| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2017/00428/И |
| Дугаар | 401 |
| Огноо | 2017-08-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 401
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү нэхэмжлэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Д.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овгийн *******ийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 11-р сарын 02-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд, 1991 оны 11-р сарын 02-ноос 1992 оны 12-р сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын *******ид тус тус мал маллаж байсан болохыг тогтоох тухай нэхэмжлэл гаргаж байна. Би 1979 онд 8 дугаар анги төгсөөд хөдөө гарч эцэг эхийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд тасралтгүй мал маллаж байсан юм. Одоо 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарах болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Аав ээжтэйгээ бог мал малладаг байсан юм. Тэгээд ээж нас бараад, аав мал туугаад явчихдаг байсан учраас би тэжээлийн хурга малладаг байсан. ******* гэж манай нөхөр юм. Айл гэр болсноос хойш өрхийн тэргүүн гэдэг утгаараа цалин хөлс манай нөхрийн нэр дээр гардаг байсан юм. 1990 оны 07-р сарын 08-ны өдөр гэр бүл болсон гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Д.******* нь 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч Д.******* 1979 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 11-р сарын 02-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд, 1991 оны 11-р сарын 02-ноос 1992 оны 12-р сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын *******ид малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Архивын тасгийн 2005 оны 07-р сарын 07-ны өдрийн А/461 дугаартай, 2017 оны 08-р сарын 21-ний өдрийн А/926 дугаартай лавлагаа, 1981 оноос 1990 онуудад ажиллаж байсан талаар бичилт хийсэн, 1991, 1992 онуудад бичилт хийсэн *******н гишүүний хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримт бичгүүдээр тогтоогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Д.гийн ...Д.******* 8-р ангиа төгссөөд мал малласан гэсэн. Намайг жаахан хүүхэд байхад мал малладаг байсан. Одоо хүртэл хөдөө малаа л маллаж байгаа. Нэгдлийн малыг хувьчлагдтал малласан би 1985 онд 8-р ангиа төгсөөд *******тай нэг бригадад мал малласан. Манайхан айл саахалт ойрхон байдаг байсан. Дандаа бог мал малласан. Тэгээд нэгдэл тарсны дараа түрээсийн мал 1 жил гаруй малласан. Түүнээс хойш хувийн малаа маллаад одоо болтол тэндээ амьдарч байгаа... гэсэн,
гэрч Ө.ийн ...******* 8-р ангиа төгсөөд Улаанбаатар хотруу 1 жил яваад ирсэн тэгээд аав ээжтэйгээ мал маллаж байгаад дараа нь хөдөөний хүнтэй суугаад насаараа л хөдөө мал маллаж байгаа хүн. Дандаа бог мал маллаж байгаа нөхөр *******тэйгээ гэрлээд мөн хонь ямаа малласан. Нэгдлийн малын хувьчлал тартал мал малласан. Лав л дунд нь тасарч төв ороогүй өөр тийшээ яваагүй тасралтгүй мал малласан... гэсэн мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Хэрэгт цугларсан эдгээр нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэ зөв гэж үнэллээ
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгч *******ийн *******г 1979 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 11-р сарын 02-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд, 1991 оны 11-р сарын 02-ноос 1992 оны 12-р сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын *******ид тус тус мал маллаж ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завханаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ