Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1624

 

Ц.Алтансувдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01160 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Алтансувдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ананд тауэр” ХХК-д холбогдох

 

20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Ананд тауэр” ХХК-ийн 84 айлын орон сууцны 11 а байрны 48 тоот байрыг 91 520 000 төгрөгийн өртөгтэй худалдан авахаар Орон сууцны захиалгын 35 дугаар гэрээг 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан бөгөөд тус барилгын зоорийн давхарт 18 м.кв талбай бүхий автозогсоол худалдан авахаар 2014 оны 01 дүгээр сард “Автомашины зогсоолын захиалгын АЗ-02 дугаар гэрээ” байгуулсан. Гэтэл тус гэрээгээр 18 м.кв талбай бүхий автозогсоол авахаар талууд тохиролцсон байхад м.кв нь хүрэхгүй байгааг “Гега гранд” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлтээр 17.50 м.кв болсныг мэдсэн. Мөн тус гэрээний 5.1 дэх хэсэгт “Гүйцэтгэгч тал гэрээнд дурьдсан зогсоолыг иж бүрэн тоноглож захиалагчид хүлээлгэн өгнө” гэж заасны дагуу биет байдлын доголдолгүй автозогсоол нийлүүлэх ёстой байсан. Гэтэл зогсоол руу байнга ус ордог, муу усны суваг нь байнга хагарч зогсоол өмхий үнэрээр дүүрдэг, зогсоолын шал, ханыг будаагүй, авто зогсоолд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжөөр зогсоолыг тоноглоогүй зэрэг олон доголдол байдаг. Зогсоол эзэмшигч нар хариуцагч компани болон СӨХ-д удаа дараа мэдэгдэж гомдол гаргасан боловч нэг ч асуудлыг шийдэж өгөлгүй өнөөдрийг хүрсэн.

Иймд автозогсоол худалдаж, худалдан авахаар 2014 оны 01 дүгээр сард байгуулсан “Автомашины зогсоолын захиалгын гэрээ АЗ-02” гэрээнээс татгалзаж байгаа тул гэрээг цуцалж, хариуцагчаас зогсоолын төлбөрт төлсөн 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Автомашины зогсоолын талбайг “Гега гранд” ХХК-иар хэмжилтийг хийлгэхэд “Ананд тауэр” ХХК-д мэдэгдээгүй, тус компанийн төлөөлөгчийг байлцуулаагүй бөгөөд ямар стандарт, дүрэм журмыг үндэслэн хэмжилтийг хийсэн болох нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нь 2014 оны 01 дүгээр сард “Автомашины зогсоолын захиалгын гэрээ АЗ-02” гэрээг хариуцагчтай байгуулж, 20 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашины зогсоолыг захиалсан. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч автомашины зогсоолын төлбөрийг төлсөн бөгөөд хариуцагч нэхэмжлэгчид түүний захиалсан автомашины зогсоолыг хүлээлгэн өгсөн. Улмаар нэхэмжлэгч автомашины зогсоолоо эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, 000282463 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Ингэснээр “Автомашины зогсоолын захиалгын гэрээ АЗ-02” гэрээний үүрэг зохих ёсоор биелэгдэж Иргэний хуульд зааснаар үүрэг буюу гэрээ дуусгавар болсон. Нэгэнт дуусгавар болсон гэрээг цуцлах хууль зүйн зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Анад Тауэр” ХХК-иас 20 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Ц.Алтансувдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ц.Алтансувдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01160 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Шүүх “Хариуцагч нь гэрээнд заасан 4 тоот автомашины зогсоолыг нэхэмжлэгч Ц.Алтансувд болон Б.Минжингийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хариуцагчийн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №20/08 хүсэлтийн болон нэхэмжлэгчийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан өргөдөл, 000282463 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.” гэжээ. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтыг Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №1/503 тоот албан бичгээр шүүхэд хүргүүлсэн. Шүүх хуралдаан 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр болсон. Хэргийн оролцогч болох нэхэмжлэгч, өмгөөлөгч нар нь хэргийн материалтай 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр танилцсан. Нотлох баримт шүүх хуралдааны өмнө ирснийг хэргийн оролцогчдод танилцуулаагүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг ноцтой зөрчсөн. Хэргийн оролцогчид шинээр нотлох баримт шүүхэд ирснийг шүүх хуралдаан дуусах үед буюу нотлох баримт шинжлэн судлахад л мэдэцгээсэн.

2. Б.Минжин гэрээний нэг тал биш байсан бөгөөд харин хэзээ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсныг бүртгэлийн газрын лавлагаанаас л харах боломжтой. Түүнчлэн Б.Минжингийн зөвшөөрлөөр нэхэмжлэл гаргах ёстой гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчин Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Алтансувд хариуцагч “Ананд тауэр” ХХК-д холбогдуулан 20 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатарын гаргасан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүх 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн шүүгчийн 181/ШЗ2017/05064 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна.

/хэргийн 50 дугаар тал/

 

Дээрх захирамжийн дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 1/503 тоот албан бичгээр маргаан бүхий автомашины зогсоолтой холбоотой баримтуудыг ирүүлснийг шүүх нэхэмжлэгч талд танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, түүнээс тэмдэглэл хийх” гэж заасан эрхээр нь хангаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Ц.Алтансувд, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нарт 2017 оны 4 дүгээр сарын 12-ний өдөр хэргийн материалыг танилцуулсан байх ба уг өдрөөс хойш хэрэгт цугларсан материалыг танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй байна.

 /хэргийн 62 дугаар тал/

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд заасан “шүүхийн өмнө эрх тэгш байх”, “мэтгэлцэх зарчим”-ын үндсэн дээр хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01160 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.МӨНХЗУЛ

 

                                      ШҮҮГЧИД                             Т.ТУЯА

 

С.ЭНХТӨР