| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00365/И |
| Дугаар | 387 |
| Огноо | 2017-08-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 387
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ц.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1964 онд төрсөн. Ам бүл 3, бага наснаасаа эхлэн аав, ээжийн хамт мал маллаж 1980 онд 16 нас хүрч аав *******ын хамт ******* сумын Майн нэгэн нэгдлийн Жаргалант бригадад мал маллаж байгаад, 1983 онд нөхөр *******тэй гэр бүл болж мөн нэгдэлдээ тасралтгүй 1992 он хүртэл буюу нэгдэл тартал мал малласан юм. Гэтэл архивын лавлагаа дээр аав *******ын нэрээр 1980-1982 он хүртэл бичигдсэн. 1983-1992 он хүртэл нөхөр *******гийн нэрээр бичигдэж гарч ирсэн байна. Энэ нь тухайн үед өрхийн тэргүүлэгч гэдэг утгаар нэг хүний нэр дээр бичигдсэн байна. Би өөрөө 1981 онд хөдөлмөрийн дэвтэр нээлгэж 1990 оны хооронд бичилт хийсэн боловч тамга, тэмдэгийн зөрчилтэй ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн тул намайг 1980 оноос 1992 оны хооронд Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдлийн Жаргалант бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү.
Миний бие Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг бөгөөд мал маллаад бүл зав муутай учир намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдэрлэж өгөхийг хүссэн байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Ц.******* 1980 оны 11-р сарын 23-наас 1991 оны 11-р сарын 02-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдэлд малчин, 1991 онэы 11-р сарын 02-ноос 1992 оны 12-р сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн ХК-д мал маллаж байсан болох нь аймгийн архивын тасгийн 2017 оны 06-р сарын 28-ны өдрийн А/755 тоот лавлагаа, 1981 оны 10-р сарын 17-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, мөн он сар, өдөр, дугааргүй 1991-1992 он хүртэл бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичиг баримтаар нотлогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Ц.*******ын ...******* ерөөсөө л бага наснаасаа мал малласан хүн. Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдлийн Жаргалант бригадад бог мал малладаг байсан. За яг он сарыг нь сайн мэдэхгүй байна. Барагцаалбал 1981 оноос эхлэн мал малласан байх. Тэгээд нэгдэл тартал мал малласан. Нэгдэл 1990 онд тарж Майн нэгэн компани болж 1995, 1996 он хүртэл ажилласан байх. 1997 онд компани нэртэй явж, малчид нь байхгүй болсон байсан. ... гэсэн,
гэрч Б.*******ийн ...******* илгээлтээр гарсан санагдаж байна. Хэдэн онд гарсаныг нь санахгүй байна. Тэгээд шувт хөдөө мал малласан хүн. Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдлийн Жаргалант бригадад бог мал малладаг байсан. Аавыг нь ******* гэдэг юм. Ээжийг нь ******* гэдэг юм. Тэгээд 1983 онд байна уу нөхөр *******тэй сууж хөдөө мал маллаж өдий хүрсэн хүн. *******ын эгч нь хойшоо Эрхүү хот руу мах кобинатын сургуульд явж, ******* сургуульд явалгүй хөдөө мал маллаад үлдэж байсан. Ингээд нэгдэл тартал буюу 1990 он хүртэл мал малласан. ... гэсэн,
гэрч Д.ы ...******* 1979 оноос хойш шувт хөдөө мал малласан хүн. Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдэлд хонь хариулж байсан. 1990 он хүртэл нэгдэлд мал маллаж байгаад Майн нэгэн хувьцаат компани болоход компаний малыг 1992 он хүртэл малласан. Би бас тухайн үед нэгдлийн малыг малласан, манайхан айл саахалт их явсан болохоор сайн мэднэ. Би 8-р анги төгссөн. ******* 7-р анги төгссөн. Манай дээд талын анги байсан. ... гэсэн мэдүүлгүүдээр Ц.*******ын ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар овогт *******ын *******ыг 1980 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдэлд малчин, 1991 онэы 11 дүгээр сарын 02-ноос 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн ХК-д мал маллаж байсан болохыг тус тус тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ