Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 395

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би ******* ХХК-ны нэхэмжлэлтэй Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох 6.720.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн зураг төсөл, экспертизийн ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагадаа:

Завхан аймгийн зураг төслийн ******* ХХКомпани нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын их засварын ажлын зураг төслийг 2015 онд 08/15 тоот гэрээний дагуу өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн мөн оны 07-р сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн. Зураг төслийн үнэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны төсөвт тусгагдан болон батлагдсан засварын төсвийн нийт үнэнд багтсан бөгөөд тухайн үед барилгын засварын ажил гүйцэтгэж дууссаны дараа зураг төслийн санхүүжилт олгоно гэсэн нэрээр санхүүжилтийг олгоогүй. Бидний зүгээс зураг төслийн үнийг норм дүрмийн дагуу төсөвт тусган хүлээлгэн өгсөн бөгөөд зураг төслийн санхүүжилтийг удаа дараа хөөцөлдөж холбогдох газруудад бичиг тоот өгсөн боловч санхүүжилт олгоогүй, улмаар хөрөнгө татагдсан тул төсвийн тодотголоор оруулан шийдвэрлэж өгнө гэсэн ам шийдвэр өгч өнөөдөр 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

2015 онд манай байгууллагын боловсруулсан тус зураг төслөөр 2016 онд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын их засварын хөрөнгө батлагдаж ажлыг бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байна. Барилгын их засварын ажлыг иж бүрэн хийснээр төрийн албан хаагчдын ая тухтай орчинд үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг хангасан орчин бүрдэж төрийн зүгээс иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх болсон. Зураг төслийн үнийн талаар 2016-2017 онуудад Улсын их хурлын гишүүд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст удаа дараа албан тоот хүргүүлсэн боловч нэг ч удаа албан ёсоор хариу аваагүйгээр барахгүй эрх бүхий албан тушаалтнаас танай мөнгийг өгөхгүй гэсэн хариуг ч сонсох боллоо.

Иймд манай байгууллагын хийсэн зураг төслийн үнэ 6.720.000 төгрөгийг Завхан аймгийн НДХ-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн барилга нь анх 2009 оны 12-р сард ашиглалтанд орсон. Тухайн үед барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн Алс ХХК нь чанар муутай хийсэн учир 2015 онд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны төсвийн төсөлд 2017-2019 оны төсөөллийг хийхдээ 2016 оны төсвийн төсөлд барилгын дотоод их засвар хийлгэхээр хөрөнгө оруулалтанд 180 сая төгрөгийн өртөгөөр тусгаж өгсөн. Хэлтсийн барилгын их засварын ажлын зураг төслийг Завхан аймгийн зураг төслийн ******* ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн. Мөн тус компанитай барилгын дотоод их засварын ажлын зураг төслийн гэрээ байгуулж Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн болно. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны төсөвт барилгын дотоод их засвар болон зургын мөнгө нь батлагдсан байсан. 2016 оны төсөвт батлагдсан зураг төсвийн 6.720.000 төгрөг ******* ХХК-нд олгоогүй байна. Тухайн төлбөрийг төлөх нь үнэн болно гэжээ.

Хэргийн материалыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн зураг төсөл, экспертизийн ******* ХХК нь Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан зураг төслийн үнэ 6.720.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч байгууллага болох Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэсээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Тус байгууллага шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...2016 оны төсөвт батлагдсан зураг төсвийн 6.720.000 төгрөг ******* ХХК-нд олгоогүй байна. Тухайн төлбөрийг төлөх нь үнэн болно гэжээ.

Ийнхүү хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдааМонгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 74.2, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Завхан аймгийн зураг төсөл, экспертизийн ******* ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага 6.720.000 төгрөгийг хариуцагч байгууллага болох Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 122,470 төгрөгийн 61,235 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 61,235 төгрөгийг, хариуцагч байгууллага болох Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэсээс 61,235 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч компанид олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ