| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2021/00047/Э |
| Дугаар | 154/2021/00048 |
| Огноо | 2021-12-09 |
| Зүйл хэсэг | 13.6.2., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 154/2021/00048
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа
Улсын яллагч Э.Алтанцэцэг
Шүүгдэгч Н.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Таванзуунтариачин овогт Нямгэрэлийн Чулуунцэцэгт холбогдох эрүүгийн 2137000200021 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, Хилийн цэргийн 0130 дугаар ангид буудлын зохион байгуулагч ажилтай, ам бүл *, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Үенч сумын Хөх үзүүр багт оршин суух, РД:ПО83081920, Таванзуунтариачин овогт Нямгэрэлийн Чулуунцэцэг,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Н.Чулуунцэцэг нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчим Ховд аймгийн Үенч сумын Хөх үзүүр багт оршин суух иргэн Д.Батцэцэгийн унтаж байх үед нь орон байранд нь зөвшөөрөлгүйгээр нэвтэрч улмаар хүч хэрэглэн эрх чөлөөнд нь халдан гар утсыг нь авч явсан,
Мөн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний үүрийн 03-04 цагийн үед Ховд аймгийн Үенч сумын Хөх үзүүр багт оршин суух иргэн Д.Батцэцэгийг орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч улмаар бие махбод, эд хөрөнгөнд нь халдан 278000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Чулуунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2021 оны 03 дугаар сарын 29, 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд нөхөр Чулуунбатыг хайгаад олохгүй хамт явсан гэх Батцэцэг, Уянга, Дэнсмаа, Бекмурат нараас асуугаад Батцэцэг гэдэг эмэгтэйгийнд очсон. Би уураа барьж дийлэхгүй айлын гэрт орж аяга, телевиз хагалсан үйлдэл хийсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр би 16-17 цагийн үед Б.Уянгатай хамт нэг айлд очиж шингэн хийж өгч байхад Н.Дэнсмаа гадуур жаахан явъя гэж хэлээд дуудаад гудамжинд уулзахаар болсон юм. Н.Дэнсмаа, Бехмурат, Чулуунбат гурав хамт ирсэн юм. Тэгээд Б.Уянга бид хоёрыг суулгаад хиймэл нууранд очиж тэнд 1 шил архи уугаад Чулуунбатыг гэрт нь хүргэж өгөхөд, Чулуунбат араас нэг машинтай буцаад хүрээд ирсэн юм. Тэгээд тэндээс хөдлөөд Хөх сай гэх газарт гарч 2 шил архи уугаад би гэрлүүгээ явсан. Гэртээ ирээд унтаж байхад шөнө 23 цагийн үед манай хаалгын түгжээг мулт татаж хүн орж ирэхэд сэрээд, хувцасаа өмсөөд суухад Н.Чулуунцэцэг надруу дайрч чамайг миний нөхөртэй явалддаг, уулзаж учирч, унтаж хэвтсэн гэж энэ хүүхэн хэлж байна гэж Б.Уянга руу зааж нөхөртэйгээ хардаж баахан дайрсан, хажууд нь байсан 3 эмэгтэй чи хүний нөхөртэй явалддаг хэн бэ? Алуурчин энэ тэр гээд баахан доромжилсон юм. Н.Чулуунцэцэг миний утсыг аваад гараад явсан юм. Би босоод хаалгаа цоожлох гэсэн чинь хаалганы түгжээг мулт татсан байхаар буцааж байранд нь хийгээд алхаар хадаад унтсан. Тэгтэл шөнө 04 цагийн үед дахин хаалгыг мулт татаж Н.Чулуунцэцэг, Бат-Эрдэний эхнэр, Д.Мейрам эхнэртэйгээ дөрвүүлээ ирсэн ба Чулуунцэцэг Бат-Эрдэний эхнэр хоёр согтуу ирсэн. Н.Чулуунцэцэг намайг үстэж аваад үснээс татаад ширээн дээр байсан аяга аваад миний баруун бөөр хэсэг рүү цохиод баруун хөлийн шилбэний урд хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд ширээн дээр байгаа юмыг бүгдийн газар луу шидээд ханан талын ширээн дээр байсан зурагт аваад газар луу саваад дээр нь гишгээд хагалаад цааш эргээд тавиур дээр байсан 2-3 ширхэг аяга хагалж байтал цуг ирсэн нэг танихгүй эгч чи одоо болио гээд авч гарсан. Тэгээд гараад манай гэрийн цонх руу чулуу шидээд 2 өрөөний цонх хагалж хаяад гадаа байгаа зурагтын антены утсыг таслаад явсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Чулуунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Батцэцэгийн хаалга цоожтой байсан ба тухайн гэр зааж өгсөн жижиг охин ингэж онгойлгож өгсөн. Тэгэхээр нь бид нар ороод уулзах гэсэн боловч Батцэцэг согтуу байсан болохоор за маргааш уулзья гэж хэлээд утсыг аваад гараад явсан. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний 03-04 цагийн үед дахин очтол хаалга нь цоожтой байхаар нь хаалгын нүдтэл онгоохгүй байхаар нь бүгд ирсэн байна гэж бодоод уур хүрээд хаалгыг чанга татангуут дотор түгжээний шүрүүп нь тайлагдаад хаалга онгойсон. Тэгэхээр нь би дайрч ороод цонх хагалаад зурагтын унагааж хагалсан юм. Би нөхрөө хайгаад олдохгүй болохоор буцаж очоод хаалгын тогшоод онгойлохгүй болохоор нь хаалганы цоож эвдэж орсон...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Дэнсмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тус өдөр би гудамжинд явж байтал над руу Бекмуратын дугаараас залгаад гараад ир ганц шил архи ууя гэж хэлсэн. Тэгтэл замд явж байтал машинтай ирээд зогсохоор машинд нь суусан. Тэгээд нэг шил архи гаргаж ирэхээр нь хажуудаа хань татаад Д.Батцэцэгийг дуудсан чинь Д.Батцэцэг хажуудаа Уянгатай цуг ирсэн. Тэгээд бид нар бүгд 2 шил 0.75 литрийн архи, 2.5 литрийн пиво нэгийг ууж дуусгаад Д.Батцэцэг явчихсан. Тэгээд бид нар 2 машинтай явсан арын машин ирэхгүй болохоор буцаж очтол бензин дуусчихлаа гэж зогсож байтал Д.Батцэцэг алга болчихлоо гэж нэг нь хэлэхээр нь Д.Батцэцэг рүү залгаж ярьсан чинь би гэрт байна гэсэн. Тэд нар итгэхгүй очиж харна гэсэн. Тэгээд Д.Батцэцэгийн гэрт нь очиж хараад гэртээ байхаар нь бид нар буцаж гараад колонкод очоод бензин аваад зогсож байтал нэг машин ирж зогссон. Тэгтэл тэр машинаас 4 хүн бууж ирэхээр нь би Уянгааг гараад зугт гэж хэлтэл Уянга гараад зугттал тэндээс буусан хүмүүс тэр зугтсан охиноо олоод өг гэхээр нь буцаж Уянгааг дуудсан...” гэх мэдүүлэг
Гэрч П.Мөнх-Ундрамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 03 дугаар сраын 31-ний өдөр Ц.Бат-эрдэнэ бид хоёр Чулуунбатын гэрт очсон. Чулуунбат гэртээ байгаагүй, Н.Чулуунцэцэг эгч нөхөр лүү гээ залгаад Ц.Бат-эрдэнэ эхнэртэйгээ заставаас ирлээ гэж хэлсэн. Чулуунбат ирээд манай нөхөр Бат-эрдэнэ тэр хоёр гараад явсан. Хаашаа явсан бэ гэхэд Н.Чулуунцэцэг Бехмуратын машинаас мотор буулгалцан гээд явсан гэж хэлсэн. Н.Чулуунцэцэг эгч Бекмуратын эхнэр дуудаж байна тэд нарын машин эвдэрсэн байна гэж хэлсэн. Бид хоёр Улаан үзүүр гэх газарт хайж очсон боловч олдоогүй. Буцаад гэрлүүгээ ирж байтал колонкын хажууд Бекмуратын машин зогсож байсан. ...Д.Батцэцэгийн гэрийн хаалгыг Н.Чулуунцэцэг онгойлгож ороод Д.Батцэцэгийг татаж босгоод цохих гээд байхаар нь боль гэж хэлээд салгасан,тэгээд Н.Чулуунцэцэг аяга тавгыг нь хагалсан, зурагт нь ширээнээс унаад хагарсан, гадаа гарахад цонхыг нь чулуугаар цохиж хагалсан юм. Тэгээд машиндаа суулгаад буцаад гэртээ ирсэн юм...” гэх мэдүүлэг
Гэрч Х.Саганганы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Чулуунцэцэг манайд ирээд би Д.Батцэцэг, Дэнсмаа нарын гар утсыг авчихсан юм. Тэгтэл Бекмурат залгаад гараад ир уулзъя гээд байна. Манай нөхрүүд бас хамт яваа юм шиг байна бид нарыг хүргээд өгөөч гэж манай нөхрийг гуйхаар манай нөхөр Бекмурат нар ах дүүгийн хүүхдүүд учир очоод зодож магадгүй гэж бодоод би хамт дагаж явсан юм. Тэгээд Д.Батцэцэгийн гэрт очоод Н.Чулуунцэцэг хамт яваа эмэгтэйгийн хамт Д.Батцэцэгийн гэрийн хаалгыг татаж онгойлгоод орсон юм. Удаад байхаар араас нь ороход хэдэн аяга таваг хагарсан, зурагт газар унасан байсан юм. Н.Чулуунцэцэг их ууртай явж байсан учир дагуулаад гадаа гартал цонхны шилнүүдийг чулуу аваад цохиж хагалаад байхаар боль гээд цааш татаад аваад явсан юм...” гэх мэдүүлэг
Гэрч Д.Мерамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байтал манай бэргэн Сагатгүль ирээд манай нөхөр байхгүй байна та олоод өгөөч гэхээр нь эхнэртэйгээ цуг гарахад Н.Чулуунцэцэг, Сагатган 2 байхаар машиндаа суулгаад Улаан үзүүр гэх газар очоод хайгаад олоогүй юм. ...2021 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө 03 цагийн орчимд Н.Чулуунцэцэг ирээд нөгөө айлд манай нөхрүүд очсон байна та хүргээд өг гэхээр нь дахиад нөгөө айл руу очиход хаалга нь цоожтой байсан. Н.Чулуунцэцэг цонх нүдээд онгойлгохгүй болохоор цонх хагалсан, тэгээд гэр лүү нь орсон, хэсэг байж байгаад гарч ирэхээр нь гэрт нь хүргэж өгсөн ...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Сагатгүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Д.Батцэцэг гэдэг айлын гадна очоод харахад гэрэл нь асаалттай байхаар нь яваад ортол гэрт нь Д.Батцэцэг ганцаараа унтаж байсан. Тэгэхээр нь босгож уулзаад явсан. Бид нар очих үед Д.Батцэцэгийн хаалга цоожтой байсан...” гэх мэдүүлэг
Гэрч Б.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... 2021 оны 3 дугаар сарын 31-ний орой бид нар Хөх сай гэх газарт архи ууж байгаад Д.Батцэцэг алга болчихоор нь ойр хавиас хайгаад олохгүй болохоор казак ахын машинтай Н.Дэнсмаа, хамт явсан 3 ах бид 5 Д.Батцэцэгийн гэрт очсон юм. Бид нарыг очиход Д.Батцэцэг унтах гээд орон дээрээ сууж байсан юм. Д.Батцэцэгийн гэрийн хаалга онгорхой цоожтой байсан эсэхийн санахгүй байна...” гэх мэдүүлэг
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 215 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл
- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл
- гэрэл зургийн үзүүлэлт
- хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл
- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл
- эд зүйлийн үнэлгээ
- хохирлын тооцоо
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Чулуунцэцэг нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчим Ховд аймгийн Үенч сумын Хөх үзүүр багт оршин суух иргэн Д.Батцэцэгийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нь халдаж хүч хэрэглэн гар утсыг нь авч дураараа авирласан,
2021 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө 03-04 цагийн үед мөн Д.Батцэцэгийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нь халдаж хүч хэрэглэн зодож, дураараа авирласан гэмт хэргийг үйлдэж 278000 төгрөгний хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Д.Батцэцэг, гэрч Н.Дэнсмаа, П.Мөнх-Ундрам, Х.Саганган, Д.Мерам, Г.Сагатгүл, Б.Уянга, Ц.Бат-Эрдэнэ шүүгдэгч Н.Чулуунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 215 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Н.Чулуунцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Н.Чулуунцэцэгийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Д.Батцэцэгийн орон байранд түүний зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нь халдаж хүч хэрэглэн зодож дураараа авирласан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.Чулуунцэцэгийг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нь халдаж хүч хэрэглэн зодож дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Чулуунцэцэг нь хохирогчид 278000 төгрөгний хохирол учруулсан нь эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба хохирогч Д.Батцэцэг нь ... хохиролоо бүрэн барагдуулж авсан, санал гомдолгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Чулуунцэцэгийн хохирол төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналыг үндэслэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Чулуунцэцэгт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Чулуунцэцэг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хаалганы цоожны цуурга төмөр 1 ширхэг, шүрүп 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Н.Чулуунцэцэгийн ПО83081920 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлж, шүүгдэгч Н.Чулуунцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Таванзуунтариачин овогт Нямгэрэлийн Чулуунцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж хүч хэрэглэн дураараа авирласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чулуунцэцэгийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Чулуунцэцэгт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Н.Чулуунцэцэгт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
5. Шүүгдэгч Н.Чулуунцэцэг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Н.Чулуунцэцэгийн ПО83081920 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хаалганы цоожны цуурга төмөр 1 ширхэг, шүрүп 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Чулуунцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ