Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/592

 

 

 

 

 

 

  2022        04          19                                    2022/ШЦТ/592

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б-д холбогдох эрүүгийн 2106 03840 0647 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1955 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 66 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15 дугаар гудамж 4 дүгээр байр 00 тоотын оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 00 тоотын түр оршин суудаг гэх,

Хэнтий аймгийн ардын 5 дугаар хэсгийн шүүхийн 1979 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 2-ын В-д зааснаар 2 жил 6 capын хорих ялаар шийтгүүлсэн,

Хэнтий аймгийн ардын 6 дугаар хэсгийн шүүхийн 1982 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 6/36 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 2-ын В-д зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Улаанбаатар хотын Октябрын Районы ардын шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 143 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан Жаргалант дүүргийн шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 143 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 211 дүгээр зүйлийн 211.1, 239 дүгээр зүйлийн 239.3-т тус тус зааснаар 6 жил 1 cap 23 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.3, 181.2.4, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 01 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Б овогтой Ч-ийн Б.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо 1-32 тоотын гадна иргэн Б.Э-ыг толгойн тус газарт нь гараараа цохиж, машинаасаа үсдэж чирч, газар унаган зодож, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, алимны салст, хацрын цус хуралт, баруун хөмсөг, хацрын шонтонгын зулгаралтын нөсөө, зүүн шууны цус хуралт бүхий гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр хохирогч Б.Э-ын өгсөн мэдүүлэг /хх-10-11/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10512 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-44-45/, Ч.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58/, шүүхэд шинээр хохирогчийн гарган өгсөн хүсэлт, хохирол хүлээн авсан гэх тайлбар зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Б-ийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо 1-32 тоотын гадна иргэн Б.Э-ыг толгойн тус газарт нь гараараа цохиж, машинаасаа үсдэж чирч, газар унаган зодож, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, алимны салст, хацрын цус хуралт, баруун хөмсөг, хацрын шонтонгын зулгаралтын нөсөө, зүүн шууны цус хуралт бүхий гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Э-ын өгсөн: “...Ч.Б машинд суугаад Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Од төвийн ойролцоо явж байхад машин дотор миний толгойн хэсэг рүү баруун гараараа миний нүүрэн тус газар цохисон. Ямар учраас миний биед халдсаныг нь мэдэхгүй байна. ..н үсдэж чирээд газар унагаагаад машиныхаа хойд талын багажнаас төмөр гартаа бариад миний толгойн тус газар цохисон.” гэх мэдүүлэг /хх-10-11/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10512 дугаар:

1. Б.Э-ын биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, алимны салст, хацрын цус хуралт, баруун хөмсөг, хацрын шонтонгын зулгаралтын нөсөө, зүүн шууны цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх-44-45/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед бид хоёр хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд Энхжаргалыг гэр рүүгээ авч явах зорилгоор машинд суух үед намайг эсэргүүцэж улмаар өөрөө  газар унасан.” гэх мэдүүлэг /хх-54-55/,

 

Шүүгдэгч Ч.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58/ зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ч.Б-ийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо 1-32 тоотын гадна иргэн Б.Э-ыг толгойн тус газарт нь гараараа цохиж, машинаасаа үсдэж чирч, газар унаган зодож, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, алимны салст, хацрын цус хуралт, баруун хөмсөг, хацрын шонтонгын зулгаралтын нөсөө, зүүн шууны цус хуралт бүхий гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Ч.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Э нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй ба шүүгдэгч Ч.Б-ийн зүгээс бэлнээр 300.000 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.

 

 Хохирогч Б.Э нь гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв. 

 

Шүүгдэгчид дүйцүүлэн оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагааг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд зааснаар хариуцах ёстой.

 

Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогтой Ч-ийн Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Ч.Б-ийг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ч.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ч.Б нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС