Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2020/00055

 

Э.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2019/00072 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дүгээр магадлалтай,

Э.Бгийн нэхэмжлэлтэй,

Д.Бт холбогдох,

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын  хохиролд 2 995 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Д.Бын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 63-78 ГАА улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Б нь зам тээврийн осол гаргаж миний хүү М.Мандалбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Д.Бт Ховд аймгийн Цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхэд шилжүүлсэн. Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 143 дугаартай тогтоолоор Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

Уг гэмт хэргийн улмаас миний хүү Мөнгөнхүүгийн Мандалбаярын эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд тухайн үед зарцуулагдсан хохирол болох нийт 3 000 000 төгрөгөөс 1 004 700 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор, үлдсэн 1 995 300 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаа Д.Б нь бичгээр илэрхийлж, шүүхэд өгч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, торгох ялаар шийтгүүлсэн.

Д.Б нь нөхөн төлөхөө илэрхийлсэн хохирлоос 1 004 700 төгрөгийг төлсөн боловч 1 995 300 төгрөгийн хохирлыг одоог хүртэл төлөхгүй байна. М.Мандалбаярын биед учирсан гэмтэл эдгэхгүй байгаагийн улмаас миний бие нь хүүгээ Улаанбаатар хот руу 2018 оны 3, 6 дугаар саруудад авч явж мэс засал, эмчилгээнд дахин оруулсан.

Д.Бт холбогдох эрүүгийн хэрэг шийдэгдсэнээс хойш биднээс дахин 1 000 000 төгрөгийн эмчилгээний зардал гараад байна.

Иймд хариуцагч Д.Баас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 2 995 300 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү.

Хохирогч М.Мандалбаяр нь 2007 онд төрсөн, одоо 11 настай, эрх зүйн зарим чадамжтай учир эх Э.Б намайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн хууль ёсны асран хамгаалагчаар оролцуулсан тул миний бие нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгч Э.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 63-78 ГАА улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Б нь зам тээврийн осол гаргаж насанд хүрээгүй М.Мандалбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Уг гэмт хэргийн улмаас М.Мандалбаярын эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд тухайн үед зарцуулагдсан хохирол болох нийт 3 000 000 төгрөгөөс 1 004 700 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор, үлдсэн 1 995 300 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаа Д.Б нь бичгээр хүсэлт гаргаж, шүүхэд өгч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Энэ үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, тэрээр торгох ялаар шийтгүүлсэн. Д.Бт холбогдох эрүүгийн хэрэг шийдэгдсэнээс хойш бид нараас дахин 1 000 000 төгрөгийн эмчилгээний зардал гараад байна.

Иймд хариуцагч Д.Баас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 2 995 300 төгрөгийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гаргуулж, хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү. Э.Б нь хүү М.Мандалбаярыг аваад Улаанбаатар хот руу 3 удаа эмчилгээнд явсан.

Иймд Д.Баас эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед хохиролтой холбогдуулан гарсан зардлын үлдэгдэл 1 995 300 төгрөг, замын зардал 233 600 төгрөг, эмчилгээний зардал 766 400 төгрөг, нийт 2 995 300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хэрэгт миний өмгөөлөгч болон эсрэг талын өмгөөлөгч нар хоорондоо ярилцаж байгаад баримт үйлдээд надаар гарын үсэг зуруулсан. Би удаан хугацаанд гэртээ очоогүй байсан учраас хэрвээ үүнд гарын үсэг зурчихвал хэрэг хурдан шийдвэрлэгдээд гэртээ харих юм байна гэсэн ойлголтоор гарын үсэг зурсан. Би хохирогчийг хагалгаанд ороход, мөн хадаас авахуулах мөнгө өгсөн. Мөн түүний ээжид нь 250 000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд тухайн үед эмчилгээний зардал гээд нэхэмжилснийг би төлсөн. Хэрэгт авагдсан хүсэлтийг би ч бичээгүй хоёр өмгөөлөгч бичсэн. Тэгээд би гарын үсэг зурсан. Одоо нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжилж байгаа хохирол нь ямар нэгэн бичиг баримтаар нотлогдоогүй учраас би төлөхгүй. Хэрвээ нотлох баримттай байвал огт төлөхгүй гэж хэлээгүй гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2019/00072 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Бт холбогдох гэм хорын хохирол 2 995 300 /хоёр сая есөн зуун ерэн таван мянга гурван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Э.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2019/00072 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч Д.Баас гэм хорын хохиролд 2 255 300 /хоёр сая хоёр зуун тавин таван мянга гурван зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгч Э.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч Д.Баас улсын тэмдэгтийн хураамжид 51 035 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.” гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн    бусад заалтыг хэвээр үлдээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 21 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүгч хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж уг гэм хорийн хохирлыг үндэслэлгүй шийдвэрлэсэн. Учир нь:

Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дахь заалтад бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг шүүх хийсэн байхад хэргийн материалд хүчээр бичүүлж авсан нотлох баримтгүй, хохирогчийн хэт нэг талыг барьж нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүхийн гэм хорийн хохиролд гаргасан 2 255 300 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хохирол гэж ямар байдлаар яаж нотлогдож тогтоогдсон нь ойлгомжгүй байхад шууд хийсвэр байдлаар хандаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, дахь заалтуудыг зөрчиж нэхэмжлэлийг хангасанд гомдолтой байна.

Хохирлын 1 995 300 төгрөгийн намайг дарамталж 2 өмгөөлөгчийн шахалтанд оруулж, хүчээр гарын үсэг зуруулж авсан. Зөвхөн миний гарын үсгийг зуруулсан. Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолоор тогтоогдож гараагүй, нотлох баримтгүй, мөнгө юм. Гэтэл энэ мөнгийг нэхэмжлэгч өөрсдөө нотлох ёстой гэтэл үүнтэй холбоотой баримт материалд огт байхгүй байгаа.

Мөн Ховд аймгаас Улаанбаатар, Улаанбаатараас Ховд явсан замын зардлыг хаанаас гаргасан нь ойлгомжгүй байна. Яах гэж хот явсан нь ямар эмчилгээнд явсан эсэх нь тодорхойгүй, ямар эмчийн заавар зөвлөмжөөр явсан, өвчтөнг илгээх бичиг баримт буюу 13 дугаар маягт нотлох баримтаар байхгүй байхад хийсвэрээр нэхэмжлэлийн шаардлага хангасанд гомдолтой байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг дахин хянаж, үнэн зөвийг олж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг хяналтын журмаар гаргасан гомдлын хариу тайлбартаа: Э.Бгийн нэхэмжлэлтэй Д.Бт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 21 дугаар магадлалыг хариуцагч Д.Б эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдолтой нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Гомдлын агуулга: Харицагч нь “Давж заалдах шатны шүүх гэм хорын хохирол гаргуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан гэм хохирол гэж ямар байдлаар нотлогдож тогтоогдсон нь ойлгомжгүй байхад шууд хийсвэр байдлаар дүгнэлт хийсэн”, “хохирол төлөхөө илэрхийлсэн баримтыг 2 өмгөөлөгч шахаж дарамталж бичүүлж авсан”, “Шийтгэх тогтоолоор тогтоож гараагүй, нотлох баримтгүй мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн” гэсэн үндэслэлээр гомдол гаргажээ.

Тайлбар: Нэг. Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 30-ны өдрийн 143 дугаар Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан гаргасан. Д.Бын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх”, 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ноогдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын эргэ хэмжээ хэрэглэх”, 7.1 дүгээр зүйлд заасан “тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” үндэслэл болдог.

Д.Б нь Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 30-ны өдрийн 143 дугаар Шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээхэд бичгээр “хохирол төлөхөө илэрхийлсэн” нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болсон болно.

Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогчид хохирлын талаар тохиролцож болохыг хориглоогүй болно. Хэргийн оролцогчид хохирлын талаар хоорондоо харилцан тохиролцсон тохиолдолд Шийтгэх тогтоолд заавал тусгах талаар хуульчлаагүй болно.

Хоёр. Д.Бт холбогдох Эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд түүний гаргаж өгсөн “хохирол төлөх тухай” бичиг дээрх гарын үсгийг өөрийнх мөн болохыг 2 шатны шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч болон хохирогчдын өмгөөлөгч өөрийг нь дарамталж бичүүлсэн тухайгаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Иймд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 21 дугаар магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт 63-78 ГАА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн М.Мандалбаяр, Б.Алтангэрэл нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 143 дугаартай Шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна.

Хэрэг эрүүгийн журмаар шалгагдах явцад Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч М.Мандалбаярын эрүүл мэндэд гэм хор учирсны хохиролд 3 000 000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж, баримт үйлдсэн, дээрх төлбөрөөс 1 004 700 төгрөг төлсөн, үлдэх төлбөрийг төлөөгүй үндэслэлээр хохирогчийн төлөөлөгч үлдэгдэл төлбөр, мөн эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол гарснаас хойш хүүдээ эмнэлгийн тусламж үзүүлсний төлбөрт 1 000 000 төгрөгийн зардал гарсан үндэслэлээр нийт 2 995 300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: “...нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлогдоогүй, төлбөр төлөх тухай баримтыг өөрөө үйлдээгүй, өмгөөлөгч нь үйлдсэн...” гэжээ.

Анхан шатны шүүх хариуцагчийн төлбөр төлөхийг зөвшөөрсөн гэх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Хүсэлт гаргах тухай” баримтыг шүүгдэгчийг  хохирогчтой эвлэрсэн баримт гэж үзэхгүй, эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж заасан, нэмж шаардсан 1 000 000 төгрөгийн баримт М.Мандалбаярын эмчилгээ хийлгэснийг нотлохгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчиж, талуудын нотолгооны үүргийг тодорхойлохдоо алдаа гаргажээ.

Шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчсөн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасантай нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засч, үйл баримтыг зөв тодорхойлон, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр, нотлох баримтаар тогтоогдсон хүрээнд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 510 дугаар зүйлийн 510.1., дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх заалтад нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Хариуцагч нь гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн хүү М.Мандалбаярыг Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явсан гэх шаардлагыг үгүйсгэсэн тайлбар, үндэслэлээ, мөн хохирогчид 3 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн баримтыг хариуцагч өөрөө бичээгүй, 2 өмгөөлөгч шахалтанд оруулж, хүчээр гарын үсэг зуруулсан гэх тайлбар, үндэслэлээ баримтаар нотлоогүй тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД