Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 154/2021/00044

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа

Улсын яллагч  Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Д.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ард-Аюуш овогт Даваасүрэнгийн Баярмагнайд холбогдох эрүүгийн 2137000480051 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, **  настай, бүрэн дунд боловсролтой, эрэгтэй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багт оршин суух, РД: ПЭ89080819, Ард-Аюуш овогт Даваасүрэнгийн Баярмагнай

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

           Шүүгдэгч Д.Баярмагнай нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт байрлах “Их бэлчир” буюу Барлагийн голын гүүрний урд талын Д.Үүрдбаясгалангийн намаржааны буурин дээр засаж янзлахаар хяналт, хамгаалалтгүй үлдээсэн ногоон өнгийн мустанг-5 маркийн хоёр дугуйгүй мотоциклыг, Барлагийн голын гүүрний хойд талд байрлах Э.Алтанхуягийн намаржааны буурин дээр засаж янзлахаар хяналт, хамгаалалтгүй үлдээсэн мотор нь эвдэрсэн мустанг-5 маркийн цэнхэр өнгийн мотоциклыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Баярмагнай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн одоо мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Д.Баярмагнайгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Цэцэг сумаас Алтай сумын төвд өөрийнхөө 26-86ХОЕ улсын дугаартай пронтер маркийн машинтай аргал ачиж ирж буулгаж хоноод 2021 оны 10 дугаар сарын 05-ны өглөө буцаад сумруугаа явсан. Сум явах замдаа Барлагийн хавцалын “Их бэлчир” гэх газарт ирэхэд Их бэлчирийн гүүрний зүүн урд талд нүүж явсан айлын буурин дээр ногоон өнгийн улсын дугааргүй, 2 дугуйгүй мотоцикль байсныг хэрэгцээгүй гээд хаясан байх гэж бодоод ачиж аваад гүүрээр гараад дээш өгсөж явахад засмал замын зүүн талд 100-аад метр газарт, нөгөө айлаас 400-аад метр газарт айлын буурин дээр 2 дугуйтай бусад эд ангийг нь тарааж хаясан мотоцикль байхаар нөгөө мотоцикльдээ сэлбэж нэг мотоцикль босгож болох юм байна гэж бодоод очиж ачиж аваад явсан” гэх мэдүүлэг,

            Хохирогч Э.Алтанхуягын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны хавраас нутгийн дүү болох Д.Үүрдбаясгалан гэх айлтай хамт айл саахалт хаваржиж зусаж намаржсан. Манай хоёр айл 2021 оны 08 дугаар сарын 10-ны орчим Цэцэг сумын Баянгол багийн нутаг дэвсгэр "Их бэлчир” гэх газар бууж намаржсан. Манайх Барлагийн голын гүүрний хойд талд, Д.Үүрдбаясгалангийнх урд талд буусан. Тухайн газраа 10 гаруй хоноод 2021 оны 08 дугаар сарын 23, 24-ний үед “Эх бэлчир” гэх газраасаа холгүй 1 км орчим “Цахир тохойн гол” гэх газар хоёр айлаараа бууцгаасан. Гэрийнхээ буурин дээр бид 2 мотоциклоо орхисон байсан. Б.Үүрдбаясгалангийн мотоциклын 2 дугуй хагарсан байсан. Миний мотоциклын хөтлөгч арааны түгжээ эвдэрсэн түүнийгээ засаж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хадам талын хүн нас барсан гээд сумын төв рүү явсан. Хэд хоноод ирэхэд цас орсон байсан болохоор мотоциклоо угсарч чадаагүй, манай хоёр айл хуучин бууринаасаа ойрхон учраас өдөрт хонь малд явахдаа эргэж тойроод хараад байдаг байсан. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өглөө Барлагийн даваа давж манайхаас 10 км зайтай “Хөндлөн бараа” гэх газар буухаар Д.Үүрдбаясгалан бид хоёр малаа туугаад явж байхад манай хоёр айлын мотоцикль буурин дээрээ байсан. Өдөр дунд манай эхнэр Буян-Өлзий, Д.Үүрдбаясгалангийн эхнэр Нямаа нар араас ирэхдээ та хоёрын мотоцикль байхгүй байна бид хоёр ирэх замаараа хараад ирлээ гэсэн. Тэгээд Д.Үүрдбаясгалан сүлжээтэй газар гарч цагдаад дуудлага өгнө гэж яваад дуудлага өгсөн байсан. Би цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоциклоо одоогоос нэг жилийн өмнө Ганцоож гэх залуугаас 400.000 төгрөгөөр худалдаж авсан. Ганцоож шинээр нь худалдаж аваад 4-5 жил унасан гэж байсан.Тухайн мотоциклоо 300.000 төгрөгөөр үнэлж байна. Д.Үүрдбаясгалан засмал замаар цагаан өнгийн портер Цэцэг сум руу чиглээд явсан гээд байгаа түүнийг би хараагүй, бид хоёр тэр портертоо хүмүүс аваад явсан байх гэж ярилцсан...” гэх мэдүүлэг, 

Хохирогч Д.Үүрдбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 10-ны үед Цэцэг сумын Баянгол багийн нутаг “Их бэлчир” гэх газар намаржсан манайх Барлагийн голын гүүрний урд талд Э.Алтанхуяг ахынх хойд талд нь буусан тухайн газраа 10 гаруй хоноод 2021 оны 08 дугаар сарын 23, 24-ний үед “Их бэлчир” гэх газраасаа холгүй 12 км орчим “Цахир тохойн гол” гэх газар хоёр айлаараа бууцгаасан. Хоёр гэрийнхээ буурин дээр Э.Алтанхуяг ах бид хоёр мотоциклуудаа орхисон. Миний мотоциклын хоёр дугуй хагарсан байсан болохоор дугуйгаа аваад гэртээ тавьсан. Дугуйгаа нөхөх гэж байсан ч хонь малдаа өөрөө ганцаараа явдаг байсан учраас мотоциклоо авч явж чадахгүй байсан. Э.Алтанхуяг ах бас мотоциклоо засаж янзалж байсан болохоор буурин дээр орхисон байсан. Манай хоёр айл хуучин бууринаасаа ойрхон учраас өдөрт хонь малд явахдаа эргэж тойроод гэрээсээ хараад байдаг байсан. Цас орсон учраас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өглөө Барлагийн даваа давж манайхаас 10 км зайтай “Хөндлөн бараа” гэх газар буухаар малаа туугаад явж байхад манай хоёр айлын мотоцикль буурин дээрээ байсан. Өдөр манай эхнэр Нямаа, Э.Алтанхуяг ахын эхнэр Буян- Өлзий нар араас ирэхдээ та хоёрын мотоцикль байхгүй байна. Бид хоёр ирэх замаараа хараад ирлээ гэхээр нь 16 цагийн орчимд сумын хэсгийн төлөөлөгчтэй утсаар холбогдож дуудлага өгсөн. Би ногоон өнгийн мустанг 5 маркийн мотоциклоо одоогоос 12 жилийн өмнө Онио гэх хүнээс 2.100.000 төгрөгөөр шинээр нь худалдаж авч байсан. Би мотоциклоо 2 жил унасан болохоор 1.000.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг,

            - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

            - хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл

            - гэрэл зургийн үзүүлэлт

            - тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл

            - эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл

            - эд зүйлийн үнэлгээ

            - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

            Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Д.Баярмагнай нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт байрлах “Их бэлчир” буюу Барлагийн голын гүүрний урд талын Д.Үүрдбаясгалангийн намаржааны буурин дээр засаж янзлахаар хяналт, хамгаалалтгүй үлдээсэн ногоон өнгийн мустанг-5 маркийн хоёр дугуйгүй мотоциклыг, Барлагийн голын гүүрний хойд талд байрлах Э.Алтанхуягийн намаржааны буурин дээр засаж янзлахаар хяналт, хамгаалалтгүй үлдээсэн мотор нь эвдэрсэн мустанг-5 маркийн цэнхэр өнгийн мотоциклыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч завшсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.

Хохирогч Д.Үүрдбаясгалан, Э.Алтанхуяг нарын намаржааны буурин дээр засаж янзлахаар хяналт, хамгаалалтгүй үлдээсэн мотоциклыг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно. Д.Баярмагнай нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-5 маркийн 200 мотортой мотоцикль нь 800000 төгрөгийн үнэлгээтэй, Мустанг-5 маркийн 150 мотортой мотоцикль нь 250000 төгрөгийн үнэлгээтэй болох нь үнэ тогтоох комиссын дүгнэлтээр нотлогджээ.

Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Баярмагнайг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирогч Д.Үүрдбаясгалангийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-5 маркийн 200 мотортой мотоциклийн үнийг үнэ тогтоох комисс 800000 төгрөгөөр, Э.Алтанхуягын БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-5 маркийн 150 мотортой мотоциклийн үнийг үнэ тогтоох комисс 250000 төгрөгөөр тус тус тогтоосон байх ба мотоциклийг хохирогч нарт хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Д.Баярмагнай нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Д.Баярмагнай нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүргэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Шүүгдэгч Д.Баярмагнайд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан гэм хорыг арилгасныг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан үзэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Д.Баярмагнай нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй тул улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Баярмагнай нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ард-Аюуш овогт Даваасүрэнгийн Баярмагнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баярмагнайг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярмагнайд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баярмагнай нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч Д.Баярмагнайд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6. Шүүгдэгч Д.Баярмагнай нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баярмагнайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ

                      ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Б.БАДРАХГЭРЭЛ