Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/593

 

 

 

 

 

 

 

 

  2022         04          19                                   2022/ШЦТ/593

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн И овогт Ж-ийн Г-д холбогдох эрүүгийн 2203 00123 0186 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан- Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 416 дугаар байр, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх000000, И овогт Ж-ийн Г-.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Г нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 19 цаг 00 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Кино үйлдвэрийн автобусны буудлын зүүн замд Toyota Villfire маркийн 00-00 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.М-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 186 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Ж.Г нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 19 цаг 00 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Кино үйлдвэрийн автобусны буудлын зүүн замд Toyota Villfire маркийн 00-00 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.М-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ нь хохирогч Ж.М-гийн өгсөн: “...би 2022 оны 2 дугаар сарын 26-ны тухайн өдөр хамаатны ахын 60 насны ой болсон учир тэнд ресторанд очиж хүлээн авалтад орсон. Амар зочид буудалд болсон юм. Тэндээсээ найзтайгаа утсаар яриад тэднийд очих гээд гараад кино үйлдвэрийн явган хүний гарцаар хойшоо зам хөндлөн гараад найзыгаа дуудчихсан байсан учир хүлээгээд зам дээр зогсож байснаа санаж байна. Яг юу болсныг сайн мэдэхгүй байгаа. Найз маань зүүн талаас ирж авна гэж байсан юм.Гэнэт нэг машин намайг мөргөөд хөл дээр машин гараад зогсчихсон. Машин буцаж ухраад жолооч нь бууж ирээд гэмтэл явъя гэхээр нь би зүгээр гээд хүргээд өг гэж хэлээд Хан-Уул дүүрэгт цэнгэлдэх хотхонд хүргүүлээд буусан. Би үзүүлэхгүй, гомдол, санал байхгүй гэж хэлээд жолоочийг явуулсан боловч маргааш нь хөл гишгэж болохгүй байхаар нь гэмтэлд үзүүлэхэд хугарсан байна гэхээр нь цагдаад өргөдөл өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-37/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 263 дугаартай дүгнэлтэд:

1. Ж.М-н биед баруун тавхайн долоовор хурууны дунд шивнүүр, чигчий хурууны үзүүрийн шивнүүрт хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. б.дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна...” гэжээ. /хх-52-53/,

2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-15-20/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл./хх-21-24

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-29-30-33-34/,

Шүүгдэгч Ж.Г-ийн яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 2 дугаар сарын 26-ны өдөр найзынхаа гэрт орчихоод гэртээ харих зорилгоор Т.Виллфайр маркийн 00-00 УАХ дугаарын автомашиныг жолоодон кино үйлдвэрийн автобусны буудлын зүүн талд Голомт банктай гарцаар баруун гар тийш эргэж гол замд нийлэх үйлдэл хийсэн. Тухайн үед зам руу гарах үед замын хашлага дээр нэг эрэгтэй хүн надаас 3-4 метр зайд зогсож байсан. Би зүүн гар тийш харж байгаад урдуураа 2-3 автомашин өнгөрүүлээд баруун гар тийш дараад дөнгөж хөдлөхөд урд төлд эрэгтэй мөргүүлээд газарт унасан...” гэсэн мэдүүлгээр /хх-79/ тус тус нотлогдож байна.

 

Мөрдөгчийн 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 343 дугаартай магадлагаанд:

“...1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэжээ. /хх-63/,

 

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй юм.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын шинж нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн зам тээврийн осол гарч хуульд заасан хохирол, хор уршиг бий болсон байхыг шаарддаг. Дээрх тохиолдолд жолооч анхаарал болгоомжтой зорчих үүргээ хангалттай биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгчийн хувьд осол гаргасан энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч Ж.М-д эмчилгээний зардалд 750.000 төгрөгийн хохирлыг төлсөн байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Г-ийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, түүнд 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.  

 

Шүүгдэгч Ж.Г нь болгоомжгүйгээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн байх тул эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хор уршиг арилахгүй боловч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хувьд болгоомжгүйгээр үйлдэгддэг хуульд зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирлыг төлсөн нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан шаардлагыг хангажээ.

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-д 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 2 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.

 

Мөн шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Ж-ийн Г-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Г-ийг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ж.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 2 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай..

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ж.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

       9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ЧИНГИС