Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2020/00046

 

Б.Г, Ж.Д  нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2019/00079 дүгээр шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр магадлалтай

Б.Г, Ж.Д  нарын нэхэмжлэлтэй,

ГАИТХ, ГАЗД, ГАЗДТГСТСХЭЛТЭС-т тус тус холбогдох,

“Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу хийсэн Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын хөшөө баримлын ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 35 250 000 төгрөг, төлбөрийг хугацаандаа өгөөгүйн алданги 18 621 750 төгрөг, нийт 50 871 750 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат-Очирын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчЖ.Д-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Отгонтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Г, Ж.Д  нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Г- ГАЗДТГ-, түүнийг төлөөлөн Ч.Жаргалсайхан, мөн түүнчлэн Говь-Алтай аймгийн Ч.Лодойдамбын 100 жилийн ойн комиссын дарга Т.Ганзориг нартай 2017 оны 10 сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Хөшөөний суурь хүлээлгэн өгөх, холбогдох тооцоо төлбөрийг хийх ажлыг иргэн Ж.Д-гаар хийлгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан учир Ж.Д- нь мөн нэхэмжлэгч болж байгаа болно. Иргэн Ж.Д-гаар хийлгэсэн ажлынхаа хөлсийг одоо болтол өгөөгүй байгаа болно. Тус гэрээнд тохиролцсоноор Б.Г- нь Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба хөшөө баримлын ажлыг хугацаанд нь, чанарын шаардлага ханган гүйцэтгэх, захиалагч гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэг тус тус хүлээсэн болно. Гэрээнд зааснаар гэрээт ажлыг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бүрэн гүйцэтгэж дуусахаар тохиролцсон ба ажлын үр дүнг Г- би өөрийн материалаар хийж гүйцэтгэх болсон. Б.Г- би ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар уг хөшөөг 2017 оны 12 сарын 15-ны өдөр ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн. 2017 оны 12 сарын 15-нд Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан Болор цом яруу найргийн наадамд уригдан ирсэн зохиолчид, зочид төлөөлөгчдийг болон аймаг орон нутгийн удирдлагууд, иргэдийн төлөөллийг байлцуулан Ч.Лодойдамбын 2.7 метр өндөртэй хүрэл хөшөөний нээлтийн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Гэтэл захиалагч ГАЗДТГ- гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн төлөөгүй байна. Б.Г- миний гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу хөшөөг хүлээн авах комиссыг ажиллуулахыг удаа дараа шаардсаны дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 02 сарын 15-ны өдрийн А/59 дугаартай, Хөшөөг хүлээн авах комисс томилох тухай захирамж гаргаснаар 11 хүний бүрэлдэхүүнтэй комисс 2018 оны 03 сарын 19-ний өдөр ажилласан. Ажлын комисс уг хүрэл хөшөөг хүлээн авах дүгнэлт гаргасан боловч комиссын гишүүн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан гарын үсэг зураагүйгээс өнөөдрийг хүртэл хүрэл хөшөөг хүлээн авсанд тооцохгүй, /комиссын хуралд төрийн сангийн хэлтсийн дарга Чардагийн Жаргалсайхан өөр тухайн хөшөөг хүлээн авахыг зөвшөөрчихөөд/ санхүүжилтийн дутууг өгөх болохоор гарын үсэг зурахгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу гэрээт ажлын хөлс 85 000 000 /наян таван сая/ төгрөг, үүнээс гэрээний үнийн дүнгийн 35%-ийн урьдчилгаа 29 750 000 төгрөгийг иргэн Б.Г- миний Хаан банкны 5057015062 тоот дансанд гэрээний урьдчилгаа төлбөр гэж шилжүүлсэн. Харин ажлын гүйцэтгэлийн 80% гүйцэтгэсэн үед нийт хөлсний 40% буюу 34 саяр төгрөг, үлдэгдэл 25%-ийг ажил дуусгавар болоход 21.250.000 төгрөгийг хийснээр гэрээ дуусгавар болох гэрээний үүргээ захиалагч биелүүлээгүй. Захиалагч болох ГАЗДТГ-, Говь-Алтай аймгийн Ч.Лодойдамбын 100 жилийн ойн комисс нь ажлын гүйцэтгэл 100 хувьтай, чанарын зохих шаардлага хангасан ажлын үр дүнг хүлээн авчихаад гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил дуусгавар болоход бүрэн төлөх үүргээ биелүүлэхээс санаатайгаар татгалзаж байгаатай холбоотой гэж үзэж байна. Захиалагч хөшөөний гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч, нээлтийн үйл ажиллагаа хийсэн, өнөөдрийг хүртэл гадаад, дотоодын төлөөлөгчид, аялагчид, нутгийн иргэд, хуулийн этгээд уг хөшөөг үзэж сонирхож, цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж, улмаар тус хөшөөг зорьж ирдэг хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа ба хөшөө Говь-Алтай аймгийн соёлын нэгэн өв болсон. Энэ бүхэн нь тус гэрээний үүргийн гүйцэтгэл дууссан гэдгийг захиалагч хүлээн зөвшөөрсний баталгаа гэж үзэж байна. Гарын үсэг зураагүй нь хөшөөг хүлээн аваагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Захиалагч гэрээт ажлын хөлснөөс нийт 49 750 000 төгрөг буюу 58.5% төлсөн. Ажил гүйцэтгэх гэрээний 6.4-т заасан захиалагч ажлын үр дүнг хүлээн авч хөлсийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног дутамд 0.3%-ийн алданги тооцож гүйцэтгэгчид төлнө гэсний дагуу алданги тооцож хүснэгтээр хавсаргав. Нэхэмжлэл гаргах хүртэл гэрээт ажлын хөлсийг хугацаанд нь төлөөгүй 55 250 000 төгрөгийн алданги 27 514 500 төгрөг, үлдэгдэл 35 250 000 төгрөгийн хөлс төлөөгүйн алданги 9 729 000 төгрөг, нийт алдангийн хэмжээ 37 243 500 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснийг үндэслэн нийт алдангийн 50 хувь болох 18 621 750 төгрөгийг Б.Г, Ж.Д  бид захиалагчаас шаардах эрхтэй. Захиалагч ГАЗДТГ-, Говь-Алтай аймгийн Ч.Лодойдамбын 100 жилийн ойн комисс нь гүйцэтгэсэн ажлын үр дүн болох хөлсийг бүрэн төлөхгүй хохироож байна. Иймд ГАЗДТГ-, Говь-Алтай аймгийн Ч.Лодойдамбын 100 жилийн ойн комисст 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба хөшөө баримлын ажлыг хүлээн авсныг тогтоож, гэрээний гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 35 250 000 төгрөг, гэрээний 6.4-д заасан алданги 18 621 750 төгрөг, нийт 50 871 750 төгрөгийг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

НэхэмжлэгчЖ.Д- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээ хийсэн. Хөшөө 130 сая төгрөгөөр батлагдаж ирсэн. Дараа нь 85 сая төгрөгөөр гэрээ хийгдсэн. Хурлын дарга барималчтай яриад хөшөөний мөнгийг багасгах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би Г-тай яриад хөшөөг 85 сая төгрөгт хийгээд өг. Би боржин чулуун хөшөөний суурийг хийгээд өгье гэж хэлэхэд би өөртэй чинь гэрээ хийнэ гэсэн учир би хөшөөний суурийг хийхээр Г-тай гэрээ хийсэн. Тэгэхдээ суурийг 40 см өргөнтэй, 2 метр урттай хийхээр болсон. Суурийг хийх үед өвөл байсан учир би гэр бариад хийж байсан. Тэгээд хийх явцад ганц чулуун суурь санаанд таараагүй учир би 1 метр өргөнтэй хийсэн байдаг. Хөшөөг хийхэд сургууль бол зүгийн муу руу харсан гэж шүүмжлэгдэж байсан. Иймээс тухайн хөшөөний суурийг баруун урагш харуулах ёстой гэж байсан. Хөшөөг 2017 оны 12 дугаар сарын 14-ний шөнө авч ирээд 12 дугаар сарын 15-нд суурилуулж Болор цомд оролцож байгаа найрагчид ирж нээлтийг нь хийж байсан гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь Иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. ГАЗДТГ- нь Лодойдамбын 100 жилийн ойн комисстой 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээ хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 35 250 000 төгрөг, гэрээний 6.4-т заасан хоног тутам 0.3 хувийн алданги тооцох 18 621 750 төгрөг, нийт 50 871 750 төгрөгийг Аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулах, аймгийн Лодойдамбын хөшөөг хүлээж авсныг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрт уг хөшөө баримлыг хүлээн авсанд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Уг хөшөөг хүлээн авах комиссын дүгнэлт гарсан байгаа. Уг дүгнэлт дээр комиссын дарга Байгальмаа, Санхүү төрийн сангийн дарга Ч.Жаргалсайхан, архивын эрхлэгч Мандаххүү нар гарын үсэг зураагүй. Нэхэмжлэгч Г- нь хөшөө баримлыг хүлээж авах орон нутагт патентжуулах гэдэг ажил хийгээгүй учир одоог хүртэл хохирч байгаа. Үүнийг хүлээж авсныг тогтоох үндэслэл байгаа. Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 69 дүгээр тоот тогтоолд барилга байгууламж хөшөө дурсгалыг хүлээж авах дүрмийн 4 дүгээр зүйлд тодорхой заасан. Комиссын гишүүд нэг бүрчлэн саналаа өгнө. Санал өгсний дараа хуралдаан хийгээд хуралдаан дээр саналаа илэрхийлнэ гэж заасан. Тэгэхээр комиссын гишүүд 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр комиссын хурал хийхэд тухайн гишүүд бүгд оролцоод хүлээн авах саналтай гэдгээ илэрхийлсэн. Уг тогтоол дээр комиссын гишүүд Ч.Жаргалсайхан хийж гүйцэтгэх боломжтой гэсэн тул ашиглалтад авах саналтай байна гээд өөрөө гарын үсэг зурсан. Комиссын гишүүд болох Шуубанза, Бямбадорж, Пүрэвдорж, Нармандах, Байгалмаа, Мандаххүү нар бүгд хөшөөг хүлээн авахад татгалзах зүйлгүй гээд саналаа өгсөн. Мөн Д- өөрөө мөн саналаа өгсөн. Комиссын дүгнэлт дээр яагаад гарын үсэг зураагүй учир нь Жаргалсайхан санхүүжилт байхгүй, би хүлээн авснаа зөвшөөрч байна. Санхүүжилт байхгүй учир хүндрэлтэй байна гээд гарын үсэг зураагүй. Ажлын хэсгийн ахлагч Байгалмаа нь санхүү төрийн сангийн дарга гарын үсэг зурсан тохиолдолд би гарын үсэг зурна гэж хэлдэг. Засгийн газрын тогтоолд хөшөөтэй холбоотой баримт бичгийг хамгийн сүүлд архивын эрхлэгч нь хүлээж аваад гарын үсэг зурахаар заасан. Уг хөшөөг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Үүний дагуу нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр уг хөшөөний нээлтийн ажиллагааг хийсэн.Тухайн үед Говь-Алтай аймагт Болор цом тэмцээн болж тухайн тэмцээнд оролцсон бүх найрагчид аймгийн зохих удирдлагуудтай ирж нээлтэд оролцсон. Дараа нь зохиолчдын уулзалт аялал болсон тухайн аялалыг Д-, Г- нар өөрсдийн санаачилгаар зохион байгуулаад ийм ажиллагаа хийгдсэн байгаа. Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 36 тоот тогтоолоор Лодойдамбын 100 жилийн ойг 2017 онд зохион байгуулах, ойг зохион байгуулах комиссыг байгуулсан. Гуравдугаарт ойгоор хийгдэх ажлын төлөвлөгөөг тус тус баталсан. 2017 оны 9 дүгээр сард Лодойдамбын хүрэл хөшөөг босгох гэж төлөвлөгөөнд тусгагдсан. Дөрөвдүгээрт зохиолчийн төрсөн газрын буурийг тохижуулах, Лодойдамбын нутгаар тойрон аялал зохион байгуулах 2017 оны 08-09 дүгээр сард гэсэн энэ нь зохион байгуулагдсан. Үүний дагуу аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 27 тоот тогтоолоор Лодойдамбын 100 жилийн ойг зохион байгуулах ажлын комиссыг батлаад хоёрдугаар санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг аймгийн Засаг дарга үүрэг болгосон. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр захиалагчийг төлөөлж ГАЗДТГ- түүнийг төлөөлж төрийн сангийн хэлтсийн дарга Жаргалсайхан, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Ганзориг, гүйцэтгэгчийг төлөөлж Г- нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн байгаа. Лодойдамбын 100 жилийн ойг тохиолдуулан Лодойдамбын хөшөөг 2 метр 7 см өндөртэй, боржин чулуун хавтантай хийж гүйцэтгэх, хөшөөний ажлын хөлс болох 85 сая төгрөгийг 3 үе шаттайгаар олгох гэрээ хийгдсэн байгаа. Гэрээний дагуу ажил гүйцэтгэгч нь Г- Д- нар нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр уг хөшөөг бүрэн хийсэн. Өөрөөр хэлбэл 5 эскиз хийгдсэн. Хөшөөний үлдэгдэл хөлсийг одоо болтол өгөөгүй. Гэрээний 6.4-т хөшөөний мөнгийг өгөөгүй учир хугацаа хэтэрсэн хоног тутам 0.3 хувийн алданги тооцож төлнө гэсний дагуу алданги тооцож нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан. НэхэмжлэгчЖ.Д-гийн гаргасан нэхэмжлэлд тус ажил гүйцэтгэх гэрээний захиалагч нь аймгийн Засаг даргын Тамгын газар бөгөөд захиалагчийг төлөөлж Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан гарын үсэг зурсан байна. Тус гэрээг Ч.Лодойдамбын ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын даргын хувьд ИТХурлын даргаар ажиллаж байсан Т.Ганзориг гарын үсэг зурж баталгаажуулсан нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ИТХ-ын даргыг хариуцагчаар татах үндэслэлгүй байна. Иймд тус иргэний хэрэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ИТХ-ын дарга хариуцагчаар оролцох боломжгүй тул хариуцагчаас чөлөөлж, захиалагч болон захиалагчийг төлөөлж гарын үсэг зурсан албан тушаалтнуудыг ажил гүйцэтгэх гэрээний хариуцагчаар оролцуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ИргэнЖ.Д- нар нь 2017 онд зохион байгуулагдах Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойг тохиолдуулан тус хүний хөшөө баримлыг бүтээх талаар өөрсдийн санаачлагыг гарган хандив цуглуулан ажилласан байдаг. ТэгээдЖ.Д- нь уран барималч Б.Г-тай аман тохироо хийж хөшөөний эх загварыг хийлгэн, зохиолчийн ар гэрийнхэнд танилцуулан хандив цуглуулж эхэлсэн. Ингэхдээ ХААН банкинд 5337039246 тоот дансыг 2 дугаар сургуулийн нярав Ванчин овогтой Мөнбиш, захирал Хоохлой овогтой Батболд нарын нэр дээр 2017 оны 01 сарын 02-ны өдөр данс нээлгэж, уг дансанд 500 000 төгрөг байршуулсан байдаг. Ингээд 5 сараас хандивын мөнгө орж эхэлсэн бөгөөд 9 сарын 05-ны өдөр хүртэл тэд өөрсдөө 4 670 119 төгрөгийг л цуглуулж чадсан байдаг. Мэдээж ийм мөнгөөр бүхэл бүтэн хөшөө хийлгэх боломжгүй байсан учир аймаг дахь ой зохион байгуулах комиссын дарга бөгөөд ИТХ-ын дарга Т.Ганзоригт санал тавьж хамтран ажилласан. Зохион байгуулах комиссын хурал дээр төсөвт тусгагдсан хөрөнгийн эх үүсвэр байхгүй учир дан ганц хандивын хөрөнгийг дайчилъя гэсэн санал гарч байгууллага, сумдын удирдлагуудад захидал явуулж, ажилтан бүрийн оролцоог хангаач, 1 өдрийн цалингийн хөдөлгөөн өрнүүлээч гэсэн. Ингээд хандивын дансыг үргэлжлүүлэн ашиглах болж, 1 дүгээр гарын үсгийг Т.Ганзориг, 2 дугаар гарын үсгийг Ч.Жаргалсайхан нар зурахаар гарын үсгийн баталгаа гарган 2017 оны 09 сарын 13-ны өдрөөс он дуустал 30.054.081 төгрөгийн хандив цуглуулсан. Ингээд хандивын дансанд нийт 34 724 200 төгрөг цугларснаас 29 709 000 төгрөгийг гүйцэтгэгчид олгосон. Одоо хандивын дансны үлдэгдэл 4 999 926,93 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2017 оны жилийн эцэст хандиваар 34.7 сая төгрөг цугларсан, цаашид мөнгө нэмж орох нь эрсдэлтэй байсан учир 2018 оны аймгийн орон нутгийн төсөвт 20 сая төгрөг тусгаж, 6-р сард олгосон болно. Гүйцэтгэгчид нийт 49 сая 709 мянган төгрөгийг олгосон болно. Улсын комисс хүлээж аваагүй шалтгаан нь 1. Уг хөшөө нь эскиз зургаараа 80-100 см өндөрлөсөн гантиг суурьтай, тохижуулсан талбайтай, гадна гудамжнаас орох шаттаы гэх мэт байхаар байсан. Гэтэл суурь нь газраас үл ялиг өндөр, талбайн цутгалт тохижилт хийгээгүй, гаднах шат хийгдээгүй байсан. 2. Комисс ажиллах үед гүйцэтгэгчээс дээрх ажлуудыг гүйцээх талаар ярихад дулааны улиралд хийх боломжтой гэж байсан учраас комиссын гишүүнээр ажиллах үедээ хүлээн авах боломжтой гэж үзэж байсан. Энэ тухай Т.Ганзориг даргад танилцуулахад дутуу хийгдсэн ажил хүлээн авч болох юм уу, үлдэгдэл санхүүжилтийг яаж шийдвэрлэх гэж байна гэдэг асуудал гаргасны дагуу комиссын актан дээр гарын үсэг зураагүй болно. Улсын комисс тухайн ажлыг хүлээн аваагүй, комиссын актад гарын үсэг зурагдаагүй байгаа учир нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн авах боломжгүй болно гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэж хариу тайлбар гаргаж байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор Монгол Улсын утга зохиолын нэрт төлөөлөгч, төр нийгмийн зүтгэлтэн Лодойдамбын 100 жилийн ойг удирдан тэмдэглэн өнгөрүүлэх ойн зохион байгуулах комиссыг байгуулан, ойн арга хэмжээний төлөвлөгөөг баталсан байдаг. Тухайн тогтоолтой холбоотой Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 27 дугаар тогтоолоор ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын тогтоол батлагдсан. Тухайн тогтоолын 3 дахь заалтад Лодойдамбын хөшөөний хүрэл хөшөөг босгох ажлын санхүүжилтийг хандиваар, хариуцах байгууллага нь Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл, 9 дэх заалт зохиолчийн төрсөн газрын буурийг тохижуулах ажлын санхүүжилтийг орон нутгийн төсөв хандиваар хариуцах, хариуцах байгууллага аймгийн Чадраабалын Лодойдамбын сан, орон нутгийн байгууллага хандиваар гэсэн. Мөн 10 дахь заалтад Ч.Лодойдамбын нутгаар зохион байгуулах ажлыг хандиваар, Монголын зохиолчдын эвлэлийн аймаг дахь салбар хариуцахаар тус тус заасан төлөвлөгөөг баталсан. Боловсрол соёл урлагийн газрын даргын уриалга хүргүүлэх тухай 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 239 тоот албан бичигт хөшөөг иргэд ард олны сэтгэлийн хандиваар бүтээнэ гэсэн. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 8 дугаар тогтоолоор хөшөөг бүтээх ажилд орон нутгийн төсвөөс 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, Г-д 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн. Нэхэмжлэгч талаас Ч.Лодойдамбын хөшөө барих ажлыг 100 хувьтай чанарын зохих шаардлага хангасан ажлын үр дүнг хүлээн авсан гэх зүйлд дараах тайлбарыг өгч байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх захиалагч нь уг ажлыг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг заасан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэг зааснаар тухайн гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан. Аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/59 дугаар захирамжаар орон нутгийн төсвийн хөрөнгө, хандивын хөрөнгөөр Ч.Лодойдамбын хүрэл хөшөө, зохиолчийн төрсөн нутгийн буурийг тохижуулах ажлыг хүлээж авч ашиглалтад оруулах комиссыг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажил хүлээн авах акт үйлдсэн байх бөгөөд тус актад гүйцэтгэгчийг төлөөлж “Шадар туслагч” ХХК-ийн Д-, захиалагчийг төлөөлж ажилласан комиссын дарга С.Байгальмаа, комиссын гишүүн Ч.Жаргалсайхан нар нь гарын үсэг зураагүй уг акт баталгаажаагүй байдаг. Тухайн ажлын хэсгийн комиссын гишүүд саналдаа хөшөөний ирмэгийн дагуу налуу цутгалт хийх, хөшөөний зэс суурины гадна доод хажуугаар чулуун эмжээр хийх мөн төрсөн газрын буурин дээр Соёмбыг баруун хойд толгойд хийх, хогийн сав хийх зэрэг тухайн ажлын доголдлыг арилгуулахаар саналыг гаргасан. Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоолоор батлагдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 4.4 дэх хэсэгт комиссын гишүүд хариуцсан асуудал тус бүрээр санал гаргах бөгөөд комиссын нийт гишүүдийн саналыг үндэслэн дүгнэлт гаргах бөгөөд уг дүгнэлтийг комиссын нийт гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Тэгэхээр ажил хүлээж авах комиссын акт баталгаажаагүй. Тухайн хүрэл хөшөөн орон нутгийн болон сургуулийн өмчлөлд бүртгэлгүй байгаа. Иймээс Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө, 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх гэж зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлж ажлаа биелүүлээгүй байх тул энэ ажлын хөлсийг шаардах эрхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2019/00079 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон Б.Г, Ж.Д  нарын нэхэмжлэлтэй, ГАИТХ-, ГАЗД-, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст холбогдох ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба хөшөө баримлын ажлыг хүлээн авсныг тогтоож, гэрээний гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 35 250 000 төгрөг, гэрээний 6.4-д заасан алданги 18 621 750 төгрөг, нийт 50 871 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчЖ.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412 309 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2019/00079 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар ГАИТХ-, ГАЗД-, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба хөшөө баримлын ажлын үлдэгдэл хөлс 35 250 000 төгрөг, гэрээний 6.4-д заасан алданги 18 621 750 төгрөг, нийт 50 871 750 төгрөгийг гаргуулж Б.Г, Ж.Д  нарт олгосугай...” гэж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчЖ.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412 309 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 412 309 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 412 309 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалаар ГАИТХ-, аймгийн Засаг дарга, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс ажил гүйцэтгэх гэрээний ажлын дүн хөшөө баримлын ажлын үлдэгдэл хөлс 35 250 000 төгрөг, гэрээний 6.4-д заасан алданги 18 621 750 төгрөг нийт 50 871 750 төгрөгийг гаргуулж, Б.Г, Ж.Д  нарт олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

1. Талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба “ хөшөө баримлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. бөгөөд гэрээний 5.2.2-т “Энэхүү гэрээний 1.1-т заасан баримлыг тогтоосон хугацаанд захиалагчийн хүсэлт шаардлагад нийцүүлэн өөрийн бүтээлч хөдөлмөрөөр биечлэн чанартай гүйцэтгэх үүрэгтэй” гэсэн үүргийг гүйцэтгэгч тал хүлээсэн. Мөн Энэхүү гэрээний 2.1-т заасан гэрээт ажлын гүйцэтгэл нь захиалагч талын зүгээс тавьсан шаардлагыг бүрэн хангасан байхаар харилцан тохиролцсон.

Гэтэл шүүх бүрэлдэхүүн: Гэрээнд заасан ёсоор ажил гүйцэтгэгч нь захиалагчийн шаардсан гэрээний зүйл болох хөшөө баримлыг захиалагчийн шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэсэн, түүнчлэн захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж дүгнэж, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсгийг хэрэглэсэн атлаа гэрээний үндсэн зүйл болох хүрэл хөшөө баримлаас чулуун шалны ирмэгийн дагуу налуу цутгалт хийх, хөшөөний зэс суурины гадна доод хажуугаар чулуун эмжээр хийх ажлыг нэмж хийхээр хөшөөг хүлээн авахад тохиролцсон нь үндсэн гэрээний үүрэгт хамааралгүй гэж үзнэ гэсэн эсрэг дүгнэлт хийсэн нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаанд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажлын үр дүнг хүлээн авсан үйл баримтын талаар болон хөшөө баримал хүлээн авахаар аймгийн Засаг даргын 2018 оны А/59 дүгээр захирамжаар комисс томилон ажиллуулсан, томилогдсон комисс ажлын үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх заалтад зааснаар “Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй" гэж заасны дагуу шаардлага гаргасан болон хөшөө хүлээн авах ажлын хэсгийн акт, нэхэмжлэгч талын анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан “Дулааны улиралд хийж гүйцэтгэхээр саналыг хүлээн авсан боловч гүйцэтгээгүй байгаа” гэсэн тайлбар болон нотлох баримтад дүгнэлт хийж хянах байтал илт нэг талыг барьсан бодит байдалд нийцээгүй Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт заасан хэрэглэх ёсгүй хуулийн зүйл заалтыг хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж, тайлбарлан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсанд гомдолтой байна.

2. Хөшөөний зэс суурины гадна доод хажуугаар чулуун эмжээр хийх ажлыг нэмж хийх гэдэг үндсэн гэрээний үүрэгт хамааралгүй гэх дүгнэлтийг ямар гэрээний баримт үндэслэсэн дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй “Төрийн хошой шагналт Ц.Лодойдамба "хөшөө баримал нь үндсэн баримал, суурь нь боржин чулуун материалаар чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Гэрээний нийт төсөвт өртөг 85.0 сая төгрөг байхаар харилцан тохиролцсон.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн: Гэрээнд заасан ёсоор ажил гүйцэтгэгч нь захиалагчийн шаардсан гэрээний зүйл болох хөшөө баримлыг захиалагчийн шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэсэн байгаа нь Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасан гэрээнд заасан тоо, хэмжээ чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэсэнд нийцэж байна дүгнэж, дээрх хуулийн зүйл заалтыг хэрэглэсэн нь гэрээт ажлын гүйцэтгэлийн тоо хэмжээ, чанарыг гэрээндээ чанартай гүйцэтгэх, захиалагч талын зүгээс тавьсан шаардлагыг бүрэн хангасан байхаар тохиролцсон байх бөгөөд шаардлага гаргасан байхад тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж, хянаж дүгнэлт хийлгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээгүй.

З. Шүүх бүрэлдэхүүн хүрэл хөшөө баримлыг барилга байгууламж гэж үзэхгүй тул Барилгын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм" зэрэг хэрэглэх ёсгүй хууль, тогтоолыг анхан шатны шүүх хэрэглэсэн гэж магадлалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт заасны дагуу танилцуулсан байтал шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт энэ талаар дүгнэлт хийсэн зүйл огт байхгүй, тогтоох хэсэгт Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсан хууль зүйн болон бодит нөхцөл байдлуудыг харгалзан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн талуудын хоорондох маргааныг хянаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Г-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямаа, нэхэмжлэгчЖ.Д- нар хяналтын гомдолд гаргасан хариу тайлбартаа: Шүүх бүрэлдэхүүн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн асуудал байхгүй. Б.Г- 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр захиалагчийг төлөөлж ГАЗДТГ- Ч.Лодойдамбын 100 жилийн ойн комисстой, төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын хөшөө баримлыг 2 м 40 см өндөртэй хүрэл хөшөөг, суурийг нь боржин чулуун материалаар чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, захиалагч төсөвт өртөгт 85 000 000 төгрөгийг 3-н үе шаттайгаар өгөх, хугацаа хэтэрвэл биелүүлээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.3%-н алданги тооцохоор харилцан тохиролцож гэрээ хийсэн.

Нэхэмжлэгч Б.Г- ажил гүйцэтгэх гэрээний 1.1-д заасан ажлаа тогтоосон хугацаанд нь захиалагчийн хүсэлт шаардлагад нийцүүлэн өөрийн бүтээлч хөдөлмөрөөр биечлэн чанартай гүйцэтгэж, ажил гүйцэтгэх гэрээний 5.2.2-д заасан үүргээ биелүүлээд нээлтийн ажиллагааг, төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын хүрэл хөшөөний болон, түүний төрсөн газрын буйрийн нээлт, зохиолч, сэтгүүлчдийн тойрон аялалыг, “Болор цом 2017” тэмцээний үеэр зохион байгуулж хүлээлгэн өгсөн. Энэ ажиллагаанд Ч.Лодойдамба 100-н жилийн ойн комиссын дарга, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Ганзориг, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, “Болор цом 2017” тэмцээнд оролцогч зохиолч сэтгүүлчид болон, Ч.Лодойдамбын үр хүүхэд, ах дүү төрөл төрөгсөд нутгийн иргэдийн төлөөлөгч нар оролцож сэтгэл ханамжтай, бидний хүсэлт шаардлагад нийцсэн, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн байна гэж үнэлэлт дүгнэлт өгсөн болно. Гэтэл анхан шатны шүүх бүрэлдэхүүн гэрээний зүйлд хамааралгүй бидний аймаг орон нутгийн нэр хүнд, хөшөөнийхөө ач холбогдол ойр орчны тохижилтыг харгалзан үзэж, чинь сэтгэл гаргаж ажил гүйцэтгэх гэрээний үүргээс хамааралгүй, чулуун шалны ирмэгийн дагуу 2 см-н налуу цутгалт хийх, хөшөөний зэс суурны гадна доод хажуугаар 8 см өргөнтэй чулуун эмжээр наах ажлыг хийгээгүй нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзнэ гэжээ. Гэтэл Б.Г- би төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын хүрэл хөшөө гүйцэтгэх гэрээнд заасан хугацаандаа хийж бүтээгээд, Хүрэл хөшөөний патентийг авч үлдэгдэл хөлсийг авах гэтэл аймгийн Засаг даргын 2018 оны А/59-р захирамжаар томилогдсон комисс нь бүгдээрээ хүлээж авах саналтай байна гэсэн атлаа гэрээнд заагдаагүй ажлыг хийж гүйцэтгэх, төсөв боломж байхгүй гэдэг шалтгаанаар комиссын гишүүн, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан гарын үсэг зураагүйгээс, комиссын дарга С.Байгалмаа нь төрийн сангийн хэлтсийн дарга Ч Жаргалсайхан гарын үсэг зурсны дараа зурна гэснээс шалтгаалж Б.Г- миний эрх ашиг хохирч байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаандаа захиалагчийн хүсэл шаардлагад нийцүүлж хийж хүлээлгэн өгсөн хөшөө барималынхаа үлдэгдэл хөлсийг авч чадахгүй 17-н сарыг үзэж байна. Б.Г- би захиалагчийн хий гэсэн ажлуудыг 2018 оны 5-р сард дулаарах үед хийж гүйцэтгээд, захирамжаа хэрэгжүүлээч гэсэн тоотыг өгч байсан боловч арга хэмжээ аваагүй учир арга буюу шүүхэд хандсан болно.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь заалтыг хэрэглэсэн нь үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл миний нэхэмжлэлийн хүрэл хөшөөг хүлээн авсанд тооцож гэсэн шаардлага хангагдаж байгаа юм. Ийм учир давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянаж шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж тухайн хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн учир Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 11 тоот магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Г, Ж.Д  нар нь хариуцагч нарт холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу хийсэн Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын хөшөө баримлын ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 35 250 000 төгрөг, төлбөрийг хугацаандаа өгөөгүйн алданги 18 621 750 төгрөг, нийт 50 871 750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал “...гэрээ байгуулаагүй тул хариуцагч биш...”  гэж, Аймгийн Засаг дарга “...гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд доголдолгүй үр дүн шилжүүлж өгөх үүргээ бүрэн биелүүлээгүй, ажлын доголдлыг арилгахаар үүрэг хүлээсэн боловч арилгаагүй тул ажлын хөлс шаардах эрхгүй...” гэж, хариуцагч Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга “ ...ажлыг Улсын комисс хүлээж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй...” гэж татгалзжээ.

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр захиалагч Говь-Алтай аймгийн Тамгын газар, Ч.Лодойдамбын 100 жилийн ойн комисс, гүйцэтгэгч иргэн Б.Г-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, тус гэрээгээр гүйцэтгэгч нь 2м 40см-ийн өндөртэй төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын хүрэл хөшөө баримлыг 2017 оны 10 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 05-ны дотор чанарын өндөр түвшинд, бүрэн хийж гүйцэтгэх, гүйцэтгэх ажлын төсөвт өртөг нийт 85 000 000 төгрөг, захиалагч гэрээ байгуулахад урьдчилгаа 35 хувийг, ажлын гүйцэтгэлийн 80 хувь болоход хөлсний 40 хувийг, ажил дуусгавар болоход үлдэгдэл 25 хувийг гүйцэтгэгч талд төлөхөөр харилцан тохиролцжээ.

Гэрээний дагуу урьдчилгаа 35% болох 29 750 000 төгрөгийг гэрээ байгуулахад өгч, 2017 оны 6 дугаар сард 20 000 000 төгрөг өгснөөс өөр төлбөр хийгдээгүй, гүйцэтгэгч нар өөрсдийн хөрөнгөөр ажлыг гүйцэтгэж дуусгасан, үлдэгдэл төлбөрийг шаардсан гэжээ.

Гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл болох талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх заалтад нийцсэн, шүүх талуудын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн маргааныг зөв тодорхойлсон байна.

Гүйцэтгэгч Б.Г- хөшөө баримлын ажил гүйцэтгэхдээ суурийн ажлыг гүйцэтгүүлэхээр Б.Д-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, ажлыг хамтран хийсэн үндэслэлээр хамтран нэхэмжлэл гаргасантай хариуцагч маргаагүй байна.

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Аймгийн удирдлага, ойг зохион байгуулах комиссоос “Төрийн хошой шагналт, эрдэмтэн зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойд зориулсан хүрэл хөшөөний нээлт”-ийн арга хэмжээг зохион байгуулж, тус ажиллагаанд  Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан “Болор цом” яруу найргийн наадамд уригдан ирсэн зочид төлөөлөгчид болон аймаг орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөгчид оролцсон байна. Ийнхүү хөшөөний нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулснаар гүйцэтгэгч ажлыг бодит байдалд хүлээлгэж өгсөн, захиалагч ажлыг хүлээн авсан үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж,  232 дугаар зүйлийн 232.6.-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохирсон анзыг алданги гэж тус тус тодорхойлсон.

Талууд гэрээний 6 дугаар зүйлд алдангийн талаар харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч ажлын үлдэгдэл хөлс, алданги шаардах эрхтэй байна. 

Анхан шатны шүүх “...2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Чадраабалын Лодойдамбын хүрэл хөшөөний ажлыг хүлээн авч, ашиглалтад оруулах комиссын  дүгнэлтэд Комиссын дарга С.Байгалмаа, гишүүн Ч.Жаргалсайхан, С.Мандаххүү нар гарын үсэг зураагүй, хурлын тэмдэглэлд бичигдснээр хөшөөний чулуун шалны ирмэгийн дагуу налуу цутгалт хийх, хөшөөний зэс суурины гадна доод хажуугаар чулуун эмжээр хийх, төрсөн буурины хөшөөний орчим хогийн сав хийх зэрэг нэмэлт ажил хийсний дараа ашиглалтанд хүлээж авахаар тусгасан. Комиссын гишүүд ажлыг авсны дараа үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх үүргээ биелүүлээгүй, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, дүгнэлтээ нотолсон баримтаа дурдаагүй нь шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны дүгнэлт нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй гэж үзэн, “...ажлыг хүлээж аваагүй үндэслэл болох чулуун шалны ирмэгийн дагуу налуу цутгалт хийх, хөшөөний зэс суурины  гадна доод хажуугаар чулуун эмжээр хийх, төрсөн буурины хөшөөний орчим хогийн сав хийх зэрэг ажил нь үндсэн гэрээний үүрэгт хамааралгүй, нэхэмжлэгч гэрээгээр тохирсон ажлаа хийж гүйцэтгэсэн...” гэж өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг хүлээлгэж өгсөн, гүйцэтгэсэн ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 353 дугаар зүйлийн 353.2. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтад нийцсэн байна.

Иймд магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 Харин давж заалдах шатны шүүх алдангийг зохицуулсан хуулийн заалтыг магадлалын Тогтоох хэсэгт бичилгүй орхигдуулсан байх тул магадлалд хууль хэрэглээний нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “351.2.” гэсний дараа “, 232 дугаар зүйлийн 232.6.” гэсэн нэмэлт оруулж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат-Очирын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД