Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 154/2021/00043

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч  Б.Оюунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр

Шүүгдэгч Д.Сайнжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаачин овогт Дэмбэрэлийн Сайнжаргалд холбогдох эрүүгийн 2137000000049 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1960 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-*, эхнэр, * хүүхдийн хамт Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багт оршин суудаг, РД: ***********, Ямаачин овогт Дэмбэрэлийн Сайнжаргал,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

           Шүүгдэгч Д.Сайнжаргал нь 2021 оны 10 дугаар 23-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар Ховд аймгийн Үенч сумын Цагаан түнгэ багийн нутаг “Гангын хар” гэх газарт приус -11 маркийн өөрийн эзэмшлийн 85-88 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 /а/-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3-д “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх, буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” мөн дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмүүдийн заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Н.Отгонхишигийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Сайнжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн одоо мэдүүлэг өгөхгүй” гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Д.Сайнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг дэвсгэрээс үүр цайж байхад Н.Отгонхишиг, Н.Банзрагч нарын хамт өөрийн 85-88 УНЗ улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгсэлтэй гараад Үенч сумын төвд орж ирээд архи ууж байгаад Үенч, Алтай сумын завсар хөдөө нэг айлд очоод буцаад засмал замаар Үенч сум руу явж байх замд км цагаа харахад 50 км цагийн хурдтай явж байхаар хаазнаас хөлөө автал км цаг өсөж 51-54 болсон. Тэр үед огцом тооромз дарах шиг болсон. Тэгээд онхолдчихсон юм...” гэх мэдүүлэг,

 Хохирогч Н.Отгонхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Цагаантүнгэ гэх газраас Д.Сайнжаргалын машинтай ах Н.Банзрагчийн хамт Үенч суманд ирсэн. Н.Банзрагч сумын төвөөс 2 шил архи авсан. Би Д.Сайнжаргалд 0.5 литрийн лаазтай пиво авч өгөөд Цагаантүнгэ багт байх нэг айлд очоод буцсан. Буцах замдаа гурвуулаа 2 шил архи уугаад явж байгаад нэг мэдэхэд онхолдсон байсан. Д.Сайнжаргал өөрөө машинаа барьж явсан. Би урд талын хажууд сууж явсан, Н.Банзрагч арын суудалд сууж явсан. Хагалгаа хийлгэж эмнэлэгт хэвтсэн 850.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, 

Гэрч Н.Банзрагчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үүр цайж байхад 5-6 цагийн орчимд байх Ховд аймгийн Үенч сумын Цагаан түнгэ багийн нутаг дэвсгэрээс Д.Сайнжаргал 85-88 УНЗ улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгсэлд дүү Н.Отгонхишиг, бид хоёр суугаад нүүх шатахуун авах гээд Үенч сумын төвд 06 цагийн орчимд ирсэн. Үенч сумын төвд ирээд би буугаад салж яваад 2 шил архи ууж байсан түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Тэгээд Алтай сум, Үенч сум хоёрын завсарт байдаг нэг айлд очихоор болоод мал асуухаар явсан гэдэг би мэдэхгүй байна. Яаж яваад тээврийн хэрэгсэл уначихсаныг мэдэхгүй байна. Машиныг С.Сайнжаргал ах барьж явсан...” гэх мэдүүлэг,

         Гэрч М.Дашдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би Үенч сумын төвөөс Мон-Эн-Ко ХХК-ний кемпэнд очоод буцаад ирж байхад “Гангын хар” гэх газарт ногоон өнгийн приус маркийн машин 4 дугуй нь дээш харсан байрлалтай засмал зам дээр онхолдсон байсан. Засмал замын цаан Н.Сайнжаргал, Н.Базраа нар зогсож байсан. Н.Отгонхишиг машины хажууд сууж байсан. Үенч сумруу дуудлага өгсөн. Тухайн үед 12-13 цагийн хооронд осол болсон байсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Отгонхишигийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Оргилболдын 2021 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 702 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

            1. Иргэн Н.Отгонхишигийн биед баруун дунд чөмөгний доод 1/3 хэсгийн хөндлөн зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл хэрэг учрал болох үед үүссэн шинэ гэмтэл байна.

           2. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

           3. Дээрхи гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг зэрэг тогтоох журам”-н 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           4. Хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалт нь цаашдын эмчилгээ ба эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт,

   - гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

   - хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл

  - тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл

  - зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал

 - гэрэл зургийн үзүүлэлт

   - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

              Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Д.Сайнжаргал нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Үенч сумын Цагаан түнгэ багийн нутаг “Гангын хар” гэх газарт приус -11 маркийн өөрийн эзэмшлийн 85-88 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гарган онхолдож, улмаар тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Н.Отгонхишигийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Сайнжаргалын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Д.Сайнжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Д.Сайнжаргал нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс жолоочийн үнэмлэхтэй эсэх талаар авсан лавлагаагаар тогтоогдож байна. Мөн шүүгдэгч нь тухайн тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. Тодруулбал шүүгдэгч Д.Сайнжаргалыг драгер багжаар шалгахад 1.06 буюу Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2.5-д зааснаар шүүгдэгчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промилээс их байна. Иймд шүүгдэгчийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Сайнжаргал нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 /а/-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3-д “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” мөн дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмүүдийн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна.

Мөн шүүгдэгч Д.Сайнжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч Н.Отгонхишигийн эрүүл мэндэд баруун дунд чөмөгний доод 1/3 хэсгийн хөндлөн зөрүүтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Оргилболдын 2021 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 702 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүгдэгч Д.Сайнжаргалын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “энэ гэмт хэргийг согтуурсан үедээ”, 2.2-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэх гэмт хэргийг хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байна.

Шүүгдэгч Д.Сайнжаргал нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчиж, болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 Иймд шүүгдэгч Д.Сайнжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Д.Сайнжаргалын үйлдлийн улмаас хохирогч Н.Отгонхишигийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба тэрээр эмчилгээний зардалд 850000 /найман зуун тавин мянга/ төгрөг нэхэмжлэх боловч холбогдох баримтыг хэрэгт болон шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх түүний нэхэмжлэлийг энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Иймд хохирогч Н.Отгонхишиг нь өөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбоотой 850000 төгрөгийн эмчилгээний болон бусад зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Сайнжаргалаас нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.

Шүүгдэгч Д.Сайнжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Сайнжаргал нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.  

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1заасныг журамлан мөн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг Д.Сайнжаргалд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, талуудын ял тохиролцсон байдал зэргийг тус тус харгалзан хуулинд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Сайнжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг …хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан буюу тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Сайнжаргал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ямаачин овогт Дэмбэрэлийн Сайнжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Сайнжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Сайнжаргалд тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэг 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Сайнжаргалд мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

5. Шүүгдэгч Д.Сайнжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, хохирогч Н.Отгонхишиг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч Д.Сайнжаргалд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сайнжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

                                                ДАРГАЛАГЧ

                      ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Б.БАДРАХГЭРЭЛ