Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1625

 

“Охьманлай трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/01271 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Охьманлай трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Оулсекьюрити” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 2 717 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Гэрэлчимэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнх-Очир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчтай дохиолол хамгаалалтын гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороонд байрлах, Гоо март хүнсний дэлгүүрийнхээ дохиолол хамгаалалтыг хариуцуулж, 1 сарын 100 000 төгрөгийн хөлс төлөхөөр тохирсон. 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дэлгүүрээ хаагаад, 22.54 цагт гэрээний дагуу дохиолол хамгаалалтыг хариуцагчид хүлээлгэж өгсөн. Шөнө 01.52 цагт 99055110 дугаарт хамгаалалтын албанаас дуудлага ирж, дохиолол дуугарлаа, түлхүүртэй хүнээ ирүүл гэж хэлсний дагуу түрхүүртэй худалдагчдаа хэлчихээд эргээд залгахад хамгаалалтын компанийн ажилтан дохиолол дуугарахаа больчихлоо, манай хүмүүс очиж шалгасан, хэвийн байна гэж хэлсэн болно. 28-ны өдрийн өглөө худалдагч ирж онгойлгоход кассад байсан мөнгө байхгүй, хулгай орсон гэсэн. Хэрэг гарах үеэр шөнө цагдаагийн эргүүл 2 цагт явж байхад дохиолол дуугарч байсан гэсэн. Камерт бичлэг үлдсэн. 13 настай хүүхэд цонхны хамгаалалтыг хөшиж, цонхоор ороод, кассаас 2 717 000 төгрөгийг аваад гарах гэтэл машины гэрэл гарч, хамгаалалтын алба ирсэн тул агуулахын өрөө рүү орж түгжигдсэн байсан. Дохиоллын мэдрэгчийг мулталж авсан. 3 цаг гаруй ноцолдож, дээврийн банзыг хуулж, чердакаар буцаж гарсан байсан.Гэвч хулгайч дотор байсан тул дохиолол түүний хөдөлгөөнийг мэдрэх бүртээ дуугарч байсан бөгөөд хулгайч дохиоллыг мултлаад авсан тул шөнөжингөө сигнал дуугарч, сигнал нь хяналтын операторт сонсогдох боломжтой байсан байдаг. Гэвч хулгайч дэлгүүрийн цонхны хаалт төмрийг гаднаас нь хөшиж, ангайлгасан байсныг хамгаалалтын ажилтнууд очих үедээ мэдэх боломжтой байсан бөгөөд тухайн үед хулгайч дэлгүүрт нуугдаж, дэлгүүрийн арын өрөөнд олон цагаар түгжигдэж байгаад дэлгүүрийн таазыг цөмлөн гарч, зугтсан зэрэг нь дэлгүүрийн хяналтын камер, хулгай хийсэн  этгээдийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг зэрэгт байдаг. Хулгай хийсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас олж илрүүлсэн боловч уг этгээд нь хуульд заасан нас хүрээгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй гэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. “Оулсекьюрити” ХХК-тай байгуулсан гэрээнд зааснаар хамгаалуулж байгаа обьектод халдлага болсон тохиолдолд манай компанид мэдэгдэж, дуудан ирүүлэх, дотогш нэвтэрч халдлагыг таслан зогсоох, эсхүл цагдаагийн байгууллагад мэдэгдэж, иртэл нь гаднаас нь бүслэн, хүчлэн хамгаалах, гэмт этгээдийг өөрөө баривчлах, саатуулах зэрэг үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан бодит хохирлыг хариуцахаар заасан боловч манай хохирлыг барагдуулаагүй. Иймд “Оулсекьюрити” ХХК-иас 2 717 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага “Охьманлай трейд” ХХК-тай 2013 оноос өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байгаа бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 02-нө өдөр хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж, үйлчлүүлэгч талын 3 обьектын дохиолол хамгаалалтыг манайх хариуцан ажиллаж байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэгт байрлах, нэхэмжлэгчийн Гоо март хүнсний дэлгүүрт дохиолол дуугарч, шуурхай бүлэг түгшүүрийн дуудлагын дагуу очиж гадна талыг шалган, дотогш нэвтэрч шалгах шаардлагатай гэсэн дүгнэлт хийж, “Охьманлай трейд” ХХК-ийн холбогдох хүмүүст мэдэгдэж, түлхүүртэй хүнээ ирүүлээч гэж дуудуулсан боловч шөнийн цагаар очих боломжгүй, та нар сахиад хонооч гэсэн хариулт өгсөн. Манайх боломжгүй ээ, 2-3 удаа эргэнэ гэсэн. Гэрээчий 3.13-т хамгаалагдаж байгаа обьект хана, тааз, цонх, сараалж бэхэлгээ, дээврийн нээлхий нь бат бөх түгжээ, цоож, лацтай байх шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд 3.12-т обьектод мөнгө хадгалагдаж байгаа бол хүндрүүлэгчтэй төмөр сейфэнд хадгалах, мөнгө, үнэт эдлэлийн талаар урьдчилан сэргийлэх мэдээллийг хамгаалагч талын удирдах ажилтанд мэдэгдэх, шаардлагатай бол зохих төлбөртэй хүчлэн хамгаалалт авах үүргээ биелүүлээгүй. Манай шуурхай бүлгийн алба хаагчид аливаа үйлчлүүлэгч байгууллага, хувь хүний объектод дангаар нэвтрэх эрхгүй. Тиймээс тухайн үйлчлүүлэгч байгууллагын холбогдох ажилтан, албан тушааптантай хамт объектод нэвтрэх боломж гараагүй. Энэ тухай холбоо барьсан үйлчлүүлэгч талын албан тушаалтанд дохиолол хамгаалалтын төв хяналтын оператор хэлж сануулсан. Бидний хамтран ажиллах гэрээний 3.14.3 дэх, үйлчлүүлэгч талын үүрэг хэсэгт объектоос түгшүүрийн мэдээ давталттай болон зона дамжсан мэдээ ирж, шуурхай бүлэг дотогш орж шалгах шаардлагатай тохиогдолд 24 цагийн аль ч үед үйлчлүүлэгч тал заавал ирж хамтран ажиллана гэж заасан  байдаг. Мөн гэрээний 3.15-д дээрх тохиолдол бүрийг итгэмжлэгдсэн ажилтан удаа дараа мэдэгдсэн ба ирээгүйн улмаас гэмт халдлагад өртөж, аливаа хохирол учирсан бол хамгаалагч тал хариуцлага хүлээхгүй гэж заасан байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Оулсекьюрити” ХХК-иас хохиролд 2 717 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Охьманлай трейд” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 58 422 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар арын 03-ны өдрийн 102/ШШ2017/01271 дүгээр шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нь 2013 оноос эхлэн хариуцагчтай гэрээ байгуулан, өөрийн өмчлөлийн дэлгүүрүүдээ хамгаалуулж, хамтран ажиллаж ирсэн бөгөөд гэрээний дагуу дохиолол хамгаалалтыг хариуцуулсан Гоо март дэлгүүрт 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө хулгай орж, учирсан хохирлыг хариуцахгүй гэхээр өөр хэн хариуцах вэ, хамгаалуулах гэрээ хүчинтэй, хамгаалалтын албаны хамгаалалтад шилжсэн, дэлгүүр цоож, лац, цонх болон дээврийн хаалтууд бүрэн хийгдсэн, хулгай гарах үед гаднаа цонхны хаалтыг хөшиж, тэлсэн байгаа байдлыг ч илрүүлж чадаагүй байхад тус хамгаалалтын компани биш манай компанийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн гэрээнд хана тааз, цонх, сараалж, бэхэлгээ, дээврийн нээлхий бат бөх байна гэж заасан гэх боловч ямар чанартай, ямар төрлийн материалаар хийх талаар огт заагаагүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зүйлсийг чанаргүй, хэврэг материалаар хийсэн гэж үзэхгүй байгаагийн зэрэгцээ цонхны сараалжийг тэлж, цонхны түгжээг хөшиж онголгосон хулгайч этгээд нь 13 настай хүүхэд байсан гэдгээр чанаргүй, бат бөх биш материалаар хийсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь хулгай хийсэн этгээдийн нас нь 13 боловч наснаас үл хамаараад хүний биеийн хөгжил харилцан адилгүй, дээрх нь төрөл бүрийн багаж техник ашиглах, тусгай арга барилаар, эсхүл хувь хүн өөрөө ямар ч тусгай бэлтгэлтэй хүн байж болохыг харгалзан үзэлгүй, 13 настай бол насанд хүрээгүй хүүхэд, хүүхэд хөшиж, тэлж байгаа юм чинь чанаргүй гэж дүгнэх боломжгүй гэж үзэж байна. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан бас нэг зүйл бол дохиолол дуугарсан тул түлхүүртэй хүнээ явуул гэж мэдэгдсэн боловч нэхэмжлэгч боломжгүй гэж хэлсэн гээд ирүүлээгүй нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс бол түлхүүртэй хүнээ явуулах боломжгүй гэж хэлсэн зүйл байхгүй харин түлхүүртэй хүнтэйгээ яриадхая гээд, бэлэн байж бай гэж хэлчихээд хамгаалалтын компани руу эргээд залгахад дохиолол дуугарахаа больсон гэсэн тул явуулах шаардлагагүй болсон бөгөөд шүүх хуралдаан дээр ч нэхэмжлэгчийн зүгээс түлхүүртэй хүнээ явуулах боломжгүй гэж хэлээгүй байхад зохигчид ингэж тайлбар гаргасан гэж дурдсан нь нэхэмжлэгчийн үгийг мушгин гуйвуулж байна.

Мөн гэрээний 3.11-д заасан үүргээ мөн зөрчсөн гэжээ. Хохирол учирсан гэж нэхэмжилж байгаа 2 717 000 төгрөгийг ямар үндэслэлээр, ямар тооцооллоор их хэмжээний мөнгөн тэмдэгт гэж үзсэн нь ойлгомжгүй байх бөгөөд энэхүү кассанд байсан 2 717 000 төгрөг нь амралтын 2 өдрийн болон тухайн өдрийн дэлгүүрийн орлого тул түүнийг ямар аргаар тооцоолсон их хэмжээний мөнгө гэж үзэх боломжгүй, мөн нэхэмжлэгч нь дэлгүүртээ их гэж тооцогдох мөнгө үнэт зүйлсийг дэлгүүрт хадгалдаггүй тул сейф ч байлгадаггүй юм.

Өөрөөр хэлбэл, хулгайд алдсан мөнгийг тухайн үед үйлчилж байсан ;өдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 000 төгрөгөөр тооцвол, түүнийг 14 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирол байх тул Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн зааснаар 29.1-т “Гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг бага бус тавиас дээш нэг зуун хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг үлэмж, нэг зуун хорин таваас дээш хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг их, хоёр зуугаас дээш дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг онц их гэж тооцон хохирлын хэмжээг тодорхойлно” гэж зааснаар бага бус хэмжээний мөнгө байхын зэрэгцээ энэ хуульд заасан их хэмжээ гэдэгт орохооргүй мөнгө байсан болох нь харагдаж байна.

Тиймээс нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, хамгаалуулж байгаа объектын хамгаалалтуудыг хийсэн, дохиолол хэвийн ажиллаж байсан зэрэг нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтуудаар тоггоогдож байхад анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг дутуу үнэлж, үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/01271 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Охьманлай трейд” ХХК нь хариуцагч “Оулсекьюрити” ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 2 717 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж маргасан байна.

 

Хариуцагч “Оулсекьюрити” ХХК нь нэхэмжлэгч “Охьманлай трейд” ХХК-ийн 3 обьектыг хамгаалахаар тохиролцож 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 16/8065 дугаар Дохиолол хамгаалалтын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байна.

 /хэргийн 36-38 дугаар тал/

 

Талууд дохиолол хамгаалалтын гэрээний 1.9-д хамгаалалтын үйлчилгээ обьектыг нууц кодоор хааж, хамгаалалтад өгсөн үеэс эхлэх ба обьектыг өглөө нээж хүлээн авснаар дуусгавар болохоор тохиролцсон ба 2016 оны 11 дүгээр сарын 27-ны орой 22.54 цагт хариуцагч байгууллагын 11305042 утас руу Гоо март дэлгүүрийн худалдагч н.Намуунбайгаль утасдаж, хамгаалалтаа хүлээлгэж өгчээ. /хэргийн 44 дүгээр тал/

 

2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ны өдөрт шилжих шөнө хариуцагч байгууллагын хамгаалж байсан Сонгинохайрхан дүүрэгт байрлах Гоо март дэлгүүрт хулгай орж 2 717 000 төгрөг хулгайлсан ба тухайн хугацаанд обьект хариуцагчийн хамгаалалтад байхад Гоо март дэлгүүрийн дохиолол дуугарч, хариуцагч обьектод очиж шалгаж, зохигчид 01.52 болон 01.54 цагт 2 удаа хоорондоо утсаар ярьсан үйл баримтууд зохигчийн тайлбар нэхэмжлэгчийн утасны ярианы жагсаалтаар тогтоогдсон талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

 

Дээрх үйл баримтуудын талаар зохигчид маргаагүй бөгөөд хариуцагч байгууллагын хамгаалагч дэлгүүрийн дохиолол дуугарсны дараа дэлгүүрийг гадна талаас нь шалгасан, цонхоор нь гар чийдэнгээр гэрэлтүүлж харахад сэжигтэй зүйл байгаагүй, хамгаалагч шөнийн 3 цагийн үед дахин эргэж очсон нь камерын бичлэгт шүүхээс 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хийсэн үзлэгээр тогтоогдсон тул гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Учир нь талуудын байгуулсан гэрээний 3.12-т заасан ...обьектын хана, тааз ... цонх, сараалж бэхэлгээ, дээврийн нээлхий бат бөх хийгдсэн, түгжээ, цоож, лацтай байх шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй, мөн гэрээний 3.11-д дэлгүүрт бэлэн мөнгө хадгалах бол хүндрүүлэгчтэй сейфэнд хадгалах, мөнгө, үнэт зүйлсийн талаарх мэдээллийг хамгаалалтын албаны удирдлагад албан ёсоор мэдэгдэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй тул хариуцагч гэрээний 3.15-д заасны дагуу халдлагын улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1-д зааснаар хариуцах үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв юм.

 

Түүнчлэн нэхэмжлэгч гэрээний 3.14.3 дахь хэсэгт зааснаар түлхүүртэй хүнийг ирүүлж, хамгаалж буй дэлгүүрийг онгойлгож өгөх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд хариуцагч түлхүүртэй хүн ирүүлэх шаардлагагүй гэсэн тул очоогүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч дохиолол дуугарсан талаар мэдэгдэх үед нэхэмжлэгч ирж дэлгүүрийг онгойлгож өгөөгүйгээс хариуцагч дэлгүүрт нэвтрэн орж хулгай хийсэн этгээдийг саатуулах үүргээ хэрэгжүүлэх боломжгүй юм.

 

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/01271 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.МӨНХЗУЛ

 

                                             ШҮҮГЧИД                              Т.ТУЯА

 

                                                            С.ЭНХТӨР