Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
Хэргийн индекс | 105/2022/0555/Э |
Дугаар | 2022/ШЦТ/594 |
Огноо | 2022-04-19 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/594
2022 04 19 2022/ШЦТ/594
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүгдэгч Ш.Э,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч Н.Өнөрбаяр /томилолт/ нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 02223 0713 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ш.Э, 1991 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, ************ тоотод оршин суух хаягтай,
Урьд 2005 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,
2006 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 271 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,
2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 312 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,
2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 54а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.3, 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар,
2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн /РД: **********/,
Шүүгдэгч Ш.Э нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастай голын эрэг дээр иргэн Б.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “хамрын нуруу, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуун цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ш.Э нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хуучин хамтран амьдрагч Ш.Этэй цуг гадуур явж байгаад Ш.Э нь хуурай ах гэх хүнтэй уулзах хэрэгтэй байна гээд намайг дагуулаад 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастай голын эрэг дээр уулзсан. Тэгэхэд Ш.Эгийн хуурай ах нь үл таних эмэгтэй хүнтэй цуг бид дөрвүүлээ болсон. Голын эрэг дээр Ш.Э, Ш.Эгийн хуурай ах, хуурай ахынх нь найз эмэгтэй гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхэлсэн. Удалгүй Ш.Э хуурай ахынхаа найз эмэгтэйтэй маргалдаж эхэлсэн. Тэгэхэд гадаа бороо ороод бид дөрвүүлээ хуурай ахынх нь Тоёота приус-10 маркийн машинд суусан. Ш.Этэй машины хойд талын суудал дээр сууж байхад Ш.Э миний баруун талын нүд хэсэгт нэг удаа цохиход нь би “яаж байгаа юм бэ” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Удалгүй миний нүүр хэсэгт Ш.Э дахин нэг удаа цохисон... Би гурван жилийн өмнө Модны 2-ын тэнд явж байхдаа танилцаж байсан. Бид хоёр хамтран амьдраад гурван жил болсон. Одоо уулзахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №6247 дугаар шинжээчийн: “...Дүгнэлт
1. Б.Бийн биед хамрын нуруу, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Уг гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дэх тал/,
Шүүгдэгч Ш.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр наадмын амралт болоод хуурай ах, эгч хоёртой, тухайн үед үерхэж байсан Б.Бийн хамт Улиастай гол орж салхинд гарсан... Б.Б нь хуурай ах Мөнхтулгын эхнэртэй намайг хардаж уурлаад миний нүүр, хүзүү хэсэгт маажсаны улмаас Б.Бтэй маргалдаж, би нэг удаа гарынхаа ар талаар нүүр хэсэгт нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дахь тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дахь тал/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дахь тал/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Ш.Э нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастай голын эрэг дээр иргэн Б.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “хамрын нуруу, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуун цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч Б.Бийн “...Би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ...Тоёота приус-10 маркийн машинд суусан. Ш.Этэй машины хойд талын суудал дээр сууж байхад Ш.Э миний баруун талын нүд хэсэгт нэг удаа цохиход нь би “яаж байгаа юм бэ” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Удалгүй миний нүүр хэсэгт Ш.Э дахин нэг удаа цохисон... Би гурван жилийн өмнө Модны 2-ын тэнд явж байхдаа танилцаж байсан. Бид хоёр хамтран амьдраад гурван жил болсон. Одоо уулзахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Ш.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ш.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Ш.Эд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Ш.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршиг, гэм буруугаа хүлээсэн, хувийн байдал зэргийг тус тус харгалзан, түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор 1000 нэгжээр торгох ял тохирно гэж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан шүүгдэгчид шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ш.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ш.Эд 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Э нь 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ш.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ш.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР