нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Цэрэндоржийн Зоригт-Одод холбогдох эрүүгийн 2137000420037 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, РД:ПБ90062075, Сартуул овогт Цэрэндоржийн Зоригт-Од
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ц.Зоригт-Од нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Өлзийсайхантай маргалдах явцдаа чулуу шидсэний улмаас иргэн Г.Өлзийбадрахын толгойн тус газар цохиж болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Зоригт-Од шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн одоо мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Зоригт-Одын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: Би 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хадланд явж байтал манай найз Шаамаа замд таараад 1 том пиво хувааж уугаад салсан. Би Баянгол багийн “Зуух” гэх нэртэй газар очих байсан бөгөөд ганцаараа явж байтал зам дээр 4 залуу зогсож байсан. Тэгэхээр нь зогсоод юм ярьж байгаад Г.Өлзийсайхантай маргалдсан. Гэтэл Г.Өлзийсайхан намайг үүрээд шидэхээр нь би араас нь уурандаа нэг чулуу аваад шидтэл цаана мотоцикль дээр сууж байсан Г.Өлзийсайханы ахын толгойд нөгөө чулуу очиж туссан. Тэгэхээр нь би өөрийн машинаар нөгөө залууг авч ирээд оёдол тавиулж эмнэлэгт хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Өлзийбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хадлан хийж байгаад “Ягш” гэх газарт нутгийн хоёр залуутай таараад юм яриад зогсож байтал цагаан машинтай Ц.Зоригт-Од гэж залуу согтуу ирсэн. Ирээд манай дүү рүү янз бүрийн юм ярьж, цохиж авч байгаад гэнэт чулуу шидсэн. Би тэр үед мотоцикль дээр сууж байсан бөгөөд дүүгийн араас шидсэн чулуу миний толгойд ирж туссан. Тэр үед би ухаангүй болсон бөгөөд эмнэлэг дээр ухаан орсон. Миний толгойн гавлын яс цөмөрч тархи гэмтсэн байгаа. Одоо бол баруун гарын хоёр хуруу сайн мэдээ орохгүй байдалтай байж байна. Би эмчилгээ хийлгэсэн зардал болон цаашид гарах зардлаа нөхөн төлүүлж авах хүсэлтэй байна. Одоо би дахин Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэх гэхээр мөнгө төгрөгний асуудлаас болоод явж чадахгүй байж байна” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Өлзийсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Булган сумын Баянгол багийн нутагт байрлах өөрийн торноос ах Г.Өлзийбадрахын хамт хадлан хийж байгаад орой 19 цагийн үед ахын хамт сумын төв рүү явсан. Сум явах замдаа зүс таних 2 залуутай таарсан бөгөөд зогсоод уулзсан. Биднийг уулзаж байх үед нэг цагаан өнгийн машин ирсэн. Машинаас Зоригт гэх залуу цонхоо нээгээд намайг дуудахаар нь би очоод ах сайн уу? Хаашаа явж байгаа юм гэсэн чинь чи намайг зодох юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар нэгэн юм хэлээгүй, гэтэл машинаас бууж ирээд Зоригт намайг гөлөг энэ тэр гээд дайраад байхаар нь би тэврээд ах харьж амар гэсэн чинь чи надад заадаг хэн юм тавь гэхээр нь би холдсон. Гэтэл гэнэт Зоригт намайг цээжин хэсэг рүү цохиод авахаар нь би хойш нь хүчтэй таттал хойш миний хөлд тээгэлдээд унасан. Тэр үед чи эхэллээ шүү гээд газраас чулуу авахаар нь би шууд зугтсан. Гэтэл миний араас шидсэн чулуу мотоцикль дээр сууж байсан манай ахын толгой хэсэгт туссан. Тэр үед Зоригт дахин чулуу аваад миний араас 2 чулуу шидсэн тэр үед ах бид хоёртой уулзаад зогсож байсан хоёр залуугийн нэг нь очоод Зоригтыг тэвэрч авсан. Нөгөө залуу нь манай ах дээр очоод та хүн алчихлаа гээд орилтол Зоригт гэнэт ухаан орох шиг болоод ах руу очсон. Би мөн ах дээр очтол ах ухаантай байсан боловч өөрийгөө удирдаж явах чадваргүй болсон толгой хэсгээс цус их гарч байсан. Тэгэхээр нь Зоригт бид хоёр ахыг дундаа өргөж Зоригтын машины арын суудал дээр хэвтүүлж сумын төвийн эмнэлэгт авч ирсэн. Эмнэлэгт ирээд ахын толгойд оёдол тавьж хэвтүүлсэн. Би тухайн үед нэг нутгийн таньдаг хүмүүс учир гайгүй байх гэж бодоод цагдаад хандаагүй Зоригт өөрөө мөн цагдаад хэлж хэрэггүй гэхээр нь байж байсан. Бид нар дээр ирэхэд маш их согтуу байсан бөгөөд ганцаараа ирсэн. Надад ямар нэгэн гэмтсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Энхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хадланд орж ирсэн бөгөөд Үенч сум орж бензин аваад буцаад хадлан хийж байгаа газарлуугаа явж байтал манай нутгийн Заагий гэх ахтай таарсан. Би ахтай уулзаад мэнд ус болоод зогсож байтал энэ зодуулдаг залуу дүүгийн хамт бид 2 дээр ирсэн. Тэгээд бид дөрвүүлээ болоод 5 орчим минут хадлан тарианы талаар ярьж байтал нэг цагаан машинтай нэг ах ирж зогсоод цонхоо нээгээд нөгөө толгойдоо цохиулдаг ахыг таньдаг бололтой юм ярьж байгаад дүүтэй нь маргалдаж эхэлсэн. Дүү нь зүгээр байж байтал нөгөө машинтай залуу машинаасаа бууж ирээд хэд хэдэн удаа цохисон тэр үед би мотоциклийн доор юм хийж байтал тас гэх чимээ гарсан. Эргээд хартал нөгөө мотоцикл дээр сууж байсан ахыг цагаан машинтай ирсэн ах чулуугаар толгой хэсэгт нь цохисон байсан бөгөөд цус их гарч байсан. Гэтэл цагаан машинтай цохисон залуу дүүтэй нь нөгөө ахыг машиндаа суулгаад яваад өгсөн учир би цааш хадлан хийх газарлуугаа явсан. Өөр ямар нэг юм болоогүй. Би тэр хүнийг танихгүй тэр залуу нээх их согтуу биш гайгүй байсан. Толгой хэсэгтээ цохиулсан ах дүүгийн хамт эрүүл байсан. Зогсоод уулзаад зогсож байхад хадуурын бензин авах гээд явж байна гэж хэлж байсан. Бид дөрвөөс өөр хүн байгаагүй. Би жинхэнэ нэрийн мэдэхгүй байна. Манай сумын малчин ах байгаа юм...” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Өлзийбадрахын биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Оргилболдын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 544 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Г.Өлзийбадрахын биед гавлын ясны зүүн талын цөмөрсөн хугарал, зүүн талын нүдний ухархайн зөрөөтэй хугарал, их тархины зулай, дагзны дэлбэнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байна.
3. Тухайн гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна" гэх шинжээчийн дүгнэлт,
- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Зоригт-Од нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Өлзийсайхантай маргалдах явцдаа чулуу шидсэний улмаас иргэн Г.Өлзийбадрахын толгойн тус газар цохиж, болгоомжгүй үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон болох нь хохирогч Г.Өлзийбадрах, гэрч Г.Өлзийсайхан, Д.Энхтүвшин нарын мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Оргилболдын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 544 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Зоригт-Од нь иргэн Г.Өлзийсайхантай маргалдах явцдаа чулуу шидсэний улмаас хохирогч Г.Өлзийбадрахын биед гавлын ясны зүүн талын цөмөрсөн хугарал, зүүн талын нүдний ухархайн зөрөөтэй хугарал, их тархины зулай, дагзны дэлбэнгийн цус хуралт гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 544 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Ц.Зоригт-Одыг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Ц.Зоригт-Одын үйлдлийн улмаас хохирогч Г.Өлзийбадрахын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба тэрээр эмчилгээний зардалд 9828000 төгрөг нэхэмжлэх боловч холбогдох баримтыг хэрэгт болон шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх түүний нэхэмжлэлийг энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Өлзийбадрах нь түүнд 3000000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд хохирогч Г.Өлзийбадрах нь өөрийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбоотой 6828000 төгрөгийн эмчилгээний болон бусад зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ц.Зоригт-Одоос нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.
Шүүгдэгч Г.Өлзийбадрах нь хохирогчийн нэхэмжилж буй үлдэгдэл 6.828.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт “Одоо 6.828.000 төгрөг нэхэмжилж байгаа. Би өөрийн зүгээс 3.000.000 төгрөг өгсөн. Би хохирлыг нь төлж барагдуулна“ гэж мэдүүлсэн ба түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Зоригт-Од нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ц.Зоригт-Од нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн боломжоор нөхөн төлсөн ба бусад хохирлыг төлж барагдуулахаар хохирогчтой тохиролцсон, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон ба Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 31 тоот тогтоолоор яллагдагч Ц.Зоригт-Одод холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч Ц.Зоригт-Од зөвшөөрсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд түүнд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдууллаа.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Зоригт-Од нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч Ц.Зоригт-Одод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овогт Цэрэндоржийн Зоригт-Одыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Зоригт-Одыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зоригт-Одод оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Зоригт-Од нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Зоригт-Одод оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Өлзийбадрах нь өөрт учирсан хүнд хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ц.Зоригт-Одоос нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Шүүгдэгч Ц.Зоригт-Од нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн эмчилгээний зардалд 3.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Зоригт-Одод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ