Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2016/0064

 

 

 

 

                                                

 

 

 

 

 

 

 

Н.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч

Д.А-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 784 дүгээр шийдвэртэй, Н.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-н нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Д өөрийн хүсэлтээр бус 1991 онд олон хүүхдээр нөхөн олговрын тэтгэвэрт гаргасан ба түүний нөхөр С.Г нь 1993 онд үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан тул тэдний хүүхдүүд хуулийн дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэмжид хамрагдаж байсан байна. Гэтэл 2007 оны 9 дүгээр сарын сүүлээр Н.Д нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмжийг сонгон авах эрхтэй болохоо мэдсэн даруйдаа өөрийн харьяалагдах Нийгмийн даатгалын хэлтэст хандан гомдол гаргасан бөгөөд үүнийг нь тус хэлтсийн дарга, мэргэжилтэн нар үндэслэлтэй болохыг нь тогтоож, түүний тэтгэмжийг өөрчлөн, тэжээгчээ алдсан тэтгэмжид хамруулсан байдаг.

Гэвч 2014 оны 10 дугаар сард Н.Д-ийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг түдгэлзүүлсэн тухай Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн амаар мэдэгдсэн тул энэ тухайгаа бичгээр гаргаж өгөхийг түүнд шаарджээ. Үүний дараа тус даатгалын хэлтсээс 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 326 дугаар албан бичиг ирүүлсэн бөгөөд уг албан бичигт “Н.Д таны тэжээгчээ алдсаны тэтгэмжийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 1/337, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1/1157 тоот албан бичгүүдээр өгсөн чиглэлийн дагуу түдгэлзүүлж байна. Учир нь Н.Д-ийн нөхөр С.Г нь 1993 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үйлдвэрлэлийн ослын улмаас нас барах үед та 43 настайдаа олон хүүхдээр нөхөн олговрын тэтгэвэрт байсан ба “нөхрөөсөө тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон одоо хүртэл авч байна. Энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон байна. Иргэн танд өөрийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтойг мэдэгдье” гэжээ.

Ингээд энэ албан бичгийг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад гомдол гаргасан бөгөөд гомдлын хариуг 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 6/1838 дугаар албан бичгээр ирүүлсэн байдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь хэсэгт “Найман нас хүрээгүй хүүхэд, хууль ёсоор асрах хүнгүй төрсөн дүү, ач зээг нь асарч ажил хийгээгүй байгаа эцэг, эх буюу нөхөр эхнэрийн аль нэг /нас, хөдөлмөрийн чадвар харгалзахгүйгээр/ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрхтэй” гэж заасан нь Н.Д, С.Г нарын хамгийн бага хүү 1988 онд төрсөн байх бөгөөд эцгээ нас барах үед 5 настай байсан ба дээрх хуулийн дагуу иргэн Н.Д-д тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрх аль хэдийн үүссэн байна. Нийгмийн даатгалын улсын байцаагч нарын үндсэн ажлын чиг үүрэгт иргэдэд Нийгмийн даатгалын тухай хуулийн талаар мэдээлэл өгөх, хуулийг сурталчлан таниулах үүрэгтэй. Тэд энэ үүргээ тухайн үед биелүүлээгүй. Иймд Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1/1154, 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 1/337 дугаар албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь хэсэгт “найман нас хүрээгүй хүүхэд, хууль ёсоор асрах хүнгүй төрсөн дүү, ач, зээг нь асарч, ажил хийгээгүй байгаа эцэг, эх буюу нөхөр эхнэрийн аль нэг /нас, хөдөлмөрийн чадвар харгалзахгүйгээр/ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрхтэй” гэж заасны дагуу Н.Д-д тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хэвээр үргэлжлүүлэн олгохыг Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Д нь нөхрөө нас барахаас өмнө 1991 онд хувь тэнцүүлсэн буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байсан. Дараа нь нөхрөө нас барсны дараа хүүхдүүд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байгаад 2007 онд хамгийн бага хүүхэд нь насанд хүрээд тэжээгчийн тэтгэвэр зогсох үед Б.Д нь тэжээгчийн тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан байдаг. Тухайн хүсэлтдээ өндөр насны тэтгэврээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр нь арай илүү юм байна. Энэ хоёр тэтгэврийн аль нэгийг сонгох эрх нь надад байгаа хэмээн дурдсан байсан. Б.Д-ийн гаргасан хүсэлтийг тухайн үеийн манай байгууллагын албан тушаалтнууд хүлээн зөвшөөрч, тэжээгчийн тэтгэвэр тогтоосон байдаг. 2007 он гэхэд Б.Д нь 55 нас хүрчихсэн байсан болохоор тэжээгчээ алдсаны тэтгэврийг олгосон байдаг. Нийгмийн даатгалын ерөнхий газраас хуулийг нэг мөр хэрэгжүүл гэсэн чиглэл өгч тухайн үед насанд хүрээгүй хүмүүст тэжээгчээ алдсаны тэтгэврийг зогсоож, хуулийн дагуу тэтгэвэр олгох чиглэлийг өгсөн. Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2014 оны 9 дүгээр сард Б.Д-ийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг зогсоосон. Нөхөр нь нас барах үед тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах насанд хүрээгүй 5 хүн хяналт шалгалтын явцад илэрсний нэг нь Н.Д юм. Эдгээр хүмүүсийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг зогсоож, ажилласан жил байхгүй хүмүүсийг халамжийн тэтгэвэрт шилжүүлсэн, өөрөө ажилласан жилтэй, өндөр настны тэтгэвэр авдаг хүмүүсийг нь өндөр настны тэтгэвэрт нэг мөр шилжүүлж, тэжээгчээ алдсаны тэтгэврийг нь зогсоохыг дээд байгууллагаас хуулийг нэг мөр хэрэглэх тухай чиглэл ирсний дагуу ийм зохицуулалт хийж байгаа гэдгийг тайлбарлаж өгсөн. Н.Д нь нөхрөө нас барах үед 43 настай байсан бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэврийг 55 нас хүрсэн тохиолдолд авах эрх нь үүсэх байсан.

Иймд тухайн үед 55 нас хүрээгүй байсан гэх үндэслэлээр тэжээгчээ алдсаны тэтгэврийг нь түдгэлзүүлэн, өндөр настны тэтгэврээ дахин сэргээлгэн тогтоолгох талаар манай байгууллагаас хариу өгсөн болно гэв. Өмнө нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байсан болохоор манай байгууллагаас нөхөн төлүүлэх үүрэг өгөөгүй. Тухайн үед Н.Д нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авсан бол хамгийн бага хүүхэд нь 8 нас хүртэл нь авах хуулийн зохицуулалттай байсан. Гэтэл тухайн үед 5 настай хүүхэдтэй байсан тул 8 нас хүртэл нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг 3 жилийн хугацаатай авах байсан. Иймд дээд байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус газарт холбогдуулан гаргасан иргэн Н.Д-ийн “тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хэвээр үргэлжлүүлэн олгох”-той холбоотой нэхэмжлэлтэй танилцлаа. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д: “Нийгмийн даатгалын төв байгууллага нь орон нутгийн байгууллагаа мэргэжил арга зүйн удирдлагаар хангана” гэсэн зохицуулалт болон мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д зааснаар “Доод шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих” гэж хуулиар тогтоосон эрхийнхээ хүрээнд 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/1154 тоот албан бичгүүдээр Аймаг (дүүрэг)-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нарт чиглэл хүргүүлснээр Н.Д-ийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоосон. Иргэн Н.Д нь нөхөр С.Гомбыг 1993 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нас барах үед 43 настай олон хүүхдээр нөхөн олговрын тэтгэвэртэй байсан, нөхрөө нас барснаас хойш 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 58 настайдаа өөрийн өндөр насны тэтгэврийг зогсоолгож, нөхрөөс тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авч байсан байна.

Иймээс иргэн Н.Д-ийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: 1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д зааснаар “эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55 нас хүрсэн буюу эсхүл тахир дутуу болсон эцэг, эх, эхнэр, нөхөр, хууль ёсоор тэжээх өөр хүнгүй өвөг, эцэг, эмэг эх, төрсөн ах эгч дүү” тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” тухай хуульчилсан байдаг.

Гэтэл дээрх хуулийн заалтыг зөрчин нөхрөө нас барснаас хойш тодорхой хугацааны дараа 58 нас хүрээд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон. 2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-т “тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ нас барснаас хойш 14 хоногийн дотор, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 3 сарын дотор” тэтгэвэр тогтоолгох өргөдөл, холбогдох баримт бичгийг бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгөхөөр хуульчилсныг зөрчин 2007 онд баримт бичгийг бүрдүүлсэн. Дээрх заалтаас үзэхэд Багануур дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 2007 онд Н.Д-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсээгүй байхад тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон нь буруу гэж үзэж Н.Д-ийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зогсоосон байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин иргэн Н.Д нь өндөр насны тэтгэврээ үргэлжлүүлэн авах эрхтэй болно” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 784 дүгээр шийдвэрээр: . Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дугаар зүйлийн 1, 5 дахь заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 15 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасныг баримтлан Нэхэмжлэгч Н.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн “Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1/1154, 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 1/337 дугаар албан бичгүүдийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Н.Д-д тэжээгчээ алдсаны тэтгэмжийг үргэлжлүүлэн олгохыг Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “... Нийгмийн халамж ялгамжтай байх зарчимд хүн бүрийг НХ-д хамруулах нь зүй боловч эрсдэлд өртсөн үндэслэл, шалтгаан, нөхцөл байдал өөр өөр байх тул тусгай мэргэжилтнүүдийн туслалцаатай ямар үед, ямар нөхцөлөөр тогтоож олгодог болохыг иргэдэд мэдээлэх үүргийг хуульд тусгасан байдаг. Нийгмийн даатгалын байгууллага нь хүлээсэн үүргийн дагуу гэрээний гуравдагч этгээд болох эхнэр Н.Д-д нөхөр С.Г-той хийсэн даатгалын гэрээ ёсоор түүнд тухайн үед болон ирээдүйд гарах нөхцөлүүд болон тохиолдлуудыг мэдээлж, тэтгэмжийн ямар нөхцөлүүдээ түүнд ямар эрх үүсч буйг тодорхойлж, мэргэжлийн туслалцаа үзүүлж, сонголт хийх боломжуудыг мэдээлэх үүрэгтэй байсан ч уг үүргээ биелүүлээгүй. Миний үйлчлүүлэгч нь тухайн үед дээрх мэргэжлийн туслалцаа аваагүйн улмаас өөрийн эрхүүдээ мэдээгүй байсан.

Харин Н.Д нь өөрийн эрх зөрчигдсөнийг мэдсэн даруйдаа 2007 онд уг тэтгэмжүүдээс түүнд холбогдох эдлэх байсан эрх, боломжийг олгоогүй тухай тус байгууллагад гомдол гаргасан байх ба тус байгууллага түүний гомдлыг хянаж үзээд түүний хүсэлтийг хангасан байдаг.

... Шүүх хариуцагч нарыг дэмжиж, иргэн Н.Д-ийн хууль ёсны эрхийг дордуулан, шийдвэр гаргасан гомдолтой байна.

Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 784 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүгдийг хангаж өгнө үү” гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

            Нэхэмжлэгчээс “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь хэсэгт заасан заалтын дагуу Н.Д-д тэжээгчээ алдсаны тэтгэмжийг үргэлжлүүлэн олгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “1.Н.Д-ийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг УНДЕГ-ын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/337 тоот шийдвэрийн 1-д заасан заалтыг үндэслэн Багануурын НДХ-ийн эрх бүхий ажилтан түдгэлзүүлсэн нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, 2.2014.10.01-2015.03 сарын буюу нийт 6 сарын тэжээгчээ алдсаны тэтгэмж болох /396180*6 сар/ бүгд 2 377 080 төгрөг /хоёр сая гурван зуун далан долоон мянга наян төгрөг/-ийн хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү” гэж нэмэгдүүлжээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “1.УНДЕГ-аас гаргасан 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/337 тоот үүрэглүүлсэн албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2.Нэхэмжлэлийн шаардах эрхийнхээ хуулийн зүйл, заалтыг өөрчлөн НДС-аас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасныг үндэслэн Н.Д-д тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хэвээр үргэлжлүүлэн олгуулж, 3.УНДЕГ-ын 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/337 тоот шийдвэрийн 1-д заасан заалтыг үндэслэн Багануур дүүргийн НДХ-ийн эрх бүхий ажилтан түдгэлзүүлсэн нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, түүний хууль ёсны эрхийг хамгаалж өгнө үү, 4.Мөн 2014.10.01-2015.09 сар хүртэлх нийт 11 сарын тэжээгчээ алдсаны тэтгэмж болох /396180*11 сар+22000*9 сар/ бүгд 4 555 980 төгрөг /дөрвөн сая таван зуун тавин таван мянга есөн зуун ная/-ийг УНДЕГ-аас гаргуулан Н.Д-ийн хохирлыг барагдуулж өгнө үү” хэмээн өөрчилж, 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр уг нэхэмжлэлийн шаардлагаа “... 3. Н.Д-д олгох байсан 2014.10.01-2015.11 сар хүртэлх нийт 11 сарын тэжээгчээ алдсаны тэтгэмж болох /396180*13 сар + 22000*10 сар/ бүгд 5 370 340 төгрөг /таван сая гурван зуун далан мянга гурван зуун дөчин төгрөг/-ийг УНДЕГ-аас гаргуулж, түүнд учруулсан хохирлыг барагдуулж өгөхийг даалгана уу” хэмээн тодруулсан байна.

            Улмаар нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “УНДЕГ-ын 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/1154 тоот Аймаг, дүүрэг /нийслэл/-ийн нийгмийн даатгалын хэлтэс /газар/-ийн дарга нарт “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг нь “нас барах үед” хэмээн хуулийн үг хэллэгийг өөрчлөн, дордуулж гуйвуулан тайлбарласан байх ба утга агуулгын хувьд илэрхий алдаатай, үүргийг хэрэгжүүлэхэд маргаантай бөгөөд энэ нь манай үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх, ашгийг зөрчиж байх тул дээрх албан бичгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлж өгнө үү” гэжээ.

            Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгтээ тодорхой тусгасан байх ёстой бөгөөд нэхэмжлэгчээс шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн ямар үр дагавартай болох нь тогтоох хэсгээс шууд харагдах ёстой.           

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчээс 4 шаардлага гаргасныг хүлээн авч шийдвэрлэхдээ “Н.Д-д олгох байсан 2014.10.01-2015.11 сар хүртэлх нийт 11 сарын тэжээгчээ алдсаны тэтгэмж болох /396180*13 сар + 22000*10 сар/ бүгд 5 370 340 төгрөг /таван сая гурван зуун далан мянга гурван зуун дөчин төгрөг/-ийг УНДЕГ-аас гаргуулж, түүнд учруулсан хохирлыг барагдуулж өгөхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх явцад бичгээр удаа дараа тодруулж байсан нэмэгдүүлсэн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг нэмэгдүүлсэн шаардлагыг дэмжиж байснаа илэрхийлсэн тул давж заалдах шатны шүүхээс уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг орхигдуулан шийдвэрлэсэн алдааг засахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй.

Тодруулбал, давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, захиргааны хэрэг, маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хянах бөгөөд энэ шийдвэрийн тухайд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрд хариу өгөөгүй, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг орхигдуулж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4, 72.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй тул эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.  

Иймд, анхан шатны шүүх уг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 784 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                                                               

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ