| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2017/00398/И |
| Дугаар | 399 |
| Огноо | 2017-08-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 399
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Ц.*******гийн нэхэмжлэлтэйажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ын ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 1986 оны 04-р сарын 11-нд *******ны томилолтоор Завхан аймгийн Улиастайн *******ийн хиамны хэсэгт нормчноор ажилд орсон. Миний бие тухайн үйлдвэрт 1986 оны 04-р сарын 11-нээс 1996 оны 02-р сар хүртэл ажиллахдаа тухайн үйлдвэр дотроо арьс ширний цэхэд чанар шалгагч, мастер гэх мэт үйлдвэрийн бүхий л шат дамжлагат ажилласан. Манай үйлдвэр зах зээлийн үед Улиастай Тэгш ХК болж 1996 оны 01-р сарын 31-ний өдөр хүртэл тус үйлдвэрийн мастераар ажиллаж байгаад ажилгүй болсон. Миний анх ажилд орсон болон халагдсан тушаал олдохгүй байгаа тул 1986 оны 04-р сараас 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ******* овогтой ******* нь ажлын боломжоос шалтгаалан тэтгэвэр тогтоолгох шүүх хуралд өөрийн биеэр очих боломжгүй тул шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Ц.******* 1986 оны 04-р сарын 11-нээс 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч Ц.******* нь намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.******* Завхан аймгийн Улиастайн *******т 1986 оны 04-р сарын 11-нээс 1988 оны 09-р сарын 01-ний өдөр хүртэл нормчин, 1988 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл жижиг зүйлийн чанар шалгагчаар, 1989 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 04-р сарын 28-ны өдөр хүртэл арьсан цэхэд чанар шалгагч, Улиастай сумын ******* Улсын үйлдвэрийн газар 1989 оны 04-р сарын 28-ны өдрөөс 1992 оны 01-р сарын 06-ны өдөр хүртэл чанар шалгагч, Улиастай сумын Мах ХК-д 1992 оны 01-р сарын 06-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл мастераар тус тус ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Архивын тасгийн А/918 дугаартай лавлагаа, 1991 онд нээлгэж 1986 оноос 1995 онуудад ажиллаж байсан тухай бичилт хийлгэсэн 390695 хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймаг дахь *******ийн даргын 1988 оны 09-р сарын 24-ний өдрийн 76 дугаартай, 1993 оны 01-р сарын 13-ны өдрийн 3 дугаартай тушаалууд, 1988 оны 01-р сарын 28-ны өдөр нээлгэж 1987 оноос 1988 онуудад авч байсан цалин хөлс, гишүүний татварт зэргийг бичиж тэмдэглэсэн МҮЭ-ийн гишүүний 671886 дугаартай бат илэрхийлэх зэргээр тогтоогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч С.*******ын ... *******г 1986 оноос хойш Завхан аймгийн *******т үйлдвэр зогстол надтай хамт ажилласан. Зах зээл эхлээд үйлдвэрүүд ажиллахаа больсон тэр үед бүгд л ажилгүй болсон. Тэгээд нэг хэсэг хугацаанд хувь хувийнхаа ажлыг хийсэн. ******* эргэж ажилдаа ороогүй би бодохдоо 10 жил ажилласан гэж бодож байна. Чанар шалгагч мастер, цэхийн дарга зэрэг ажил хийж байсан. Улсын үйлдвэр байхад нь ажиллаж байсан хувийн үйлдвэр болоход нь ажиллаагүй. 1995, 1996 он хүртэл ажилласан гэж бодож байна. Үйлдвэр маань Тэгш ХК-д шилжсэн. Тэгэхэд *******г ажиллаагүй байх гэж бодож байна... гэсэн,
гэрч Ю.*******ы ...******* намайг сургуулиа төгсч ирэхийн өмнө жил Хүнсний техникум төгсөөд ажиллаж байсан би дараа жил нь 1987 онд ирж бид 2 Мах комбинатад хамт ажилласан. Бид 2 1996 он хүртэл хамт ажилласан. Үйлдвэр 2000 онд хаагдсан. Гэхдээ 1996 онд цомхотгол хийгээд нэг хэсэг хүмүүс ажилгүй болсон тэгэхэд ******* ажлаасаа гарсан. Төгсөж ирснийхээ дараа чанар шалгагч хийсэн. Дараа нь хиам үйлдвэрлэх цэх, арьс боловсруулах цэх эсгий үйлдвэрлэх цэх зэрэгт ажилладаг байсан. ... гэсэн,
гэрч П.*******ийн ...******* 1986 оноос 1996 он хүртэл Завхан аймгийн Мах боловсруулах комбинатад арьсан цэхэд надтай хамт ажиллаж байсан. Арьсан цэхийн чанар шалгагчаар ажиллаж байсан. Хиаман цэхэд чанар шалгагч л хийж байсан байх. Би 1984 онд ороод 2002 он хүртэл ажилласан. Эхлэн боловсруулах цэхэд борвин дээр дэгээ сольдог байсан... гэсэнмэдүүлгүүдээр Ц.*******гийн ажиллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Хэрэгт цугларсан эдгээр нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэ зөв гэж үнэллээ.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******ын *******г Завхан аймгийн Улиастайн *******т 1986 оны 04 дүгээр сарын 11-нээс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нормчин, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жижиг зүйлийн чанар шалгагчаар, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Арьсан цэхэд чанар шалгагчаар, Улиастай сумын ******* Улсын үйлдвэрийн газар 1989 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл чанар шалгагчаар, Улиастай сумын Мах ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мастераар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ