Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
Хэргийн индекс | 146/2016/0044/Э |
Дугаар | ШЦТ0047 |
Огноо | 2016-08-17 |
Зүйл хэсэг | 215.3., |
Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 17 өдөр
Дугаар ШЦТ0047
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Улсын яллагч: Д.Бат-Өлзий
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Болд
Шүүгдэгч: С.Н
Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овгийн С-н Нд холбогдох эрүүгийн 201615010096 тоот хэргийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ..... аймгийн .... суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ..... аймгийн .... сумын 3 дугаар баг, Улаан шивээт, 9 гудамж, 4 тоотод оршин суух хаягтай боловч одоо Өвөрхангай аймгийн ..... сумын 3 дугаар багийн “Хавтгай” гэх газарт түр оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай С овгийн С-н Н гэв. /РД: ЙК81102800/
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч С.Н нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ..... сумын 3 дугаар багийн нутаг “Хавтгай” гэх газарт өөрийн эзэмшлийн ...... улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь заалт “...Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, А.Эийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. ...... улсын дугаартай Бонго маркийн автомашины жолооч С.Н нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.
2. Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байна.
3. Замын цагдаагийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад Б.Алтансүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ослын акт үндэслэлтэй... гэсэн дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/
1. Талийгаачийн биед, суурь ясны хугарал, их, бага, тархинд цус харвалт, зүүн хацар, баруун шанаа, баруун гарын бугалагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Талийгаач нь амьдрах боломжгүй гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/
Шүүгдэгч С.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт... Би 07 дугаар сарын 01-ний өдөр эгчийндээ хонь хяргаж өгөх гээд очсон. Хонио хяргачихаад ноосоо ачих гэж байгаад хөдөлсөн. Ард хүүхэд байсаныг нь мэдээгүй. Болгоомжгүйгээр алдаа гаргасандаа гэмшиж байна... гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч С-н Н нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ..... сумын 3 дугаар багийн нутаг “Хавтгай” гэх газарт өөрийн эзэмшлийн ...... улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь заалт “...Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, А.Эийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч П.А нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч С.Нг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт хавсаргагдаж ирсэн №436895 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст хүргүүлж, шүүгдэгч С.Нгийн эзэмшлийн ...... улсын дугаартай “Бонго” маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй байна
Шүүгдэгч С.Нг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараар төлсөн”, 55.1.9 дэх хэсэгт заасан “үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн”, анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хорих ял оногдуулж болох гэмт хэргийн анх удаа үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овгийн С-н Нг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж улмаар Энх-Итгэлийн амь насыг хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С овгийн С-н Нг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчинтэй болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Нгийн ...... улсын дугаартай “Бонго” маркийн автомашиныг битүүмжилсэн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн ..... сумын Цагдаагийн тасагт даалгасугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтгүй, хэрэгт хавсаргагдаж ирсэн №436895 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст хүргүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 304 дүгээр 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Нд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА