Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0476

 

М.Насанмөнхийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч М.Насанмөнх, нэхэмжлэгчийн өмгөөөлөгч Ц.Эрдэнэчулуун, хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунзориг нарыг оролцуулан хийж, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шийдвэртэй, иргэн М.Насанмөнхийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга, мөн сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.3, 23.11, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн № 02, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн № 04 дүгээр тогтоол, мөн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн № А/24 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Насанмөнхийг урьд ажиллаж байсан Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бумбат 3 дугаар багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,  Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Насанмөнхийн ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчинтэй болох хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон олгохыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “... Сумын Засаг даргын хувьд “Бумбат” 3 дугаар багийн Засаг дарга М.Насанмөнхөд удаа дараа үүрэг даалгавар өгч ажиллаж байсан. Миний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаж байгаагүй, ажлаа хийдэггүй, тасалдаг, багийнх нь иргэд таньдаггүй.

Сүүлд М.Насанмөнхийн талаар гомдол их ирэх болсон. Эдгээр шалтгааны улмаас “Бумбат” 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслэн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/24 тоот захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Гэтэл Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 07 тоот шүүхийн шийдвэрийг багийн иргэдийн Нийтийн Хурлын ирц хүрээгүй гэх шалтгаанаар нэхэмжлэгчийн талд гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлттэй байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

   Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэлийн нэг шаардлага нь үр дагаваргүй акттай холбоотой байхад хүлээн авч шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцож олгохоор шийдвэрлээгүй байх тул шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг орууллаа.

   Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Санал уламжлах тухай” 02 дугаар тогтоолоор чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй, ажил тасалсан зэрэг үндэслэлээр багийн Засаг дарга М.Насанмөнхийг огцруулах саналыг уламжлахад сумын Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д “Баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна”, 32 дугаар зүйлийн 32.2-д “Засаг дарга ... хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад ... хүргүүлнэ”, 32.3-д “Дээд шатны Засаг дарга ... энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу хариу өгөөгүй, өөрөөр хэлбэл хуульд заасан хугацаанд багийн Засаг дарга М.Насанмөнхийг огцруулсан шийдвэр гаргаагүй байх тул уг тогтоол нь үр дагаваргүй болжээ. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан эрх зүйн үр дагавартай байх захиргааны актын шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх үр дагаваргүй болсон дээрх иргэдийн Нийтийн Хурлын 02 дугаар тогтоолын талаарх нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй байх тул мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар уг тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

   Дээрх 2 дугаар тогтоолын хариуг Сумын Засаг даргаас өгөлгүй хуульд заасан хугацаа өнгөрсөн байхад тус багийн иргэдийн Нийтийн Хурал 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор мөн Засаг дарга М.Насанмөнхийг өмнө хэлэлцсэн үндэслэл буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй, ажил тасалсан, зөрчил гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь огцруулах саналыг дахин дээд шатны Засаг даргад хүргүүлжээ.

Ингэхдээ иргэдийн Нийтийн Хурлын дарга нь өөрийн санаачилгаар хурлыг зарлан хуралдуулсан, багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөллийг оролцуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаагаас үзвэл маргаан бүхий 04 дүгээр тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.3-д “Төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн шаардсанаар, эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно”, 23 дугаар зүйлийн 23.11-д “Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг чөлөөлөх, огцруулах буюу огцрох тухай хүсэлтийг нь хэлэлцэх тохиолдолд аймгийн төвийнхөөс бусад сумын багийн Хуралд багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцсон бол хүчинтэйд тооцно” гэж заасныг зөрчсөн байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь зөв байна. 

Сумын Засаг дарга нь багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолыг хуульд заасан хугацаанд Засаг даргыг огцруулсан шийдвэр гаргаагүй атлаа мөн тогтоолд заасан үндэслэлээр дахин багийн Засаг даргыг огцруулах тухай иргэдийн Нийтийн Хурлын хууль зөрчсөн 04 дүгээр тогтоол ирүүлснийг үндэслэн (1 асуудлаар ирүүлсэн 2 тогтоол) Засаг дарга М.Насанмөнхийг огцруулах шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байх тул А/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч М.Насанмөнхийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож олгоогүй байх тул 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх 4 сар, 4 хоногийн, нийт 2,660,765 төгрөгийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Дээрх үндэслэлүүдээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна.

Сумын Засаг даргын А/24 дүгээр захирамжид 1 дүгээр сарын 18-ны өдрийн “01 дүгээр тогтоол” гэж заасан боловч 01 дүгээр тогтоол гэж байхгүй, Засаг даргыг огцруулах тогтоол бол хэрэгт байгаа 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар тогтоолоос өөр зүйл байхгүй гэж нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч тайлбарласныг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.11, 28 дугаар зүйлийн 28.4, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоол, мөн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/24 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, М.Насанмөнхийг 3 багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 24-нийг хүртэлх ажилгүй байсан 4 сар, 4 хоногийн цалинтай тэнцэх олговор 2,660,765 /хоёр сая зургаан зуун жаран мянга долоон зуун жаран тав/ төгрөгийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын төсвөөс гаргуулан М.Насанмөнхөд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж,

2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан М.Насанмөнхийн “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр (02 дугаар) тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                         С.МӨНХЖАРГАЛ