Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 389

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ц.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын дөрөвдүгээр багт оршин суух ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1967 онд төрсөн 50 настай, эмэгтэй, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1984 оны 10-р сарын 25-ны өдрөөс 1989 оны 05-р сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид 5 жил, 1989 оны 05-р сарын 20-ны өдрөөс тус сумын 8 жилийн сургуульд 1995 оны 01-р сарын 29-ний өдрийг хүртэл 10 жил, 3 сарын хугацаанд ажилласан юм. Миний бие энэ 2017 онд 50 нас хүрч зохих хууль тогтоомжийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж байгаа тул дээрх ажилласан хугацаагаа үнэн зөвөөр тогтоолгохоор шүүхэд хандаж байгаа юм. Иймээс ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдэрлэж өгөхийг хүссэн байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ц.******* 1984 оны 10-р сарын 15-ны өдрөөс 1989 оны 05-р сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр, 1989 оны 05-р сарын 20-ны өдрөөс 1989 оны 10-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр, 1989 оны 10-р сарын 01-ний өдрөөс 1995 оны 01-р сарын 29-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд галчаар тус тус ажиллаж байсан болох нь 1984 оны 10-р сарын 15-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1984 оны 12-р сарын 30-ны өдрийн 39 тоот Ажилчдыг шагнаж урамшуулах тухай тушаал, хавсарлт, мөн даргын 1985 оны 06-р сарын 11-ний өдрийн Ажилчид шагнах тухай тушаал, хавсралт, Завхан аймгийн Сантмаргац сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 10-р сарын 01-ний өдрийн зарим хүмүүсийг ажлид томилох тухай тушаал, мөн тус сургуулийн 1995 оны 01-р сарын 29-ний өдрийн Сургуулийн ажилчдын орон тоог цомхтгох тухай тушаал, 1988 оны 13 дугаар бүхий цалингийн кар зэрэг бичиг баримтуудаар нотлогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Д.*******ын ...Би 1984 онд ******* сумын эмнэлэгт эх баригч, бага эмч хийж байсан. Тэр үед Ц.******* ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр 2-3 жил ажиллаж байгаад дараа нь сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан. ******* манай нөхрийн ангийн охин юм. Мөн ******* суманд манай хоёр нэг гудамжинд байсан болохоор ямар ажил хийж байсан талаар сайн мэднэ. ... гэсэн,

гэрч Ц.*******ын ...Ц.******* 8-р ангиа төгсөөд 1984 оноос эхлэн ******* сумынхаа худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгч хийж байсан. Дараа нь сургуульд цэвэрлэгч хийж байсан. 1995 он хүртэл сургуульд үйлчлэгч, цэвэрлэгч хийж байсан. Аав нь ******* гэж хүн байж байгаад нас бараад ******* олон жаахан дүү нараа тэжээхийн тулд 8-р ангиа төгсөөд ******* сумын сургуульд үйлчлэгч хийсэн... гэсэн,

гэрч Д.*******ын ...******* бид хоёр нэг сумын нэг багийн хүмүүс байгаа юм. Дандаа айл саахалт нутагладаг. *******гийн аав хүний бага эмч байсан. Тиймээс би *******г хаана ямар ажил хийж байсан гэдгийг сайн мэднэ. ******* 1967 онд төрсөн. 1984 оноос эхэлж тэр үеийн худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгч хийдэг байсан. Дараа нь ******* сумын 8 жилийн сургуульд үйлчлэгчээр ажилласан. Ер 1984-1995 оныг хүртэл тасралтгүй үйлчлэгчийн ажил хийж байсан. ... гэсэн мэдүүлгүүдээр Ц.*******гийн ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******г 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр, 1989 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд галч, жижүүрээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ   Т.БАЛЖИННЯМ