Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 23

 

С.Дауитханы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Баярмагнай, гуравдагч этгээд С.Тилеуберди, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Сьезд нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0688 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор С.Дауитханы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Өлгий сумын Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 110/ШШ2016/0026 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2, 21 дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Дауитханаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Өлгий сумын Засаг даргын 2006 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай Эрхийн гэрчилгээ олгох тухай захирамжийн С.Тилеубердид холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн 2006 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 0066540 дугаартай гэрчилгээг Өлгий сумын Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 62 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж, газар эзэмших эрхийн мөн өдрийн 0277849 дугаартай гэрчилгээг, Өлгий сумын Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 50 дугаартай Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх газрын хэмжээг шинэчлэн тогтоох тухай захирамж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 226 дугаартай захирамжийн С.Тилеубердид холбогдох хэсэг, улсын бүртгэлийн Г-0213001819 дугаартай 000111670 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших, 2000 оны 030101200 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын үлдсэн хэсэг болох 1791 мкв газрыг С.Дауитханд эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Өлгий сумын Засаг даргад даалгаж Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.4-т заасныг тус тус баримтлан Өлгий сумын Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 90 дугаартай Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамжийн 1, 2 дахь заалтын С.Дауитхан, Е.Ханат нарт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0688 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 110/ШШ2016/0026 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудыг нэгтгэж Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Дауитханы гаргасан нэхэмжлэлийн

- Өлгий сумын Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай "Эрхийн гэрчилгээ олгох тухай" захирамжийн С Тилеубердид холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн 2006 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0066540 дугаартай гэрчилгээг.

- Өлгий сумын Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 62 дугаартай Газар эзэмшүүлэх тухай" захирамж газар эзэмших эрхийн мөн өдрийн 0277849 дугаартай гэрчилгээг.

- Өлгий сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 50 дугаартай Газар  эзэмших  эрхийг бусдад  шилжүүлэх, газрын хэмжээг шинэчлэн тогтоох тухай захирамж,

- Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 226 дугаартай захирамжийн С.Тилеубердид холбогдох хэсэг, улсын бүртгэлийн Г-0213001819 дугаартай 000111670 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг,

- Өлгий сумын Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 90 дугаартай Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамжийн 1, 2 дахь заалтын С.Дауитхан, Е.Ханат нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож,

- Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших  2000 оны 030101200 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын үлдсэн хэсэг болох 1791 м2 газрыг СДауитханд эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Өлгий сумын Засаг даргад даалгах шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай." гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарыг 2 болгон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй" гэж тус тус өөрчилж, гуравдагч этгээд, хариуцагч Өлгий сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Дауитхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч захиргааны байгууллага албан тушаалтнууд Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.7, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан албан үүргээ ноцтой зөрчиж, С.Даутхан миний хууль ёсны эзэмшлийн газрыг гуравдагч этгээд С.Тлеубердид хуурамчаар үйлдсэн нотлох баримтыг үндэслэн давхцуулж олгосон.

Миний эзэмшлийн дээрх газарт миний эзэмшлийн амины орон сууцны байшин, барааны агуулах зэрэг үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байсан бөгөөд уг эзэмшлийн газартаа хувиараа хөдөлмөр эрхэлж ОХУ-аас импортолсон гурил тэжээл хадгалах, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж ашиглаж байсан.

Гэтэл газрын даамал А.Ермек дээрх хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар надад мэдэгдэлгүйгээр миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.

Мөн газрын даамал А.Ермек нь 2006, 2010, 2011 онуудад миний эзэмшлийн газарт миний ээж, төрсөн дүү нарын хамт миний зөвшөөрлөөр оршин сууж байсан. Миний отгон дүү С.Тлеубердид хууль ёсны газар эзэмшигч миний бие Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-т зааснаар эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх хуулиар зөвшөөрсөн журмын дагуу талууд газар шилжүүлэх хүсэлт огт гаргаагүй, нотариатаар гэрчлүүлсэн гэрээ байхгүй байхад газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээг давхардуулан олгосон.

Түүний хууль зөрчиж олгосон 3 гэрчилгээ нь хэрэгт авагдсан 4 хуурамч нотлох баримтаар нотлогдсоныг давж заалдах шатны шүүх огт үнэлэхгүй орхигдуулж, 4 хуурамч баримтыг хэрхэн үнэлж байгаа талаараа дурдаагүй, хууль зөрчсөн гуравдагч этгээд, газрын даамлын хууль бус үйлдэл, ашиг сонирхлыг хамгаалах зорилго агуулсан магадлал гаргасан.  

Мөн давж заалдах шүүх нь Газрын тухай хуульд нийцсэн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгч миний хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан баримтуудыг нотлох баримтаар огт үнэлэхгүй орхигдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсгийг зөрчиж миний хөрөнгөө өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, хамгаалах эрхийг зөрчсөн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээрээ үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.Дауитхан нь Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Өлгий сумын Засаг дарга, аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт тус тус холбогдуулан “хуурамч бичиг баримтыг үндэслэн хууль ёсоор эзэмшиж байсан газрыг бусдад эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр маргажээ.

“Сумын Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 90 дугаар захирамжийн С.Дауитхан, Е.Ханатад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухайд:

Анх Өлгий сумын Засаг даргын 2000 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 030101200 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгч С.Дауитханд “хувийн хашаа, байшин” буюу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 3840 мкв газар эзэмших эрх үүссэн байх бөгөөд уг газарт өөрийн эцэг, эх, ах, дүү нарын хамт, тухайлбал гуравдагч этгээд С.Тилеубердийн хамт амьдарч байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

Улмаар уг газраас нэхэмжлэгч нь 2011 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр 1500 мкв газрыг Е.Ханатад шилжүүлсэн, энэхүү нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу захиргааны байгууллагаас дээрх маргаан бүхий 90 дүгээр захирамжийг гаргасан байгаа нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцжээ.

Мөн нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “би бусдад шилжүүлсэн 1840 мкв газарт маргахгүй” гэж[1][1] тайлбарласан байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байна.

“Сумын Засаг даргын 2006 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар захирамжийн болон Аймгийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 226 дугаар захирамжийн С.Тилеубердид холбогдох хэсэг, 0066540 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 000111670 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, 2000 мкв газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” шаардлагын тухайд:

Хэдийгээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн гэрчилгээнд маргаан бүхий газрын хэмжээг “3840 мкв” гэж заасан боловч бодит байдалд газрын хэмжээ 2743 мкв болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Үүнээс дээр дурдсан Е.Ханатад шилжүүлсэн 1500 мкв газрыг хасч тооцоход нэхэмжлэгчийн эзэмшилд 1243 мкв газар үлдэхээр байна.

Гэвч нэхэмжлэгч нь үлдсэн газарт 2002 оноос хойш амьдраагүй, ашиглаагүй болох нь гэрч Х.Муттахи, Х.Асит нарын “С.Дауитхан өөр газар авч, нүүсэн” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд “2002 он хүртэл би тухайн газарт оршин сууж байсан” гэх тайлбараар[2][2] тус тус тогтоогджээ.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмших, гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгч нь бодит байдалд газрыг эзэмшээгүй, орхин явсан, гэр бүлийн зориулалтаар амьдран суугаагүй, газар эзэмшигчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тул “нэхэмжлэгчийг маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй” гэж үзэхгүй.

Нэхэмжлэгчийн “надад мэдэгдэхгүйгээр миний эзэмшлийн газрыг С.Тилеубердэд эзэмшүүлж, өмчлүүлсэн, надаас зөвшөөрөл аваагүй” гэх гомдлын хувьд:

Нэхэмжлэгчээс “миний эзэмшлийн газарт миний зөвшөөрлөөр дүү С.Тилеуберд, С.Даулетбек нар оршин сууж, амьдарч байсан” гэж тайлбарласан байх бөгөөд өөрийн эзэмшиж байсан үл хөдлөх хөрөнгө, түүний ойролцоох газрыг бусдад шилжүүлснээр өөр газарт амьдран сууж, үлдэх газарт дүү С.Тилеуберд амьдран үлдсэн байна.

Хариуцагчийн “С.Тилеуберд, С.Дауитхан нар хоорондоо газрын хил заагийг нарийвчлан тохиролцож, гарын үсэг зурсан баримтыг үндэслэн маргаан бүхий газрыг С.Тилеубердэд эзэмшүүлсэн” гэх тайлбар хууль зүйн үндэслэлтэй. Учир нь гуравдагч этгээд С.Тилеуберд нь маргаан бүхий газарт эцэг, эхийн хамтаар 1987 оноос хойш одоог хүртэл тасралтгүй амьдарч ирсэн тул түүнд газар эзэмшүүлсэн захирамж нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт нийцжээ. 

Нэхэмжлэгчээс “миний эзэмшил газартай давхцуулсан” гэж маргаж байгаа боловч уг газрыг нэхэмжлэгч бодит байдалд эзэмшээгүй, орхиж явсан тул нэхэмжлэгчийн эзэмшилд газар байсан гэж үзэхгүй.

Гэтэл анхан шатны шүүх газрыг бодит байдалд хэн ашиглаж байгаа үйл баримтыг анхааралгүйгээр “газар давхцалтай” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нараас “Газрын хил заагийг тогтоосон” гэх баримтыг[3][3] хуурамч эсэх, үнэн зөв эсэхэд маргасан байх бөгөөд нэхэмжлэгчийн “хуурамчаар үйлдсэн кадастрын зурагтай баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдлын тухайд:

Дээрх баримт нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хооронд газрын хил заагийг тогтоож, 1726, 1426 гэж газрын хэмжээг тодорхойлон зааглаж, “зөвшөөрсөн” хэмээн нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас гарын үсэг зурсан агуулгатай байна.

Энэ нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн нь хаана, ямар хэмжээний газар эзэмшиж байсныг харуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр “1726 мкв, 1426 мкв газрын кадастрын зурагтай баримтад буй гарын үсэг нь С.Дауитханы гарын үсгийн чөлөөт загвартай тохирч байна” гэж дүгнэжээ. Иймээс энэхүү баримтыг үндэслэн нэхэмжлэгч С.Дауитхан нь гуравдагч этгээдийг үлдсэн газрыг эзэмших эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх нь “хил заагийг тохиролцсон гэх нэр хаяггүй, он сар өдөргүй, хуулбар баримт нь хүчин төгөлдөр бус баримт, газар шилжүүлэхийг зөвшөөрсөн баримт биш” гэж дүгнэсэн нь буруу бөгөөд нэхэмжлэгч уг газраа эзэмшээгүй, амьдран суугаагүй, гуравдагч этгээдээс маргаан бүхий газарт үл хөдлөх хөрөнгө барих үед нэхэмжлэгчээс маргаагүй үйл баримтыг анхаараагүй байна. 

Нэхэмжлэгчийн “Е.Ханатад газар шилжүүлсэн үйл баримтаас өмнө буюу 2006 онд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн байгаа нь хууль бус, надад 2006 онд газар эзэмшүүлсэн тухай мэдэгдэж байгаагүй, нуусан” гэх гомдлын тухайд:

Маргаан бүхий захирамжаар 2006 онд 1000 мкв газрыг гуравдагч этгээд эзэмшүүлсэн байх бөгөөд 2006 оны тухайд ч нэхэмжлэгч уг газарт амьдран суугаагүй, газрыг зориулалтын дагуу эзэмших эрхээ хэрэгжүүлээгүй тул “миний эзэмшил газар” гэж маргах эрхгүй, энэ асуудлаар захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй тул дээрх гомдол үндэслэлгүй.

Мөн “миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байсан, хувиараа аж ахуй эрхлэх зорилгоор ашиглаж байсан газар байхад шүүхээс буруу дүгнэлт хийсэн” гэх гомдлын тухайд:

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газар болон үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлснээр газрыг зориулалтын дагуу ашиглаагүй болох нь гэрч Ж.Бахытын “С.Дауитханаас байшинтай хамт ойр орчны 1840 мкв газрыг шилжүүлсэн авсан” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн “тухайн газарт 3 объект байсан, нийтдээ Е.Ханатад өгсөн газар 1805 мкв юм байна, үүнийг зөвшөөрч байна” гэх тайлбараар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч маргаан бүхий газарт байрлах үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдсанаар, түүний доорх газрыг ашиглах эрх, мөн уг газарт амьдран суугаагүй үеэс эхлэн газар эзэмших эрх нь дуусгавар болсон байна.

“Сумын Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 62 дугаар захирамж, 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 50 дугаар захирамж, 0277849 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Маргаан бүхий газраас 2011 онд О.Орынбек 40 мкв газрыг шилжүүлж авсан ба энэ үед нэхэмжлэгч С.Дауитхан Газрын албанд хамт ирж, газар шилжүүлэхийг зөвшөөрч байсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Зангарын тайлбар, нэхэмжлэгчийн “2011 онд 60 мкв газар олгохыг зөвшөөрч баримт бичсэн” гэх тайлбараар[4][4] тус тус тогтоогдсон байна.

Иймээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, маргаан бүхий актууд нь хуульд нийцсэн байх тул дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0688 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ  

ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 

           

                       

 

 


[1][1] 1 дэх хавтаст хэргийн 98 дугаар хуудасны ар талд

[2][2] 3 дахь хавтаст хэргийн 513 дугаар талд

[3][3] 2 дахь хавтаст хэргийн 252 дахь талд

[4][4] 3 дахь хавтаст хэргийн 523 дугаар талд